Бие-сэтгэлийн хямралтай хүмүүсийг эмгэгшил, өвчинтэй болохоос нь өмнө оношилж эрүүлжүүлдэг болмоор байна
Энэ сэдвээр ярилцахын өмнө Чакра буюу хүрд, Аура буюу гэрлэн биеийн талаар тодорхой ойлголт өгье. Хүний бие бол яс, үе холбоо, булчин, хоол боловсруулах, амьсгал, шээс билэг, мэдрэл, мэдрэхүй, зүрх судас гэсэн 10 эрхтэн тогтолцооноос бүтсэн асар нарийн бүтэцтэй био ертөнц юм. Тэрээр физик газар зүйн тодорхой орчинд оршиж орчноос авахаа авч, өгөхөө өгч аж төрдөг. Эдгээр эрхтэн тогтолцоог биеийн голоор нуруу, нугас, гол судас дагасан долоон судас, мэдрэлийн орон тор бүхий хүрд (чакра) хэмээх дэд тогтолцоо тархи мэдрэлтэй нь холбож бүтэц үйлээр нь холбож удирдаж байдаг. Чакра гэдэг үг нь “эргэлдэх дугуй” эсвэл “хүрд” гэсэн утгатай ойлголт. Энэ бол хүний эфир бие, энергийн биед байдаг энергийн төвүүд юм.
Энэ сэдвээр ярилцахын өмнө Чакра буюу хүрд, Аура буюу гэрлэн биеийн талаар тодорхой ойлголт өгье. Хүний бие бол яс, үе холбоо, булчин, хоол боловсруулах, амьсгал, шээс билэг, мэдрэл, мэдрэхүй, зүрх судас гэсэн 10 эрхтэн тогтолцооноос бүтсэн асар нарийн бүтэцтэй био ертөнц юм. Тэрээр физик газар зүйн тодорхой орчинд оршиж орчноос авахаа авч, өгөхөө өгч аж төрдөг. Эдгээр эрхтэн тогтолцоог биеийн голоор нуруу, нугас, гол судас дагасан долоон судас, мэдрэлийн орон тор бүхий хүрд (чакра) хэмээх дэд тогтолцоо тархи мэдрэлтэй нь холбож бүтэц үйлээр нь холбож удирдаж байдаг. Чакра гэдэг үг нь “эргэлдэх дугуй” эсвэл “хүрд” гэсэн утгатай ойлголт. Энэ бол хүний эфир бие, энергийн биед байдаг энергийн төвүүд юм.
Эдгээр төвүүд хүний биеийг хүрээлсэн олон давхаргатай био энергийн талбар - subtle energy field аураг буюу гэрлэн биеийг үүсгэдэг. Аура долоон үндсэн давхаргатай (layer), давхарга бүр нь тодорхой хүрдтэй (энергийн төвүүдтэй) шууд холбогдож өөр хоорондоо нэвчилдэж, нади гэгдэх энергийн суваг (meridian)-аар холбогдож, тогтмол эргэлдэж, урссан гэрлэн бие юм. Давхаргууд нь биеэс холдох тусам өндөр давтамжтай (finer vibration) болдог.
Хүний толгойн цохны харалдаа тархины суурь хэсэгт өнчин тархийг тойрч байрлах дэд тогтолцоог нүдний хүрд (ажна) гэж нэрлэх ба хараа, сонсгол, амт үнэрээр тархинд орж ирсэн мэдээллийн дагуу бусад эрхтэн тогтолцоог ажлын байдалд оруулж удирдаж байдаг. Энэ нь оюун ухаан, зөн билэг, төсөөлөл, тодорхойлолттой холбоотой үүрэг хүлээсэн цэнхэр ягаан өнгөтэй давхарга болох гэрлэн биеийг (аура) үүсгэдэг дэд тогтолоо юм. Тодорхой агшинд тулгарсан айдас, хүйдэс, аллага хядлага, хүчирхийлэл дуу чимээ, өнгө төрхөөр тархинд буухад бие хүн өөрийн чадамж, нөхцөл байдалд тулгуулан тархи мэдрэлдээ тунгааж тухайн нөхцөлөөс яаж гарахаа тэмцэх үү, зугатах уу, сөрөх үү, дагах уу гэсэн шийдэлтэй тулгарч шийдлээ дагаад бусад эрхтнээ түүнд бэлдэх, хэрэгжүүлэхийг энэ дэд тогтолцоо шийдэж хэрэгжүүлдэг. Үйл явдлын төгсгөлд шийдлийн гүйцэтгэлийн хэр хэмжээнээс хамаарч бие, сэтгэлийн төлөв байдал тодорхой хэмнэл дээр төвлөрөн тогтдог. Энэ хэмнэл нь уул хүний сэтгэл ханамжийн бүрэн төгс байдлын түвнээс халиад хүрд нь илүүц идэвхжлийн байдалтай үлдэж болдог. Хүрдний энэ илүүц идэвхжил сөрөг мэдээллийн санг арвижуулдаг.
Хөхүүл эхийн амьдралд тохиолддог горьдох үзэгдлээр жишээ авч тайлбарлавал улам ойлгомжтой болох буй за. Хөхүүл эх хүүхдээ хөхөөрөө хооллоход бие сэтгэл нь чиглэгдсэн байдаг. Идэж уух зүйл харахаараа түүнийгээ хүртэх хүсэл аяндаа төрдөг, түүнийг хүртсэнээр хүүхдэдээ арвин сүү өгнө гэж хүссэн хүсээгүй аяндаа совин төрдөг. Ойр дотнын хүмүүс нь сонирхол татсан идээ ундаа дэлгээд түүнээсээ амсуулахгүй бол хөхүүл эхийн хөхний булчирхайн сувагны хунигч булчин агшиж сүүгээ гаргалгүй хаадаг. Үүнийг бид хөх эрхээх гэж нэрлэдэг. Эрхээг нь үл тайлваас сүү сувгандаа гашилж үрэвсдэг. Хөхүүл эхийн горьдолтыг бүрэн тайлж эс чадваас хөх эрхээлт нь сүүдэр сүүл дагуулж эхэд хор уршиг нь үргэлжилсээр байх болно. Аливаа үйл явдлын улмаас хүний биеийн дээр өгүүлсэн дэд төвүүдэд үүссэн илүүц идэвхжил бүрэн төгс саарч унтардаггүй.
Идэж ууж, амьсгалсан агаар, ус, ургамал амьтны эс эдийг задалж өөрийн болгож үйлдвэрлэж биеийнхээ эрэлт хэрэгцээнд тохируулан хуваарилж байдаг, амьсгал, хоол боловсруулах, зүрх судасны тогтолцооог бусад эрхтэн тогтолцоотой бүтэц үүргээр нь холбож удирдах үүргийг хоолой, зүрх, ходоодны хүрд өөртөө хүлээдэг. Цэнхэр өнгөөр гэрэлтэх хоолой, гүрээ, төвөнх тойрсон мэдрэл судсан торноос тогтох илэрхийлэл, үнэнч байдал, харилцаа, сонсголоор илрэх хоолойн хүрд ногоон өнгөөр гэрэлтэх уушигны уг зүрх тойрсон мэдрэл, судсан торноос тогтох хайр, өрөвдөх сэтгэл, харилцаа, уучлал, тэнцвэрээр илрэх зүрхний хүрд шар өнгөөр гэрэлтэх наран сүлжээний (ходоодны бага махиа орчим гол судаснаас салсан артерийг тойсон) мэдрэл, судсан торноос тогтох хүч чадал, өөртөө итгэх итгэл, шийдвэр гаргах чадвар, хоол боловсруулалтаар илрэх ходоодны хүрд гэсэн гурван хүрд нь тархи мэдрэлээр дамжуулан бусад хүрдүүдээс ирэх захиалга дохиоллын дагуу холбогдох тогтолцоонуудынхаа бүтэц үйлийг тохируулж нэгдлийг нь хангаж байдаг.
Хүний бие гэдэг машин техниктэй зүйрлэвэл тослохгүй бол урагдаж сэмэрдэг мотор, хурдны хайрцаг, явах ангитай адил 300 гаруй яс,150 гаруй үе холбоо, 500 гаруй булчингаас бүтсэн хөдөлгөөний аппарат хэмээх хөвчин биеийг бүтээдэг. Энэ нь тасралтгүй хөдөлж, хөгжиж орчин нөхцөлдөө дасан зохицож идэж уух, өмсөж зүүх бусад хэрэглээг хангаж байдаг амин эрхтэн тогтолцоо юм. Улаан өнгөөр гэрэлтэх ууцны үзүүр, ахар сүүл, хярзан орчмын судас мэдрэлийн тор дээр төвлөрөн байрших, аюулгүй байдал, амьдрах чадвар, бие махбодын үндэс, тогтвортой байдлаар илрэх үндэс хүрд нь тархи мэдрэлээр дамжуулан бусад хүрдээс ирэх захиалга дохиоллын дагуу хөдөлгөөний эрхтэн тогтолцооны бүтэц үйлийг тохируулж нэгдлийг нь хангаж байдаг. Дасгал хөдөлгөөн нь тархины допамин, норэпинефрин, серотонин зэрэг нейротрансмиттерүүдийн түвшинг нэмэгдүүлж аз жаргал, тайван байдал, сэтгэл санааны тэнцвэр өгдөг. Сум суурин газар оюуны хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс хөдөлгөөний дутмагшилд өртөж сөрөг сэтгэл хөдлөл нь дэвэрч бие сэтгэлийн хямралд орох нь цөөгүй тохиолдож байна.
Улбар шар өнгөөр гэрэлтэх ууцны суурь, олон ясны уулзварын урд билгийн эрхтнүүд рүү шургаж хөврөх судас мэдрэлийн тор дээр төвлөрөн байрших, сэтгэл хөдлөл, билгийн энерги, бүтээлч байдал, таашаалаар илрэх ууцны хувилгаан хүрд нь тархи мэдрэлээр дамжуулан бусад хүрдээс ирэх захиалга дохиоллын дагуу шээс билгийн тогтолцооныхоо бүтэц үйлийг тохируулж нэгдлийг нь хангаж байдаг. Шээс билгийн эрхтэн тогтолцоо нь элдэв шалтгаанаар биед үүссэн хор, хэр буртгийг биеэс зайлуулж тухайн бодгалын байгал нийгмийн орчинд орон зайгаа эзэлж, оршин тогтнохын гол зангилаа юм. Цэл залуу насны гал дөлөөр бадарч сэтгэл зүрх хоёртоо шатаж, өрх гэрээ барьж, үр хүүхдээ өсгөж, өнгөтэй өөдтэй явах насанд нь эрчүүдийг нь хөлсний хөдөлмөр эрхлүүлэхээр харь орон руу цөлөөд, болж бүтэж яваа нэгд нь боловсролын харалган бодлогын уршгаар хүүхдээ сургах, хонь малаа адгуулах нөхцөл тулгаж эхнэр нөхөр тусдаа амьдрах болсноос хөдөө хотгүй, нөхөргүй хүүхнүүд, өрх толгойлсон эмэгтэйчүүд, эрчүүд олширч хүн ам зүйн бодлого алдагдаж, үүнийг дагалдаад хүмүүсийн дунд халдвартай, халдваргүй өвчин газар авч бие-сэтгэлийн хямралтай хүмүүсийн арми бодитоор бий болж байна.
Ягаан, цагаан, алтлаг өнгөөр гэрэлтэх толгойн оройд гавлын гадар, доторх эс эдийг холбосон судас мэдрэлийн орон тор дээр төвлөрөн байршиж сүнслэг холбоо, бурханлиг байдал, гэгээрэл, бүх зүйлийн нэгдлээр илрэх титмийн хүрд нь бусад хүрднээс ирэх дохиоллын дагуу оюун сэтгэхүйг цогцлоож бүтэн биеийн нэгдлийг хангаж байдаг. Бүх хүрдийн төгсгөл ба эхлэл болж дээд оюун ухаан, сүнслэг гэгээрэл, орчлон ертөнцтэй тэднийг холбож байдаг. Идэвхтэй байхад нь гүн ухаан, тайван байдал, зорилготой амьдрал, сүнслэг холбоо хүчтэй болдог, блоклогдсон үед нь ядаргаа, утгагүй байдал, сүнслэг тусгаарлалт, толгой өвдөх, нойрны асуудал гардаг. Өнөөгийн манай улсын нийгмийн орчинд тархи мэдрэл нь сөрөг мэдээллийн бохирдлоос болж нойргүйтэж дээр доор гишгэж , чичирч хавшсан хүмүүс , идсэн хоолондоо хордож ээрч муурсан, нарийн тоосонцор утаа тортгоор амьсгалж найтийж хярлайсан хүмүүс хот хүрээгээр дүүрч, төр хувийн хэвшлийн эмнэлгүүдээр хэсүүчилж оносон оноогүй онош тогтоолгож ончийг нь дутуу олж, дутуу онилсон таамаг давамгайлсан эм тан хүртэж, тариа дуслаар аргацаагаад тусыг эс олоод эрүүлжсэн биегүй, аргаа барахдаа мэргэ төлөгч, үзмэрчдийг бараадах боллоо. Тэр нь тусыг эс олж байна.
Бие-сэтгэлийн хямралаас ангижрахад юу хийвэл зохилтой вэ. Йог, бясалгал, мантра, өнгө, чулуу зэргээр хүрдээ тэнцвэржүүлж бие- сэтгэлийн хямралыг арилгана гэж анагаах ухаан номлодог.
-Йога (Sanskrit:-"yoga") гэдэг нь эртний Энэтхэгийн уламжлалт бие, сэтгэл, оюун санааны дасгалын тогтолцоо юм. Энэ нь зөвхөн биеийн тамирын дасгал биш, харин амьдралын философи, амьсгалын техник, бясалгал, ёс зүйн зарчмуудыг хослуулсан цогц арга юм. Йога нь олон мөч, төрөлтэй нарийн дэглэм журамтай багшаар заалгаж хийж сурдаг засал юм. Йогийн дасгал хийснээр биеийн уян хатан байдал, хүч чадал, тэнцвэр сайжирна, стресс, түгшүүрийг бууруулна (кортизол даавар буурна), амьсгал, зүрх судасны тогтолцоог тэнцвэржүүлнэ, унтах чанар сайжирна, нуруу, толгойн өвдөлт багасна, анхаарал төвлөрөлт, сэтгэл санааны тогтвортой байдал нэмэгдэнэ.
-Бясалгал гэдэг нь сэтгэл санаагаа төвлөрүүлж, тайвшруулах, өөрийгөө танин мэдэх арга юм. Бясалгалын гол утга нь сэтгэлээ ажиглах, бүрэн төвлөрөх, дотоод тайван байдлыг олох явдал юм. Бясалгал нь олон төрөлтэй нарийн дэглэм журамтай багшаар заалгаж хийж эхэлвээс үр дүн өгдөг засал юм. Бясалгал хийснээр стресс, сэтгэлийн түгшүүр, сэтгэл гутралыг бууруулна. Анхаарал, ой тогтоолтыг сайжруулна. Унтах чанарыг дээшлүүлнэ. Өөрийгөө таних, сэтгэл хөдлөлөө удирдах чадварыг нэмэгдүүлнэ. Дархлаа сайжирна.
-Мантра гэдэг нь эртний Энэтхэг (Санскрит, Пали) гаралтай үг бөгөөд "ман" (сэтгэл, оюун) + "тра" (хамгаалах, чөлөөлөх) гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл, "оюун сэтгэлийг хамгаалагч" эсвэл "сэтгэлийг чөлөөлөгч" гэсэн утгатай. Мантра бол давтан унших, дуудах, бүлгээрээ дуулах, эсвэл сэтгэлдээ давтах ариун үг, өгүүлбэр, дуу авианы цогц юм. Мантра бол зүгээр нэг үг биш. Энэ нь оюун сэтгэлийн хэрэгсэл юм. Зөв хэрэглэвэл сэтгэлээ тайвшруулж, дотоод хүчээ нэмэгдүүлж, сүнслэг өсөлтөд тусалдаг эрчим хүчний үйл юм. Мантраг давтах үед тархины "wandering mind" (сарнисан бодол) багасаж, нэг цэгт төвлөрдөг. Ингэснээр стресс, түгшүүр буурна, сэтгэл санаа тайвширна, эерэг бодол, энергийг нэмэгдүүлнэ, дотоод хүчийг сэргээж, итгэлийг бэхжүүлнэ.
Бие-сэтгэлийн хямралын үед аура бүдэг, бүдүүн, эвдэрсэн харагдаж, сөрөг энерги (negative energy) хуримтлагддаг, хүрдүүд (энергийн төвүүд) тэнцвэргүй болдог. Иймээс түүнийг гэмтээсэн сөрөг энергийг саармагжуулж цэвэрлэх нь чухал юм. Хүрд нь ертөнцийн энергийг хүлээн авагч дамжуулагч биоэнергийн хуй салхи тул хүрдээ идэвхжүүлэх замаар биеийн сөрөг энергийг цэвэрлэдэг. Энэ үйлийг гүйцэтгэхэд эрүүл агаар, ой мод, эрчим хүч өндөртэй онгон дагшин газраар аялахыг зөвлөдөг. Эдгээр газар сөрөг энергийг цэвэрлэдэг (negative energy cleansing), аураг тэнцвэржүүлж цэнэглэж, блоклогдсон энергийг гаргадаг гэж үздэг. Ариун дагшин газрууд (уул, гол, эртний сүм хийдүүд) байгалийн өндөр давтамжийн энерги (жишээ нь 111Hz зэрэг) ялгаруулдаг гэсэн ойлголт бий.
Хоёр цаг ой модонд аялсан шиг таашаал өгдөг үйлчилгээг Sensory Room" ( мэдрэхүй өрөө) эсвэл "Relaxation Room / VR Meditation Room" тайвшрах өрөө / VR бясалгалын өрөөгөөр үйлчлүүлж авч болдог. Эдгээр нь тусгай тоноглосон өрөөнд VR headset, тайвшруулах апп, YouTube 360°/VR видео, гэрэл, дуу, проекц гэх мэтээр амрааж, стрессийг бууруулдаг газар юм. Манайд зарим хэлбэр нь төлбөртэйгөөр ажил үйлчилгээнд нэвтэрч байгаа сураг дуулсан. Эндээс санаа авч төр захиргааны байгууллагууд ажилчдынхаа амрах, алжаал тайлах, цай уух өрөө тасалгаануудаа бололцооны хэрээр тоноглоод ажиллуулбал их л буян болох биз ээ.
-Үнэт чулуунууд өвөрмөц чичиргээ, өнгө, энергиэр хүний аура, хүрдтэй харилцан үйлчилж, сөрөг энергийг шингээж, эерэг энерги өгдөг гэж үздэг. Сэтгэлийн хямралтай үед тэдгээрийг зүүлт, бугуйвч болгон зүүх, өрөөндөө тавих, бясалгал хийх үед барьж суух, усанд дэвтээж ууж болно.
-Бие-сэтгэлийн хямралыг дагуулдаг зонхилох гэмийн нэг бол тархи мэдрэлийн сөрөг мэдээллийн бохирдол юм. Энэ бохирдлоос “тархиа цэвэрлэх” гэдэг нь тархинд орж ирж буй мэдээллийн урсгалыг хэрэгцээ, ач холбогдлоор нь ангилан шүүж, тархинд ирэх ачааллыг багасгахыг хэлдэг.
Тархинд нэгэнт ороод ирсэн сөрөг мэдээллийг арилгах ажилбар нойрсолтоор шийдэгддэг жамтай. Нас бие гүйцсэн хүн хоногт 6-8 цаг унтах ёстой, оройн 19.00-20:00 цагаас өглөөний найман цаг хүртэл унтвал нойрны хэвийн хэмнэл хангагддаг. Оройн 19:00-20:00 цаг орчим унтаж эхэлбэл эхний 15-30 минутын нойр хамгийн амттай нойр байдаг. Үүнээс цааш гүн нойр үргэлжилнэ. Гүн нойрондоо хүн 30-40 минут дутам 15 минут зүүдэлдэг. Зүүдэлнэ гэдэг нь тархи руу орж ирсэн хэрэгтэй, хэрэггүй мэдээллээ ялган дүйж тархи мэдрэлээ цэвэрлэх ажиллагаа юм. Унтаж байгаа хүнийг зүүдэлж байхад нь сэрээвэл тархи руу чиглэсэн мэдээллийн сувагт хэрэгтэй, хэрэггүй мэдээлэл хөглөрч, шинэ соргог мэдээлэл тархи руу ороход саад тотгор болж өдөржин нойрмоглох болдог. Бие- сэтгэлийн хямралаас хүмүүсийг ангижруулах дээр өгүүлсэн элдэв арга, үйлийг эрүүл мэндийн төрөл бүрийн байгууллага хүсэл зорилго, хамтын хүч хөдөлмөрөө нэгтгэн хэрэгжүүлдэг ёстой. Тийм нэгдэл хамтын ажиллагаа төдийлөн харагдахгүй байна.
Тархай бутархай байгаа эдгээр эмчилгээ үйлчилгээг нэгтгэн зангидаж зохион байгуулах ажлыг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв хариуцаж, эмгэг сэтгэл судлаачид хошуучилж хэрэгжүүлэх ёстой. 70, 80-аад оны үед профессор Ш.Доржжадамба, Ц.Гүрдорж, С.Бямбасүрэн нар эдгэшгүй гэгддэг эдгээр бие- сэтгэлийн хямралыг судлаад өвчний өмнөх байдал гэж үзээд түүнийг өвчин болж даамжрахаас нь өмнө засах оролдлого хийж одоогийн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, өрхийн эмнэлгүүдэд кабинет, тасаг нэгж байгуулж асуудлыг шийдэх гэж хичээж зүтгэж явсан өнөө үед үүнийг тоож хэлэлцдэг хүнгүй болж эзгүйрчээ. Эрүүл мэндийн сайдууд ойр ойрхон солигдож, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дарга, эрхлэгчдийг мэргэжлийн бус хүмүүсээр сольж, холиод, байшин барилгыг нь засаж сэлбэж өргөтгөөд, орчин үеийн багаж техникээр тоноглоод ажиллуулах сэтгэл гаргалгүй удлаа. Социолизмын үед баригдсан барилга нь шувууд сууж өндгөө дарахаа больсон шувууны үүр шиг хөглөрч, сиймийж байна. Төр засаг минь хоёрыг бодож, нэгийг тунгаах буй за.
А.Аюурзана /АУ-ы доктор, дэд профессор/
Д.Амгаланбаатар /АШУ-ы доктор профессор/