МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Нийгэм Б.Хэрлэн: Цэвэрлэгээ бол хүч хөдөлмөрөөс...

Б.Хэрлэн: Цэвэрлэгээ бол хүч хөдөлмөрөөс гадна стандарт ба мэдлэг шаарддаг мэргэжил

Үнэн
Админ

Хөгжингүй орнуудад цэвэрлэгээ нь зөвхөн ахуйн ажил бус, стандарт, технологи, сургалтад тулгуурласан мэргэжлийн үйлчилгээний салбар болжээ. Энэ ялгааг мэдэрсэн Б.Хэрлэн Монголд мэргэжлийн цэвэрлэгээний шинэ соёлыг бий болгохоор зорьсон байна. Түүний байгуулсан “Пюр дэй” ХХК өнөөдөр айл өрх, албан байгууллагуудад цэвэрлэгээний үйлчилгээ үзүүлэхээс гадна БНСУ-ын чанартай бүтээгдэхүүн, цэвэрлэгээний технологи, сургалтын системийг Монголд нэвтрүүлж байна. Тус компани нь Солонгосын “Landmark” компанийн албан ёсны технологийн түншээр ажилладаг юм.


-Цэвэрлэгээний бизнес эхлүүлэх санаа танд хэрхэн төрсөн бэ?


-Би төмөр замд арав гаруй жил ажилласан, инженер мэргэжилтэй. Төмөр зам бол өндөр хариуцлага шаарддаг, босоо удирдлагатай салбар учраас ажлыг маш нягт нямбай хийх дадлыг суулгасан. Ковидын үед хэсэг хугацаанд гэртээ байлаа. Тэр үед манай хамаатан эгч “Чи төмөр замын үйлчлэгч нартайгаа хамтран цэвэрлэгээний ажил хийж болох юм байна. Ажил олж өгье” гэж санал тавьсан. Ингээд төмөр замд үйлчлэгч хийдэг байсан хүмүүстэйгээ хамтарч цэвэрлэгээний бизнесээ эхлүүлсэн юм. Түүнээс хойш таван жилийн хугацаанд олон байгууллагатай хамтарч ажиллалаа.

Анхны том алхмаа өөрөө хаалга тогшиж эхлүүлсэн


-Анхны үйлчлүүлэгч тань хэн байв?


-Манай эгч ажил олж өгөөгүй ээ. (инээв) Би өөрөө барилгын компаниуд руу очиж, хамтран ажиллах санал тавьж эхэлсэн. “Монкон” ХХК-ийн “Мандала” гарден хотхоны менежертэй уулзаад боломжийн үнэ санал болгосон. Тухайн үед метр квадратыг 2000 төгрөгөөр цэвэрлэж байлаа. Өнөөдрийг хүртэл тус компанитай хамтран ажиллаж байна. Бизнесийн эхлэл амар байгаагүй ч хамгийн гол нь хийж байгаа ажлаа чанартай хийхийг зорьсон.

-Та амжилтынхаа гол үндсийг юу гэж боддог вэ?


-Миний гол зорилго бол хүний хөдөлмөрийг хэрхэн хөнгөвчлөх вэ гэдэгт чиглэдэг. Манайхан цэвэрлэгээг ихэвчлэн хүч хөдөлмөр гэж ойлгодог. Гэтэл зөв бүтээгдэхүүн, зөв аргачлал ашиглавал ажлыг илүү хурдан, чанартай хийж болдог. Жишээ нь, ариун цэврийн өрөөний цэвэрлэгчийг шүршээд тодорхой хугацаанд байлгахад өөрөө үйлчилж, бохирдлыг задлах зориулалттай байдаг. Гэтэл хүмүүс их хөөсрүүлж, их үрэх тусам сайн цэвэрлэж байна гэж ойлгодог. 2022 онд би Солонгос явж, тэнд цэвэрлэгээ хийдэг хүмүүстэй хамт ажиллаж үзсэн. Тэр үед Монголд хэрэглэдэг аргаас огт өөр систем байгааг харсан. Ингээд Солонгосын бүтээгдэхүүн, технологийг Монголдоо нэвтрүүлэхээр зорьсон.

Солонгосын “Landmark” технологийг Монголд


-Танай хамтран ажилладаг “Landmark” компани ямар онцлогтой вэ?


-”Пюр дэй” ХХК 2024 оноос Солонгосын “Landmark” брэндийн бүтээгдэхүүнийг Монголд албан ёсоор борлуулах эрх авсан.
 “Landmark” нь 1986 онд байгуулагдсан, цэвэрлэгээний химийн бодис, тоног төхөөрөмж, сургалтын систем нийлүүлдэг компани. Carex, Oven Cleaner зэрэг мэргэжлийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг. Манай бүтээгдэхүүнүүд зориулалтаараа ялгаатай. Гал тогооны тос, түлэгдэл арилгагч, шал өнгөлөгч, ариутгагч, ариун цэврийн өрөөний зориулалтын бодисууд гэх мэт олон төрөлтэй. Хамгийн чухал нь зөв хэрэглээ. Нэг бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу ашиглавал ажлын цаг, хөдөлмөрийг эрс хэмнэдэг.

Цэвэрлэгээний салбарт сургалтын соёл хэрэгтэй

-Сургалтын чиглэл рүү яагаад орсон бэ?


-Олон байгууллага, цэвэрлэгээний компаниудтай ажиллах явцад нэг зүйл анзаарсан. Хүмүүс сайн бүтээгдэхүүн хэрэглээд зогсохгүй түүнийг хэрхэн зөв ашиглах мэдлэгтэй байх хэрэгтэй юм байна. Тиймээс бид цэвэрлэгээний аргачлал, бүтээгдэхүүний хэрэглээнээс гадна харилцааны соёл, үйлчилгээний стандартыг заадаг. Цэвэрлэгээ гэдэг бол хүнийг хүндэтгэх үйлчилгээ. Ажил бол ажил гэсэн ойлголтыг бий болгох хэрэгтэй.

-Сошиал орчинд хувь хүмүүс хямд үнээр цэвэрлэгээ хийнэ гэсэн зарууд харагддаг. Компанийн үйлчилгээний давуу тал юу вэ?

-Хамгийн гол ялгаа нь хариуцлага. Албан ёсны компани эрсдэлээ хариуцдаг, стандарттай ажилладаг. Үйлчлүүлэгчийн эд зүйл, орчны аюулгүй байдал, үйлчилгээний чанар бүгд чухал. Манай компаниас 15 орчим цэвэрлэгээний компани салбарлан гарсан. Томоохон захиалга орж ирэхэд бид 25 орчим компанитай хамтран ажилладаг. Бид зөвхөн өөрсдөө ажиллах бус, салбарын хөгжлийг дэмжихийг зорьдог.

Хөдөлмөрийг үнэлж сурсан бага нас

-Таны ажил, амьдралын замналд бага насны хүмүүжил, орчин нөлөөлсөн үү?


-Манайх Төв аймгийн Жаргалант сумын айл. Аав Б.Батсүх маань намайг долоон настай байхад өөд болсон. Ээж Ш.Эрдэнэсувд маань биднийг ганцаараа өсгөсөн ч залуугаараа насан эцэслэсэн. Маш хөдөлмөрч хүн байлаа. Ажлаа хийж ирээд гөөхий хийж зардаг байв. Би айлын том учир багаасаа хөдөлмөрийн үнэ цэнийг мэдэрсэн.

Эмээ Г.Чулуун маань дүү нарыг хамтдаа өсгөж, надад их зүйл сургасан. “Ямар ч ажлыг сэтгэлээсээ хий” гэж захидаг байсан. Өнөөдрийн хийж байгаа ажил маань тэр хүмүүжлийн үргэлжлэл гэж боддог. Эмээгийнхээ амьд сэрүүнд компаниа байгуулж, “Миний хүүхэд компаний захирал боллоо” гэж баярлаж байсныг би мартдаггүй.      

Н.Энхцэцэг

Эх сурвалж: "Монголын үнэн сонин"-ы №028/24703/ дахь дугаар

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.