МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Соёл Урлаг Б.Хүслэн: Эх орондоо дадлагажих хөтөлбөр...

Б.Хүслэн: Эх орондоо дадлагажих хөтөлбөр олон улсын мэргэжилтэн болох зорилгыг маань улам тодруулж байна

Монгол Ардын Намын дарга Н.Учрал өнгөрсөн гуравдугаар сард БНХАУ-д хийсэн айлчлалынхаа хүрээнд тус улсад суралцаж буй монгол оюутнуудын төлөөлөлтэй уулзаж санал солилцохдоо тэдэнд эх орондоо ирж дадлагажих, ажиллах боломж хомс болохыг сонссоноор намын дэргэдэх оюутнуудын байгууллагаас хэрэгжүүлэхээр танилцуулсан хөтөлбөрийг дэмжин эхлүүлээд байна.

Үнэн
Админ

Монгол Ардын Намын дарга Н.Учрал өнгөрсөн гуравдугаар сард БНХАУ-д хийсэн айлчлалынхаа хүрээнд тус улсад суралцаж буй монгол оюутнуудын төлөөлөлтэй уулзаж санал солилцохдоо тэдэнд эх орондоо ирж дадлагажих, ажиллах боломж хомс болохыг сонссоноор намын дэргэдэх оюутнуудын байгууллагаас хэрэгжүүлэхээр танилцуулсан хөтөлбөрийг дэмжин эхлүүлээд байна. Эх орондоо эзэмшиж буй мэргэжлийнхээ чиглэлээр дадлага хийх боломжийг бүрдүүлэх “100×100” хөтөлбөрт хамрагдахаар шалгарсан Хятадын Баруун хойд политехникийн их сургуулийн оюутан Б.Хүслэнтэй ярилцсанаа хүргэе. 

-Дэлхийн эдийн засгаараа тэргүүлэгч их гүрнүүдийн нэг Хятадад мэргэжил эзэмшихээр зориг гарган суралцахаар очиход анх ямар сэтгэгдэл төрж байв?

-Анх Хятадад ирэхэд бүх зүйл маш хурдтай, өргөн цар хүрээтэй санагдсан. Орчин үеийн дэд бүтэц, технологийн хөгжил, хүмүүсийн ажлын хэмнэл нь намайг гайхшируулж байлаа. Нөгөө талаар эх орноосоо хол, танихгүй орчинд амьдрах амаргүй байсан ч энэ нь өөрийгөө хөгжүүлэх хамгийн том боломж гэж бодсон. Тэр үеэс л зөвхөн диплом авах бус, дэлхийтэй өрсөлдөх чадвартай боловсон хүчин болох зорилго тавьсан юм.

-Хэдийгээр Монгол Улстай газар нутгийн хувьд ойр ч хэл, соёлын ялгаатай байдлаас шалтгаалан бэрхшээл тулгарсан байх. Тэдгээр бэрхшээлийг хэрхэн даван туулж байсан бэ?

-Миний хувьд хэлний тал дээр төдийлөн хүндрэл гараагүй. Учир нь, Хятадад ирэхээсээ өмнө хэлний бэлтгэлээ сайн хангаж, суралцах хугацаандаа ч хятад хэлээр өдөр тутам харилцаж байсан. Харин соёлын ялгаа, амьдралын хэв маяг, сургалтын арга барилд дасан зохицох шаардлага тулгарсан. Би үүнийг шинэ орчинтой танилцах боломж гэж хүлээн авч, хүмүүсийн үзэл бодлыг хүндэтгэн, идэвхтэй оролцож, өөрийгөө байнга хөгжүүлэхийг хичээдэг байсан. Тийм ч учраас богино хугацаанд шинэ орчиндоо дасаж чадсан гэж бодож байна.

-Олон өөр соёлын дунд “хөлөө олохдоо” өөрийгөө хэрхэн дайчилж байв?

-Их сургуулийн амьдрал зөвхөн хичээлээр хязгаарлагддаггүй. Би гадаад оюутны холбоонд ажиллаж, соёлын арга хэмжээ зохион байгуулж, Монгол Улсаа төлөөлөн урлаг, соёлын тоглолтуудад идэвхтэй оролцдог байсан. Мөн сурч байсан хотынхоо Монгол оюутны холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж, шинээр ирсэн оюутнуудад дасан зохицоход нь аль болох туслахыг хичээдэг байлаа. Энэ бүх туршлага өөртөө итгэх итгэл, манлайлах ур чадвар, олон улсын орчинд ажиллах чадамжийг минь ихээхэн хөгжүүлсэн.

-Таны суралцан төгссөн Хятадын Баруун хойд политехникийн их сургуульд олон улсын эдийн засаг, худалдааны чиглэлээр суралцахын давуу тал нь юу вэ?

-Миний төгссөн Хятадын Баруун хойд политехникийн их сургууль инженер, инновац, судалгааны чиглэлээр дэлхийд нэр хүндтэй сургууль хэдий ч олон улсын эдийн засаг, худалдааны хөтөлбөр нь онолыг бодит эдийн засагтай холбон заадгаараа онцлогтой. Хятад улсын бодит зах зээл, олон улсын худалдааны орчинд түшиглэн суралцсан нь онолын мэдлэгээ практиктай уялдуулах боломжийг олгосон. Мөн дэлхийн олон орны оюутнуудтай хамт суралцсан нь олон улсын хамтын ажиллагааны орчинд ажиллах чадварыг хөгжүүлсэн гэж боддог.

-Хятадад суралцах хугацаандаа өөрт байгаа боломжоо хэрхэн тодорхойлсон бэ?

-Хятад улс зөвхөн том зах зээл биш, шинэ санаа, инновац, үйлдвэрлэлийн төв гэдгийг биеэрээ мэдэрсэн. Технологи, цахим худалдаа, логистик, үйлдвэрлэлийн хөгжил нь өдөр тутмын амьдралд хүртэл шингэсэн байдаг. Энэ бүхнийг ойроос харснаар Монгол Улс хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж байгааг ойлгосон.

-Дэлхийн худалдаа, үйлдвэрлэлийн их далай болсон өмнөд хөршид суралцах хугацаандаа мэргэжлийн хүрээнд дадлагажих боломж гарч байсан уу?

-Харамсалтай нь, суралцах хугацаандаа мэргэжлээрээ албан ёсны дадлага хийх боломж гараагүй. Гэхдээ үүнийг нөхөхийн тулд олон улсын хэмжээний үзэсгэлэн, экспо, их сургуулиас зохион байгуулсан эдийн засаг, худалдаатай холбоотой арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцдог байлаа. Ялангуяа олон улсын экспод оролцсоноор бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга, олон улсын худалдааны чиг хандлагыг бодитоор ажиглах боломж олддог байв. Энэ нь танхимын хичээлээр авсан онолын мэдлэгээ бодит жишээтэй холбон ойлгоход ихээхэн тус болсон.

-Суралцах, дадлагажих хугацаандаа далайд гарцтай орны эдийн засаг, худалдааны онцлогийг сонирхон судалж байв уу?

-Миний дипломны судалгааны гол чиглэл нь Монгол, Хятадын худалдааны бүтэц, эдийн засгийн хамтын ажиллагаа байсан. Судалгааны явцад далайд гарцтай болон далайд гарцгүй орнуудын худалдааны ялгаа, логистикийн өртөг, экспортын бүтэц эдийн засгийн өсөлтөд хэрхэн нөлөөлдгийг харьцуулан судалсан. Ялангуяа Монгол Улсын хувьд хөрш орнуудтайгаа эдийн засгийн хамтын ажиллагааг үр ашигтай хөгжүүлэх нь өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болохыг судалж ойлгосон.

-Сургуулиа төгсөөд хаана ажиллах талаар ямар төлөвлөгөөтэй байсан бэ?

-Анхнаасаа төр, хувийн хэвшлийн аль алинд нь олон улсын эдийн засаг, худалдааны чиглэлээр ажиллах зорилготой байсан. Олон улсын эдийн засаг, худалдааны чиглэлээр мэргэшиж буйн хувьд Монгол Улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулахыг хүсдэг. Хятадад сурч мэдсэнээ эх орондоо бодит ажил хэрэг болгох нь миний хамгийн том зорилго.

-Одоо та эх орондоо дадлагажих “100×100” хөтөлбөрт хамрагдахаар болоод байна. Мэргэжлээрээ ажиллахаар зорьсон байгууллагадаа хуваарилагдаж чадсан уу?

-Сонирхож байсан чиглэлтэй нийцсэн байгууллагад дадлага хийх боломж олдсонд баяртай байна. Ялангуяа Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд дадлага хийхээр болсон нь миний мэргэжилтэй шууд холбоотой. Энэ хугацаанд олон улсын худалдаа, бизнесийн орчин, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бодитоор судалж, практик туршлага хуримтлуулахыг зорьж байна.

-Худалдаа, хамтын ажиллагааны салбарт гадаад хэлний мэдлэггүй бол урагшлахгүй. Та хятадаас өөр ямар улсын хэлээр чөлөөтэй харилцаж чадах вэ?

-Миний хувьд эх хэлээсээ гадна хятад, англи хэлээр харилцах боломжтой. Олон улсын худалдааны салбарт зөвхөн хэлний мэдлэг бус тухайн улсын соёл, бизнесийн харилцааны онцлогийг ойлгох нь илүү чухал гэж боддог. Цаашид бусад гадаад хэлийг ч эзэмшиж, олон улсын хамтын ажиллагаанд илүү өргөн хүрээнд ажиллах зорилготой.

-Эх орондоо дадлагажих хөтөлбөрт хамрагдсаны дараа ажил мэргэжлийн хувьд ямар алхам хийхээр зорьж байна? 

-Энэ дадлагын хугацааг мэргэжлийн гараагаа бат бөх эхлүүлэх чухал үе гэж харж байна. Цаашид олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээр ажиллаж, Монгол Улсын хөгжлийн бодлого, бизнесийн орчныг олон улсын түвшинд холбох гүүр болохыг хүсдэг. Ирээдүйд мэдлэг боловсролоо улам дээшлүүлж, олон улсын хэмжээний мэргэжилтэн болох зорилго тавьж байна.

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: "Монголын үнэн сонин"-ы №028/24703/ дахь дугаар

 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.