БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: 2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан /2026.05.25/ боллоо. Хуралдаанаар Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн 2025 оны зөвлөмжийн хэрэгжилт, цаашид авах арга хэмжээ, Багануурын үйлдвэр технологийн парк ХК-ийн “Нүүрс-химийн үйлдвэр” төсөл…
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан /2026.05.25/ боллоо.
Хуралдаанаар Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн 2025 оны зөвлөмжийн хэрэгжилт, цаашид авах арга хэмжээ, Багануурын үйлдвэр технологийн парк ХК-ийн “Нүүрс-химийн үйлдвэр” төсөл, 2026-2027 оны халаалтын улиралд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Үндэсний хорооны дэд дарга Ц.Сандаг-Очир Монгол Улс хатуу түлшний хэрэглээг үе шаттайгаар бууруулж, 2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилт тавин ажиллаж байгааг онцлов.
Энэхүү зорилт нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Тогтвортой хөгжлийн зорилт-2030, Парисын хэлэлцээрийн хүрээнд хүлээсэн үүрэг, амлалттай уялдаж байгааг тэмдэглэлээ.

Мөн зөвхөн Улаанбаатар хот бус орон нутгийн агаар, орчны бохирдлыг бууруулах асуудлыг урт хугацааны бодлогын хүрээнд авч үзэх шаардлагатайг дурдаж, өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс төлөвлөж, хэрэгжилтийг хангах нь чухлыг тодотгов.
Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн дарга, ШУТИС-ийн Дулаан техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнгийн захирал, академич Х.Энхжаргал мэдээлэл хийж, дулааны эх үүсвэрийг нэмэгдүүлснээр 2026 оны мөн үеийн агаарын бохирдол 2025 оны мөн үетэй харьцуулахад 30 орчим хувиар буурсан талаар танилцуулав.
Шахмал түлш, түүний түүхий эдийг дотоодын эх үүсвэрээр хангах боломжийг судлах, туршилтын хэрэглээг үнэлэх, шаардлагатай тохиолдолд Засгийн газрын шийдвэр гаргуулах, Цаг уур, орчны шинжилгээний газрын агаарын чанарын хяналт-шинжилгээний автомат станцуудын тоог нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатайг зөвлөмж болголоо.

“Багануурын үйлдвэр технологийн парк” ХК-ийн зохицуулагч Б.Чойжил “Нүүрс-химийн үйлдвэр” төслийн явц, нөхцөл байдлын талаар танилцуулга хийв.
Төслийн хүрээнд Багануурын хүрэн нүүрсийг бага температурын битүү халаалтын технологиор боловсруулж, агаарын бохирдлыг бууруулах боломжтойг танилцууллаа.
Үйлдвэр ашиглалтад орсноор гэр хорооллын зуухнаас ялгарах агаарын бохирдлыг 50-60 хувиар бууруулах, импортын сайжруулсан түлшний өртгийг дотоодын үйлдвэрлэлээр бууруулах боломж бүрдэх талаар мэдээлэв.

Хуралдаанаар 2025-2026 оны халаалтын улиралд хэрэгжүүлсэн хагас коксожсон түлшний хэрэглээ тодорхой үр дүн үзүүлсэн гэж дүгнэж, 2026-2027 оны өвлийн улиралд уг түлшийг хэрэглээнд дахин нийлүүлэхээр шийдвэрлэлээ.
Үүнтэй холбогдуулан шаардлагатай арга хэмжээг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “Тавантолгой түлш” ХХК-д үүрэг болголоо.


