Дайн, талцлын зургаан жилд Монголын Ерөнхийлөгч НҮБ-ын индрээс энх тайвныг уриалав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2021 онд бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээсээ хойш Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблейн индрээс Монгол Улсын байр суурийг жил дараалан илэрхийлж ирлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2021 онд бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээсээ хойш Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблейн индрээс Монгол Улсын байр суурийг жил дараалан илэрхийлж ирлээ. Энэ хугацаанд дэлхий дахины нөхцөл байдал эрс өөрчлөгдөв. Цар тахлын хямрал намжаагүй байхад Орос, Украины дайн эхэлж, удалгүй Ойрх Дорнодын мөргөлдөөн хурцдаж, их гүрнүүдийн стратегийн өрсөлдөөн ширүүсэв. Геополитикийн талцал, цөмийн зэвсгийн эрсдэл, хүнс, эрчим хүчний хямрал, уур амьсгалын өөрчлөлт хүн төрөлхтний өмнө зэрэгцэн тулгарлаа.

Харин энэ бүх өөрчлөлтийн дунд Монгол Улсын Ерөнхийлөгчийн НҮБ-ын индрээс хүргэсэн нэг гол мессеж тогтвортой хэвээр байв. Тэр нь энх тайван.
У.Хүрэлсүх 2021 оны зургадугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн. Үүнээс гуравхан сарын дараа НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганд оролцож, Ерөнхийлөгчийн хувиар анх удаа дэлхийн улс орнуудын өмнө үг хэлэв. Тухайн үед хүн төрөлхтөн “COVID-19” цар тахлын хүнд үеийг туулж, улс орнуудын эдийн засаг, нийгмийн амьдрал төдийгүй олон улсын харилцаа ч томоохон сорилттой нүүр тулсан байлаа.
У.Хүрэлсүх анхны илтгэлдээ цар тахал улс орнуудын харилцан хамаарал ямар гүнзгий болсныг харуулсныг тэмдэглэж, дэлхий нийтийн өмнө тулгарсан сорилтыг хамтын ажиллагаа, эв санааны нэгдлээр даван туулах шаардлагатайг онцолсон юм. Үүний зэрэгцээ Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогоо тууштай хэрэгжүүлж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх үйл хэрэгт хувь нэмрээ оруулсаар байх байр сууриа илэрхийлэв.

Ийнхүү У.Хүрэлсүхийн Ерөнхийлөгчийн хувиар НҮБ-ын индрээс хэлсэн анхны үг хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, энх тайвны тухай байлаа.
Гэвч ердөө жилийн дараа дэлхий огт өөр нөхцөл байдалтай НҮБ-ын Ерөнхий ассамблейг угтав.
2022 оны хоёрдугаар сард Орос, Украины дайн эхэлж, Европ тивд томоохон хэмжээний зэвсэгт мөргөлдөөн өрнөв. Орос болон барууны орнуудын харилцаа эрс хурцдаж, эдийн засгийн хориг, эрчим хүч, хүнсний хямрал дэлхийн улс орнуудад нөлөөлж эхэлсэн юм.
Ийм үед У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулганы индрээс дэлхий нийтийг энх тайванд уриалав. Монгол Улс аливаа маргаан, зөрчлийг хүч хэрэглэх замаар бус дипломат арга, яриа хэлэлцээ, харилцан ойлголцлоор шийдвэрлэхийг дэмждэг байр сууриа илэрхийлэв.
Тухайн үед олон улсын хэвлэлүүд хүртэл түүний илтгэлийг “Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын индрээс дэлхий нийтийг энх тайванд уриалав” хэмээн гарчиглаж байлаа.
Дайн эхэлсэн 2022 онд Монголын төрийн тэргүүний НҮБ-д хүргэсэн гол мессеж ийнхүү тодорхой байв. Дайныг дайнаар бус, зөрчлийг яриа хэлэлцээгээр шийдвэрлэх ёстой.

2023 он гарахад дэлхийн нөхцөл байдал дээрдсэнгүй. Орос, Украины дайн үргэлжилж, геополитикийн талцал улам гүнзгийрэв. Ийм үед Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассамблейн 78 дугаар чуулганы индрээс энх тайвны асуудлыг Монголын түүхэн уламжлалтай холбон тавилаа.
Тэрбээр найман зууны тэртээ монголчууд Евразийн өргөн уудам орон зайд худалдаа, харилцаа, соёлын солилцоог хөгжүүлэх нөхцөл бүрдүүлж байсан “Монголын их амар амгалан”-гийн тухай дурдаж, зөрчил мөргөлдөөнд нэрвэгдсэн өнөөгийн дэлхий ертөнцөд энх тайван, харилцан ойлголцол, олон улсын эрх зүйг эрхэмлэх шаардлагатайг сануулсан юм.
Мөн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хамгаалах чухал хэрэгсэл болохыг онцолж, Монгол Улс энэ үйл хэрэгт оруулж ирсэн хувь нэмрээ үргэлжлүүлэхээ илэрхийлэв.
Ингэснээр У.Хүрэлсүхийн НҮБ-д хэлдэг энх тайвны тухай санаа зөвхөн тухайн үеийн дайн, мөргөлдөөнд өгч буй хариу үйлдэл бус, Монголын түүх, гадаад бодлогын уламжлалтай холбогдох өргөн агуулгатай болж эхэлсэн юм.
2024 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулган болоход дэлхийн олон бүс нутагт зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж байлаа. Орос, Украины дайн дуусаагүй, Ойрх Дорнодын нөхцөл байдал хурцдаж, их гүрнүүдийн стратегийн өрсөлдөөн улам ширүүсэв.
Энэ удаа У.Хүрэлсүх олон улсын харилцаанд үүссэн үл итгэлцэл, талцлыг онцолж, улс орнууд НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйг дээдлэн, маргаан зөрчлөө яриа хэлэлцээ, дипломат арга замаар зохицуулах шаардлагатайг дахин илэрхийлэв.
Түүний хэлсэн үгийн гол санаа өмнөх жилүүдийнхээс зөрсөнгүй. Харин ч улам тодров. Улс орнууд бие биеэ дайсан мэт үзэж, хүчээр асуудлаа шийдэх тусам дэлхий улам аюултай болно. Харин харилцан итгэлцэл, ойлголцол, олон талт хамтын ажиллагаа нь энх тайвны үндэс байх ёстой гэсэн байр суурийг Монгол Улс баримталж байлаа.
2025 он Нэгдсэн Үндэстний Байгууллага байгуулагдсаны 80 жилийн ойтой давхцав. Энэ удаагийн Ерөнхий ассамблейн индрээс У.Хүрэлсүх энх тайвны тухай Монголын түүхэн ойлголтыг дахин хөндөв.

Тэрбээр XIII зууны үед Евразийн өргөн уудам орон зайд бүрэлдсэн “Pax Mongolica” буюу “Монголын их амар амгалан”-г дурдаж, тухайн үед өрнө, дорныг холбосон худалдаа, харилцаа, соёлын солилцоо өргөжин хөгжиж байсныг өнөөгийн олон улсын хамтын ажиллагаатай холбон тайлбарлав.
Үүний зэрэгцээ НҮБ-ыг дэлхийн энх тайван, аюулгүй байдлын гол институцийн нэг болохыг онцолж, аливаа улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх, маргаантай асуудлыг энхийн замаар шийдвэрлэх, НҮБ-ын Дүрэм болон олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмыг сахих байр сууриа илэрхийлсэн юм.
Өөрөөр хэлбэл, 2025 онд ч У.Хүрэлсүхийн НҮБ-ын индрээс хэлсэн үгийн цөм өөрчлөгдсөнгүй. Энх тайван, харилцан хүндлэл, олон улсын эрх зүй, хамтын ажиллагаа.
Харин 2026 оны есдүгээр сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассамблейн 81 дүгээр чуулганы индрээс дахин үг хэлэв. Энэ нь түүний өнөөгийн бүрэн эрхийн хугацаанд НҮБ-ын Ерөнхий ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд хэлсэн хамгийн сүүлийн үг болж байгаа юм.
Энэ удаа тэрбээр НҮБ-ын үүрэг, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, энхийг сахиулах ажиллагааг дэмжих, боловсрол, эрүүл мэнд, хүнсний хангамж, хүүхэд, эмэгтэйчүүд болон далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлыг хөндлөө.
Монгол Улс 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсноос хойш тус байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирснийг сануулж, НҮБ-ыг зөвхөн тусламж дэмжлэг хүсдэг байгууллага бус, гишүүн улс бүр өөрсдөө бэхжүүлж, хамгаалах ёстой олон улсын хамтын тогтолцоо гэдгийг онцолсон юм.
Мөн Монгол Улс 2048-2049 онд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнээр ажиллах сонгуульд нэрээ дэвшүүлж буйгаа мэдэгдэв.
Гэхдээ 2026 оны илтгэлийн төгсгөл түүний өмнөх таван жилийн НҮБ-ын индрээс хэлж ирсэн үгсийг нэг дор зангидах мэт байлаа.
Тэрбээр дэлхийн улс орнуудыг нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнцийг бүтээхийн төлөө хамтран ажиллахыг уриалав.

Ингээд 2021 оноос өнөөдрийг хүртэлх зургаан удаагийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн индрээс хэлсэн үгийг нь зэрэгцүүлээд харъя.
- 2021 онд цар тахлын хямралын үед хамтын ажиллагаа, эв санааны нэгдлийг уриалав.
- 2022 онд Орос, Украины дайн эхэлсний дараа дэлхий нийтийг энх тайванд уриалав.
- 2023 онд зөрчил мөргөлдөөн үргэлжилж байхад “Монголын их амар амгалан”-гийн үзэл санааг НҮБ-ын индрээс дэвшүүлэв.
- 2024 онд геополитикийн талцал гүнзгийрэхэд итгэлцэл, олон улсын эрх зүй, яриа хэлэлцээг онцлов.
- 2025 онд “Pax Mongolica”-гийн түүхэн үзэл санааг өнөөгийн энх тайван, тогтвортой байдлын асуудалтай холбов.
- 2026 онд нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнцийг бүтээхийг уриалав.
Зургаан жилд дэлхий олонтаа өөрчлөгджээ. Цар тахлаас дайн руу, дайнаас геополитикийн талцал руу шилжив. Орос, Украины дайн, Ойрх Дорнодын мөргөлдөөн, их гүрнүүдийн өрсөлдөөн, эдийн засгийн хориг, эрчим хүч, хүнсний хямрал, уур амьсгалын өөрчлөлт гээд олон улсын харилцааны орчин улам ээдрээтэй болов.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн НҮБ-ын индрээс хэлсэн үгийн үндсэн шугам өөрчлөгдсөнгүй.
Энэ нь Монгол Улсын гадаад бодлогын онцлогтой ч салшгүй холбоотой. Орос, Хятад гэсэн хоёр их гүрний дунд оршдог, цөмийн зэвсэггүй статустай, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд олон жил идэвхтэй оролцож ирсэн Монгол Улсын хувьд олон улсын харилцаа хүчний зарчмаар бус, дүрэм журам, олон улсын эрх зүй, яриа хэлэлцээнд тулгуурлах нь үндэсний ашиг сонирхолтой нь ч нийцдэг.
Тиймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн НҮБ-д хэлсэн үгсийг жил бүрийн протоколын шинжтэй илтгэлүүд төдийхнөөр харахад учир дутагдалтай. Зургаан жилийн үгийг нэг дор уншихад Монгол Улс олон улсын тавцанд өөрийгөө ямар байр суурьтай улс болохыг харуулахыг зорьж ирсэн нь тодорхой харагдана. Их гүрэн биш ч энх тайвныг дэмждэг улс. Цэргийн эвсэлд тулгуурладаггүй ч НҮБ-ын энхийг сахиулах үйл хэрэгт бодит хувь нэмэр оруулдаг улс. Хоёр их гүрний дунд оршдог ч сөргөлдөөнийг бус яриа хэлэлцээг дэмждэг улс.
Дэлхий дахины нөхцөл байдал зургаан жилийн дотор олон удаа өөрчлөгдсөн ч Монголын төрийн тэргүүний НҮБ-ын индрээс хүргэсэн мессеж үндсэндээ өөрчлөгдсөнгүй.
- 2021 онд ч энх тайван.
- 2022 онд ч энх тайван.
- Дайн мөргөлдөөн улам нэмэгдсэн 2023, 2024 онд ч энх тайван.
- НҮБ 80 жилийн ойгоо тэмдэглэсэн 2025 онд ч энх тайван.
Харин 2026 онд тэрбээр энэ бүхнийг “Илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц”-ийн төлөө нэгдэх уриалгаар дахин зангидлаа.
У.Хүрэлсүхийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд НҮБ-ын индрээс дэлхий дахинд хүргэсэн хамгийн тогтвортой мессеж нь энх тайван байлаа.
М.Гал-Арив
Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №036/24711/