Д.Трамп 14 хоногийн эвлэрэл зарлалаа
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай 14 хоногийн турш харилцан гал зогсоохыг зөвшөөрлөө. Энэ хугацаанд Тегеранд тавьсан бүх хориг арга хэмжээг цуцлах, хохирлын нөхөн төлбөр олгох, Ормузын хоолойг иранчуудын хяналтад хэвээр үлдээх хэлэлцээрийг талууд нухацтай авч үзэх юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай 14 хоногийн турш харилцан гал зогсоохыг зөвшөөрлөө. Энэ хугацаанд Тегеранд тавьсан бүх хориг арга хэмжээг цуцлах, хохирлын нөхөн төлбөр олгох, Ормузын хоолойг иранчуудын хяналтад хэвээр үлдээх хэлэлцээрийг талууд нухацтай авч үзэх юм.
Тус эвлэрэлд Пакистаны Ерөнхий сайд Шехбаз Шариф, хуурай замын цэргийн хүчний удирдагч Асим Мунир нар чухал үүрэг гүйцэтгэсэн. Трамп хэлэхдээ “Тэд намайг Иран руу цөмрөн довтлохоо азнахыг хүслээ. Хэрэв Исламын Бүгд найрамдах Иран улс Ормузын хоолойг түргэн хугацаанд, аюулгүй, бүрэн нээвэл би хоёр долоо хоногийн турш бөмбөгдөлтөө зогсоохыг зөвшөөрч байна” гэжээ.
Вашингтонд Тегеранаас 10 заалт бүхий эвлэрлийн санал илгээснийг хэлэлцэж үзэх боломжтой гэж Цагаан ордны тэргүүн үзэв. Тохиролцоонд хүрээгүй асуудлуудаа хоёр тал 14 хоногт багтаан нэг тийш болгоно. Үүний дараа эцсийн байдлаар хэлэлцээрт гарын үсэг зурцгаах юм. Анхан шатны уулзалт дөрөвдүгээр сарын 10-нд Исламабад хотод явагдана гэж төлөвлөсөн.
Ираны тал ч гал зогсоосноо баталж, “Агуу ялалт” хэмээн зарлалаа. “Ираны ард түмний эсрэг итгэл эвдэн, хууль бусаар цэргийн гэмт хэрэг үйлдэн довтолсон дайсны тал маргахын аргагүй үнэнд дийлдэж, түүхэн их ялагдал хүлээлээ” хэмээн тэд бичиж байна.
Тегеран “АНУ-ыг хүлээн зөвшөөрүүлж чадсан” гэх тохинуулах төлөвлөгөөг нийтэлсэн. Үндсэн чиглэл нь,
•Исламын Бүгд найрамдах Иран улс Ормузын хоолойг хянасан хэвээр үлдэх,
•Анхдагч болон хоёрдогч хориг арга хэмжээнүүдийг цуцлах,
•Тегеранд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх,
•Уран баяжуулах эрхээ хүлээн зөвшөөрүүлэх,
•Бүс нутгаас АНУ-ын зэвсэгт хүчнийг гаргах,
•Бүх фронтод мөргөлдөөн зогсоох,
•НҮБ-ын Аюулгүйн зөвлөл болон Олон улсын Атомын энергийн агентлагийн ТУЗ-ийн бүх тогтоол шийдвэрийг хүчингүйд тооцох зэрэг юм.
Иран 14 хоног Ормузын хоолойгоор усан тээврийг аюулгүй зорчуулах амлалт өгсөн бөгөөд “Бид бууны гохноос хуруугаа салгахгүй. Хэрэв дайсан өчүүхэн төдий алдаа гаргавал манай талаас бүрэн хүчээр хариу өгнө” гэж мэдэгдэв. Израил мөн Ирантай эвлэрэхийг дэмжсэн. Ийнхүү гал зогсоох тухай мэдээлсэн нь газрын тосны зах зээлийн ханшид нөлөөлж, нэг баррель Brent 91.92 доллар, WTI 94.1 доллар болж буурсан бол Европт байгалийн хийн үнэ кубметр тутамд 18.5 хувь буужээ.

Гэвч Ираныг устгах АНУ-ын бодлого өөрчлөгдөхгүй гэж Зүүн өмнөд Норвегийн их сургуулийн профессор Гленн Диесен жиргэсэн байна. “Вашингтон цаг хожиж, хууран мэхлэх замаар Ираныг гартаа оруулна” гэж тэрбээр бичээд, мөргөлдөөний гол шалтгаан шийдэгдээгүй цагт эвлэрэл хүлээгээд нэмэргүй гэж үзжээ.
Харин Бээжин энэхүү 14 хоногийн гал зогсоох эвлэрлийг бүрэн таашааж буйгаа мэдэгдсэн. Энэ талаар БНХАУ-ын Гадаад явдлын яамны төлөөлөгч Мао Нин мягмар гарагт мэдээлэхдээ “Хятад тус талуудын гал зогсоох шийдвэрийг бүрэн дэмжиж байна. Энэ чиглэлээр бид хүчин чармайлт гаргасан” гэв. Уг эвлэрэлд хүрэхэд Хятадын зүгээс туслалцаа үзүүлсэн гэдгийг Франс Пресс агентлагт ярилцлага өгөхдөө Трамп ч онцолсон юм.
Ойрх Дорнодын хурцадмал асуудал намжвал тустай гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хэллээ. Тэрбээр “Иран болон түүний хөрш улс орнуудын тогтвортой байдал нь дэлхийн зах зээл дээр далай тэнгисийн замаар худалдаа наймаа явуулдаг бүх улсын ашиг сонирхол юм” гэлээ.
Гал зогсоох тухай мэдэгдсэний дараа дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Ираны Лаван, Сирри арал дээр цуврал дэлбэрэлт болсон шалтгааныг илрүүлж чадаагүй. Түүнчлэн Ираныг төлөөлж АНУ-тай Пакистаны нийслэлд хэлэлцээр хийх багийг хэн толгойлох нь хараахан тодорхой болоогүй байна.
Д.Оюунгэрэл