“Эрдэнэс Тавантолгой” ХК 15 жилийн хугацаанд улсын төсөвт 11.6 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлэв
Уул уурхайн салбар Монгол Улсын ДНБ-ий 25, экспортын орлогын 90, төсвийн орлогын 30 гаруй хувийг бүрдүүлдэг. Энэ нь манай эдийн засагт эргэлдэж буй дөрвөн төгрөг тутмын нэг, олон улсад зардаг арван барааны ес нь байгалийн баялаг гэсэн үг юм.
Уул уурхайн салбар Монгол Улсын ДНБ-ий 25, экспортын орлогын 90, төсвийн орлогын 30 гаруй хувийг бүрдүүлдэг. Энэ нь манай эдийн засагт эргэлдэж буй дөрвөн төгрөг тутмын нэг, олон улсад зардаг арван барааны ес нь байгалийн баялаг гэсэн үг юм. Уул уурхайн бүтээгдэхүүн экспортлогч компаниуд дунд “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК жин дарж, улсын төсвийн орлогын томоохон эх үүсвэр болохоос гадна гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх ачааг үүрэлцдэг. УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу 2010 оны арванхоёрдугаар сард стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн нүүрсний бүлэг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, ашиглалтын үйл ажиллагаа явуулж, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд хүргэх, дотоодын болон олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаа арилжаалах үндсэн чиглэлтэй байгуулагдсан "Эрдэнэс Тавантолгой” ХК үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш 16 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна.
Тус компани өнгөрсөн 15 жилийн хугацаанд 191.5 сая тонн нүүрс олборлож, 183.4 сая тонн нүүрс борлуулж Монгол Улсын төсөвт 11.6 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлж 10.3 их наяд төгрөгийн ногдол ашиг нийт хувьцаа эзэмшигчдэд хуваарилж бүс нутгийн болон улсын эдийн засагт томоохон дэмжлэг үзүүлж буй. Энэ хугацаанд Монгол Улсын хэмжээнд төдийгүй бүс нутгийн хэмжээнд томд тооцогдох олборлолт, борлуулалт, тээвэр логистикийн гинжин хэлхээг бүрдүүлсэн төдийгүй БНХАУ-ын импортын зах зээлд тэргүүлэх байр суурь эзэлж чадсан юм.
2025 он нүүрсний салбар нэлээн хүнд сорилттой нүүр тулгарсан. Тус оны тав, зургадугаар сард Ганцмод боомт дахь хатуу коксжих нүүрсний үнэ сүүлийн 5-6 жилийн хамгийн доод хэмжээнд буюу нэг тонн нь 716 юань буюу 100 ам.доллар орчимд хүрч, оны эхний хагас жилд нүүрсний үнийн уналтаас шалтгаалан экспорт, борлуулалт буурсан ч “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 онд улс болон орон нутгийн төсөвт 1.7 их наяд төгрөг төвлөрүүлж, Баялгийн санд хуримтлуулах ёстой 397 тэрбум төгрөг төвлөрүүлж чаджээ.
Үүнээс гадна тус компани Засгийн газар болон УИХ-ын шийдвэрээр 9.5 их наяд төгрөгийн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлж буй юм. Тухайлбал, Тавантолгой-Гашуунсухайт болон Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам. Мөн энэ хоёр төмөр замыг холбосон холболтын төмөр зам, Газрын тос дамжуулах хоолой, Богдхан төмөр зам, Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам төслийн санхүүжилтэд дэмжлэг үзүүлжээ. Түүнчлэн Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн шахмал түлшийг үйлдвэрлэдэг “Тавантолгой түлш" ХК-д байгуулагдсан цагаас нь хойш 1.5 их наяд төгрөгийн санхүүжилтийг олгожээ.
Он гарснаас хойш “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экспорт хэвийн явагдаж байгаа бөгөөд 2026 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн байдлаар нийт 8.5 сая тонн нүүрс экспортолжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс экспортын хэмжээ гурван сая орчим тонн буюу 56 хувиар өссөн үзүүлэлт юм. Нийт экспортын 7.07 сая тонн буюу 83 хувь нь Гашуунсухайт боомтоор гарсан бол 1.46 сая тонн буюу 17 хувь нь Ханги боомтоор гарчээ. Тус компани экспортыг нэмэгдүүлэх, тээвэр зохион байгуулалтыг сайжруулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлснээр өмнөх оны мөн үеэс экспортын хэмжээ гурван сая тонн буюу 55 хувиар өссөн байна. Экспортын хэмжээ өссөнөөр Монгол Улсад орж ирэх гадаад валютын нөөц нэмэгдэж, эдийн засгийн өсөлтөд бодит хувь нэмэр болж байна.
Биржээр 337.6 сая ам.долларын өртөгтэй 4.18 сая тонн нүүрс арилжаалав
"Эрдэнэс Тавантолгой" ХК нь 2023 оноос эхлэн Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан нүүрсний биржийн арилжааг эхлүүлсэн бөгөөд энэ оны гуравдугаар сарын байдлаар 3.8 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 40 сая тонн нүүрсийг 305 удаагийн биржийн арилжаагаар амжилттай борлуулаад байна. 2023 оноос хойш хэрэгжсэн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсээ өөрсдөө Ганцмод, Мандал боомтод хүргэж өгөх нөхцөлтэй. Нөгөө нь Биржийн гэрээ гэсэн хоёр төрлөөр экспорт хийж байна. Нүүрс худалдан авагч талуудын өөрсдөө зохион байгуулдаг нүүрс тээврийн тариф уурхайгаас Ганцмод боомт хүрэхэд дунджаар 20 орчим ам.долларын өртөгтэй байдаг бол “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүтээгдэхүүнээ уурхайгаас Ганцмод боомт хүргэх зардал, урт болон богинын тээвэр нийлээд 36 мянган төгрөг буюу 10 ам.долларын өртөгтэй байна.
Өөрөөр хэлбэл, тус компани бусад Хятад худалдан авагчдын тээврийн зардалтай харьцуулахад хоёр дахин бага үнээр тээвэр зохион байгуулалтаа хийж, Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн Ерөнхий гэрээний зохицуулалтаар энэ ажлаа зохион байгуулж байгаа аж. Тус компани Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг мөрдөн нүүрсээ биржээр арилжиж эхэлснээс хойш уурхайн амнаас ачих нөхцөлтэй гэрээ хийхээ больж, бүх гэрээг цэвэр зах зээлийн өрсөлдөөний зарчмаар хийж, биржийн арилжаанд оролцохыг сонирхсон компани, этгээдүүд дэнчингээ байршуулж, дуудлага худалдаанд оролцож, өрсөлдөөний зарчмаар худалдаа хийж хэвшсэн байна.
Ерөнхий гэрээнд сонгон шалгаруулалтын зарчмыг тодорхой тусгасан бөгөөд тээврийн стандартад нийцсэн тоо, хэмжээтэй автомашин, тээврийн хэрэгсэлтэй, мөн шаардлагад нийцсэн тээвэр зохицуулагч, хүний нөөцтэй ААН-үүдийн дунд нээлттэй тендер зарлаж, энэ мэдээллээ Худалдан авах ажиллагааны цахим системдээ ил байршуулдаг болжээ. Тус компанийн нүүрсний ачилт, экспортын бүх мэдээлэл 2023 оноос хойш “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Ett.mn вэб сайтад нээлттэй тавигдаж, өдөр тутам хөтлөлт хийгддэг болсон ба сонирхсон иргэд, аж ахуйн нэгж ямар гэрээний дагуу ямар төрлийн нүүрс ачигдав. Өнөөдөр аль боомтоор хэдэн тээврийн хэрэгслээр хэдэн тонн нүүрс экспортод гарав гэх мэт мэдээллийг цаг тухай бүрд нь үзэх боломж нээлттэй болжээ. 2026 он гарснаар “Эрдэнэс Тавантолгой” ХК 76 удаагийн арилжаагаар 337.6 сая ам.долларын үнийн дүн бүхий 4.18 сая тонн нүүрс арилжлаа.
Нүүрс тээвэрчдээ ХАБ-ын сургалтад хамруулжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны газар, Тээвэр авто зам хариуцсан алба, Дотоодын цэргийн 810 дугаар анги хамтран Нүүрс тээврийн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлд хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтыг 2026 оны гуравдугаар сарын 31-ний өдөр “Грийн Центр”-т зохион байгуулжээ.
Сургалтаар нүүрс тээврийн замд гарч буй осол зөрчлийн мэдээ судалгаа, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, амилуулах суурь тусламж, галын аюулгүй ажиллагаа, нүүрс тээврийн хэрэгслийн жолооч гаалийн хяналтын бүсэд ачилтад орох үеийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа зэрэг сэдвүүдээр мэдлэг олгов.
2023 онд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 362 дугаар тогтоолоор нүүрсний борлуулалтыг зөвхөн Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хил нөхцөлтэйгөөр арилжаалж эхэлсэн бөгөөд уурхайн бүсээс БНХАУ-ын ганц модны боомт хүртэлх тээврийг зохион байгуулах ажлыг “Эрдэнэс Тавантолгой” ХК хариуцан эхлүүлснээс хойш дөрөв дэх жилдээ нүүрс тээврийн компанийн төлөөлөлд Хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтыг зохион байгуулж байна.
Зах зээлд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн борлуулж байна
"Эрдэнэс Тавантолгой" ХК 8.1 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд тус компани хатуу коксжих төрлийн нүүрсээ түлхүү борлуулж, голдуу гангийн үйлдвэрлэлд нийлүүлж байгаа. Өнгөрсөн оноос эхлэн компанийн удирдлагууд уурхайн бүтээгдэхүүнийг сорчлохгүй, эрчим хүчний нүүрснээс эхлээд бүх төрлийн нүүрсээ борлуулах арга зам хайж байгаа аж. 2025 онд Цанхийн баруун уурхайн хойд хэсэг буюу хоёрдугаар талбайд олборлолт хийж, нүүрсний бүтээгдэхүүний төрөл, чанар нэмэгдэж, хөрс хуулалтын зай 2.5 дахин буурч, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлж чадсан байна. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК эрчим хүчний нүүрс болон 1/3 коксжих нүүрс, хатуу коксжих нүүрс зэрэг бүх төрлийн бүтээгдэхүүнээ борлуулж эхэлжээ. Мөн Баяжуулах үйлдвэрээ ашиглаж, чанар муутай бүтээгдэхүүнээ боловсруулж, баяжуулсан коксжих, баяжуулсан сул коксжих, баяжуулсан коксжих чанаргүй баяжмал үйлдвэрлэж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож, борлуулалтаа нэмэгдүүлж чадсан байна. Ирэх таван жилд БНХАУ-ын нүүрсний зах зээлийн нүүрсний хэрэглээ буурахгүй. Гол нь энэ хэрэглээнд Монголын нүүрсний эзлэх хувь хэр зэрэг байх вэ гэдэг тухайн үеийн зах зээлийн нөхцөл байдал маш чухал аж. Ганцмод боомт дахь нүүрсний зах зээлийн үнийг Тавантолгойн бүлэг ордын нүүрс тогтоодог бөгөөд зах зээлийн эрэлт нийлүүлэлтээ зөв мэдэрч, ам нөхцөлтэй гэрээ, биржийн гэрээний зохист харьцааг зөв гаргаж, борлуулалтын бодлогоо зөв тооцоод явах юм бол экспорт, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалт, ашигт ажиллагаа нэмэгдэх бүрэн боломжтой гэж компанийн удирдлагууд үзэж байгаа аж.
Бортээгийн ордод нэг тэрбум ам.долларын санхүүжилт санал болгожээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК энэ оны хоёрдугаар сарын 13-нд Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад хамтран ажиллах, хөрөнгө оруулагчийг сонгох сонгон шалгаруулалт зарласан. Бортээгийн орд нь Цанхийн урд хэсэгт байрладаг бөгөөд үйлдвэрлэлийн нөөц 424.2 сая тонн. 2020 онд батлагдсан ТЭЗҮ-ээр олборлолтын хүчин чадлыг жилд 2–15 сая тонноор тогтоогоод байв. Энэ ордын нэгдсэн ТЭЗҮ-ийг "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны нэгдүгээр улиралд багтаан шинэчлэн батлуулахаар төлөвлөж, нийт хуулах хөрсний хэмжээ 868.3 сая м³, нийт уулын цулын хэмжээ нэг тэрбум 171.3 сая м³ гэж тооцоолсон бөгөөд нийт нөөцийн 95 хувь нь сул коксжих нүүрс. Баруун, зүүн цанхийн хэсгүүдээс одоо олборлож буй хатуу коксжих болон сул коксжих нүүрстэй харьцуулахад чанарын үзүүлэлт доогуур. Тодруулбал, чанарын гол үзүүлэлт болох үнслэгийн хэмжээ 22–25 хувь, илчлэг нь ойролцоогоор 6000 ккал, дэгдэмхий бодисын агууламж 33–35 хувьтай байна гэж тооцоолж буйгаа мэдэгдэж байв.
УИХ-ын 103 дугаар тогтоолд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ашиглагдаагүй хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгө оруулагчийг урих замаар уул уурхайн баялгийг иргэд, олон нийтэд өгөөжтэй болгох үндсэн агуулга тусгагдсан байгаа. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх үүргийн дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Эрдэнэс Монгол” ХХК хамтран сонгон шалгаруулалтын баримт бичгийг боловсруулсан бөгөөд Засгийн газар энэ баримттай гурван удаа танилцсан байна.
Бортээгийн ордод хөрөнгө оруулагчийг урихдаа “Эрдэнэс Тавантолгой” ХК бүтээгдэхүүн хуваах асуудлыг судалсан боловч энэ загвар нь Монгол Улсад газрын тосны салбараас бусад салбарт хэрэгжиж байгаагүй. Мөн хууль эрх зүйн хувьд хэрэгжүүлэх боломж хязгаарлагдмал гэсэн дүгнэлтэд хүрсэн. Нөгөө талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК жилд 30 сая тонноос багагүй хэмжээний нүүрс олборлож, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн дагуу борлуулж байгаа тул бүтээгдэхүүн хуваах загвар тохиромжгүй гэж үзсэн аж. Түүнчлэн ашиг хуваах загварын хувьд хөрөнгө оруулагч талын зардлыг хянах асуудал үүсэх эрсдэлтэй учраас оновчтой хувилбар биш гэж дүгнэжээ. Тиймээс Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа орлого хуваах, бүтээгдэхүүний борлуулалтын нэгж үнэ болон өртгөөс хамааран борлуулалтын орлогоос хүртэх хувийг нэмэгдүүлэх буюу (Revenue sharing+price sensitive) гэсэн загвараар хөрөнгө оруулагчийг урьж, сонгон шалгаруулалтын баримт бичгийг боловсруулжээ.
Хөрөнгө оруулагчаа шалгаруулсны дараа хөрс хуулалтыг энэ ондоо багтаан эхлүүлж, 2028 онд ордын бүтээгдэхүүнийг борлуулж эхлэхээр тооцсон Монгол Улсын Засгийн газрын Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгө оруулж хамтран ажиллах олон улсын нээлттэй тендерийн саналыг 2026 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 13:00 цагт хүлээн авч дуусав. Нээлтийн хурал тус өдрийн 14:00 цагт “Эрдэнэс Тавантолгой” компанийн төв байранд ил тод, нээлттэй зохион байгуулагдаж, саналаа ирүүлсэн бүх аж ахуйн нэгж, консорциумын төлөөлөл оролцжээ.
Бортээгийн ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах сонирхолтой дотоод, гадаадын долоон аж ахуйн нэгж, консорциум материал ирүүлсэн бөгөөд 500 сая ам.доллароос нэг тэрбум ам.долларын урьдчилгаа төлбөрийн саналыг ирүүлээд байна. Тодруулбал Монголын баялгийг дэлхий үнэлж, Монголын талд ашигтай буюу 51 хувиас багагүй үр өгөөж хүртэх шаардлагыг хүлээн зөвшөөрч, хамтран ажиллах саналаа ирүүлсэн гэсэн үг юм. Хөрөнгө оруулагчдаас ирүүлсэн материал, хамтран ажиллах саналыг Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн сонгон шалгаруулах бөгөөд 700 болон түүнээс дээш оноо авсан гурав хүртэлх оролцогчийг шалгаруулж хамтран ажиллах хэлэлцээрт урих юм.
Засгийн газар төслийн нийт хугацаанд Монголын талд ногдох өгөөжийг 51 хувиас бууруулахгүй байх зарчмыг баримталж байгаа бөгөөд санхүү, эдийн засгийн өгөөж, төсөл хэрэгжүүлсэн туршлага, ордыг цогцоор хөгжүүлэх төлөвлөгөө зэрэг шалгуур үзүүлэлтээр харьцуулан үнэлж, хамгийн үр ашигтай хөрөнгө оруулалтын шийдлийг ажлын хэсгээс Засгийн газарт танилцуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Бортээгийн ордын сонгон шалгаруулалт:
•Ил тод, нээлттэй, өрсөлдөөнт зарчмаар,
•Долоон компани, консорциум өрсөлдөж байна.
•500 сая – нэг тэрбум ам.долларын урьдчилгаа төлбөрийн санал,
•700+ оноо авсан,
•Гурав хүртэлх оролцогчтой,
•Эцсийн хэлэлцээр эхэлнэ.
Монгол Улсын Засгийн газрын байр суурь:
•Монголын өгөөж 51 хувиас багагүй байна.
•Зөвхөн хамгийн ашигтай хувилбар сонгоно.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2025 оны үзүүлэлтүүд
- Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр байгуулсан Гашуунсухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын ажил 2025 оны тавдугаар сарын 14-ний өдөр эхлүүлсэн. Тус төслийн санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” ХК хариуцах юм. Төсөл хэрэгжсэнээр төмөр замаар экспортлох ачааны хэмжээг жилд 30 сая.тн, нүүрсний экспортын хэмжээг жилд 70 сая.тн хүргэх боломжтой болно.
- “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны есдүгээр сарын 27-ны өдөр “Харилцагчийн өдөрлөг” арга хэмжээг анх удаа зохион байгуулж харилцагч, худалдан авагчдад шинэ бүтээгдэхүүнээ танилцуулав. “Харилцагчийн өдөрлөг” арга хэмжээний үеэр Цанхийн баруун уухайгаас олборлосон сайн чанарын 1/3 нүүрсийг харилцагч, худалдан авагчдад танилцуулав. Тус бүтээгдэхүүн нь хамгийн бага үнслэгтэй өндөр чанартай 1/3 коксжих нүүрс гэдгээрээ онцлогтой.
- "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны аравдугаар сарын 6-ны өдөр Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 6.4 мянган тонн баяжуулсан коксжих нүүрсийг АНХ УДАА БНХАУ-ын Цао Фейдянь боомт хүргэж өгөх нөхцөлөөр борлуулав.
- Экспортын шинэ гарц нээж БНХАУ-ын зах зээлийн гүнрүү буюу гуравдагч орнуудтай хиллэдэг Цао фейдянь боомтруу хүргэж өгөх нөхцөлтэй арилжааг эхлүүлүүллээ. Тус боомт нь Хятадын хойд болон баруун хойд бүсүүдийг номхон далайгаар дэлхийн 70 улсын 110 гаруй боомттой холбодог чухал гарц юм.
- “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалт, уурхайн ачилт, тээвэр логистикийн зохион байгуулалтыг сайжруулж, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд 2025 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр компани байгуулагдсанаас хойш 15 жилийн хугацаанд уурхайн өдрийн ачилтын түүхэн амжилтыг 1170 тээврийн хэрэгсэлд 159.029.95 тонн болгон шинэчлэн тогтоов.
- Жилд 10 сая тонн нүүрс угаах хүчин чадалтай Нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийг амжилттай хэрэгжүүлж, ашиглалтад оруулсан. 2025 онд нийт 1.6 сая тонн түүхий нүүрс хүлээн авч баяжуулав. Нүүрс баяжуулах үйлдвэр нь усыг 96 хувь дахин ашиглах технологитой, тоосжилтгүй, байгаль орчинд ээлтэй, хамгийн орчин үеийн технологитой үйлдвэр гэдгээрээ онцлогтой.
- 2025 онд улс, орон нутгийн төсөвт 1.7 их наяд төгрөгийн татвар төвлөрүүллээ. Улсын төсвийн орлогын зургаан хувийг "Эрдэнэс Тавантолгой" ХК бүрдүүлсэн байна. Үүнээс ААНОАТ 730.6 тэрбум төгрөг, АМНАТ 717.4 тэрбум төгрөгийн татвар төлжээ.
- “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 онд Өмнөговь аймгийн боловсрол шинжлэх ухаан, эрүүл мэнд, орон нутгийн хөгжил, жижиг дунд бизнесийн үйл ажиллагаа болон салбарын бүтээн байгуулалтыг дэмжих зорилгоор орон нутгийн хөгжлийн санд гурван тэрбум төгрөгийг төвлөрүүлэв.
- Монгол Улсын Засгийн газраас 2025 оны долдугаар сард “Эрдэнэс Тавантолгой” ХК-д гурван сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосон. Онцгой дэглэмийн хугацаанд БЭТ-ийн баг борлуулалт, экспорт, тээврийг оновчтой зохион байгуулж сарын дундаж борлуулалтыг 1.6 дахин, биржийн тээвэрлэлтийг хоёр дахин, экспортыг 1.3 дахин, орлогыг 1.3 дахин, олборлолтыг 1.2 дахин нэмэгдүүлжээ.
- Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний түүхт 103 жил, “Эрдэнэс Тавантолгой”ХК байгуулагдсаны 15 жилийн ойг тохиолдуулан “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” сэдэвт марк нээлт хийв.
- Хархорум хотын 2025 оны экологийн төлөвлөгөөнд 1.1 сая ширхэг мод тарихаар тусгасан бөгөөд мод тарих ажлын 30 хувь буюу 300 мянган ширхэг модыг “Эрдэнэс Тавантолгой” ХК, Хил хамгаалах ерөнхий газартай хамтран тарьжээ.
- “Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны арванхоёрдугаар сард Гашуунсухайт, Ханги боомтоор дөрвөн сая тонн нүүрс экспортолж сарын түүхэн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.