Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Нисгэгчгүй нисэх төхөөрөмж жолоодлогын Олон улсын тэмцээнийг манай улс анх удаа зохион байгууллаа. Тэмцээнд Монгол, Япон, Бүгд Найрамдах Беларусь, Бүгд Найрамдах Казакстан, БНСУ, БНХАУ, ОХУ-ын 52 тамирчин оролцов. Тэмцээн Улаанбаатар хотод хоёр өдөр үргэлжлэн өнөөдөр шилдгүүдээ тодрууллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал тэмцээний хаалтын үйл ажиллагаанд оролцож зохион байгуулагчид, баг тамирчид, салбарынханд баяр хүргэж, үг хэллээ.
Монгол Улсад дрон технологийг уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй, онцгой байдал, дэд бүтцийн хяналт, хүргэлтийн үйлчилгээ зэрэг бодит хэрэгцээтэй салбаруудаас эхлэн үе шаттай нэвтрүүлэх нь зүйтэй. Туршилтаар батлагдсан, эдийн засгийн үр ашигтай, аюулгүй шийдлүүдийг төр бодлогоор дэмжиж, хувийн хэвшил хөрөнгө оруулалтаар тэлэх ёстойг хэллээ. Энэ салбар бол ирээдүйн залуучуудын салбар гэдгийг Ерөнхий сайд онцлоод Дрон инженерчлэл, кодчилол, нислэгийн удирдлага, дата боловсруулалт, хиймэл оюун, геомэдээллийн систем зэрэг шинэ ур чадварууд Монголын залуучуудад дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжийг нээж байна гэв.

Дэлхийн дроны зах зээл ихээхэн тэлж, ирээдүйд дэлхийн эдийн засаг, технологийн салбарт хөрөнгө оруулалтаараа түүчээлэх нь тодорхой байна. Манай улс техник, технологийн энэхүү хурдтай хөгжлийг цаг алдалгүй нэвтрүүлэх асуудлыг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон Цахим үндэстэн болох зорилтууддаа тусган, өндөр технологийг нутагшуулах, хүний нөөцийг бэлтгэх асуудлыг төрийн бодлогын хэмжээнд анхаарч байна. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх олон талт үйл ажиллагааны нэг чиглэл нь нисэгчгүй нисэх хэрэгслийн хэрэглээ, хөгжүүлэлт, ашиглалтыг нэмэгдүүлэх явдал юм гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэв.

Тамирчин залуусын хувьд Олон улсын тэмцээнийг эх орондоо зохион байгуулсанд сэтгэл хангалуун байгаагаагаа илэрхийлж байв. Манай улс Нисгэгчгүй нисэх төхөөрөмж жолоодлогын тэмцээнийг энэ жилийн нэгдүгээр сард албан ёсоор спорт хэмээн бүртгэсэн байна.
Монгол орон өргөн уудам газар нутагтай, хүн амын суурьшил харьцангуй сийрэг, уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрчим хүч, тээвэр логистик, онцгой байдал, байгаль орчны хяналт зэрэг салбар алслагдсан орон зайд үйл ажиллагаа явуулдаг. Энэ нь нисгэгчгүй технологийг бодитоор нэвтрүүлэх маш том боломж болдог байна. Дрон технологи нь хүний амь нас аврах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хамгаалах зэрэг маш олон салбарт амжилттай нэвтэрч хурдтай хөгжиж байгаа юм.

Монголын дрон нисгэгчдийн холбооны ТУЗ-ийн дарга И.Наранбаатар хэлэхдээ, Нисгэгчгүй нисэх төхөөрөмж жолоодлогын “DRONECON 2026” олон улсын тэмцээн нь зөвхөн шилдэг жолоодогч тамирчдыг тодруулаад зогсохгүй, орчин үеийн дэвшилтэт технологийг нутагшуулах, Монгол залуусын техникийн сэтгэлгээ, инженерчлэлийн ур чадварыг дэлхийн түвшинд гаргах, олон улсын баг тамирчдын мэдлэг, туршлагыг харилцан солилцох чухал талбар болсон гэв.





