МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр › Нийгэм › Эртний түүхээ хадгалсан өнөөдрийн Эрхүү

Эртний түүхээ хадгалсан өнөөдрийн Эрхүү

Наймдугаар сар болоод ч тэр үү Эрхүүгийн өглөө дуу чимээ багатай, намуухан эхлэх аж.

Үнэн
Админ

Наймдугаар сар болоод ч тэр үү Эрхүүгийн өглөө дуу чимээ багатай, намуухан эхлэх аж. Хүмүүс ажилдаа автобус, трамвайгаар эсвэл гудамжинд зөрөн алхацгаана. Энд замын хөдөлгөөний дүрмийг чанд  баримталдаг бололтой, жигд хурд,  жигд урсгалтай. Гэрлэн дохиогүй газарт гарцан дээр нэг явган зорчигч байсан ч  автомашинууд шууд  зогсож, зам тавина.  Эрхүүгийн өглөө ийн амар амгалан эхлэх аж.

“Комсомольская правда” эх сурвалжаа нягталж, үнэн бодит мэдээллийг хүргэх зарчим барьдаг

Монгол, Вьетнамын сэтгүүлчдийн төлөөлөл ОХУ-ын Эрхүү хотноо наймдугаар сарын 16-22-нд ажиллаж,  “Шинэ медиа сургууль” олон улсын боловсролын хөтөлбөрт хамрагдсан нь энэ.

“Комсомольская правда” медиа группийн Эрхүү дэх салбарт зохион байгуулсан орос хэлээр үйл ажиллагаа явуулдаг гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагуудад зориулсан сургалтын хөтөлбөрт мэргэжлийн лекц, ур чадварын сургалт, дадлага хичээлүүд багтжээ.  

"Комсомольская правда” медиа групп сонин, сайт, радио гэсэн үндсэн гурван чиглэлээр мэдээллээ шуурхай хүргэдэг байна.  101 дэх жилдээ хэвлэгдэн гарч буй “Комсомольская правда” сонин улс төр, эдийн засаг, нийгмийн, соёл урлаг, байгаль орчин, танин мэдэхүйн гол асуудлыг тоймлон  уншигчдадаа өдөр тутам хүргэдэг аж. Оросод эрэн сурвалжлах сэтгүүл зүй түлхүү хөгжиж байгааг тус улсын гоо бүсгүйн амиа алдсан хэргийн мөрөөр “Комсомольская правда” сонины сэтгүүлчийн хоёр жил дараалан сурвалжилсан нийтлэлүүдээс харагдана. 

 2014 онд байгуулагдсан  радио суваг нь цаг үеийн мэдээллийг  шуурхай дамжуулдаг бөгөөд өдөрт хоёр сая хүн сонсдог байна. Тус радиогийн  сонсогчийн 62 хувь нь эрэгтэй, 38 хувь нь эмэгтэй гэсэн статистик тоо ч гарчээ. Радиогийн мэдээллээ сайтдаа байршуулснаар тухайн мэдээллийг давтан сонсох боломжийг сонсогчдод олгосон байна. 

“Комсомольская правда” медиа групп улс даяар 56 салбартай бөгөөд сайтын хандалт 57 сая гаруй үзэлттэй аж. 

300 гаруй ажилтантай тус группийн  сэтгүүлч, редакторуудын олонх нь  байгууллагадаа 15-20 жил тогтвор суурьшилтай ажилласнаас харахад цалин, нийгмийн хангамж сайтайг илтгэнэ.

Ийнхүү “Комсомольская правда” медиа группийн Эрхүүгийн салбарын тэргүүн С.И.Гольдфарб Оросын сэтгүүл зүйн хөгжил, өнөөгийн байдлын  талаар мэдээлэл өгсний дараа биднийг медиа группийн үйл ажиллагаатай танилцуулсан юм.

“Комсомольская правда” медиа групп хоёр давхар үндсэн байрандаа сонин, сайт, радиогийн үйл ажиллагаагаа явуулна. Радио, эфирийн тоног төхөөрөмж нь бүгд сүүлийн үеийнх. Тус группийн сэтгүүлчид эх сурвалжаа нягталж, үнэн бодит мэдээллийг шуурхай хүргэх зарчим барьдаг байна.

“Хэвлэл мэдээлэл  бол ард түмэн хоорондын харилцааны гүүр болдог”

Сургалтын хүрээнд "Олон улсын харилцааг бэхжүүлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслийн үүрэг" сэдэвт танхим болох онлайныг хамтатгасан хэлэлцүүлэг “Комсомольская правда” хэвлэлийн төвд боллоо.

Энэ хэлэлцүүлгээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэрхэн ард түмний хоорондын харилцааны гүүр болж байгаа талаар санал солилцлоо.  Энэ үеэр  “Комсомольская правда” медиа Эрхүүгийн  салбарын тэргүүн Станислав Голдфарб  “Сэтгүүлчид үйл явдлыг  газар дээрээс очиж, үзэгчдэд үнэнийг мэдээлдэг” гэсэн бол Улаанбаатар дахь “Русский дом”-ын тэргүүн Валерия Килпякова “Өнөөдөр  хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дэлхий дахинд болж буй үйл явдлын талаар бодитой мэдээлэл өгөх үүрэгтэй”-г дурдсан юм.

Мөн Эрхүү хот түүхэндээ олон улсын харилцааны гүүр болж ирснийг хэлэлцүүлгийн үеэр тодотгов.  “Эрхүү хот нь дамжин өнгөрөх цэг бус юм. Энд гадаадын олон иргэд ажиллаж, сурч, амьдарч байсан. Олон арван жилийн турш Монгол, Вьетнам, Балба улсын болон бусад орны оюутнууд Эрхүүгийн их сургуульд суралцсаар ирсэн. Өнөөдөр ч энэ уламжлал үргэлжилж байна” гэдгийг  “Комсомольская правда” медиа  группийн Эрхүүгийн  салбарын тэргүүн Станислав Голдфарб онцолж байв.

Баримт дурдахад, манай улсын Сангийн сайд нарын арав нь Эрхүүгийн үндэсний эдийн засгийн дээд сургуулийг төгссөн байна.

Байгал нуурын экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад анхаарч байна

Эрхүүд очсон хэн бүхэн Байгал нуурыг зорьдог. Бидний сургалтын төлөвлөгөөнд ч Байгал нуурыг зорих аяллыг багтаасан байлаа. Эрхүүгийн цагаан тэнгэр дор Байгал нуурын давлагаа зөөлөн хаялж, дээгүүр цахлай шувууд нисэж,  усан онгоц, сэлүүрт завь шилжилдэн давхиж, далайн хөвөөнөө эргийг тойрсон модод ногоорон харагдах байгалийн баян бүрд үнэхээр гайхалтай.

Хавирган сар хэлбэртэй Байгал нуур нь хамгийн гүн, хамгийн эртний нууранд тооцогддог бөгөөд дэлхийн цэвэр усны нөөцийн 20 хувийг эзэлдэг.  Тиймээс ч Байгал нуурыг зорих жуулчид жилийн дөрвөн улиралд тасрахгүй. Энд жил бүр хоёр сая орчим жуулчин ирдэг байна. Үүнтэй зэрэгцээд оршин суугчдын тоо ч өссөөр байгаа аж. 

Өнөөдөр Байгал нуурын орчимд 140 мянган оршин суугч суурьшжээ. Энэ хэрээр Байгал нуурын ус, ургамлыг бохирдуулж байгаа нь тулгамдсан асуудал болоод байгааг  мэргэжилтнүүд ярьж байна. Түүнчлэн Байгал нуурын талаар гаднын хэвлэлүүд ташаа мэдээлэл гаргаж байгаад оросууд эмзэг ханддаг байна.

 Учир нь, Байгаль нуурын экологийн тэнцвэртэй байдлыг хадгалах, усыг цэвэр байлгахад төр, засгаас нь анхаарч, жил бүр төсөв баталж,  төлөвлөгөө гарган, бохирдлыг цэвэрлэдэг байна. Байнгын ажиллагаатай судалгааны 11 төв энэ бүсэд  ажилладаг нь нуурыг хамгаалахад ямар ач холбогдол өгч байгааг харж болно.

Байгал нуурыг зорих замд дүнзэн байшин,  сүм, ресторанууд хуучны хот, тосгодын санагдуулам, өнгө төрхөө хадгалан  оршино.  Эрхүүгийн эртний “Тальцы”  угсаатны зүйн музейг сонирхлоо. Энд  ХХVII зуунаас хүмүүс амьдарчээ.  Тэдний үр удам одоог хүртэл үе уламжлан  амьдарч байна.  Унаган байгальд нь сүм хийд,  оршин суугчдын гэр, эдлэл хэрэглэл эртний хийцээр нь хадгалж, сэргээн засварлаж ирсэн энэ музейгээс олон угсаатны ёс заншлыг харж болно.

Танил төрх, шинэ оросууд…

Наймдугаар сарын Эрхүү нар зөөлөн ээсэн, сэвэлзүүр салхитай, цэвэр агаар хамар цоргино. Зам дагуу тарьсан модод саглагар ногоон навчаа дааж ядаж сүндэрлэх, гудамж, талбайд өнгө өнгийн цэцэгс  алаглан, усан оргилуур орчныг чийгшүүлэн сэрүү татуулна.  Эндхийн хамгийн эрт үүдээ нээдэг, зарим газар 24 цагаар ажилладаг мухлаг бол Цэцгийн дэлгүүр гэнэ. Цэцгийн дэлгүүр аль ч цагт худалдан авагчаар тасардаггүй бололтой.

Олон улсын хэвлэлийн багийнхан  Эрхүү хотоор аяллаа үргэлжлүүлэв. Ангара мөрөн хотоо чимэн намуухан оршино.  Энд  “Чингис хаан” хамтлагийн “Эрхүүгийн хавар” дуу өөрийнх эрхгүй аялагдах нь сонин.

Распутиний номын сан, урлагийн галерейг үзэж сонирхож, явахад сонгодог урлагийн бүтээлүүдийг гайхан бишрэхийн зэрэгцээ өв соёлоо нандигнан хадгалж ирсэн нь  бахархал төрүүлнэ.

Эрхүү хотын  Сүхбаатарын гудамжинд  Ялалтын баатруудын хүндэтгэлийн талбай бий. Тэнд  байх мөнхийн галд хүмүүс цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсээр…

Эрхүү хотын хуучны барилга байшин, гудамж талбай манай 1990-ээд оны Улаанбаатарыг санагдуулна. Улаанбаатарын микро район, төмөр зам, хотын төвөөр алхаад байгаа ч юм шиг… Үүнтэй зэрэгцэн орчин цагийн шинэ, шинэ байшин барилгууд сүндэрлэж, зэрэгцэн орших аж. Трамвайн зам гэхэд л тэртээ XX зуунаараа, гэвч үүнээс үүдсэн авто замын түгжрэл байхгүй. Автомашинууд эх орны үйлдвэрийн гэхээсээ Хятадынх зонхилжээ.

Худалдааны төвүүдэд ч мөн адил урд хөршийн бараа лангуу эзэлнэ. Эдийн засгийн хувьд Орос-Украины асуудлаас үүдсэн хямрал нөлөөлж байгаа нь илт анзаарагдана. Харин оросууд нөхөрсөг хэвээр. Хуучны орос автомашиныг нь нүд хужирлаж байгаа биднийг харсан эзэн нь  тун найрсаг ярилцлаа. “Манай Эрхүүд монголчууд олноор суралцдаг байсан. Та бүхнийг харах сайхан байна. Монголчууд яг хэвээрээ байна” хэмээн сэтгэл тэнүүн инээмсэглэх нь хээгүй орос занг санагдуулна.

Ийнхүү сургалтын багийнхан  Эрхүүд номын дуу сонсож, эрт эдүгээгээр аялж, орос хэлийг сурах, оросын соёлыг судлах эрмэлзэл тээж ирлээ.

Н.Энхбат

Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №036/24711/ 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.