МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Нийгэм Эрүүл ахуйн шаардлага хангасан, зориулал...

Эрүүл ахуйн шаардлага хангасан, зориулалтын нөөцийн сав үйлдвэрлэгч “Суу даян” компани

Монголдоо үйлдвэрлэл эрхлэхийн зэрэгцээ ажлын байр бий болгон, өрхийн амьжиргаа төдийгүй  дотоодын эдийн засагт өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж буй   үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжин, тэдний бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Монголын үнэн” сонин “Бүтээлч монгол” буланг эрхлэн уншигчдадаа хүргэдэг билээ.  Урин дулааны цаг ирж,  иргэд хашаа байшин,  хаус, зуслангаа тордож эхэлсэн энэ цаг үед бид цэвэр усны нөөцийн сав үйлдвэрлэгч “Суу даян” компанийг “Бүтээлч монгол” буландаа онцолж  байна.

Үнэн
Админ

Монголдоо үйлдвэрлэл эрхлэхийн зэрэгцээ ажлын байр бий болгон, өрхийн амьжиргаа төдийгүй  дотоодын эдийн засагт өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж буй   үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжин, тэдний бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Монголын үнэн” сонин “Бүтээлч монгол” буланг эрхлэн уншигчдадаа хүргэдэг билээ.  Урин дулааны цаг ирж,  иргэд хашаа байшин,  хаус, зуслангаа тордож эхэлсэн энэ цаг үед бид цэвэр усны нөөцийн сав үйлдвэрлэгч “Суу даян” компанийг “Бүтээлч монгол” буландаа онцолж  байна.

Тус компани айл гэр, амины орон сууцанд зориулсан эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан, хүнсний зориулалттай нөөцийн савыг монгол залуусын ур ухаан, бүтээлч сэтгэлгээгээр үйлдвэрлэн, хэрэглэгчдийн гарт хүргээд гурван жил гаруйн хугацааг үдэж байгаа ажээ. Энэ компани одоогоор дөрвөн ажилтантай бөгөөд өөрсдийн боломж, нөөцөд тулгуурлан өдөртөө жижиг хэмжээтэй бол 2-3, том 1-2 савыг бэлтгэн, эцсийн бүтээгдэхүүн болгодог байна. Тэд нөөцийн савыг  PP5 буюу полипропилен материалаар хийдэг бөгөөд монголчуудын нэрлэж заншсанаар цагаан өнгийн хүнсний зориулалтын хуванцар савыг аливаа шингэн нөөцлөх, хадгалахад зориулан  бэлтгэж байгаа  нь энэ. 

Полипропилен нь хатуу, бат бөх, уян хатан бөгөөд халуунд тэсвэртэй. Хүнсний хэрэгцээнд аюулгүй байдлыг хангаж чаддаг, халуун бүтээгдэхүүн хийхэд тохиромжтой, дахин хэрэглэж болдог материалыг хэлдэг байна. Хүнсний зориулалттай,  эрүүл ахуйн шаардлага хангасан хуванцар савыг хийхэд багагүй ажил ордог аж. Биднийг “Суу даян” компанийн  үйлдвэрийн байранд очиход 2-3 хүн ажиллах бөгөөд бүх төрлийн хэмжээ бүхий нөөцийн савыг бэлэн болгоход цөөнгүй шат дамжлагатай нь харагдана. Тухайлбал, үйлдвэрийн байранд цагаан өнгийн хуванцар хавтанг хураасан байх бөгөөд  хэдэн литрийн сав хийхээсээ хамааран эхний ээлжид хавтанг зүсвэрт оруулна.

Бүх  сав дөрвөлжин буюу тэгш өнцөгт хэмжээтэй байх бөгөөд “Суу даян” компанийнхан 150 литрээс таван тонн хүртэлх хэмжээтэй нөөцийн савыг үйлдвэрлэн гаргадаг. Улмаар хэрэглэгчийн хүссэн хэмжээ, загвараар захиалгын дагуу мөн үйлдвэрлэх боломжтой. Зүссэн хавтанг  өндөр температурт халаасан хуванцраар нааж нийлүүлэх бөгөөд дөрвөлжин савны эх бие бэлэн болно. Үүний дараагаар гадна, дотно талаас нь давхарлан наах процесс мөн өрнөнө.

 Ингэж саванд хийсэн шингэн асгарах завсаргүй болгосны дараа наалтын өө сэвийг арилгаж, цэвэрлэнэ. “Суу даян” компанийн залуусын үйлдвэрлэж буй савны онцлог нь амсар том хэмжээтэй бөгөөд усыг савлах, юүлэхэд болон цэвэрлэгээ хийхэд  төвөггүй гэдгээрээ  давуу талтай. Үүний тулд бүх савны амсрыг том тагтайгаар хийж өгдөг байна. Түүнчлэн эдний сав  дотроо хөндлөн татлагатай учраас тэлэлтээс бүрэн хамгаалагдсан.

Хүнсний зориулалттай учраас худалдан авагчид  ундны цэвэр уснаас гадна айраг, сүү, цагаан идээ гэх мэт бүх төрлийн хүнсний эд зүйлийг хадгалах, нөөцлөх боломжтой. Сав худалдан авсан хэрэглэгчид байрлуулах талбайд тохируулан насос болон цэвэр усны шугамтай холбогдох цорго, гаргалгаануудыг  өөрийн хүссэнээр буюу савны аль ч талд нь  гаргуулан авах боломжтой. Зөөж байршуулахад  зориулан  савны гадна талд бариулж хийж өгсөн нь хүний хэрэглэгээг бүх талаас нь бодсоных. Ийнхүү “Суу даян” компани Монгол Улсад нөөцийн сав үйлдвэрлэж буй цөөн хэдэн компанийн дунд цэвэр усны нөөцийн сав ямар байх боломжтой тухайд жишиг тогтоож байна.

 

Д.Эрхэмбаяр: Манай савны онцлог нь зэврэлт үүсэхгүй, хэрэгцээ хангахуйц олон жилийн эдэлгээтэй

“Суу даян” компанийнхан өөрсдийн үйлдвэрлэж буй цэвэр усны нөөцийн савны сервис үйлчилгээг ч мөн давхар хийдэг байна. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчид саванд ус, шингэн үлдээснээс үүдэлтэйгээр хөлдөж, хагарах буюу задрах тохиолдол  гардаг байна. Гэхдээ энэ нь үйлдвэрлэгчтэй хамаарахгүй бөгөөд хэрэглэгчийн буруу, хайхрамжгүй хэрэглээнээс үүдэлтэй байдаг аж. Тухайлбал, хэрэглэгчид хүйтний улиралд нөөцийн саван дахь усыг заавал шавхах шаардлагатай бөгөөд ус үлдсэн тохиолдолд тэлэлт үүссэнээр сав задрах эрсдэлтэй. Энэ тохиолдолд “Суу даян” компанийнхан  савыг  сэргээн наах, нөхөх үйлчилгээг ч мөн давхар үзүүлдэг ажээ.  “Суу даян” компанийн захирал Д.Манлай “Манай компанийн үйлдвэрлэж буй  цэвэр усны нөөцийн сав олон давуу талтай. Тухайлбал, цэвэр усны нөөцийн савыг нержээр хийдэг газар цөөнгүй бий. Тэгвэл савны үндсэн бүтээгдэхүүний хувьд нерж болон төмөр савтай адил зэврэлт үүсэхгүй. Түүнчлэн дуу чимээ багатайгаас гадна хөлрөлт үүсэхгүй. Цагаан өнгийнх учраас  хаана ч аваачаад тавихад өнгө үзэмж сайтай гэдгээрээ бусад ижил төрлийн савнаас онцлогтой. Хамгийн чухал нь хүний хэрэгцээ хангахуйц олон жилийн эдэлгээтэй гэдгийг онцолмоор байна” хэмээн ярьсан юм. “Суу даян” компанийнхан худалдан авагчдадаа нэг жилийн баталгаа өгдөг бөгөөд Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн шинжилгээний бичигтэй учраас эрүүл мэндэд эрсдэлгүй гэдгийг нэмж хэлэх нь зүйтэй болов уу. 

М.Өнөржаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №021/24696/ дэх дугаар

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.