МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр ЭЗБХ: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлө...

ЭЗБХ: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч Энхболдын Анарыг томилохыг дэмжлээ

Үнэн
Админ


УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр (2026.07.01) 53.1 хувийн ирц бүрдсэнээр хуралдаж, таван асуудал хэлэлцэж шийдвэрлэв. Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонсголын тайланг хэлэлцлээ. (Сонсголын талаарх мэдээллийг эндээс)



Тус байнгын хорооноос 2026 оны 06 дугаар сарын 30-нд зохион байгуулсан сонсголд оролцогч, ажиглагчаар нийт 16 иргэн бүртгүүлж, 27 гишүүн оролцсон. Иргэн Л.Амар, Д.Баасандорж, М.Будбазар, О.Галцог, Б.Зоригтбаяр, Г.Хонгор, Г.Эрдэнэмөнх нар нэр дэвшигчээс асууж, хариулт авсан. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 133 дугаар зуйлийн 133.1 дэх хэсэгт заасны дагуу сонсголд оролцсон гишүүд хаалттай хуралдаж, сонсголын тайланг гаргасан гэж УИХ-ын гишүүн Л.Соронзонболд танилцууллаа. Байнгын хороо нэр дэвшигчийн сонсгол явуулсан талаарх тайланг хэлэлцэх үед Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Энхболдын Анарыг томилуулах саналыг өргөн мэдүүлсэнээ илтгэсэн юм. (Нэр дэвшигчийн намтрыг эндээс)


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар, Г.Очирбат, М.Мандхай нар асууж, үг хэллээ. Гишүүдийн асуултад Монголбанкны Ерөнхийлөгч болон нэр дэвшигч хариулахдаа, төв банкнаас явуулж буй мөнгөний бодлого, хяналт, шалгалтын үр дүнг ирүүлэх зэрэг асуудлыг хөндсөн юм. Ийн хэлэлцээд, Байнгын хорооны хуралдаанаар Энхболдын Анарыг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид томилуулах талаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжив. Уг асуудлаар Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлт, УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.



Хуралдаанаар “Эрчим хүчний салбарын тогтвортой байдал, хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн. Тогтоолын төслийг хэлэлцэх үед эрчим хүч тасалдуулахгүй байх, салбарынхны цалин хөлсийг нэмэх, өвөлжилтийн бэлтгэлийн талаар УИХ-ын гишүүн Л.Соронзонболд, А.Ундраа, С.Цэнгүүн, Н.Батсүмбэрэл, Ч.Анар, Х.Булгантуяа, П.Батчимэг, Р.Батболд, С.Эрдэнэбат нар тодруулж, байр сууриа илэрхийллээ.



Хөдөлмөрийн үнэ цэнийг өсгөх нь салбарын бодлогын нэг хэсэг, цалинг хэмжээг хэсэгчилсэн байдлаар нэмэхээр төлөвлөсөн хэмээн Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Найдалаа хариулсан. 



Энэ өдрийн хуралдаанаар Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Байнгын хороо Ашигт малтмалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг, уг хуулийн хэрэгжиж эхлэх хугацааг 2029 онд гэж хойшлуулж буй шалтгааныг тодруулсан. Төслүүдийг гишүүдийн олонхын саналаар дэмжив гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Эх сурвалж: parliament.mn
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.