ЭЗБХ: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр (2026.06.30) 75 хувийн ирцтэй хуралдаж, Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонсголыг Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгууллаа.
Нээлттэй зар түгээж, иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу оролцогч, ажиглагчдыг бүртгэхэд, сонсголд нийт 16 иргэн оролцохоор нэр ирүүлснийг УИХ-ын гишүүн, сонсгол даргалагч Б.Жавхлан танилцуулсан юм. Тэрбээр Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг үндэслэн Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Энхболдын Анарыг томилуулахаар санал өргөн мэдүүлсэн гэв.
Нэр дэвшигч Энхболдын Анар 1984 онд Улаанбаатар хотноо төрсөн. 1992-2001 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 2001-2004 онд Япон улсын Хакуо ахлах сургууль, 2004-2008 онд Япон улсын Хакуо их сургуулийн бизнесийн удирдлага мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн. 2007-2008 онд АНУ-ын Индианагийн их сургууль, 2014-2015 онд АНУ-ын Колумбын их сургуульд суралцаж, эдийн засгийн бодлогын удирдлагаар магистрын зэрэг хамгаалсан. Англи, япон хэлтэй.
Тэрбээр 2011-2013 онд Монголбанкны Валют, эдийн засгийн газрын Гадаад валютын нөөцийн хэлтсийн нөөцийн мэргэжилтэн, 2013-2016 онд Монголбанкны Хяналт, шалгалтын газрын Зайнаас хяналт тавих хэлтсийн хянан шалгагч, 2016-2017 онд Монголбанкны Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын захирал, 2017-2026 онд Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирлаар, 2026 оноос Монголбанкны Төлбөрийн систем, технологийн газрын захирлаар ажиллаж байгаа.
Сонсголд оролцогчдын асуултад нэр дэвшигч Э.Анар хариулсан. Төв банканд 16 жил ажилласан туршлагадаа үндэслэн Монголбанк үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангах үндсэн зорилтоо хэрэгжүүлж, санхүүгийн зах зээл, банкны тогтолцоог тогтвортой байлгаж эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлнэ. Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилогдвол мэргэжлийн, бодитой, оновчтой шийдвэр гаргахаа нэр дэвшигч илэрхийлсэн. Мэргэжилтнээс эхлэн газрын захирлаар ажилласан, гадаад валютын нөөц, банкны хяналт шалгалтын туршлагадаа тулгуурлан инфляцийг Монголбанкны зорилтот түвшинд хадгалах, үнийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах, төв банкны засаглалыг бэхжүүлж, цахим шилжилтийг эрчимжүүлнэ гэсэн гурван зорилт дэвшүүлжээ.
Иргэд, олон нийтийн төлөөлөл асууж, хариулт авч дууссаны дараа УИХ-ын гишүүд нэр дэвшигчээс асууж, хариулт авлаа. Сонсгол даргалагч Б.Жавхлан дэгээ баримтлахыг сануулав. Банкны системээр бэлтгэгдсэн боловсон хүчин хэмээн УИХ-ын гишүүн Л.Соронзонболд дүгнээд, нэр дэвшигчээс хадгаламжийн даатгалыг шинэчлэлийн талаар асуув. Харин УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар, бэлдсэн асуулттай орж ирж, дэг зөрчиж байна, нэр дэвшигчийг магтаж, Монголбанканд хүссэн хүн бүр ажилд орж чаддаггүй, iban нэвтрүүлсэн нь иргэдэд зардал, чирэгдэл үүсгэсэн хэмээн шүүмжиллээ. УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл нэр дэвшигчээс дэвшүүлсэн гурван зорилтыг тодруулж, Монголд гадаадын банк орж ирэх асуудлаар ямар байр суурьтайг асуусан. Нэр дэвшигч Э.Анар Төв банкны хараат бус, бие даасан байдлыг нэмэгдүүлж, иргэдийн хүлээлтэд хүргэхийн тулд ипотекийн эрх зүйг сайжруулах чиглэлд олон эх үүсвэрээр хөрөнгө оруулалт татах саналтай байгаа. Гадны банк оруулахыг дэмжинэ гэж хариулав.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, та яаралтай томилгоо хийлгэхийг шахаж шаардсан уу гэсэн асуултыг тавихад, нэр дэвшигч үгүйсгэлээ. С.Цэнгүүн гишүүн ганцхан нэр дэвшигчтэй байгаа нь сонголтгүй юм, тиймээс цаашид нээлттэй нэр дэвшүүлэх шаардлагатай гэв. Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн албан тушаал нь салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, мерит зарчмаар дэвшсэн байх чухал гэж УИХ-ын гишүүн М.Мандхай, төрийн албыг хувийн ашиг сонирхлоосоо дээгүүрт тавьж ажиллахыг, төв банкны хараат бус байдлын үнэлгээ 63 хувьтай байгааг дээшлүүлэхийн тулд юуг баримтлахыг УИХ-ын гишүүн П.Батчимэг, бодлогын болон зардлын хүүг бууруулах ямар бодлого хэрэгжүүлэхийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат тодрууллаа. Төв банкны тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн, засаглалын хувьд сайжруулах чиглэлд түлхүү ажиллана хэмээн нэр дэвшигч хариулав.
Монголд бизнес эрхлэхэд хүнд нөхцөлд байгааг, урт хугацаатай, хүү багатай зээлийн харилцааг бүрдүүлэх эсэх, хараат бус байдлыг хэрхэн баримтлахыг УИХ-ын гишүүн Ц.Баатархүү, Х.Ганхуяг, Б.Пунсалмаа, Д.Үүрийнтуяа, А.Ундраа, Ж.Золжаргал, П.Сайнзориг, Г.Лувсанжамц, Л.Соронзонболд нар асуусан. Түүнчлэн ирэх жилийн төсвийг парламентаар хэлэлцэхээс өмнө мөнгөний бодлогоо боловсруулж, хэлэлцэх нь зохистой гэсэн саналыг сонсгол даргалагчаас гаргаж байв.
Зээлийн хүүг багасгахын тулд олон эх үүсвэр бий болгох, зээлийн мэдээллийн сан, харилцагчийн үнэлгээг боловсронгуй болгож, уян хатан бодлого баримталж ажиллахаа нэр дэвшигч Э.Анар илэрхийллээ. Нэр дэвшигч Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн албан тушаалд шаардлага хангаж буй эсэхээр гурван оролцогч үг хэлэв. Тэд зээлийн мэдээллийн санг шинэчлэх, төрд байгаа өөрийн мэдээллийг төлбөргүй авдаг болох, дэд бүтцээ байгуулахад анхаарах, зээлийн ангиллыг нарийвчлахгүйгээр бүхэлд нь авлагатай адил 30 хоногоор тооцдог байдлыг болиулах асуудлыг хөндсөн юм. Сонсголын үеэр 60 гаруй мянган иргэнийг хохироосон койнтой холбоотой кэйсээр Монголбанканд гомдол гаргасан тухай иргэн мэдээлэв.
Эдийн засгийн байнгын хороо 15.00 цагт хаалттай хуралдаж, Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонсголын тайланг хэлэлцэнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.