ЭЗБХ: УИХ дахь намын бүлгүүд 5 хоногийн завсарлага хүсэж, Эрчим хүчний сайдын мэдээллийг сонсов
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр (2026.06.16) 56.3 хувийн ирцтэй хуралдлаа. Засгийн газраас ноднин өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авлаа. Түүнчлэн УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын 3 гишүүнээс өргөн мэдүүлсэн Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь Монгол ардын намаас тав хоногийн завсарлага авав.
Байнгын хороо энэ өдрийн хуралдаанаараа эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаарх Эрчим хүчний сайдын мэдээллийг сонслоо. УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Найдалаа, тус салбарт шийдвэрлэх шаардлагатай олон асуудал байгааг сануулаад, нэн тэргүүнд “Нэг бодлого-Есөн ажил-Гурван зарчим”-ын хүрээнд 139 ажил үйлчилгээ буюу уян хатан, тогтвортой тарифын бодлого, хүнээс хамаарал багатай технологийн шийдлүүдийг нэвтрүүлнэ. Эрчим хүчний хэрэглээтэй холбоотой ухаалаг систем шинэчлэлийг эхлүүлсэн хэмээн танилцууллаа.
Тэрбээр юун түрүүнд эрчим хүчний тархмал эх үүсвэрийг дэмжиж, хувийн хэвшлийнхний оролцоо, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүч, хүний нөөцийн бодлого, салбарын эрх зүйн орчны шинэчлэлийг чухалчилж байгаагаа онцлов. “Нэг бодлого” гэдэгт эрчим хүчний шилжилтийн стратеги, нэгдсэн бодлого багтаж, улмаар 2050 он хүртэлх нэгдсэн системын чадлын балансын таац боловсруулах, устөрөгчийн хэрэглээ, үйлдвэрлэл, экспорт, цэвэр эрчим хүчний шилжилтийн цаглавар, салбарын шинэчлэл, зураглал, бүсчилсэн хамтын ажиллагааг тусгажээ. Харин эхний ээлжинд хийх есөн ажил нь нэгт, уян хатан, тогтвортой тарифын бодлого, зах зээлийн шинэчлэл, хоёрт, ухаалаг эрчим хүчний систем, гуравт, тархмал эх үүсвэрийг дэмжих, талын эрчим хүч, бие даасан шийдэл бий болгох, дөрөвт, эрчим хүчний эх үүсгүүр, дэд бүтцийг байгуулах, тавд, шинэ технологи нэвтрүүлэх, зургаад, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах, долоодугаарт, хүний нөөцийн бодлогоо шинэчлэх, салбараа чадавхжуулах, наймд, салбарын засаглалыг сайжруулах, есдүгээрт, эрх зүйн орчныг шинэчилнэ гэв. Манай улсын хэмжээнд эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадал 1,936 МВт-д хүрсэн. Эх үүсвэрийн хувьд 82 хувийг нүүрсээр, 8.2 хувийг салхин цахилгаан станцаар, 8.1 хувийг нарны эрчим хүчээр, 1.4 хувийг усаар бий болгодог. Цахилгааны хэрэглээ өсөн нэмэгдсэн. Нийслэлд жилд дунджаар 190 гаруй Гкал/ц-ийн хэрэглээтэй 280 гаруй барилга байгууламж шинээр төвлөрсөн дулаан хангамжийн системд холбогдож байна. Дулааны хэрэглээ ч өссөн.
Сүүлийн хоёр жилд Улаанбаатар хотод Бөөрөлжүүтийн 300 МВт-ын станц, Сонгино 80 МВт, Багануур дүүрэгт 50 МВт-ын батарей хуримтлуурын станц, Дорноговьд 30 МВт-ын, Хөвсгөлд 10 МВт-ын нарны цахилгаан станц, Дорнодод 50 МВт-ын дулааны цахилгаан станц, Завханд 22 МВт-ын станц шинээр ашиглалтад оруулсан боловч нөөц, чадал бүрдээгүй хэвээр байна. Хүлээгдэж байгаа хүсэлт 2266 МВт гэдэг нь одоо байгаа хэрэглээнээсээ ч давсан үзүүлэлт. Иймд яаралтай арга хэмжээ авч ажиллаж эхэлсэн. Салбарын 27 төрийн өмчит үйлдвэр, компани өвөлжилтийн бэлтгэл хангаж, 26 хувийн гүйцэтгэлтэй. Нийтдээ 19 нэр төрлийн 1,440.8 тэрбум төгрөгийн ажлын санхүүжүүлбэл эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах сүлжээний найдвартай ажиллагаа дээшилнэ. Энэ онд гэхэд 360.2 тэрбум төгрөгийн төсөв шаардагдаж байгаа. Эрчим хүчний салбарт үүссэн асуудал бол олон жилийн турш хуримтлагдсан онцлогтой учраас хэн нэгнийг буруутгах зүйл биш хэмээн Б.Найдалаа сайд илтгэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Уянга, Бөөрөлжүүтийн дулааны станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх боломж, шинэ хуулийн төслийн талаар, УИХ-ын гишүүн Г.Очирбат, иргэдийн эрчим хүчний хэрэглээг үнэн зөв тооцох, үнэ байнга нэмж байгааг, жил бүр аргацааж ирсэн ч иргэд өвөл цахилгаангүй, зутардаг хэвээрээ гэсэн асуудлыг хөндөв. Гишүүд өвөлжилтийн бэлтгэл ажил өмнөх жилтэй харьцуулахад хоёр хувь хоцорч явааг шүүмжилсэн.
Энэ үеэр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд УИХ-ын дарга С.Бямбацогт хүрэлцэн ирж, Эрчим хүчний сайдаас асуулт асуусан. Тэрбээр, өнөөдөр нэн шаардлагатай учраас УИХ энэ асуудлыг сонсож байгаа. Гэтэл таны танилцуулга хэт ерөнхий байна. Тиймээс аль болох шийдлээ ярья. Нэг жилийн өмнө станцад гарсан ослыг яаралтай арга хэмжээ авч, ТЭЦ-3 станцын санхүүжилтийг шийдсэн. Гэтэл жилийн хугацаанд юуг шийдэв, ирэх өвөл Улаанбаатар хот хөлдөхгүй байх боломжтой эсэх, оргил ачааллын үед цахилгаан хязгаарлахгүйн тулд нарийвчилсан, тодорхой шийдэл юу байна гэж тодрууллаа. Эрчим хүчний сайд хариулахдаа, таван аймгийн нийт 220МВт хүчин чадалтай эх үүсвэр бий болгохын тулд яаралтай зарлаж, гэрээлнэ. Бүх хүчээ дайчилж ажиллана гэв. Осол аваартай холбоотой ажлын гүйцэтгэл 45 хувийн явцтай, гэрээнд зааснаар 12 дугаар сард дуусаж, энэ онд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөсөн гэв.
Ирэх өвөл нийслэлчүүдийг эрчим хүчээр таслахгүй байх үүрэг, даалгаврыг УИХ-аас өгөх, тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хорооноос боловсруулах нь зүйтэй, эрчим хүчний асуудлыг талууд бүгд анхааралдаа авж, ажиллах ёстой гэсэн байр суурийг УИХ-ын дарга С.Бямбацогт илэрхийллээ. Хэрвээ ийм шийдвэрийг парламент гаргавал ихээхэн дэмжлэг болно, үүсээд байгаа 620 тэрбум төгрөгийн өрийг барагдуулах, арга хэмжээ авах асуудлуудаа тусгуулах саналтай байна гэж Б.Найдалаа сайд хариулав.
УИХ-ын гишүүн Л.Соронзонболд, үнэ тарифыг 5 хувь нэмсэн учир шалтгааныг тодруулав. Хэрэглэгчид аль болох дарамт багатай байлгах үүднээс олон улсын байгууллагаар судалгаа хийлгэсний үндсэн дээр ийнхүү нэмсэн гэсэн хариуг Засгийн газрын төлөөлөл өгсөн юм.
Сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн П.Батчимэг, өргөн бүрэлдэхүүнтэйгээр ирж мэдээлэл хийснийг онцлоод, танай яаманд шилдэг менежер очоод ч эрсдэл, алдагдал, хулгай зогсох эсэхэд эргэлзэж буйгаа, үүнийг зогсоохгүйгээр эрчим хүчний салбарт асуудал хэвээр үлдэх тухай, иргэдийн нуруунд ачаа болж байгааг, УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, хэмнэлтийн горим тус салбарт хэрэгждэггүй, аудитын дүгнэлтийг баримтлах, УИХ-ын тогтоолуудын хэрэгжилтийг хангах чухал гэдгийг тодрууллаа. Байнгын хорооны энэ өдрийн хуралдаан даргалагч, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа хуралдааны төгсгөлд тус салбарын асуудалд анхаарах зайлшгүй шаардлагатайг тэмдэглэж, үг хэлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.