МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Эдийн Засаг Газрын тосны их гүрэн ОХУ шатахуун импор...

Газрын тосны их гүрэн ОХУ шатахуун импортолж эхэллээ

Дэлхийн эрчим хүчний зах зээлд нэгэн сонирхолтой өөрчлөлт өрнөж байна.

Үнэн
Админ

Дэлхийн эрчим хүчний зах зээлд нэгэн сонирхолтой өөрчлөлт өрнөж байна. Газрын тос олборлогч, экспортлогч орнуудын нэг ОХУ дотоодын зах зээлээ тогтворжуулахын тулд шатахуун импортолж эхэлжээ. ОХУ-ын Засгийн газрын Шадар сайд Александр Новак тус улс Беларусиас шатахууны нийлүүлэлтээ нэмэгдүүлж, Энэтхэгээс бензин импортолж эхэлсэн бөгөөд Казахстанаас АИ-92 бензин худалдан авах асуудлыг мөн судалж байгааг мэдэгдсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Энэ нь газрын тосны салбарынхны төдийгүй олон улсын эдийн засаг, геополитикийн судлаачдын анхаарлыг татсан үйл явдал болов. Өнгөц бодоход энэ нь ойлгомжгүй мэт. Өдөр бүр олон сая баррель нефть олборлодог улс яагаад бензинээ гаднаас авах шаардлагатай болов? Хариулт нь газрын тосны хэмжээ биш, боловсруулах хүчин чадалтай холбоотой.

Сүүлийн үед Украин алсын тусгалтай дронуудаар ОХУ-ын олон арван газрын тос боловсруулах үйлдвэр, нефтийн агуулах, түлшний терминалд удаа дараа цохилт өгсөн. Үүний улмаас зарим үйлдвэрийн хүчин чадал буурч, зарим нь түр хугацаанд бүрэн ажиллагаагүй болсон байна. Өөрөөр хэлбэл, Орос нефтьгүй болсон биш, нефтиэ боловсруулах хүчин чадал нь тодорхой хэмжээгээр доголдсон гэсэн үг. Газрын тос олборлох нь шатахуун үйлдвэрлэхтэй адил зүйл биш. Олборлосон түүхий нефтийг өндөр технологийн нэрэх үйлдвэрүүдэд боловсруулсны дараа л бензин, дизель, нисэхийн түлш зэрэг бүтээгдэхүүн болдог. Харин боловсруулах сүлжээ доголдвол нефть хангалттай байсан ч зах зээл дээр бензин ховордох эрсдэл үүсдэг.

Сүүлийн жилүүдэд ОХУ-ын хэд хэдэн томоохон боловсруулах үйлдвэр үйлдвэрлэлээ хэсэгчлэн эсвэл бүрэн зогсоохоос өөр аргагүй болсон нь дотоодын шатахууны нийлүүлэлтэд дарамт үүсгэсэн гэж шинжээчид тайлбарлаж байна. Үүний улмаас тус улсын Засгийн газар дотоодын зах зээлээ хамгаалах зорилгоор экспортоо хязгаарлаж, улмаар импортын эх үүсвэр хайх шаардлагатай болжээ. Үүнээс дэлхийн эрчим хүчний худалдааны бас нэгэн сонирхолтой дүр зураг харагдана.

Энэтхэг улс сүүлийн жилүүдэд Оросын нефтийн хамгийн том худалдан авагчдын нэг болсон. Хямд үнээр авсан Оросын нефтийг дотоодын үйлдвэрүүддээ боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгон дэлхийн зах зээлд борлуулдаг. Одоо тэр боловсруулсан шатахууны тодорхой хэсэг нь буцаад Оросын зах зээл рүү орж эхэлж байгаа нь дэлхийн эрчим хүчний худалдаа ямар хэмжээнд уялдаа холбоотой болсныг харуулж байна.

Беларусийн хувьд ч нөхцөл байдал төстэй. Зөвлөлтийн үеэс үлдсэн томоохон боловсруулах үйлдвэрүүдтэй энэ улс Оросын нефтийг боловсруулж, хоёр улсын эрчим хүчний хамтын ажиллагааны хүрээнд Оросын зах зээлд нийлүүлэлтээ нэмэгдүүлж эхэлжээ.

Мөн Казахстанаас бензин худалдан авах талаар хэлэлцэж байгаа нь Евразийн эдийн засгийн холбооны дотоод хамтын ажиллагааг идэвхжүүлэх алхам гэж ажиглагчид үзэж байна.

Энэ үйл явдал нэг чухал үнэнийг сануулж байна. XXI зуунд эрчим хүчний салбарт зөвхөн газрын тосны нөөц их байх нь хангалтгүй. Түүнийг тасралтгүй боловсруулж, дотоодын хэрэглэгчдэд хүргэх үйлдвэрлэл, логистик, дэд бүтэц хэвийн ажиллаж байж л эрчим хүчний аюулгүй байдал хангагдана.

Нөгөө талаас энэ нь Монголд ч сургамж дагуулж байна. Манай улс шатахууныхаа бараг бүх хэрэгцээг импортоор хангадаг бөгөөд нийлүүлэлтийн гол эх үүсвэр нь ОХУ хэвээр байгаа. Иймээс Оросын дотоодын шатахууны зах зээлд гарч буй аливаа өөрчлөлт Монголын шатахууны үнэ, нийлүүлэлтэд богино хугацаанд нөлөөлөх эрсдэлтэй.

Газрын тосны асар их нөөцтэй улс шатахуун импортлох болсон нь дэлхийн эрчим хүчний зах зээлийн бодит байдлыг харуулж байна. Эрчим хүчний өрсөлдөөн өнөөдөр зөвхөн хэн илүү их нефть олборлож байгаагаар бус, хэн олборлосноо тасралтгүй боловсруулж, нийлүүлэлтийн сүлжээгээ тогтвортой хадгалж чадаж байгаагаар хэмжигдэх болсон нь энэ үйл явдлын хамгийн том сургамж юм.

Б.Тамир

Эх сурвалж: Монголын үнэн сонины №028/24703/

 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.