Генерал цол, цолтнуудын тухай сонирхолтой түүх
Жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-нд Монгол генералын өдөр тохиодог. Тодруулбал, 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор генерал цолыг 11 хүнд олгожээ. Энэхүү өдрийг 2004 оноос “Монгол генералын өдөр” болгон тэмдэглэж, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд цэргийн дээд цолтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон байна.
Жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-нд Монгол генералын өдөр тохиодог. Тодруулбал, 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор генерал цолыг 11 хүнд олгожээ. Энэхүү өдрийг 2004 оноос “Монгол генералын өдөр” болгон тэмдэглэж, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд цэргийн дээд цолтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон байна.
Энэ жилийн хувьд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генералуудын уулзалтад оролцож, хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр Ерөнхий сайд: "Техник, технологийн энэ цаг үе онолын мэдлэгээс гадна, хиймэл оюун, инновац, технологийн өндөр ур чадвар шаардаж байна. Иймд генерал цолны болзол шалгуур, түүнийг даах итгэл найдвар, нэр хүндийн хэмжүүрийг улам бүр өндөрсгөх шаардлага тавигдаж байна. Энэ бол хөгжлийн зүй тогтол юм. Цаг үе юу шаардана, тэр бүхэнд бид бэлэн байх учиртай" гэсэн юм. Монгол генералын өдрийг тохиолдуулан, генерал цолтой холбоотой сонирхолтой нийтлэлийг уншигч танд зориулан бэлтгэлээ.
"Генерал" гэдэг үг хаанаас гаралтай вэ
Өнөөдөр дэлхийн бараг бүх армид хэрэглэгддэг "генерал" гэдэг цол латин хэлний generalis — "нийтийн", "бүгдэд хамаатай" гэсэн утгатай үгнээс гаралтай. Анх дундад зууны Европт армийн бүх салбарыг нэгтгэн удирдах даргын нэрийн өмнө "женераль" гэдэг нэмэлт үг тавьдаг байснаа "Капитан Женераль", "Полковник Женераль" гэх мэтээр хэрэглэгдэж ирсээр цаг хугацааны явцад богиносож зүгээр л "генерал" болсон аж.
Тус цолны тогтолцоо Франц цэрэгт эхэлж, тэндээсээ Английн армид нэвтэрч, улмаар Америкийн Зэвсэгт хүчинд орж ирсэн байдаг. Монгол Улсын цэрэгт "генерал" цолыг 1944 оны дөрөвдүгээр сарын 28-нд БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн 52 дугаар тогтоолоор анх удаа бий болгож, 11 цэргийн зүтгэлтэнд олгосон байдаг. Тэр өдрөөс хойш 2024 оны байдлаар нийт 224 хүнд генерал цол хүртээжээ.
АНУ-ын хамгийн залуу генерал
АНУ-ын армийн түүхэнд хамгийн залуугаараа генерал цол хүртсэн нь Иргэний дайны баатар Галуша Пеннипаккер юм. Тэрбээр 1844 оны зургадугаар сарын 1-нд Пенсильвания мужийн Вэлли Форж орчимд мэндэлж, 16 настайдаа дайнд явсан. Пеннипаккер 17 насандаа майор, 19 насандаа полкийн дарга — полковник болжээ.
1865 оны нэгдүгээр сард Хойд Каролинагийн Форт Фишерийн тулалдаанд анхны тулааны тэргүүнд байлдан, цайзын хамгаалалт руу давших үеэрээ шархаджээ. Тэр үед орчин тойрны цэргийн дарга нар Пеннипаккерийн амийг аврах боломжгүй гэж үзэн генерал цол нөхөн олгоно гэж амласан байна. Азаар амьд үлдсэн тэрбээр 1865 оны дөрөвдүгээр сарын 28-нд яг 20 насандаа бригадын генерал цол хүртэв. Тэрбээр сонгуульд оролцож, саналаа өгөх насанд хүрч амжаагүй байхдаа генерал болсон цорын ганц хүн хэмээн тэмдэглэгддэг.
Энэ рекорд мөн Лафайеттэй холбогддог. Францын аристократ Маркиз де Лафайетт АНУ-ын тусгаар тогтнолын дайнд 19 насандаа мажор генерал цол хүртэж байсан боловч тэр нь хүндэтгэлийн цол байжээ. Иймээс ч бодит захиргааны хамгийн залуу генерал гэдэг утгаараа Пеннипаккерийн нэр түүхэнд үлдсэн байна.
Наполеон 24 насандаа генерал болсон
Наполеон Бонапарт 1769 онд Корсика арал дээр мэндэлж, 1785 онд Парисын Цэргийн академийг 16 насандаа төгсөж, хоёрдугаар дэд лейтенант цол хүртжээ. Тэр үед хэнийн ч санаанд энэ залуу Европыг байлдан дагуулна гэж ороогүй байв. 1793 оны наймдугаар сард Тулоны бүслэлтэд их бууны цэргийн командлагч гэнэтхэн шархадсанаар Наполеон оронд нь томилогдон, хотыг Британийн хяналтаас чөлөөлөх ажиллагааг удирджээ.
Тактик, газарзүй, их бууны мэдлэгээ хослуулан Британийн хүчийг ухрахад хүргэсэн уг ажиллагааны дараа 1793 оны арванхоёрдугаар сарын 22-нд тэрбээр 24 насандаа бригадын генерал цол хүртэв. Францын хувьсгал зөвхөн язгууртнууд эрх барьдаг ёсыг халснаар Наполеон шиг хүмүүст боломж бүрдсэн билээ. Хувьсгал гараагүй бол тэрбээр ямар нэгэн дарга нарын туслах, дунд зэргийн офицерын хэмжээнд насаа өнгөрөөх байсан гэж судлаачид үздэг.
Зургаан одтой генерал гэж байдаг уу
АНУ-д "таван одтой генерал" бол хамгийн дээд гэж ойлгох нь бий ч үнэн хэрэгтээ үүнээс дээр зиндаа бий. "Армийн ерөнхий жанжин" буюу General of the Armies гэдэг цол зургаан одтой гэж тооцогддог. Гэхдээ зургаан одны ялгах тэмдэг хэзээ ч хэрэглэгдэж байгаагүй.
Энэ дээд цолыг амьддаа хүртсэн цорын ганц хүн бол дэлхийн нэгдүгээр дайны командлагч Жон Ж.Першинг юм. Тэрбээр 1919 онд энэ цолыг хүртсэн боловч дөрвөн одтой тэмдэг зүүсэн хэвээрээ явсан аж. Учир нь зургаан одны тэмдэг огт бий болоогүй гэнэ. Мөн 1976 онд АНУ тусгаар тогтнолоо тунхагласны 200 жилийн ойгоор Жорж Вашингтонд нас барснаас нь хойш тус цолыг олгосон бөгөөд зарлигт "Вашингтон бол АНУ-ын цэргийн хамгийн дээд офицер, өнгөрсөн болон ирээдүйд ч " хэмээн тодотгосон байдаг.
Таван одтой генерал цол 1944 онд буюу Хоёрдугаар дэлхийн дайны үед бий болсон бөгөөд түүх нь сонирхолтой. Британийн фельдмаршалын цол хүртсэн Холбоотны офицеруудыг АНУ-ын дөрвөн одтой генералууд удирдах нь ёс зүйн болоод үйл ажиллагааны хувьд төвөгтэй нөхцөл байдлыг үүсгэжээ. Иймээс Конгресс 1944 оны арванхоёрдугаар сарын 14-нд таван одтой цолыг бий болгон, нийтдээ таван хүнд уг генерал цолыг хүртээжээ. Тэдний төлөөлөл Омар Брэдли хамгийн сүүлд 1981 онд нас барснаар энэ цол дахин олгогдохгүй болсон байна.
Сталин, Гёринг нар өөртөө генерал цол олгожээ
Дэлхийн хамгийн дээд цэргийн цолыг ихэнх дарангуйлагчид өөрсдөдөө олгодог байжээ. Иосеф Сталин 1945 оны зургадугаар сарын 27-нд Фашист Герман үг дуугүй бууж өгсний маргааш нь ЗХУ-ын Генералиссимус цол хүртэв. Энэ нь тус улсын цэргийн хамгийн дээд цол бөгөөд зөвхөн Сталинд л олгогдсон юм. Гайхалтай нь тэрбээр энэ цолны ялгах тэмдгийг хэзээ ч зүүж байгаагүй хэмээн тэмдэглэгддэг.
Нацист Германд Херманн Гёринг 1940 онд Рейхсмаршал цол хүртэж, Гитлерийн доор хамгийн дээд цэргийн цолтон болсон байна. Тус цолны нэр Дундад зууны Ариун Ромын эзэнт гүрний үеэс уламжлагдсан боловч орчин цагийн утгаараа гагцхүү Гёрингд л олгогдсон юм. Бенито Муссолини болон Итали хаан нар 1938 онд хоёулаа "Эзэнт гүрний Анхны маршал" цол хүртсэн нь Итали-Этиопийн дайны ялалтыг тэмдэглэсэн алхам байв. Эдгээр тохиолдол бүр нийтийн нэгэн зүй тогтлыг харуулдаг. Ялалтыг бус, эрх мэдлийг тэмдэглэхийн тулд ч цол хэргэм хүртэх явдал бий.
Хамгийн настай генералын үг: "Архи уу, удаан насла"
АНУ-ын агаарын хүчний генерал Харри Голдсвурти 2021 оны дөрөвдүгээр сарын 6-нд 107 насны ойгоо тэмдэглэж, дэлхийн хамгийн урт насалсан генерал гэдгээрээ түүхэнд үлдсэн байна. 1914 онд Вашингтон мужийн Спокэйн хотод мэндэлсэн тэрбээр 1936 онд найзынхаа ятгалгаар цэрэгт элсэж, 1973 онд лейтенант генерал цолтойгоор тэтгэвэрт гарч, 33 жил алба хааснаа "Гайхалтай ажил мэргэжил, гайхалтай амьдрал байлаа" хэмээн товчхон дүгнэжээ. Өдөр тутам хийх дуртай зүйлийг нь асуухад "Унтахынхаа өмнө архи уудаг" гэсэн нь сонирхолтой.
Харин дайны талбарт хамгийн өндөр настай оролцсон генерал гэдгээр Теодор Рузвельт Жуниор түүхэнд үлддэг. Америкийн 26 дахь ерөнхийлөгчийн хүү тэрбээр 1944 оны дөрөвдүгээр сарын 6-нд, яг 56 насандаа Нормандийн ажиллагаанд оролцсон. Зүрхний өвчтэй, таяг тулж алхдаг тэрбээр эрэг дээр эхний ээлжид буусан цэргүүд дотроо цорын ганц генерал байсан юм.
Цол худалдаж авдаг байсан тогтолцоо
XVIII-XIX зуун хүртэл Европын армид цэргийн цол хэргэмийг ихэвчлэн худалдаж авдаг байжээ. Британийн армид офицерын суудлыг тогтсон үнээр худалдаж авах тогтолцоо XIX зуун хүртэл хуульчлагдан хэрэгжиж байсан юм. Язгууртан гэр бүлийн эрэгтэйчүүд арван хэдэн настайдаа ямар ч байлдааны туршлагагүй байхдаа цэргийн цол хүртэж, "полковник" хэмээн нэрлэгддэг байв.
Энэ тогтолцоог эвдсэн нь Наполеоны гавьяа юм.
Ю.Цэдэнбал 28 насандаа дэслэгч генерал болжээ
Монгол Улсын хамгийн залуудаа генерал цол хүртсэн хүн бол 28 насандаа дэслэгч генерал болсон Ю.Цэдэнбал юм. Тэрбээр 1944 оны дөрөвдүгээр сарын 28-нд, Монголд генерал цол анх бий болсон тэр өдөр, Ж.Лхагвасүрэнтэй хамт генерал цол хүртсэн 11 цэргийн зүтгэлтний нэг байжээ.
Монгол цэргийн уламжлалд "жанжин" гэдэг нэршил нь орчин цагийн "генерал" цолны утгатай адил байлаа. Их Монгол Улсын үед Чингис хааны томилсон армийн удирдагчдыг "ноён" буюу "тэрэгч" хэмээн нэрлэдэг байсан ба Чингис хаан нь удам угсаа биш, харин гавьяа, чадварыг нь үнэлэн цэргийн дарга нарыг томилдог байсан тухай "Судрын чуулган" -д дурдсан байдаг. Хожим Зөвлөлтийн армийн тогтолцоог Монгол Улс дагасны нөлөөгөөр генерал цол бий болсон байна.
М.БАТХҮҮ
Эх сурвалж: Монголын үнэн" сонины №017/24692/ дахь дугаарыг Энд-ээс уншина уу.