“Girls” хамтлаг: Амьдралын шинэ хаалга нээгдэж байна
“Girls” хамтлагийн “Чи миний melody” клип цацагдаад удаагүй байна. Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйг ойлгохын тулд тэдний үздэг кино, сонирхдог хамтлаг, дуучин, уран бүтээлийг сонсох зайлшгүй шаардлага томчуудад тулгардаг.
“Girls” хамтлагийн “Чи миний melody” клип цацагдаад удаагүй байна. Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйг ойлгохын тулд тэдний үздэг кино, сонирхдог хамтлаг, дуучин, уран бүтээлийг сонсох зайлшгүй шаардлага томчуудад тулгардаг. Хүүхэд насны баяр жаргал, элдэв үйл явдлуудыг хөнгөн, гэгээхнээр өгүүлдэг “Girls” цуврал багачуудыг эцэг эх, эмээ өвөөтэй нь дэлгэцийн өмнө уях нь бий. Тавдугаар цувралаа ирэх сарын 25-нд танилцуулах гэж буй “Girls” цувралын бэлгэ тэмдэг “Girls” хамтлагийг танилцуулж байна.
-”Girls” хамтлагийн нэг хэсэг болно гэдгээ анх мэдсэн мөчид юу бодогдож, ямар мэдрэмж төрж байсан бэ?

Ч.Эмүжин: -Анх шалгаруулалтад орохоосоо өмнө би ихэртэйгээ "Ямартаа ч энэ мөчдөө аз жаргалтай байя. Тэнцэхгүй байсан ч харамсахгүй гаръя" гээд инээлдэж байгаад орсон. Харин шалгаруулалтын өрөөнд ороод л шууд айчихсан. Учир нь, зурагтаар л үздэг жүжигчид, уран бүтээлчид яг өөдөөс хараад сууж байсан юм. Тэр мөчид "За, би лав тэнцэхгүй байх" гэж бодсон шүү.
Дараа нь бид хоёрыг хамт бүжиглүүлсэн. Тэр үед ч гэсэн "Надаас илүү чадвартай хүүхэд олон байгаа. Би лав тэнцэхгүй байх" гэж бодсон. Гэтэл хэсэг хугацааны дараа туслах найруулагч ирээд “Орой зургаан цагт ирэх боломжтой юу” гэж асуусан. Би тухайн үед учрыг нь ч ойлгоогүй, "За, ямар ч байсан ирье" гэж хэлээд явсан.
Орой нь очоод “Girls” хамтлагийн бусад гишүүнийг анх удаа харсан. Тэр үед би манай ихэр л хамтлагт орох байх гэж бодсон. Харин маргааш нь бид хоёрыг дуудаад манай ихрийг “Girls” киноны Эрхлэнгийн дүрд сонгогдлоо” гээд харин намайг “Girls хамтлагийн гишүүн болно" гэж хэлэхэд үнэхээр итгэж чадаагүй. Маш их баярласан. Миний хувьд тэр өдөр амьдралын хамгийн мартагдашгүй мөчүүдийн нэг болсон. Манай ихэр ч мөн киноны гол дүрд сонгогдсондоо их баярласан.
Б.Ганболор: -Би “Girls” хамтлагийн гишүүн болсноо мэдээд маш их баярласан. Зөвхөн дуулах биш, бүжиглэх, жүжиглэх, хамт олонтойгоо ойлголцож ажиллах гээд бүх зүйлд өөрийгөө сорих шинэ аялал эхэлж байгаа мэт санагдсан.
Г.Урангоо: -Намайг хамтлагт сонгогдсон гэдгийг хэлэхэд хамгийн түрүүнд "Амьдралын маань шинэ хаалга нээгдэж байна" гэж бодсон. Баярласан хэрнээ бага зэрэг айдастай байсан. Цоо шинэ зүйл эхлэх гэж байсан болохоор догдлол, айдас хоёр зэрэг төрсөн.
-Бие биеэ анх хараад ямар сэтгэгдэл төрж байсан бэ?

Г.Урангоо: -Болороог өмнө нь бүжгийн сургалтаас таньдаг байсан. Харин Эмүжинг шатаар бууж ирэхэд нь хараад ихэр гэдгийг нь мэдээгүй байсан болохоор их гайхсан. Аль нь хамтлагт орох бол гэж Болороотой ярилцаж, таамаглаж байсан. Тэр үед “Эгшиглэн орчих болов уу” гэсэн таамаглалтай явсан юм. Эмүжин анх их дуугүй хүүхэд шиг санагдсан.
Ч.Эмүжин: -Нэг охин өлгүүрийн хажууд бүжиглээд зогсож байсан. Намайг тоохгүй, “сүртэй” хараад байгаа юм шиг санагдахад жаахан айсан. Тэр охин Урангоо эгч байсан юм билээ. Харин Болороо эгч анхнаасаа инээмсэглээд, найрсаг угтаж авсан. Тэр хоёр хоорондоо их дотно ярилцаад сууж байсан болохоор "Би л ганцаараа танихгүй хүн нь юм байна" гэж бодсон.
Намайг ихэр гэж мэдээд хоёр эгч маань тоглоом хийгээд л эхэлсэн. Үнэнийг хэлэхэд Урангоо эгчтэй хамт ажиллахад жаахан хэцүү байх болов уу гэж айж байсан. Харин хамт ажиллаад эхэлсний дараа миний бодсон бүх зүйл эсрэгээрээ болсон. Одоо бол хоёулаа яг төрсөн эгч шиг минь байдаг. Тэдэндээ үнэхээр хайртай.
Б.Ганболор: -Урангоотой өмнө нь бүжгийн тэмцээн дээр таарч байсан болохоор "Ямар мундаг охин бэ" гэж бодож байлаа. Бас их өөртөө итгэлтэй, хүнтэй амархан дотносоод байдаггүй юм шиг санагдсан. Харин хамт ажиллаад эхэлсний дараа маш сайхан сэтгэлтэй, амьтанд хайртай, бусдад үргэлж туслахыг хичээдэг хүн гэдгийг нь мэдсэн. Эмүжин ихэр гэдэг нь сонирхол татсан. Бас их туранхай, хөөрхөн, эелдэг охин байна гэж бодсон. Маргааш нь зураг авалтын үеэр хүртэл надад янз бүрийн поз санал болгоод, их нээлттэй, найрсаг харилцаж байсан. Тэр үеэс эхлээд "Ямар эелдэг хүүхэд вэ" гэсэн сэтгэгдэл төрсөн.
-Та гурав өөр өөр зан чанартай хүмүүс. Энэ нь хамт ажиллахад хэр нөлөөлдөг вэ?
Ч.Эмүжин: -Манай хоёр эгч надаас насаар илүү болохоор заримдаа үзэл бодол зөрөх үе гардаг. Болороо эгч их зөөлөн мөртлөө зөрүүд. Харин Урангоо эгч шулуухан, бодсоноо шууд хэлчихдэг. Эхэндээ би их гомддог байсан. Гэхдээ хамтдаа олон зүйл туулсны дараа тэр бүхнийг надад хайртай, илүү сайн болоосой гэсэндээ хэлдэг гэдгийг ойлгосон.
Б.Ганболор: -Эмүжингээс өөрийн эрхгүй их зүйл хүлээчихдэг юм шиг санагддаг. Түүнээс болоод үл ойлголцох үе байсан байх. Одоо л бие биенээ жинхэнээсээ ойлгож эхэлж байгаа юм шиг санагддаг.
-Анхны дуугаа гаргах хүртэлх хугацаанд хамгийн хэцүү байсан зүйл юу вэ?
Ч.Эмүжин: -Заримдаа өөртөө итгэлгүй болоод "Би бусдын хүлээлтэд хүрч чадахгүй юм байна" гэж хүртэл боддог байсан. Шантрах үе ч гарч байлаа. Гэхдээ хоёр эгч маань үргэлж дэмжиж, хамтдаа урагшилсан болохоор тэр бүхнийг давж чадсан гэж боддог.
Б.Ганболор: -Миний хувьд хамгийн хэцүү нь бүх зүйл нэгэн зэрэг давхацсан явдал байсан. Их сургуулийн шалгалт, киноны зураг авалт, дууны бэлтгэл гээд завгүй өдрүүд үргэлжилж байлаа. Заримдаа үнэхээр амжихгүй юм шиг санагддаг байсан.
Г.Урангоо: -Миний хувьд хамгийн хэцүү нь бие биенээ ойлголцож сурах байсан. Бид гурав өөр өөрийн зан чанартай, ондоо хүмүүс болохоор эхэндээ санал зөрөх үе олон байсан. Заримдаа нэгнийхээ юу хэлэх гээд байгааг ч ойлгохгүй үлдэх тохиолдол гардаг байсан.
-Та гурвын хувьд амжилт гэж юу вэ. Олны танил болох уу, эсвэл удаан хугацаанд чанартай уран бүтээл хийх үү?

Б.Ганболор: -Миний хувьд олны танил болохоос илүү хийж байгаа зүйлдээ дуртай байх нь чухал. Мэдээж хүмүүс биднийг таньж, дэмжвэл их баярлана.
-Өсвөр насныхны дээрэлхэлт, гадуурхалт, амьдралын түвшин, царай төрхөөр нь ялгаварлах зэрэг асуудлыг юу гэж дүгнэдэг вэ?
-Дээрэлхэлт гэдэг нэг хүний асуудал биш, бид бүгдийн анхаарах ёстой зүйл. Заримдаа олон хүн нийлээд ганц хүнийг ганцаардуулж, шоглох нь хамгийн их шарх үлдээдэг. Тийм болохоор хүн бүр нэг нэгэндээ илүү эелдэг, илүү сайхан ханддаг байгаасай гэж хүсдэг. Зөвхөн хүүхдүүдэд биш, эцэг эхчүүдэд ч хандаж хэлмээр байдаг. Хүүхдээ бусдыг хүндэлдэг, хайрладаг хүн болгож өсгөх нь хамгийн чухал гэж боддог. Бид гурав ирээдүйд хүүхэд, амьтдад зориулсан сайн үйлсийн ажил хийх талаар ярьдаг.
Боломжтой болохоороо өөрсдийн хэмжээнд тусалдаг хүмүүс байхыг хүсдэг. Хэрэв чи дээрэлхүүлж байгаа бол ганцаараа битгий дотроо хадгалаарай. Итгэдэг том хүн, багш, аав ээждээ заавал хэлээрэй. Тусламж хүсэх нь огтхон ч ичих зүйл биш. “Girls” кино хүн бүр өөр өөр орчинд өссөн ч бүгд адилхан үнэ цэнтэй гэдгийг харуулахыг зорьсон. Хэн нэгнийг гэр бүл, амьдралын нөхцөл, эсвэл гадаад төрхөөр нь ялгаж харах биш, байгаагаар нь ойлгож, хүлээж аваасай гэж хүссэн. Маш олон хүний сэтгэл, хөдөлмөр шингэсэн болохоор наймдугаар сарын 25-наас Showbox-оор заавал үзээрэй. Биднийг үргэлж дэмждэг бүх хүнд баярлалаа.
Н.Амирлан
Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №027/24702/ дахь дугаар