"Гишүүн төвтэй Е-4 Стратеги"-ийн талаар намын гишүүд ярьж байна
Монгол Ардын Намын дарга Н.Учрал 31 дүгээр Их хурлаар намын даргаар сонгогдохдоо "Ардын нам ард түмэндээ хүрч ажилладаг, гишүүдээ сонсдог, тэднийхээ харилцаа холбоог идэвхжүүлдэг нам болно" гэсэн уриалга гаргасан. Энэхүү уриалгатай холбогдуулан Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас “Ардын нам-Ард түмэндээ” аяныг орон даяар эхлүүлж байна.
Монгол Ардын Намын дарга Н.Учрал 31 дүгээр Их хурлаар намын даргаар сонгогдохдоо "Ардын нам ард түмэндээ хүрч ажилладаг, гишүүдээ сонсдог, тэднийхээ харилцаа холбоог идэвхжүүлдэг нам болно" гэсэн уриалга гаргасан. Энэхүү уриалгатай холбогдуулан Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас “Ардын нам-Ард түмэндээ” аяныг орон даяар эхлүүлж байна. МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд, Нарийн бичгийн дарга нар, УИХ-ын гишүүд, дэд сайд нараар ахлуулсан баг 21 аймаг, 330 сумын намын анхан шатны нэгжид очиж гишүүд, дэмжигчидтэйгээ уулзаж, санал хүсэлтийг нь сонсоно. Тодруулбал, Монгол Ардын Намаас болон УИХ, Засгийн газраас явуулж буй бодлого, шийдвэр, хийж хэрэгжүүлж буй ажлууд, Монгол Ардын Намын дарга Н.Учралын дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлого”, "Гишүүн төвтэй E-4 стратеги", намын гишүүдийн бүртгэл, харилцааны "Enam 3.0" платформын талаар танилцуулах, иргэдэд тулгамдаж буй асуудлыг сонсох зорилготой юм. “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд салбар бүрийн төлөөлөл санал бодлоо хуваалцаж, байр сууриа илэрхийллээ.
Б.Даш-Ёндон: “Чөлөөлье" аянаар намын бодлого, шинэчлэл анхан шатанд бодитоор хэрэгжинэ

/МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх/
-Монгол Ардын Нам бол зуун дамнасан түүхэндээ хэзээ ямагт ард түмэнтэйгээ хамт байж, улс орныхоо хөгжлийн түүчээ, нийгмийн зүг чигийг тодорхойлж ирсэн улс төрийн ууган хүчин билээ. Манай нам ард иргэдтэйгээ тулж ажиллан, тэдний санал бодлыг сонсож, итгэлийг нь хүлээж ирсэн хамгийн тод жишээ бол сүүлийн шат шатны сонгуулиудын үр дүн юм. Нам, ард түмний энэхүү амьд хэлхээ холбоо өнөөдөр ч шинэ агуулга, шинэ хэлбэрээр үргэлжилж байна. Өдгөө дэлхий дахинд болон манай улс оронд нийгэм, эдийн засаг, геополитикийн томоохон өөрчлөлт, шинэчлэлтүүд маш эрчимтэй өрнөж байна. Цаг үеийн энэхүү хувьсал, шинэ нөхцөл байдал нь улс төрийн хүчний хувьд бодлогоо уян хатан, дасан зохицох чадвартай, шинэлэг байлгахыг шаардаж байгаа юм. Үүний илрэл болгож Монгол Ардын Намаас орон даяар өрнүүлж буй "Чөлөөлье" аянд намын удирдлагууд, намын дэргэдэх төрийн бус байгууллагууд болон жигүүр, салбарууд маш идэвхтэй оролцож байна. Энэхүү аяны гол онцлог нь дэлхий дахины өөрчлөлттэй хөл нийлүүлэн алхах намын шинэ бодлогыг гишүүд, дэмжигчид болон олон түмэндээ зөв таниулан ойлгуулах, улмаар тэдний санаа бодлыг сонсож, харилцан уян хатан хэлэлцүүлэг өрнүүлэхэд оршиж байгаа юм.
Намын дээд шатны удирдлагуудын боловсруулсан бодлого, үзэл санаа, тэр дундаа намын их хурлаас дэвшүүлсэн "Гишүүн төвтэй E-4 стратеги", зорилт амьдрал дээр бодитоор хэрэгжихэд энэхүү аян чухал гүүр болно. "Гишүүн төвтэй E-4 стратеги" зорилт бол намын ажлыг бүхэлд нь шинэчлэх, орчин үеийн нөхцөл байдалд нийцүүлэх, олон улсын байдлыг харгалзах, ард түмнийхээ, намын гишүүдийнхээ идэвх санаачилгыг өрнүүлэхэд чиглэж байгаа чухал арга хэмжээ бөгөөд энэ нь өнөөдөр "Чөлөөлье" гэдэг уриагаар ийнхүү амьдралд хэрэгжиж байна. Аливаа том бодлого анхан шатанд, гишүүдийн дунд хүрч ажиллаж байж гэмээнэ үр дүнд хүрдэг хуультай.
Иймээс намын Их хурлын шийдвэр, "Гишүүн төвтэй E-4 стратеги"-ийн болон намын шинэ бодлогын үндэслэл, чөлөөлөх уриаг анхан шатны үүр, гишүүн бүрд нэг бүрчлэн тайлбарлан таниулах, өөрчлөлт шинэчлэлтийн үйлсэд намын гишүүд төдийгүй олон түмний үзэл бодол, санал шүүмжийг нээлттэй хэлэлцэх, намын дэргэдэх залуучууд, эмэгтэйчүүд, ахмадын байгууллагын нөөц бололцоо, идэвх оролцоог бүрэн дайчлах шаардлагатай байна. Намын бодлого анхан шатанд амьд хэрэгжиж байж гэмээнэ улс орны хөгжил бодитойгоор урагшилна.
Дэлхийн болон дотоодын шинэ нөхцөл байдалд намын шинэ бодлогыг амжилттай хэрэгжүүлэх, улс орны хөгжлийг хурдасгахад намын анхан шатны байгууллагуудын үүрэг оролцоо, гишүүн бүрийн идэвх зүтгэл хамгаас чухал. Иймд намын анхан шатны байгууллагууд, эрхэм хүндэт нөхөд, гишүүд, дэмжигчид та бүхнийг энэхүү аянд нэгдэж, намынхаа шийдвэрийг хэрэгжүүлэх үйлсэд идэвхтэй оролцохыг уриалж байна. Хөгжлийн төлөө хамтдаа урагшилцгаая.
Н.Жанцанноров: Намын шинэчлэл тасралтгүй үйл явц байх ёстой

/Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч/
Би өнөөдөр нэг намын батлах халаасалчихаад "Би намын гишүүн" гээд гүйгээд байдаг хүн биш л дээ. Гэхдээ үзэл баримтлалын хувьд зүүн төвийн, социал демократ чиглэлийн Монгол Ардын Намыг дэмжиж, санал бодлоо хэлж, шүүмжилж, заримдаа магтаж явдаг иргэн хүн. Нийгэм нь өөрөө хувьсан өөрчлөгдөж байхад нам хуучнаараа байна гэж үгүй. Намын шинэчлэл гэдэг уг нь тасралтгүй үйл явц байх ёстой. Хэрвээ бид ардчилал гэж ярих юм бол үүний цаана намын гишүүн, иргэн таны идэвхтэй оролцоо байдаг. Өөрөөр хэлбэл, бидний байгуулах гээд байгаа нийгэм бол оролцоог аль болохоор өргөжүүлэх тухай асуудал юм. Оролцоо хэдий чинээ өргөжнө, шийдвэр төдий чинээ зөв гарна гэж би ойлгодог. Бид социализмын үеийн намын зохион байгуулалтын агуулгыг авахаа больсон ч хэлбэрийг нь авч үлдэж байна. Тийм ч учраас хуучин социализмын үед байсан, бүх салбарт дүн шинжилгээ хийдэг тэр хороодын бүтцийг хэлбэрийн хувьд авч үлдсэн хэрэг. Нөгөө нэг авч үлдсэн зүйл бол намын хянан шалгах хороо. Энгийнээр хэлбэл, социализмын үед үүнийг намын гишүүдийг "матдаг", матаас хийж байгаад намаас арга хэмжээ авахуулдаг байгууллага гэж ухаарч ойлгодог байлаа. Тэгвэл өнөөдөр тэр хуучин үзэл суртал байхгүй болсон. Бидний үнэт зүйл бол ерөөсөө монгол хүн, Монголын нийгмийн хөгжлийн асуудал юм. Үүний илрэл болгож өнөөдөр "Шүгэл үлээгч" гэдэг ойлголтыг гаргаж ирээд байна. Энэ шүгэл үлээгч нь хуучин тогтолцоо шиг хүний мууг үзэх гэж бичдэг биш, харин сайн сайхан шийдлийн талаар мэдээлэл өгдөг тогтолцоо юм. Тэрхүү мэдээллийг хүлээж авснаараа намын шийдвэр гаргах чадамж өндөрсөнө. Тийм учраас "Гишүүн төвтэй E-4 стратеги"-ийн зарчмаар явж байгаа энэ хөдөлгөөн үндсэндээ манай намын төлөвшлийн гол гогцоо асуудлуудыг барьж авлаа гэж харж байна.
Өнөөдөр яригдаж буй "Гишүүн төвтэй E-4 стратеги" зорилт, бүтцийн чөлөөлөлтүүд бол цаг үеэ олсон, маш чухал алхам. Тэр тусмаа дотоод ардчилал, гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, илүүдлийг чөлөөлөх тал дээр маш зоригтой шинэчлэлтүүдийг хийх хэрэгтэй байна. Нам гэдэг бол зөвхөн дээр байгаа хэдэн дарга нарын өмч биш. Анхан шатанд байгаа, хөдөө орон нутагт суугаа тэр олон мянган жирийн гишүүдийн дуу хоолой, тэдний оролцоо дээр л энэ нам оршин тогтнож, урагшилдаг. Тийм учраас "Чөлөөлье" аяны хүрээнд хийж байгаа ажлууд, гишүүд рүүгээ чиглэсэн, тэдний санал бодлыг сонсож байгаа энэ үйл явцыг би хувьдаа маш зөв зүйтэй, дэмжих ёстой зүйл гэж үзэж байна.
Д.Үүрийнтуяа: МАН-ын жендэрийн бодлогоор шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийг бэлтгэх шинэ систем бий болно

/УИХ-ын гишүүн, МАН-ын дэргэдэх Социал демократ эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч/
-Орчин үеийн улс төрийн соёл, ардчиллын чанарыг тодорхойлогч гол шалгууруудын нэг бол шийдвэр гаргах түвшин дэх жендэрийн эрх тэгш байдал юм. Энэ ч утгаараа Монгол Ардын Нам өнөөдөр улс төрийн манлайлагч хүчний хувьд жендэрийн тэгш эрхийг хангахад бодитой хариуцлага хүлээж, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд жишиг болохуйц бодлого хэрэгжүүлж байна. Монгол Ардын Нам удирдах түвшний 40 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байгаа нь зүгээр нэг тоон үзүүлэлт биш, харин системийн шинэчлэл хийж чадсаны илэрхийлэл юм. Улсын Их Хурал болон орон нутгийн сонгуульд эмэгтэйчүүдийн манлайллыг хууль эрх зүйн хувьд баталгаажуулахад МАН түүчээлэн оролцсон. Үүний үр дүнд өнөөдөр УИХ-д нэр дэвшигчдийн аль нэг хүйсийн квот 30 хувь байгаа бөгөөд ирэх 2028 оноос 40 хувь болж нэмэгдэхээр хуульчилсан билээ. Энэхүү дэвшилтэт бодлогыг одоо анхан болон дунд шатанд буюу орон нутгийн түвшинд жигд идэвхжүүлэх шаардлага зүй ёсоор тулгарч байна. Намын зүгээс квот тогтоохоос гадна эмэгтэйчүүдийг чадавхжуулах, улс төрд бэлтгэх тогтолцоог бүрдүүлэхэд онцгой анхаарч байна. Тухайлбал, МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн Холбоо болон намын даргын санаачилгаар 31 дүгээр Их хурлын шийдвэрийн дагуу “Эмэгтэйчүүдийн академи”-ийг байгуулах ажил эрчимтэй өрнөж байна. Уг академийн анхны сургагч багш нарыг 21 аймаг, 9 дүүргээс тодруулан, таван өдрийн хугацаанд вакумжуулсан хөтөлбөрөөр амжилттай бэлтгэжээ. Мөн эмэгтэйчүүдийн өрсөлдөх чадварыг олон улсын түвшинд хүргэх зорилгоор улс төрийн пиарын чиглэлээр БНСУ-д тусгайлан сургаж, туршлага судлуулах ажлыг зохион байгуулсан байна. Эмэгтэйчүүдийг сум, дүүрэг, аймаг, нийслэл, улсын хэмжээнд бүхий л шатанд бэлтгэх тус академи тун удахгүй үүд хаалгаа нээх бөгөөд энэ нь намын бодлого хөтөлбөрийг амьдралд хэрэгжүүлэх, улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн бодит оролцоог хангахад чанарын том ахиц гаргах хариуцлагатай алхам болж байна.
Г.Лувсанжамц: Намын шинэчлэл, татварын бодлогоор орон нутгийн хөгжлийг хурдасгана

/УИХ-ын гишүүн/
-Өнөөдөр Монголын улс төрийн ууган хүчин болох Монгол Ардын Нам 200-300 мянган гишүүнтэй гэгддэг. Гэвч үүнээс урган гарах хамгийн чухал асуулт бол "Гишүүн бүрийн санал, дуу хоолой шийдвэр гаргах түвшинд бодитоор хүрч чадаж байна уу", "Таны оролцоо хангагдаж байна уу" гэдэг асуудал юм. Орон нутагт тулгамдаж буй асуудлууд төрийн бодлогод тусдаг, төрийн бодлого нь эргээд орон нутгийнхаа хөгжлийг шийдэж чаддаг тэрхүү зохицуулалтыг илүү боловсронгуй, хурдтай, хариуцлагатай болгох цаг хэдийнэ болжээ. Яг энэ зорилгын хүрээнд бид "Гишүүн төвтэй E-4 стратеги" болон "Чөлөөлөх аян"-ыг эхлүүлээд байна. Энэхүү стратегийн гол цөм нь иргэдийн шууд оролцоо бөгөөд гишүүд, дэмжигчид маань "Enam 3.0" аппликэйшнийг татаж авснаар намын үйл ажиллагаа, бодлого тодорхойлох үйлсэд өөрийн биеэр оролцох дижитал гүүр бий болж байна. Мөн үүнтэй зэрэгцэн эдийн засгийн идэвхжилийг дэмжих татварын бодлогын томоохон өөрчлөлтүүд хийгдэхээр хүлээгдэж байна.
Улс орны хөгжил сумаас, орон нутгаас эхэлдэг. Тийм ч учраас удахгүй Монгол Ардын Намын гишүүд, төлөөллүүд Монгол Улсын 330 сумаар тойрч, иргэдтэйгээ нүүр тулан уулзаж, орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийг хамтран боловсруулахаар бэлтгэл ажлаа хангаад байна. Энэхүү хэлэлцүүлгийн төвд дараах дөрвөн үндсэн асуудал байх болно. Боловсрол болон эрүүл мэндийн салбарын чанар, хүртээмж, эрчим хүчний найдвартай байдал, орон нутгийн хөрсөнд буусан эдийн засгийн хөгжил ямар шатанд байна вэ гэдгийг хамтдаа хэлэлцэх юм. Төрийн бодлогод өөрийн дуу хоолойгоо хүргэж, хамтдаа өөрчлөлтийг бүтээх уулзалтууд тун удахгүй эхэлнэ. Та бүхэнтэй орон нутагт уулзахдаа баяртай байх болно. Ийм стратегийн хүрээнд уламжлалт буюу олон шат дамжлага дамждаг, дээрээс нь нэмээд заавал биеэр очиж уулзах шаардлагатай болдог гэсэн энэ асуудлуудыг шийдэх боломжийг нээж өгч байгаа. Анхан, дунд шатны намын гишүүд маань "Enam 3.0" аппликэйшнээрээ дамжуулаад өөрсдийн санал бодлоо хүргэх, тэр дундаа ямар хуулийг яаж засах уу, орон нутагт ийм асуудал байгааг ингэж шийдвэл зохистой байна аа гэсэн шийдлүүдийн саналуудыг цуглуулах боломжийг бас бүрдүүлж байгаагаараа онцлог болов уу гэж бодож байна.
Монголын нийгэм, эдийн засагт олон жил бугшсан, хөгжлийг хойш нь татаж буй хоёр том гацаа бий. Нэг нь улс төрийн намуудын амьд холбоогүй, хүнд сурталтай, олон шат дамжлагат уламжлалт бүтэц бол, нөгөө нь өвлийн хүйтэн, зуны халуунд айдас дагуулдаг эрчим хүчний хараат байдал, хомсдол юм. Тэгвэл саяхан танилцуулсан дөрвөн стратегийн хүрээнд эдгээр суурь асуудлыг үндсээр нь өөрчлөх цогц шийдлийг дэвшүүлж байгаа нь анхаарал татаж байна. Нэгдүгээрт, улс төрийн намын амьдралд дижитал хувьсгал хийх цаг болжээ. Өнөөдрийг хүртэл жирийн гишүүд, иргэдийн дуу хоолой дээрээ хүрэхдээ олон шат дамжлага дамжиж, замдаа "гээгддэг", эсвэл заавал биеэр очиж уулзах шаардлагаар хязгаарлагддаг байв.
Үүнийг халж, "Enam 3.0" аппликэйшнийг нэвтрүүлж байгаа нь технологийн шийдэл төдий зүйл биш, харин намын дотоод ардчиллыг амьд орон зай болгох алхам юм. Анхан болон дунд шатны гишүүд гар утаснаасаа шууд аль хуулийг хэрхэн засах, орон нутагт үүссэн асуудлыг ямар гарцаар шийдэх вэ гэдгээ дээрээс хүлээх биш, доороос дээшээ шууд хүргэх суваг нээгдэж байна. Энэ бол иргэдийн бодит оролцоог хангах улс төрийн шинэ соёл юм. Хоёрдугаарт, эрчим хүчний "Чөлөөлөлтийн аян" бол эдийн засгийн тусгаар тогтнолын суурь. Орон нутагт тог тасардаг, цахилгааны хүчдэл унадаг, хүрэлцээ муутай гэх зовлонг бид олон жил ярилаа. Төр дангаараа үүнийг шийдэж чадахгүй нь тодорхой болсон тул эрчим хүчний салбарыг либерализац хийж, чөлөөлөхөөс өөр сонголтгүй. Энэхүү чөлөөлөлтийн гол зорилго нь иргэн, аж ахуйн нэгжүүдийг зөвхөн хэрэглэгч биш, үйлдвэрлэгч болгоход оршиж байна. Хэрэв та хашаа байшиндаа, эсвэл компани дээрээ нар, салхины сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан үйлдвэрлэвэл түүнийг нь төвийн шугамд зохих үнээр нь эргүүлэн худалдаж авах эрх зүйн орчин бүрдэж байна. Үүний зэрэгцээ улсын хэмжээнд стратегийн таван бүсэд сэргээгдэх эрчим хүчний таван том цахилгаан станц барихаар зорьж буй нь бүс нутгуудын цахилгааны хомсдолыг бүрэн шийдэх баталгаа болно. Намын бүтцийг цахимжуулж, иргэдийн оролцоог нэмэх шинэчлэл болон эрчим хүчний салбарыг либерализац хийх энэхүү бодлого нь хоорондоо салшгүй холбоотой. Энэ нь төвлөрлийг сааруулж, иргэддээ эрх мэдэл, эдийн засгийн боломжийг нь эргүүлэн өгч буй хөгжлийн шинэ загвар юм. Цаасан дээрх бодлого амьдрал дээр бодитоор хэрэгжиж, урагшлахыг нийгэм нийтээрээ хянах, дэмжих үлдлээ.
Засгийн газраас зарлан хэрэгжүүлж буй "Чөлөөлөх аян"-ы хүрээнд эдийн засаг, татварын тогтолцоонд томоохон бүтцийн өөрчлөлтүүд хийгдэхээр Улсын Их Хурлын түвшинд хэлэлцэгдэж байна. Энэхүү шинэчлэл нь урт хугацаанд царцанги байсан хувийн хэвшлийн орчинд шинэ амьсгал оруулж, иргэдийн бодит орлогыг хамгаалахад чиглэсэн гурван гол тулгууртай байна. Нэгдүгээрт, захиргааны дарамтыг халах зоригтой алхам. Өнөөдөр залуучууд, бизнес эрхлэгчид хөдөлмөрлөж, баялаг бүтээе гэхээр төрийн олон давхардсан шат дамжлага, тусгай зөвшөөрөл, шалгалтад түүртдэг нь нууц биш. Тэгвэл "Зөвшөөрлийн тухай хууль"-ийг үзэл баримтлалын хувьд шинэчилж, "Бизнесийн эрх чөлөөний хууль" болгон өөрчлөх замаар дагалдах 99 хуульд засвар оруулж байгаа нь төрийн хүнд суртлыг бодлогын түвшинд хумих түүхэн шийдвэр юм. Төрийн оролцоо цомхон байх тусмаа бизнесийн чөлөөт орон зай тэлж, шударга өрсөлдөөн бий болдог. Хоёрдугаарт, ХАОАТ-ын уян хатан шатлал ба иргэдийн бодит дэмжлэг. Хувь хүний орлогын албан татварын тогтолцоонд оруулахаар зорьж буй өөрчлөлт нь бага, дундаж орлоготой иргэдэд шууд эерэг нөлөө үзүүлнэ. Тодруулбал, 800,000 төгрөг хүртэлх орлогыг татвараас бүрэн чөлөөлөх, хоёр сая төгрөг хүртэлх орлогоос ердөө нэг хувийн татвар авах зохицуулалт нь амьжиргааны өртөг өндөр байгаа өнөө үед иргэдийн гар дээр үлдэх бодит орлогыг нэмэгдүүлнэ. Энэ нь нөгөө талдаа далд эдийн засаг, нуугдмал цалинг ил болгох эдийн засгийн маш зөв хөшүүрэг юм. Гуравдугаарт, ЖДҮ-ийг тэтгэх НӨАТ-ын шинэ босго. Өнөөдрийг хүртэл 50 сая төгрөгийн борлуулалтын орлоготой л бол НӨАТ төлөгч болдог байсан нь жижиг, дунд бизнес эрхлэгчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд санхүүгийн болон бүртгэлийн асар том ачаалал болж ирсэн. Энэхүү босгыг 400 сая төгрөг болгож найм дахин өсгөснөөр үндэсний үйлдвэрлэгчид, жижиг дэлгүүр, үйлчилгээний газрууд татварын дарамтаас чөлөөлөгдөж, бизнесээ зоригтой өргөжүүлэх боломж нээгдэж байна.
Б.Гомбо: Ахмад, залуу үеийн алтан хэлхээг үр дүнтэй үргэлжлүүлэх шаардлагатай

/МАН-ын дэргэдэх Социал демократ Ахмадын холбооны тэргүүн/
-Монголын нийгэмд өнөөдөр ахмад үеийнхний эрх ашгийг хамгаалах, залуу үеийнхний оролцоог нэмэгдүүлэх гэсэн хоёр чухал үйл явц зэрэгцэн өрнөж байна. Ахмад үе бол улс орны хөгжлийн түүчээ, үе үеийн холбогч гүүр юм. Тэдний амьдралын чанарыг сайжруулах нь зөвхөн ахмадын асуудал бус, төрийн бодлогын нэн тэргүүний зорилт байх ёстой. Ахмадын байгууллагууд нийгмийн хамгааллын бодлогыг бодитой хэрэгжүүлэхийн төлөө 184 төрийн болон төрийн бус байгууллагын дэргэдэх ахмадын зөвлөлтэй хамтран ажиллаж, тэтгэврийн доод хэмжээг эдийн засгийн нөхцөлтэй уялдуулан нэмэгдүүлэх, итгэлцүүрийн асуудлыг шинэчлэн тэтгэврийн зөрүүг арилгах, бүх шатанд “Ахмадын сан”-г байгуулахаар зорьж байна. Энэхүү бодлогын шинэчлэлийн гол зорилго нь ахмадын амьдралын чанарыг дээшлүүлж, тэдний арвин туршлагыг нийгмийн хөгжилд үр дүнтэй ашиглахад оршино. Бид гадаадын туршлагаас судалсны үндсэн дээр ахмадын өдөр өнжүүлэх бүлэг, асрах үйлчилгээг Монголдоо нэвтрүүлэх, ахмадуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, ахмадуудад зориулсан байр танхимыг нэмэгдүүлэх, эмч, сувилагч, асрагчтай, ашгийн бус өдөр өнжүүлэх төвүүдийг байгуулах нь тэдний гэр бүлийнхэнд ч томоохон дэмжлэг болно. Төрийн бодлогын хэрэгжилтэд залуу үеийнхний шинэлэг хандлага, бүтээлч санаачилгыг бодлогын түвшинд тусгах нь нэн чухал байна. МАН-ын дэргэдэх Стратеги академи нь ахмад, залуу үеийн хамтын ажиллагааг бэхжүүлэх томоохон алхмуудыг хийж байна. Ахмад үеийнхний арвин туршлага, залуусын шинэлэг санаа хосолсон цагт л нийгэм зөв зүгт урагшлан хөгжинө.
Бид аймаг, сум, орон нутаг гэлтгүй бүх шатандаа ахмадын байгууллагын үйл ажиллагааг сайжруулахын төлөө тасралтгүй хөөцөлдөж байна. УИХ-ын даргын дэргэдэх Ахмадын хуулийг хэрэгжүүлэх комисс бүсийн уулзалтуудыг хийж, ахмадын хууль эрх зүйн орчныг шинэчлэхэд онцгой анхаарч байна. Төр барьж буй намын хувьд ахмадын асуудлыг бодлогын түвшинд манлайлан шийдвэрлэхээр зорин ажиллаж байгаа бөгөөд "явдаг номын сан" болсон ахмад буурлуудынхаа мэдлэг, туршлагыг нийгмийн хөгжилд бүрэн дүүрэн ашиглах нь бидний эрхэм зорилго юм.
Н.Лхагвабаяр: "Гишүүн төвтэй E-4 стратеги" нь залуусыг “үзэгчээс” бодлого тодорхойлогч болгох шинэчлэл рүү хөтөлнө

/МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын оюутны холбооны Ерөнхийлөгч/
Өнөөдөр улс төрийн намуудын шинэчлэл, тэр дундаа залуу үеийн оролцоог хангах асуудал нийгмийн анхаарлын төвд байна. Үүний тод жишээ бол Монгол Ардын Намаас дэвшүүлсэн, Н.Учрал даргын санаачилсан "Гишүүн төвтэй E-4 стратеги" юм. Энэхүү стратеги нь залуу гишүүд, дэмжигчдэд өөрийгөө хөгжүүлэх, дуу хоолойгоо шийдвэр гаргах түвшинд хүргэх шинэ боломжийг нээж байгаагаараа онцлогтой. Эндээс хоёр гол шинэчлэлийг онцлон тэмдэглэх нь зүйтэй.
Эхнийх нь "Enam 3.0" буюу хиймэл оюун ухаанд суурилсан платформ юм. Дэлхий дахинд залуус цахимаар нэгдэж, санал санаачилга гаргадаг жишиг тогтсон. Энэхүү чиг хандлагын дагуу "Enam 3.0"-ыг шинэчлэн нэвтрүүлснээр сонирхлын бүлгүүд орон зай, цаг хугацаанаас үл хамааран харилцах боломж бүрдлээ. Энэ бол залуус хурал цуглаанд сууж, цахим орчинд "лайк" дарах төдийхөн идэвхгүй оролцоотой байхаа больж, бодлогын түвшинд шууд нөлөөлөх, үзэл бодлоо бодитоор тусгах хүртээмжтэй орчин бий болж байгаагийн илрэл юм.
Дараагийн онцлох ажил бол оюутан залуусын дуу хоолойг төр, засгийн түвшинд хүргэх "гүүр" буюу салбар зөвлөлүүдийн сүлжээ юм. Монгол Улсын 64 их, дээд сургуульд суралцаж буй 160 мянга орчим оюутны хүч, нөөц бололцоог чиглүүлэх зорилгоор МАН-ын дэргэдэх Оюутны холбоо эдгээр сургууль бүр дээр салбар зөвлөлүүдээ байгуулж байна. Энэ нь оюутан таны тулгамдсан асуудал, санал бодол Засгийн газар, нам, нийслэлийн удирдлагуудад ямар нэгэн шат дамжлагагүйгээр шууд хүрэх суваг болж байна. "Гишүүн төвтэй E-4 стратеги" бол залуучуудын өнөөгийн хэрэгцээ, хүсэл тэмүүллийг шингээсэн цаг үеэ олсон алхам юм. Үүний үр дүнд залуу үеийнхэн улс төрийн үйл явцын зүгээр нэг ажиглагч бус, харин бодлого хянагч, нөлөөлөгч, гол хүчин болон төлөвших боломж бүрдэж байна.
Намын залуу гишүүн, Оюутны холбооны төлөөллийн хувьд энэхүү дэвшилтэт, дижитал шинэчлэлийг бодлогын түвшинд уриалан хэрэгжүүлж байгаад талархаж байна. Инновац, цахим шинэчлэл нь залуусын оролцоог улам баталгаажуулж, улс төрийн шинэ соёлыг төлөвшүүлсээр байх болно.
Б.Бадамцэцэг: Нийгмийн хөгжлийн хөтлөгч хүч нь эмэгтэйчүүд, залуучуудын манлайлал ба бодит оролцоо юм

/Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Налайх дүүрэг дэх салбар холбооны тэргүүн/
-Өнөөгийн хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй нийгэмд тулгарч буй олон талт асуудлуудыг шийдвэрлэх, улс орны хөгжлийг шинэ шатанд гаргахад эмэгтэйчүүдийн дуу хоолой болон залуу үеийн идэвхтэй оролцоо хамгаас чухал байна. Эмэгтэй хүний сэтгэл, эх хүний нинжин сэтгэлээр нийгмийн асуудалд хандаж, хариуцлагыг тэгш хуваалцахын зэрэгцээ шинэ үеийн залуусаа орчин үеийн шаардлагад нийцүүлэн чадавхжуулах нь эрүүл, тэгш нийгмийг цогцлоох суурь нөхцөл юм. Сүүлийн гурван жилийн хугацаанд эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын чанартай, үе шаттай ажлууд идэвхтэй өрнөж байна. Үүний тод жишээ бол "Эмэгтэйчүүдийн манлайллын цахим академи" юм. Тус академиар дамжуулан улс орны өнцөг булан бүрд байгаа 10,000 гаруй эмэгтэйг сургаж, хөгжүүлсэн нь шийдвэр гаргах түвшинд тэдний оролцох боломжийг нэмэгдүүлсэн бодит үр дүн боллоо. Үүний зэрэгцээ улс үндэстний ирээдүйн дархлаа болсон охидын хөгжил, хамгааллыг анхаарч, үндэсний хэмжээнд өрнөж буй "Хүчирхэг охид, хүчирхэг үндэстэн" хөдөлгөөн орон нутаг бүрд салбар зөвлөлөө байгуулан, тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.
Эмэгтэйчүүдийн энэхүү хүчтэй манлайллыг залуу үеийн хөгжилтэй холбох нь хөгжлийн дараагийн алхам юм. Технологийн дэвшлийг даган шинэ ажил мэргэжлүүд бий болж байгаа өнөө үед залуучуудаас тасралтгүй өөрийгөө хөгжүүлэх, шинэ мэдлэг мэдээлэл олж авахыг нийгэм шаардаж байна. Энэхүү хэрэгцээг олж харан, Налайх дүүргийн залуучуудын хөгжлийн төвтэй хамтран залуусыг чиглүүлэх үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулсны үр дүнд залуус өөрсдийн хүсэл сонирхлоор “Залуучуудын клуб”-ийг байгуулан идэвхтэй ажиллаж байна. Энэхүү санаачилгын гол амин сүнс нь залуучууд бие биеэсээ суралцах, харилцан туршлага солилцох платформ бүрдүүлж, нийгэмдээ эерэг нөлөөллийг бий болгоход оршиж байгаа юм. Эмэгтэйчүүд болон залуучууд нийгмийн амьдралд дуу хоолойгоо нэгтгэж, хамтран ажиллаж байж гэмээнэ бид ирээдүйн хөгжлийн түүхийг хамтдаа бичилцэх болно.
Эмэгтэйчүүд, залуучууд та бүхнийг өөрсдийнхөө болон улс орныхоо сайн сайхан ирээдүйн төлөө хамтдаа суралцаж, хамтдаа хөгжин, бидний үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалж байна. Таны оролцоо – нийгмийн эерэг өөрчлөлтийн эхлэл юм.
Б.Ану-Үжин: Намын шинэчлэл гишүүдийн дуу хоолойноос эхэлнэ
/НИТХ-ын төлөөлөгч, Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны Нийслэлийн салбар холбооны дарга/
-Монгол Ардын Намын дарга Н.Учрал гишүүн төвтэй "Гишүүн төвтэй E-4 стратеги"-ийг дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд үүний бодит илрэл болж "Enam 3.0" платформ бүрэн ашиглалтад орлоо. Намын гишүүдийнхээ оролцоог бодитоор нэмэгдүүлэх, тэднийг үнэн зөв мэдээ мэдээллээр тогтмол хангах, удирдлага болон анхан шатны хоорондын харилцан эргэх холбоог сайжруулах зорилготой энэхүү цахим платформ нь намын амьдралд шинэ хуудас нээж байна.

Технологийн дэвшилд суурилсан энэхүү цахим шилжилтийн үр дүнд намын гишүүн бүр орон зай, цаг хугацаанаас үл хамааран, хаанаас ч, хэзээ ч намын үйл ажиллагаанд өөрийн дуу хоолой, санал бодлоо шууд илэрхийлэх, цаашлаад бодлого тодорхойлох, шийдвэр гаргах түвшинд шууд оролцох бүрэн боломж нээгдэж байгаа юм. Үүгээр ч зогсохгүй, "Enam 3.0" платформоор дамжуулан гишүүд өнөөдөр Улсын Их Хурал дээр хэлэлцэгдэж байгаа хууль тогтоомжийн төслүүдэд өөрийн санал хүсэлт, байр сууриа бүрэн илэрхийлэх эрх зүйн болон техникийн шинэ боломжоор хангагдаад байна. Энэ нь жирийн гишүүний дуу хоолой төрийн бодлогод шууд тусах хамгийн дөхөм гүүр болж байгаа бөгөөд өөрөөр хэлбэл, намын удирдлага, шийдвэр гаргах индэр, хууль тогтоох үйл ажиллагааны оролцоо гишүүн бүрийн гар утсанд очлоо гэсэн үг билээ. Түүнчлэн намын албан ёсны төв хэвлэл болох "Монголын үнэн" сониныг ч энэхүү платформоор дамжуулан хаанаас ч цаг хугацаа алдалгүй, цөөн хэдэн товшилтоор шууд захиалан унших техникийн шинэ шийдэл бүрдээд байна. Дижитал шилжилт бол зөвхөн техникийн өөрчлөлт биш, харин сэтгэлгээний болон соёлын том шинэчлэл учраас намын хөгжил, шинэчлэлийн түүхийг хамтдаа бүтээлцэж, энэхүү цахим шинэчлэлд идэвхтэй оролцохыг нийт гишүүддээ уриалж байна.
Намын хөгжил, шинэчлэлд гишүүн бүрийн оролцоо, таны дуу хоолой чухал бөгөөд үүний тулд хамгийн түрүүнд гишүүд рүүгээ чиглэсэн үйл ажиллагаануудыг маш тодорхой болгож, тэднийг сонсдог байх, тэдний санал бодлыг намын бодлого шийдвэрт тусгадаг ийм нээлттэй платформыг бий болгох нь нэн тэргүүний асуудал юм. Үүний зэрэгцээ намын гишүүдийг чадавхжуулах, тэдэнд хэрэгцээтэй байгаа мэдээлэл, мэдлэгийг олгох сургалтуудыг тогтмол зохион байгуулснаар гишүүдийн оролцоо, идэвх санаачилга илүү нэмэгдэх бөгөөд намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, үнэтэй хувь нэмэр оруулж байгаа гишүүдээ шагнаж урамшуулах, тэднийг тодорхойлж гаргаж ирэх урамшууллын систем нь бусад гишүүдэд маш том хөшүүрэг, урам зориг болох болно. Мөн түүнчлэн залуучууд болон эмэгтэйчүүдийн оролцоог дэмжсэн тусгайлсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх нь намын шинэчлэлд, намын ирээдүйн хөгжилд маш том түлхэц болно гэж харж байна. Намын хөгжил бол гишүүдийн оролцооноос шууд хамааралтай учраас бид хамтдаа, гишүүдээ сонсож, бие биеэ дэмжиж ажиллах нь цаг үеийн хамгийн чухал шаардлага юм.
Б.Болор-Эрдэнэ
Гэрэл зургуудыг Т.Чимгээ
"Монголын үнэн" сонины №022/24697/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.