Г.Отгонсүрэн: Бүсгүйчүүд хөрөг зурагнаасаа өөрийнхөө залуу насыг эргэн хардаг
“Монгол бүсгүй” хөрөг зургийн үзэсгэлэнг санаачлагч, “Os Make Up Studio”-ийн захирал, артист Г.Отгонсүрэнтэй ярилцлаа.
“Монгол бүсгүй” хөрөг зургийн үзэсгэлэнг санаачлагч, “Os Make Up Studio”-ийн захирал, артист Г.Отгонсүрэнтэй ярилцлаа.
-Та 30 гаруй жил артистаар ажиллаж байна. Мэргэжлээ хаана эзэмшсэн бэ?
-Би 30 гаруй жил артистаар ажиллаж байна. Багаасаа энэ мэргэжлийг сонирхож суралцсан. Тухайн цаг үед артистын дагасан мэргэжил, сургалт байсангүй. Тиймээс Орос кино, сэтгүүл үзэж байгаад өөрөө суралцсан.
-Таныг одуудын артист гэдгээр андахгүй. Монгол хүний нүүрний онцлог Азиудаас юугаараа ялгардаг вэ?
-Тийм ээ, урлагийн бүх одуудад нүүр будалт хийсэн. Монгол хүний нүүрний онцлог Азиудаас харцаараа ялгаатай. Манайхны харц маш сэргэлэн, аливааг илэрхийлэх чадвар маш өндөр байдаг. Азиудын нүүрний хэлбэр зургаан төрлөөр хуваагдсан байдаг. Гэтэл монгол эмэгтэйчүүдийн нүүрний хэлбэр илүү олон төрөлтэй. Онигор нүдтэй, шанаа өргөнтэйг монгол эмэгтэй хүн гэдэг. Гэвч яг үнэндээ энэ нь өрөөсгөл ойлголт. Алаг нүдтэй, дугариг нүүртэй хүмүүс монгол эмэгтэй төрхтэй санагддаг. Европ бүсгүйчүүд хоёр шанаа нь гонзгой, алаг нүдтэй, өндөр хамартай байдаг. Монгол эмэгтэйн ерөнхий төрх өндөр шанаатай, алаг нүдтэй, бондгор уруултай байдаг.
-Хэн нэгнийг залуу харагдуулах гэдэг артистын ур чадвар. Залуу харагдуулах нууц юунд байна вэ?
-Би Best-artist төрлөөр дагнадаг. Энэ нь тухайн хүний нүүрийг будаагүй мэт харагдуулах “амьд” будалтын төрөл. Хүмүүсийг залуу харагдуулна гэдэг нь гоо сайханчаас мэргэшил шаарддаг. Энэ мэргэжлийг эзэмшсэн хүн өөртөө зураач, жүжигчин мэргэжлийг хослуулсан байх ёстой гэдэг. Би үүнтэй санал нийлдэг.
Өнгөрсөн хугацаанд артист хийгээд олон эмэгтэйчүүдийг “зурлаа”. Бүх бүсгүйчүүд үнэхээр гайхалтай. Эмэгтэйчүүд өөрт нь ямар ч асуудал тулгарсан өөрийгөө аз жаргалтай мэт харагдуулж чаддаг гайхалтай авьяас, чадвар, өгөгдөлтэй.
40-өөс дээш насныхан нүүрээ өнгөлж, сормуус, уруулаа заавал будаарай

-Сүүлийн үед ямар будалт давамгайлж байна вэ?
-Гоо сайхны ертөнц бүдэг будалтын үе рүү шилжилж байна. Ер нь бүдэг, тод будалт ээлжилж байдаг. Энэ жилээс бүдэг будалт руу орж байна. Будалтын процесс өөрчлөгдөх тусам гоё санагддаг.
-Эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд монгол эмэгтэйчүүдэд ямар будалт тохирох вэ?
-Бид эрс тэс уур амьсгалтай оронд төрсөндөө их азтай хүмүүс. Энэ эрс тэс уур амьсгалд монгол эмэгтэйчүүд арьсаа арчлаад авч явж чаддагаар нь бахархах хэрэгтэй. Ийм уур амьсгалд арьсаа гоё байлгана гэдэг маш том чадвар. Гадаадынхан, тэр дундаа япончууд манайд ирэхээр арьсанд өөрчлөлт орж, хуурайшиж хаталт өгөөд байдаг. Япончууд биднийг “Та нар яаж амьдраад байгаа юм бэ?” гэж гайхдаг. Манай орон хүйтэн, сэрүүн гэхээсээ илүү хатуу уур амьсгалтай. Тиймээс нүүрний арьс өөрөөрөө гоё байх боломжгүй, арчилгаа чухал байдаг. Нүүр будалтад хамгийн чухал зүйл нь арьс. Арьс гоё байвал будалт маш гоё харагддаг.
-40-өөс дээш насныханд ямар будалт тохирох вэ?
-40-өөс дээш насанд нэгдүгээрт, хацар өнгөлөгч хэрэглэж хэвших хэрэгтэй. Хоёрдугаарт, сормуусаа заавал будах ёстой. Гуравдугаарт, уруулаа буд гэсэн үндсэн гурван дүрэмтэй. Энэ насанд тод будалт шаардлагагүй, үл ялиг харагдах хэмжээний бүдэг будалт зонхилдог. Хөмсгөө тод будвал харц хурц харагдана. Тиймээс нас ахих тусмаа хөмсгөө тод будах шаардлагагүй. Гэхдээ хацар өнгөлөх, сормуус, уруулаа будах гэсэн энэ гурван дүрмийг хэзээ ч битгий мартаарай гэж зөвлөмөөр байна.
-Орчин үедийн охид, залуус гоо зүйдээ ихээхэн анхаардаг болсон. Тэдэн хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?
-Би их баяртай байгаа. Охид гэхээсээ илүү хөвгүүд арьсаа сайн арчилж байна. Энэ бол баярламаар чухал зүйл. Орчин үед залуус саунд тогмтол ордог болсон. 2-3 цаг саунд ороод арьс, нүүрээ гоё болгодог. Гэвч ямар ч нөхцөлд нүүрний будгаа заавал сүүн шингэнээр цэвэрлэх хэрэгтэй. Сүүн шингэнээр нүүрээ цэвэрлэхгүй бол будаг хэзээ ч арилдаггүй. Тиймээс сүүн шингэнээр, нүүрний будаг арилгадаг тусгай бүтээгдэхүүнээр нүүрний будгаа арилгаад, араас нь заавал савандаж угаах ёстой. Үүний дараагаар чийгшүүлэгч тосоо тавиад арьсаа амраана. Өдөрт 2-3 удаа нүүрний будгаа сэргээдэг шүү дээ. Тиймээс нүүрээ сайн цэвэрлээрэй гэж зөвлөе.
Хар, цагаан зураг хүний нүдийг гайхалтайгаар илэрхийлдэг

-Та артистын зэрэгцээ “Монгол бүсгүй” хөрөг зургийн үзэсгэлэн гаргадаг. Бүсгүйчүүдийн хөрөг зурагнаас юуг мэдэрдэг вэ?
-2019 оноос хойш “Монгол бүсгүй” хар, цагаан гэрэл зургийн үзэсгэлэнг санаачлан зохион байгуулж ирлээ. “Монгол бүсүй” үзэсгэлэнгээ энэ жил зургаа дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Зургадугаар сарын 1-3-ны өдрүүдэд “Монгол бүсгүй” үзэсгэлэнгээ тавина.
Аль ч орны, тэр дундаа монгол эмэгтэйчүүд тэр бүр хөрөг зургаа авахуулаад байдаггүй. Тэд хүүхэд төрүүлнэ, өсгөнө, гэр бүлээ, нөхрөө, хадам аав ээжээ асарна гээд хорвоогийн бүхий л ачааг нуруундаа үүрч явдаг. Тиймээс монгол эмэгтэйчүүдийнхээ хөргийг мөнхөлж үлдээх зорилго агуулсан. Харин энэ үзэсгэлэнг зохион байгуулснаас хойш маш олон эмэгтэйчүүд өөртөө өөрчлөлт хийсэн байдаг. 30, 40 гаруй насныхан хөрөг зургаас өөрийнхөө залуу насаа эргэн харсан мэт мэдрэмж надад төрдөг. Гоо сайхны будалт хийгээд дуусахад бүсгүйчүүд маш хөөрхөн болчихсон байдаг. Ингээд патиараа татуулахад зураг нь гайхалтай сайхан гардаг. Ингээд тэд биеэ тордож, турахаас гадна өөртөө, гоо сайхандаа анхаарч, гоё хувцасладаг болдог. Өөрийнхөө 18, 20 насны залуу сайхан үеэ мартсан байснаа ярьдаг. Эргэн дурсан санаж, нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой, өөртөө итгэлтэй болдог.
-Яагаад зөвхөн хар, цагаан өнгийг сонгодог вэ?
-Яагаад гэвэл хар, цагаан зураг өөрөө зуун жилийн түүхтэй. Усан будгаар биш тосон будгаар будагддагаараа маш удаан хугацаанд хадгалагдаж байдаг учир хар, цагаан зургийг сонгосон. Хар цагаан зураг нь хүний нүдийг гайхалтай илэрхийлж харагдуулдаг. Фото шоп орох шаардлагагүй, сүүдэр ба гэрэл гэсэн процесс дээр явагддаг. Зурсан зураг шиг харагдана. Эндээс миний мэргэжлийн онцлог, зурагчны ур чадвар, авьяас ч гарч ирнэ.
-Үе үеийн монгол бүсгүйчүүдийн төрхөнд хэр өөрчлөлт гарч вэ?
-Бүсгүйчүүд үе үеэрээ л өөрчлөгдөж байна. Зузаан бомбогор уруултай бүсгүйчүүд зонхилж байсан үе бий. Уруул нь нимгэрсэн үе ч бий. Өнөөдөр охидын уруул ерөнхийдөө нимгэн болсон байна.
-Монголд нүүр будалтын гоо сайхны артистыг хөгжүүлэхэд юу шаардлагатай гэж хардаг вэ?
-1996 оны үед гоо сайхны будаг худалдан авахад манайд цөөн төрлийн сайн, чанартай бүтээгдэхүүн байдаг байлаа. Тухайн үед сайт, юүтүб гээд цахим орчин хөгжөөгүй байлаа. Одоо бол маш олон төрлийн бүтээгдэхүүнийг оруулж ирж байна. Гадаадаас ч захиалан авах боломжтой болжээ. Харин хүүхдүүдийн сонирхолд дөрөөлөөд Хятадын чанар муутай гоо сайхны бүтээгдэхүүнийг 5-10 мянган төгрөгөөр зарж байгаад сэтгэл эмзэглэдэг. Чанаргүй, хямд гоо сайхны бүтээгдэхүүн худалдаанд хаа сайгүй байгаад бухимддаг.
Охид будгаа сонгохдоо үнэрлэж үзэх хэрэгтэй. Будгаа гарынхаа дотор талд түрхэж үзээд үрэх хэрэгтэй. Будаг нь арилахдаа муу байвал сайн чанартай тооцогдохгүй. Сормуусны будагны багс хатуу, дэрвийлгэж байвал чанар нь сайн биш. Тухайлбал, “Chanel” брэндийн сормуусны будаг хурдан буугаад байдаг сөрөг талтай. Гэвч энэ нь хор багатай бүтээгдэхүүнээр хийж байгаа юм. Гэхдээ буусан ч гэсэн хөвөнгөөр хөнгөн арчихад арилна. Муу будаг хөвөнгөөр арчсан ч доод зовхинд наалдаад арилдаггүй. Гоо сайхны чанартай, сайн бүтээгдэхүүн сонгож хэрэглээрэй.
-Та гадаад улсаар зорчихдоо гоо сайхны бүтээгдэхүүнийг нь сонирхож, үйлдвэрээр нь орж байсан байх. Бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь хэрхэн явагддаг бол?
-Япон, Герман гээд олон улсад очиж байлаа. Дэлхийд нүүр будалтын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хоёрхон үйлдвэр байдаг. Германд байдаг үйлдвэр нь дайны үед ч устаагүй, одоог хүртэл ажилладаг. Азид Солонгос улсад байдаг. Энэ үйлдвэрүүд тухайбал, уруулын будгийг хийлээ гэхэд гараараа хутгаад зогсож байдаг. Тэндээсээ уруулын будагны хэв рүү гараараа юүлж хийнэ. Сормуусны будгийг ч мөн гараараа хутгана. Хийж байгаа процессууд нь дандаа гар аргаар явагддаг. Тиймээс би гоо сайхны бүтээгдэхүүн, будгийг их хайрладаг. Будгаа дуустал нь хэрэглэдэг. Миний будгийн харандаа хэрэглээд жижигхээн болсон байхыг хүмүүс хараад “Наад будгаа солиод шинийг авч хэрэглэ” гэсэн өнцгөөр хардаг. Гэтэл тэр будгийг үйлдвэрлэх гэж хүмүүсийн маш их хүч, хөдөлмөр, сэтгэл орсон байдаг.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
Н.Энхбат
Эх сурвалж: Монголын үнэн" сонины №017/24692/ дахь дугаарыг Энд-ээс уншина уу.