МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр Г.Занданшатар: Би Монголоос шатрын дэлхи...

Г.Занданшатар: Би Монголоос шатрын дэлхийн аварга тодорно гэдэгт итгэдэг

“Дэлхийн шатрын өдөр”-ийн хүрээнд нийслэлийн төв талбайд зохион байгуулсан өдөрлөгийн үеэр Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатартай ярилцлаа.

Үнэн
Админ

Дэлхийн шатрын өдөр”-ийн хүрээнд нийслэлийн төв талбайд зохион байгуулсан өдөрлөгийн үеэр Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатартай ярилцлаа.  

-Танд “Дэлхийн шатрын өдөр”-ийн мэнд хүргэе. Монголын шатрын холбооноос зохион байгуулж байгаа өдөрлөгийн ач холбогдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Монголын шатарчид болон шатрын спортоор сонирхон хичээллэж байгаа хүүхэд залууст “Дэлхийн шатрын өдөр”-ийн мэндийг хүргэе. Энэ өдрийг дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Монголын шатрын холбооноос нийслэлийн төв талбайд зохион байгуулж байгаа өдөрлөгийг гурван үеийн шатарчид болон хүүхэд залуус зорин ирж байгаа нь бидний зорилгын нэг нь. Мөн гаднын улс оронд ажиллаж, амьдарч байгаа шатарчид өдөрлөгт оролцохоор иржээ. Өнөөдрийн энэ өдөрлөгөөс залуучууд шатар тоглох сонирхолтой болсныг харлаа. Мөн эцэг эхчүүд хүүхдээ, өвөө эмээ нар ач, зээгээ дагуулан ирж үе тэнгийнхэнтэй нь шатар тоглуулж байгааг харах сайхан байна.

Энэ өдөрлөгтэй зэрэгцэн БНХАУ-ын Шэньжэнь хотод 28 дахь удаагийн өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж, өсвөрийн шатарчид маань дэлхийд нэрээ цуурайтуулж байгааг дуулгахад таатай байна. Тамирчид маань монгол ген, оюуны чадамжаа дэлхийн дэвжээнд гайхуулан бүх насны ангилалд хүчтэй өрсөлдөгчид болсон.

Шатар бол дэлхийн спорт. Сүүлийн үеийн судалгаагаар дэлхий дээр 800 сая орчим хүн шатар тоглож байна гэж гарсан. Chess.com буюу онлайнаар 300 сая хүн шатар тоглож байна. Дэлхийн аварга нь тодроод удаагүй байгаа хөлбөмбөгийг ч гэсэн “Зүлгэн дээрх шатар” гэж нэрлэдэг. Тоглолтын байрлал, стратеги, тактикийн хувьд бүгд нарийн тооцоолсон үзүүлэлтэд тулгуурладаг учраас дасгалжуулагчид тамирчдадаа шатар тоглохыг зөвлөдөг. 

Үр дүнд нь тамирчдын шийдвэр гаргах, дамжуулалт хийх, тоглолтыг зохион байгуулах уран сэтгэмж хөгждөг гэж үздэг юм. Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдсөн Испани, Английн багийн тоглогчид шатар тоглодог. Тэдгээрээс Норвегийн Холанд шатрын спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулдаг, шатрын клубүүдийг спонсорлодог. Мөн Роналду, Месси нарын шатар тоглож байгаа нь нийгмийн сүлжээнд хамгийн олон хүнд хүрсэн зургаар тодорсон. Үүнээс дэлхийн алдартай хөлбөмбөгчид шатар тоглодог гэдгийг харж болно.

Манай өсвөрийн шатарчид маш хүчтэй байна

-Та өнөөдөр ууган мастерууд болон энэ спортоор сонирхон хичээллэж байгаа хүүхэд залуустай шатар тоглолоо. Тоглолтын үед нэлээд төвлөрч, бодож байгаа харагдсан. Тамирчид, шатраар хичээллэж байгаа хүүхэд залуусын нүүдэл оновчтой байна уу? 

-Манай өсвөрийн шатарчид маш хүчтэй байна. Ер нь шатар бол залуу спорт. Өнгөрсөн жилийн шатрын дэлхийн аварга Гукеш 18 настай. Манай улсын Их мастер Т.Мөнхзул ч насны хувьд хамгийн залуу нь. Алдарт шатарчин Магнус Карлсен дөрвөн настайдаа л шатрын спортоор хаана хүрэхээ харуулсан. Тэр долоон настайдаа Каспаровтой тоглож байсан гээд дурдвал жишээ олон бий. Шатар уран сэтгэмжийг илүү хөгжүүлдэг болохоор хүүхэд залуус сонгон хичээллэдэг. Тэд насанд хүрэгчдээс дутахааргүй өрсөлдөөнийг харуулж байна. Өнгөрсөн жилийн Монгол Улсын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд хүүхэд түрүүлсэн. Үүнээс манай шатар тоглож байгаа, энэ спортоор хичээллэж байгаа хүүхэд залуучуудын ур чадвар ямар түвшинд хөгжиж байгааг харж болох юм.

Би Монголоос ирээдүйн шатрын дэлхийн аварга тодорно гэдэгт итгэдэг. Мэдээж тийм амжилтад хүрэхэд 10, 20 жил хөдөлмөрлөх шаардлагатай. Тасралтгүй олон жилийг зарцуулж, хөдөлмөрлөж байж ур чадвараа сайжруулах боломжтой. Тийм ч учраас тэрбумаар тоологдох хүн амтай Хятад, Энэтхэг улс шатрын спортод маш их хөрөнгө зарцуулж хөгжүүлэхэд анхаарч байна. Мөн Европын бүх улс орон шатрын спортод ач холбогдол өгдөг болжээ. 

-Бид энэ жил шатрын Азийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо хүлээн авч, шилдэг тамирчдын тоглолтыг дэргэдээс нь харлаа. Ур чадвараа ахиулахаар зорьж байгаа  шатарчдад туршлага болсон гэж бодож байна?   

-Монгол Улсад анх удаа зохион байгуулсан шатрын Азийн аварга шалгаруулах тэмцээн дэлхийн аваргаас ялгаагүй. Ингэж онцолж байгаагийн шалтгаан нь, шатрын их гүрнүүд болох Хятад, Энэтхэг, дээр нь ОХУ -аас тамирчид ирж оюунаа сорьсон. Сүүлийн үед Төв Азийн улс орнуудаас шатарчид тодрон гарч ирж байна. Дэлхийн аваргын төлөө гол өрсөлдөгч болсон Синдаров Узбекистаных. Казахстаны шатарчид ч гэсэн маш хүчтэй байгаа. Тэднийг төр засгаас нь ихээхэн дэмжсэнээр олон улсад гарч ирж байна. Яагаад гэвэл, энэ бүхний үр дүнд улс орон нь хөгжиж байгаа хэмээн тэд үздэг. Ийм хүчирхэг улс орнуудын шатарчид оролцдог тивийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголд зохион байгуулсан нь нэр төрийн хэрэг. Манай улсын өсвөрийн шатарчид дэлхийн  түвшний тамирчидтай шатрын өрөг дээр оюун ухаанаа сорьсон нь бас нэг том сургууль, дэвшил болсон гэж хэлж болно.

-Улсын баяр наадамтай зэрэгцсэн шатрын олон улсын тэмцээнүүдэд манай улсын шатарчид ямар амжилттайгаар оролцож байна вэ?

-Монгол Улсын шатрын Үндэсний шигшээ багийн тамирчдыг Франц улсад болж байгаа “Dole Open”, Герман улсад зохион байгуулах “Dortmund Open” зэрэг олон улсын өндөр зэрэглэлийн тэмцээнүүд хүлээж байна. Эдгээр тэмцээн нь зөвхөн чансаа, цол ахиулах боломж төдийгүй олон улсын шилдэг шатарчидтай хүч сорин, томоохон тэмцээний өмнөх үнэт туршлага хуримтлуулах чухал бэлтгэл болно. Мөн Хятад улсын Шэньжэнь хотод болж байгаа өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Олон улсын шатрын холбооны дэд мастер И.Цэлмүүн рапид төрлийн 12 насны охидын ангилалд хүрэл медаль авлаа.Түүний амжилтаар Монголын багийн медалийн буухиа үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна.

-Саяхан танай холбооноос Монгол Улсын Гавьяат тамирчин төрсөн нь үндэсний баяр наадамтай давхацлаа?

-С.Билгүүн маань дэлхийн шатрын бодлого бодолтын аварга болсон, Их мастер цолтой тамирчин. Хонконгод болсон рапид болон блиц төрлийн дэлхийн аварга шалгаруулах багийн тэмцээнд амжилттай оролцож супер их мастерыг хожсон. Супер их мастеруудтай эн тэнцүү өрсөлдөж байгаа түүнийг Үндэсний шигшээ багт цаашид ч гэсэн илүү үр дүнтэй тоглох болов уу гэж харж, хүлээж байгаа. С.Билгүүн мөн залуу тамирчдаа бэлдэж байгаа дасгалжуулагч юм. 

Шатрын супер их мастеруудтай өрөг задлан шинжилж, хожил хожигдлынхоо талаар ярилцсан нь миний хувьд гайхамшиг байсан

-Та дэлхийн шилдэг шатарчдаас бүрдсэн “WR Chess” багийн отгон гишүүн болсон. Хонконгод болсон дэлхийн аварга шалгаруулах багийн тэмцээнд оролцсоноор та бас чамгүй туршлага хуримтлуулсан болов уу?

-Дэлхийд тэргүүлж байгаа Магнус Карлсен, Фабиано Каруана, Александра Костенюк зэрэг шатрын супер их мастерууд буюу дэлхийд нэг, хоёр, гуравдугаарт эрэмбэлэгддэг тамирчидтай нэг өрөөнд сууж өрөг задлан шинжилж, хожил хожигдлынхоо талаар ярилцсан нь миний хувьд гайхамшиг байсан. Шатрын спортод хожих нь гол биш.  Магнус Карлсен дэлхийн супер од, хамгийн өндөр рейтингтэй тамирчин. Түүнийг рейтингийг тэр өөрөө л эвдэнэ. Ийм ур чадвартай тамирчин хүртэл тэмцээний үеэр цөөнгүй удаа хожигдсон. Түүний яагаад хожигдсоноо задлан шинжилж байгаа зэргийг хараад “Шатрын спорт ямар агуу юм бэ” гэсэн бодол өөрийн эрхгүй төрсөн. 

Би дөрвөн настайгаасаа шатар тоглосон 

-Та хэдэн настайгаасаа шатрын спортоор хичээллэсэн бэ?

-Би дөрвөн настайгаасаа шатар тоглосон. Аав маань хуучнаар Намын дээд сургууль буюу Удирдлагын академид сурдаг байлаа. Тухайн үед аавтай ангийнхан нь ирж шатар тоглодог байсан юм. Шатар сонирхолтой болохоор тэдний тоглохыг нүд салгахгүй хардаг. Тэгж сонирхож тоглолтуудыг нь харсаар байгаад нэг л мэдэхэд шатар сурчихсан. Дараа нь аавтайгаа шатар тоглоё гэхэд итгээгүй. Тоглож үзээд шатар сурсныг маань мэдэж байсан юм.

-Монголын шатрын холбооны ерөнхийлөгчийн хувьд хийхээр төлөвлөж байгаа ямар ажлууд байгаа вэ?

-Шатар оюуны хүчирхэг спорт. 90 настай хэрнээ ухаан санаа саруул ахмадуудтай ярилцахад тэд голдуу шатар тоглодог байсан тухайгаа хэлдэг. Монгол хүүхэд бүр ерөнхий боловсролын эрдэмд шамдахын зэрэгцээ шатрын спортоор хичээллэж тархи, оюун ухаанаа хөгжүүлэх нь ирээдүйн дэвшил, хүний хөгжилд тустай гэж үзэж байна. Яагаад гэвэл, тархи бусад булчинтай яг адилхан. Ажиллах тусам илүү хүчтэй болдог. Шатрыг “Тархины гимнастик” гэж хэлдэг.

Шатрын нүүдлийн гайхамшиг нь хийж байгаа нүүдэлдээ бус, түүний ард бодсон хоосон чанар, бодол, уран сэтгэмжид байдаг гэдэг гайхалтай үг бий.

-Дэлхийн шатрын олимпиад ирэх есдүгээр сард болно. Манай улсын шигшээ багийн тамирчид бэлтгэлээ базааж байгаа юу?

-Тийм ээ, бид шигшээ багийнхаа бэлтгэлд онцгойлон анхаарч байна. Дэлхийн шатрын олимпиадын үеэр мөн Шатрын конгресс болно. Үндсэндээ бараг бүтэн сарын хугацаанд дэлхий шатрын спортоор амьсгална. Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс дутахааргүй өрсөлдөөн тэнд болно гэдэгт итгэлтэй байна.

-Дэлхийн шатрын олимпиадад оюунаа сорих Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнийг хэзээ танилцуулах вэ?

-Узбекистаныг зорих шигшээ багийн тамирчдынхаа нэрийг удахгүй зарлана.

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №027/24702/ дахь дугаар

 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.