Я.Содбаатар: Ардын нам ард түмэнтэйгээ хамт байх цаг болгондоо амжилт ялалттай байдаг
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатартай ярилцлаа.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатартай ярилцлаа.
-“Ардын нам-Ард түмэндээ” аяныг улс орон даяар зарлаж, ард иргэддээ хүрч ажиллалаа. Олон нийтийн дуу хоолойг сонсох ажлыг ингэж өргөн хүрээнд хэрэгжүүлэхдээ ямар зорилго дэвшүүлэв, ач холбогдлыг нь та хэрхэн тодорхойлох вэ?
-МАН-ын 105 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ хугацаанд Ардын нам ард түмэндээ хүрч, дуу хоолой нь болж, ард түмнийхээ дунд байх бүх цаг үедээ ялалт, амжилтыг авч ирсэн. Энэ утгаараа 31 дүгээр Их хурлаар МАН-ын дарга Н.Учрал “Ардын нам ард түмэндээ эргэн ирнэ” гэдэг уриаг дэвшүүлсэн. Үүний цаана хоёр гол агуулга, шалтгаан байсан юм. Нэгдүгээрт, намын удирдлагуудын зүгээс гишүүддээ, анхан шатны байгууллагууддаа хүрч ажиллах нь багассан, эргэх холбоогүй болсон гэх шүүмжлэл намын бүх шатны байгууллагаас гарах болсон. Хоёрдугаарт, судалгаа явуулаад үзэхэд намын үйл ажиллагаа намын гишүүдээс холдолтын индекс маш өндөр дүнтэй гарсан нь санаа зовоосон хэрэг. Тийм ч учраас Н.Учрал дарга “Ардын нам ард түмэндээ эргэн ирнэ” хэмээн зарласан юм. МАН 2024 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуульд амжилттай оролцож, ялалт байгуулсныхаа дагуу мөрийн хөтөлбөрөө хэрхэн хэрэгжүүлж, шат шатны сонгуульд амласан амлалтаа хэрхэн биелүүлж байна вэ гэдгийг үнэлж дүгнэх үүднээс намын гишүүдтэйгээ уулзаж, анхан шатанд очиж ажиллах нь зүйтэй гэдэг шийдэлд хүрсэн. Үүний дагуу “Ардын нам-Ард түмэндээ” аяныг улс орон даяар зохион байгууллаа. 21 аймаг, 280 гаруй сумаар явж, анхан шатны байгууллагууддаа очиж уулзалт хийж, дуу хоолойг нь сонслоо. Шүлхий өвчнөөс үүдэлтэйгээр хөл хорио тогтоосон баруун аймгуудын зарим сум үлдсэн.
Энэ аяны хүрээнд УИХ, Засгийн газрын гишүүд болон намын орон тооны Нарийн бичгийн дарга баг ахалж ажилласан. Орон нутагт ажиллах үеэр намын гишүүд дэмжигчдийн санал, бодлыг нэгтгэн дүгнэсний үндсэн дээр бид цаашид ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ, төр засгийн хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаанд хэрхэн, юун дээр нь онцгойлон анхаарах ёстой юм бэ гэдэг зөвлөмжийг гаргаж, ойрын үед УИХ дахь МАН-ын бүлэгт хүргүүлнэ. Засгийн газарт ч мөн энэ чиглэлээр санал, санаачилгуудаа хүргүүлэхээр ажиллаж байна. “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд гурван гол зорилгыг дэвшүүлсэн. Нэгдүгээрт, намын гишүүд, анхан шатныхандаа очиж ажиллах. Хоёрдугаарт, энэ оны тавдугаар сарын 1-нд нээлтээ хийсэн “ Enam 3.0” платформд намын гишүүдийг нэгтгэх, намын гишүүнчлэлийн дахин бүртгэлийг хийх. Гуравдугаарт, УИХ, Засгийн газрын түвшин дэх ажлууд, тэр дундаа МАН-ын даргын дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилга, нийгмийн даатгал, тэтгэврийн шинэчлэлээс авахуулаад татварын бодлогод хийсэн томоохон шинэчлэлүүдийг олон нийт, иргэд сонгогчдодоо хүргэе гэдэг зорилгоор улс орон даяар аяныг өрнүүллээ. Бид тавьсан зорилтоо ханган биелүүлж, аяны үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдсанаар дуусах шатандаа орж байна. Ирэх сард хөл хориотой байсан болон төрийн шийдвэрээр олон нийтийн аливаа арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон газруудад хүрч ажилласнаар аянаа өндөрлүүлнэ.
Түүнчлэн “Ардын нам ард түмэндээ” аяны хүрээнд Улаанбаатар хот дахь намын гишүүд дэмжигчдэдээ хүрч ажиллах хүрээнд өнгөрсөн тавдугаар сард намын төв аппаратаас Ажлын хэсэг гарч, есөн дүүрэгт ажилласан. Наадмын өдрүүдэд мөн “Наадам 2026” арга хэмжээг намын гишүүд дэмжигчдэдээ зориулан Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн МАН-ын хороотойгоо хамран зохион байгуулах гэж байна. Мөн нийслэлийн анхан болон дунд шатны намын байгууллагын ажилтан, албан хаагчдадаа зориулан “Нийслэлийн бүсийн зөвлөгөөн”-ийг намар зохион байгуулахаар бэлтгэж байна. “Ардын нам-Ард түмэндээ” аян зөвхөн 21 аймаг, 330 суманд бус нийслэлийн дүүрэг, хороодод төдийгүй намын дэргэдэх байгууллагуудын хүрээнд ч өрнөж байна. Үүний нэг илрэл нь МАН дэргэдээ Социал демократ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоог байгууллаа. 21 аймаг, есөн дүүрэгт салбар холбоог мөн байгуулж байна. Сонгогчдын тодорхой хувийг эзэлж буй нийгмийн давхарга, бүлгийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх тухайд МАН олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлж буйн нэг жишээ нь энэ юм.
-Аяны хүрээнд орон нутагт ажиллахад ард иргэдэд нийтлэг тулгамдаж байгаа асуудал нь юу байв. Тэдний зүгээс эрх баригч намынхандаа хандаж юуг хэлж, захиж байна вэ?
-Төр засгийн явуулж буй үйл ажиллагаатай холбоотой гэж хэлж болохуйц байдлаар ард иргэд маань санаа бодлоо хэлж байна. Эрэмбэлээд харахаар нэгдүгээрт, бараа бүтээгдэхүүний үнэ ханшийн өсөлт, инфляцтай холбоотойгоор цалин, тэтгэвэр тэтгэмжийн хүрэлцээний асуудлыг маш их хөндөж байна. Хоёрдугаарт, бизнесийн эрх чөлөөг нээх, төрийн хүнд суртлыг багасгахтай холбоотой санал давамгайлж байна. Энэ хүрээнд авлигатай тэмцэх, төрийн хүнд суртлыг багасгах чиглэлээр МАН-аас санаачлан хэрэгжүүлж буй шударга ёсны тэмцлийн тухайд хариуцлагын асуудлыг ихээр хөндлөө. Гуравдугаарт, боловсрол болон эрүүл мэндтэй холбоотой шинэчлэлийн бодлогын талаарх байр суурийг түлхүү илэрхийлж байна. Ингэхдээ хүний хөгжилтэй холбоотой төрийн үйлчилгээг дээшлүүлэх, хүртээмж чанарын асуудлыг ихээхэн тавилаа.
Орон нутгийн иргэдийн санаа бодлыг эрэмбэлэхэд дээрх гурван асуудалд гол төлөв санаа бодлоо илэрхийлж, үгээ дайж байна. Цаашлаад байгаль орчин, хөдөө аж ахуйн бодлогоос авахуулаад боловсон хүчин, хүний нөөцтэй холбоотойгоор байр сууриа илэрхийлж байна.
Харин дотоод буюу намын үйл ажиллагаатай холбоотойгоор анхан шатныхан маань санаа бодлоо нэлээд чөлөөтэй илэрхийлсэн. Эдгээрийг эрэмбэлээд үзэхэд нэгдүгээрт, намын боловсон хүчний бодлогыг нягт баримтлаач, намд зүтгэсэн, намын соёлтой хүмүүсээ сургаж боловсруулдаг, шат шатны сонгуульд дэвшүүлдэг байхад анхаарал хандуулахыг хүслээ. Хоёрдугаарт, намын гишүүд, намаас сонгогдож томилогддог албан тушаалд очиж буй хүмүүстээ хариуцлага тооцдог, нийгэмд гарч буй аливаа болж бүтэхгүйтэй нэр холбогдсон хүмүүстэйгээ ёс зүйн болон хуулийн хариуцлага ярьдаг байгаач гэдгийг хэлж байна.
Намын анхан шатны байгууллагууд, намын гишүүн дэмжигчдийн дуу хоолойг сонсож, тэдний оролцоог хангах чиглэлээр түлхүү ажиллах хүсэлтийг тавьж байна. Эргэх холбоо нэлээд алсарсныг хаана хаанаа хэлж, төв намаас анхан шат руугаа эргэж харалгүй удсаныг ч онцолж байна. УИХ, Засгийн газрын гишүүд яг анхан шатанд, сум, баг дээр очиж ажилласан учраас тухайн орон нутагтаа тулгамдсан асуудлаа, санаж бодсоноо илэрхийлэх боломж олдлоо гэж олзуурхан хүлээн авч байлаа. Гуравдугаарт, намын эв нэгдэлтэй холбоотой асуудлыг олноороо хэлж, ярьж байна. Дээгүүрээ эв нэгдэлгүй байгаа байдал нь эргээд намын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгааг ихээхэн шүүмжилж, анхаарч ажиллах шаардлагатайг хэлж байна. Ард иргэд, гишүүд дэмжигчдийн зүгээс тавьж буй эдгээр асуудалд бид цаашид илүү анхаарч, бодлогын түвшинд шийдвэр гаргалтдаа ч тусгаж ажиллах ёстой гэж үзэж байгаа юм.

-МАН-ын “Цахим нам” болох зорилт маш эрчимтэй өрнөж, Enam 3.0 платформыг хэрэглээнд нэвтрүүлээд байна. Энэ хүрээнд намын гишүүд дэмжигчдийн хүрээллийг тэлэх ажил хэрхэн өрнөж байна вэ?
-Еnam 3.0 платформыг МАН бусад улс төрийн хүчнээс хамгийн түрүүнд нэвтрүүлсэн. Тийм учраас энэ программыг цаашид илүү сайжруулах зайлшгүй шаардлага байна гэж харсан. Орон нутагт ажиллахад хэрэглээг нь илүү хялбаршуулах санал, санаачилга гарч байна. Тиймээс шинэчлэлийг тогтмол хийж байна. Еnam 3.0 платформыг нэвтрүүлж эхэлсэнтэй холбогдуулаад бидний хийж буй ажил бол намын гишүүд дэмжигчдийнхээ дахин бүртгэлийг хамтад нь хийж байна. Энэ хүрээнд МАН өнөөдрийн байдлаар албан ёсоор 322 мянган гишүүн дэмжигчтэй байна. Энэ гишүүдээ бид дахин бүртгэлд хамруулж байгаа юм. Шинэчилсэн бүртгэл хийж байгаа учраас нэлээд өргөн хүрээний ажил өрнөж буй. Цаашдаа шинэ, залуу сонгогчидтой ажиллахад үзэл бодлоо илэрхийлэх, оролцоогоо хангах, талбар нь Еnam 3.0 платформ байх болно. Монгол Улс өөрөө дижитал шилжилтийн хувьд дэлхийд топ 30 дотор явж байна. Манай улсын цахим шилжилтийг олон улсад ихээхэн үнэлж, бид эрэмбээ урагшлуулсаар байна. Энэ хүрээнд улс төрийн намууд ч дэлхий нийтийн чиг хандлагаа дагаад дижитал шилжилтэд нэгдэж байж сонгогч түмэндээ хүрч ажиллах боломж, талбарыг үүсгэх шаардлагатай. Энэ агуулгаараа МАН 2019 оноос хойш Enam 1.0, Enam 2.0, Enam 3.0 платформыг хөгжүүлж ирлээ.
Энэ хүрээнд бид олон төрлийн үйл ажиллагаагаа цахимжуулаад байна. Бидний цаг үеэ дагасан энэ цахим шилжилт ч шат шатны сонгуульд үр дүнгээ өгсөн гэж харж байгаа. 31 дүгээр Их хурлаас сонгогдсон шинэ удирдлагуудын зүгээс намын гишүүд дэмжигчдэдээ хүрч ажиллах хүрээнд “Гишүүн төвтэй Е4” стратегийн томоохон шинэтгэлийн бодлогыг зарласан. Ингэхдээ бид гишүүд дэмжигчдэдээ хүрэх, тэдний оролцоог хангах, тэднийг илүү оролцоотой буюу өөрсдөө нөлөөлөгч, манлайлагч байх, аливаа асуудал, сэдэвт өөрсдөө оролцогч байх хэлбэрийг бий болгох нь зүйтэй гэж үзсэн.
Энэ агуулгаараа Еnam 3.0 платформ бол өмнөхөөсөө илүү технологийн дэвшлийг ашигласан, хиймэл оюун ухаанд түшиглэсэн, намын гишүүд дэмжигчид сонирхлын бүлгээрээ нэгдэж, үзэл бодлоо илэрхийлж болдог, УИХ засгийн газрын түвшинд хэлэлцэх гэж буй асуудалд санал бодлоо илэрхийлж, хэлэлцүүлэг хийж болдог олон функцийг нэмэгдүүлсэн.
Цаашдаа энэ платформын хүрээнд намын гишүүд дэмжигчид намын гишүүнийхээ хувьд тодорхой хөнгөлөлт чөлөөлөлтийг авдаг, өөрийн хүссэн тодорхой мэдээллүүдийг ч авдаг байх арга замыг нээж өгөөд байна.
-Хаврын чуулган хаалтаа хийж, өндөрлөлөө. Эрх баригч намын хувьд төр, засгаас гаргаж буй бодлого, шийдвэрийн тухайд орон нутгийн иргэд ямар үнэлэлт, дүгнэлт өгч байна. Хаврын чуулганы хугацаанд Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрийг эцэслэлээ, УИХ-аар татварын болон тэтгэврийн шинэчлэлтэй холбоотой томоохон хуулиудыг ч баталлаа. Эдгээрийг хэрхэн хүлээн авч байна вэ?
-Намын болон төр засгаас явуулж буй бодлого, үйл ажиллагаанд ард иргэдийн зүгээс шүүмжлэлт өнцөг олон байна. Үүнийг буруутгах аргагүй. Өнөөдөр дэлхий нийтийн нөхцөл байдал амаргүй, дайн байлдаантай, нийлүүлэлтийн олон сүлжээ тасалдалтай, үүнээс үүдээд дэлхий нийтээрээ инфляцад өртсөн, эдийн засгийн амаргүй цаг хугацааг даван туулж байна. Нефтээс авахуулаад гол хэрэглээний бүтээгдэхүүний үнэ дэлхий нийтэд өсөж байна. Ийм цаг үед эрх баригч улс төрийн хүчинд таатай хандаж буй тохиолдол дэлхий нийтэд ховор. Тийм ч учраас ардчилсан орнуудад болж буй улс төрийн сонгуулиудыг харахад ч ихэнх улс орон эрх баригчдадаа шүүмжлэлтэй хандах, солих хандлага ажиглагдаж байгаа нь нууц биш. Энэ утгаараа ард иргэдийн зүгээс тавьж буй шүүмжлэл, саналд бид хүндэтгэлтэй хандах ёстой. Цаашид харин үйл ажиллагаагаа илүү чамбайруулах, ард иргэдийн амьдралд хүрэхүйц, мэдрэгдэхүйц арга хэмжээг шат дараатайгаар авч хэрэгжүүлэх ёстой. Тийм ч учраас шинэ Ерөнхий сайдын зүгээс “Чөлөөлье” санаачилгыг дэвшүүлэн үндэсний хэмжээнд зарласан. Энэ хүрээнд салбар бүрд олон ажлыг эхлүүлээд байна. Нөгөө талдаа намын мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн томоохон шинэтгэлийн бодлогуудыг хаврын чуулганаар батлах нь зүйтэй гэж үзсэн. Ингэж эрх зүйн орчин, хөрсийг нь бэлдэж байж улс орон даяар хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилга бодитоор хэрэгжих, үр дүн гарах боломж бүрдэнэ.
Тийм ч учраас “Ардын нам-Ард түмэндээ” аян өрнөж байх хугацаанд УИХ дээр Татварын багц хуулийг эцэслэн баталлаа. Энэ бол бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж төдийгүй ард иргэдэд ч үр өгөөжөө өгөхүйц чухал хууль. Ялангуяа бизнес эрхлэгчдэд чиглэсэн олон саад тотгорыг чөлөөлөх чиглэлд маш том дэмждэг болох нөхцөл бүрдлээ. Хоёрдугаарт, Нийгмийн даатгалын сангийн буюу тэтгэврийн реформыг хийлээ. Энэ бол зөвхөн ахмадууд гэлтгүй хүн бүрд хамааралтай чухал сэдэв. Энэ хуулиар одоо тэтгэвэр авч буй ахмадуудынхаа тэтгэврийг 100-300 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх боломж бүрдлээ. Хязгаарлагдмал нөөц, тогтолцооны алдаанаас шалтгаалаад тэтгэврийн асуудлыг бүрэн шийдвэрлэж чадаагүй. Гэхдээ аль аль талдаа сэтгэл ханамжтай байдлаар тэтгэврийн шинэчлэлийн бодлогыг батлуулж чадлаа.
Ингэж бид тэтгэврийн тогтолцоог шударга зарчимд нийцүүлж байгаа юм. Гуравдугаарт, орон нутагт очоод ард иргэдтэй уулзахад эрүүл мэнд, боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээтэй холбоотойгоор талархлаа илэрхийлж, сайшаалтай хүлээн авах тохиолдол ч байна. “Ардын нам-Ард түмэндээ” аяныг зарлан өрнүүлэхийн өмнөхөн л гэхэд багш, эмч нарын цалин үнэхээр тулгамдсан асуудал болчихоод байлаа шүү дээ. Үүнийг Засгийн газар шуурхай бөгөөд бүрэн шийдвэрлэсэнд талархаж буйгаа илэрхийллээ.
Энэ мэтээр хаврын чуулганы хугацаанд УИХ, Засгийн газрын түвшинд МАН мөрийн хөтөлбөртөө тусган, зарласан бодлогын шинжтэй цөөнгүй хуулийг батлуулж чадлаа. Энэ бол нэг талдаа МАН-ын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад чухал алхам болсон. Нөгөө талдаа ард иргэдийн зүгээс очиж уулзахад ярьж байгаа сэдэв, хөндөж буй асуудал нь дээрх сэдвүүд байсан.
Ялангуяа шинэ Ерөнхий сайдын, Засгийн газрын дэвшүүлэн тавьж буй бодлогыг дэмжих хандлага нэлээд өндөр байгааг дурдах нь зүйтэй. Тийм учраас үүнд нэлээд ач холбогдол өгч, эдгээр бодлогын шинэчлэлийг ард иргэддээ сурталчлан таниулах, нөгөө талаас санаа бодлыг нь авах ажлыг өргөн хүрээнд хийж байна. МАН шат шатны сонгуульд оролцохдоо “Баялагтаа эзэн монгол” гэдэг үзэл санааг мөрийн хөтөлбөрөө тусгахын зэрэгцээ сонгуулийн уриа хүртэл болгож байсан. Энэ хүрээнд аян өрнөх хугацаанд баялгийн хуваарилалттай холбоотой нэг том асуудал шийдэгдлээ. Тодруулбал, Засгийн газар “Рио Тинто”-той маш амжилттайгаар гэрээ, хэлэлцээр хийлээ. Энэ бол эхний үр дүн, цаашдаа барьцаа илүү ахиулж, ард түмэнд очих үр өгөөжийг нь нэмэгдүүлэх үүд хаалгыг нээсэн чухал алхам боллоо. Мөн УИХ-аас холбогдох хуулийг баталснаар Зэсийн үйлдвэрийг барьж байгуулахад хамтран ажиллах гадаад дотоодын хөрөнгө оруулагчдаа сонгон шалгаруулж зарлалаа. Удахгүй энэ зармчаар Гангийн үйлдвэрийн хөрөнгө оруулагчдаа зарлах гэж байна. “Эрдэнэт”, “Тавантолгой” зэрэг томоохон үйлдвэрүүдийн өргөтгөл шинэчлэлийн ажлуудын талаар алхмуудыг хийлээ.
Мөн Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилын корпорац хооронд байгуулсан Усны Компакт гэрээний хүрээнд Ус гүн цэвэршүүлэх анхны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дуусаж, ашиглалтад хүлээлгэн өглөө. Хоногт 250 мянган шоо метр хаягдал усыг 98 хүртэлх хувиар цэвэрлэх хүчин чадалтай, 55 барилга байгууламжаас бүрдсэн бүрэн автомат төв Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг дуусгаж, ашиглалтад орууллаа. Багануур дүүрэгт Нүүрс, пиролезийн үйлдвэр буюу нүүрс химийн цогцолборыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Эрчим хүчний салбарт ч томоохон ажлуудыг эхлүүлсэн. Үр дүн ирэх оны долдугаар сараас иргэдэд бодитоор мэдрэгдэж эхэлнэ. УИХ, Засгийн газраас хэрэгжүүлж буй эдгээр томоохон ажлыг ард иргэд маань дэмжиж, эрчимтэй үргэлжлүүлж, бодит ажил хэрэг болгох тухайд санал бодлоо илэрхийлж байна.
-Сүүлийн жилүүдийн шат шатны олон сонгуульд МАН ард түмний итгэлийг хүлээж, ялалт байгуулсаар өнөөдрийг хүрсэн. Ирэх жилүүдэд дараалсан хоёр том сонгууль хүлээж байна. Тэгвэл өнөөдөр ард түмний итгэл Ардын намд хэвээр хадгалагдаж чадаж байна уу гэдэгт та эрх баригч намын гол бодлогыг тодорхойлж буй хүний хувьд хэрхэн хариулах вэ?
-Сүүлийн үеийн бүх судалгааг харахад МАН-ын рейтинг улс төрийн бусад хүчнээс илүү байгаа. Үүний илрэл нь улсын хэмжээнд, бүх бүс нутагт болсон нөхөн сонгуулийн үр дүнгээс харагдлаа шүү дээ. “Ардын нам-Ард түмэндээ” аяныг улс орон даяар өрнүүлж байх хугацаанд 15 аймаг, 30 гаруй сумын ИТХ-ын, есөн аймгийн, есөн мандат дээр аймгийн ИТХ-ын сонгууль болсон. Эдгээр сонгуульд бид маш амжилттай оролцлоо.
Тэр дундаа сонгогчид олноор оролцдог, улс төрийн өндөр оролцоотой болдог аймгийн ИТХ-ын сонгуульд МАН 9:0-оор ялалт байгууллаа. Энэ бол орон даяар өрнүүлсэн “Ардын нам-Ард түмэндээ” аян үр дүнгээ өгсөн нэг ажил боллоо гэж харж байгаа. Ерөөсөө Ардын нам илүү олонхын суудлыг авч байна гэдэг нь ард иргэдийн итгэл, дэмжлэг ямар байгаагийн бодит илэрхийлэл.
Гэхдээ судалгаанаас харахад аль ч улс төрийн хүчнийг дэмжихгүй байх, улс төрөөс залхах, улстөрчдийг шүүмжлэх хандлага давамгай байна. Тийм учраас улс төрийн намууд үйл ажиллагаагаа илүү чамбайруулах, олон түмнийхээ санал бодолд хүрч ажиллах шаардлага байна. Эрх барьж буй ууган улс төрийн хүчний хувьд МАН үйл ажиллагаандаа томоохон дүгнэлт хийсний үндсэн дээр шинэчлэлийн томоохон бодлогуудыг зарлан хэрэгжүүлж байна.
Мэдээж бид сонгуулиар ард иргэддээ очиж дахин дүнгээ тавиулна. Ерөнхийлөгчийн сонгууль болоход нэг, УИХ-ын сонгууль болоход хоёр жилийн хугацаа үлдсэн байна. Тийм ч учраас МАН 105 жилийн ойн баярынхаа хүрээнд Бага хурлын II хуралдаанаа хийж, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт ямар байна вэ, бид үлдсэн хугацаанд ямар зүйл, заалтад анхаарал хандуулах ёстой юм, ард түмэнд амласан амлалтынхаа юунд анхаарах ёстой вэ дүгнэлт хийж, томоохон хэлэлцүүлэг өрнүүлж, Засгийн газарт тодорхой чиглэлүүдийг өгсөн. Бага хурлаас гарсан энэ чиглэлүүдийг хэрэгжүүлэх тухайд энэ хаврын чуулган багагүй үр дүн үзүүлсэн буюу намын бодлогын хүрээнд дэвшүүлэн тавьсан томоохон олон шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх тухайд үр дүнгээ өгсөн чуулган болж өндөрлөлөө. Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд онцгой ач холбогдол өгч ажиллаж байгаагийн нэг жишээ нь МАН дэргэдээ Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хянах мониторингийн газрыг шинээр байгуулсан.
Мөн намын Удирдах зөвлөлийн дэргэд Бодлогын 11 хороог байгуулж, чиглэл бүрээр санал зөвлөмжөө гарган ажиллаж байна. Хоёрдугаарт, ард иргэд болон бизнес эрхлэгчдийн нуруун дээр очиж буй ачааллыг бууруулах, тэдний хүсэн хүлээж буй салбар бүрийн томоохон шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлэх, байгалийн баялгийн үр өгөөжийг ард түмэнд хүртээх, хүргэх зөв механизмыг бий болгох чиглэлийн ажлыг бид цаашид хийх ёстой. Томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хүрээнд эхнээсээ үр дүн гарч байна. Ерөөсөө ямар улс төрийн хүчин ард түмнийхээ дунд байж, дуу хоолойг нь сонсож, ойрхон ажиллаж чадна, тэр улс төрийн хүчин ард түмнээс дэмжлэг авдаг. Тийм ч учраас бид ард түмэндээ илүү очиж, илүү ойрхон л ажиллах ёстой. Ардын нам ард түмэнтэйгээ хамт байсан үе болгондоо ялж ирсэн. Энэ агуулгаараа намын төдийгүй төр засгийн үйл ажиллагааг ч үүнд чиглүүлэн ажиллаж байна гэж ойлгож болно.
М.Өнөржаргал
Гэрэл зургуудыг МУСГЗ Т.Чимгээ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №026/24701/ дэх дугаар