Иргэд нийгмийн харилцаа, хөдөлмөр эрхлэхэд тулгамдаж буй асуудлаа УИХ-ын гишүүнд уламжиллаа
Иргэд Улсын Их Хурлын гишүүнтэй биечлэн уулзаж, санал хүсэлтээ уламжлах боломжийг бүрдүүлсэн “Нээлттэй парламент” танхимд өнөөдөр (2026.07.28) Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун ажиллаж, 21 иргэнийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад оролцсон иргэдийн дийлэнх нь сонсголын, харааны болон тулгуур эрхтний бэрхшээлтэй байсан бөгөөд өөрсдөдөө тулгарч буй нийгмийн харилцаа, эрүүл мэндийн үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудал, санал хүсэлтээ уламжилсан юм. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны иргэн Г.Болормаа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, оношилгоог хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн онцлог хэрэгцээнд нийцүүлэн, хүндрэл чирэгдэлгүй, хүртээмжтэй зохион байгуулах шаардлагатай байгааг хэлэв.
Түүнчлэн иргэд хууль, тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шаардлагатай эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг сануулж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг хөндөв.
Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун уулзалтын үеэр хөндөгдсөн асуудал, иргэдийн санал, хүсэлтийг шийдвэрлэхийн төлөө холбогдох байгууллагуудтай хамтран эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр ажиллана гэдгээ илэрхийллээ.
Тэрбээр мөн “Нээлттэй парламент” танхим нь иргэд, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд Улсын Их Хурлын гишүүдтэй биечлэн уулзаж, санал хүсэлтээ шууд илэрхийлэх боломжийг өргөжүүлж, парламентын үйл ажиллагааны нээлттэй, хүртээмжтэй байдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцоллоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.