МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр ХБНГУ-ын Бундестаг дахь Герман-Төв Азийн...

ХБНГУ-ын Бундестаг дахь Герман-Төв Азийн парламентын бүлгийн дарга Кристиан Гёрке тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна

Үнэн
Админ

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга А.Ариунзаяа, бүлгийн зарим гишүүдийн хамт өнөөдөр (2026.06.29) ХБНГУ-ын Бундестаг дахь Герман-Төв Азийн парламентын бүлгийн дарга Кристиан Гёрке тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, хүндэт зочдыг дэлгэр Монгол оронд тавтай морилохыг уриад, манай хоёр улс ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж ирснийг тодотгов. Тэрбээр үргэлжлүүлэн, ХБНГУ нь Монгол Улсын “гуравдагч хөрш”, Европ дахь гол түнш хэмээгээд манай улс ардчиллыг замыг сонгож, байнгын ажиллагаатай парламенттай болсон 1990 оноос эхлэн хоёр улсын парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй өргөжиж ирснийг дурдлаа. 


Тэр дундаа парламентын төлөөлөх чадамжийг нэмэгдүүлж, хянан шалгах чиг үүргийг бэхжүүлэх, институтийн чадавхыг сайжруулах чиглэлээр тус улсын Бундестагаас туршлага судалж, амжилттай хэрэгжүүлж ирсэн талаар дурдлаа. Тухайлбал, өнгөрсөн 2023 онд Монгол Улсын Их Хуралд суудалтай улс төрийн намуудын төлөөлөл ХБНГУ-д айлчилж, Бундестагийн үйл ажиллагаа болон сонгуулийн тогтолцоотой танилцсан нь онцгой ач холбогдолтой болсон талаар жишээ татав. Энэ нь тогтолцооны өөрчлөлтийн үр дүнд бүрдсэн таван нам, эвслийн төлөөлөл бүхий 126 гишүүнтэй парламентын үйл ажиллагааг шинэ бүтэц, бүрэлдэхүүнд нийцүүлэн зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсныг тэмдэглэсэн юм. 


ХБНГУ-ын Бундестаг дахь Герман-Төв Азийн парламентын бүлгийн дарга Кристиан Гёрке хэлэхдээ, Монгол Улсын Их Хурал олон намын төлөөлөл бүхий тогтолцоо руу амжилттай шилжиж, эмэгтэйчүүдийн эзлэх хувийг нэмэгдүүлэн, нийгмийн бүлгүүдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд аваачсан нь онцлох шинэчлэл гэдгийг тодотголоо. Талууд үргэлжлүүлэн улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, шинжлэх ухаан технологийн салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд санал солилцсон юм. Сүүлийн жилүүдэд Монгол-Германы бизнес форум, зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлгүүдийн давтамж нэмэгдэж, түншлэлийн бусад арга хэмжээг амжилттай зохион байгуулж байгааг талууд сайшааж, Элчин сайд Хельмут Кулитцэд онцгойлон талархал дэвшүүлцгээв. 


Уулзалтад оролцогчид Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Германы парламентын бүлэг, Бундестаг дахь Герман-Төв Азийн парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааг олон талт хэлбэрээр эрчимжүүлэх талаар санал солилцож, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог тусгах хэлбэрүүд, өргөдөл гомдол хүлээн авах, шийдвэрлэх механизм болон парламентын цахим шинэчлэлийн хүрээнд нээлттэй ярилцлаа. Энэ удаагийн уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Германы парламентын гишүүн О.Саранчулуун, Б.Бейсен, Г.Уянгахишиг, С.Эрдэнэболд нар албаны хүмүүсийн хамт байлцав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.







Эх сурвалж: parliament.mn
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.