МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Гадаад мэдээ Хил хязгааргүй сэтгэгч Эдди Редмэйн

Хил хязгааргүй сэтгэгч Эдди Редмэйн

Хүний амьдралын олон “өнгө”-ийг урнаар үзүүлж төсөөллөөс давсан мэдрэмж төрүүлдэг жүжигчдийн нэг Эдди Редмэйнийг “Дэлхийн хүн” буландаа онцоллоо.

Үнэн
Админ

Хүний амьдралын олон “өнгө”-ийг урнаар үзүүлж төсөөллөөс давсан мэдрэмж төрүүлдэг жүжигчдийн нэг Эдди Редмэйнийг “Дэлхийн хүн” буландаа онцоллоо. Түүнийг дэлгэц, тайзны урлагт дурласан хүн гэхэд хол зөрөхгүй. Найман настайгаа мюзиклд тоглож ирээдүйн зорилгоо тодорхойлсон тэрбээр У.Шекспирийн “Зуны шөнийн зүүд”-ийг үзээд жүжигчин болохыг хүссэн гэдэг.    

Язгууртны удамтай тайзны од

Эдди Редмэйн Их Британийн Лондон хотын Вестминстер дүүрэгт 1982 оны нэгдүгээр сарын 6-нд төржээ. Өнөр өтгөн айлын дунд хүүхэд түүний гэр бүлийнхний боловсрол, ажил мэргэжлийн хувьд амжилттай яваа хүмүүсээс бүрддэг. Аав Ричард Редмэйн нь санхүүгийн зөвлөх, бизнесийн салбарт олон жил ажилласан туршлагатай. Ээж Патриция Редмэйн гадаад худалдааны чиглэлээр ажилладаг байжээ. Түүний өвөө, элэнц өвөө нь уурхай, инженерчлэлийн салбарт нэр хүндтэй байсны зэрэгцээ язгууртан гаралтай гэдгээрээ онцлогтой байв. Харин Эддигийн сонирхол тэднээс өөр, багаасаа урлагт дурлаж өссөн нэгэн. Ялангуяа театрт олны хүртээл болж буй бүтээлүүд түүний анхаарлыг ихээхэн татдаг байв. Энэ хүсэл сонирхлоороо тэрбээр тухайн үеийн театруудад найруулан тавьсан бүтээлд дүр бүтээж анхны алхмаа хийсэн байна.

Эдди бага сургуульд байхдаа загварын сурталчилгаанд оролцож, “Burberry”, “Prada” зэрэг брэндийн нүүр царай болж байсан нь туршлага болсон гэдэг. Түүний гадаад байдал, өвөрмөц төрх нь үе тэнгийнхнээсээ ялгарах онцлог болжээ. Заримдаа бусдаас өөр байдал нь түүнд өөртөө итгэлгүй болох үндэс болдог байсан ч хожим жүжигчний карьераа эхлүүлэхэд давуу тал болсон байна.  

Түүний боловсрол эзэмшсэн байдал хүмүүсийн сонирхлыг татдаг. Эдди Лондон дахь язгууртнууд төдийгүй алдартай эрхмүүдийн хүүхдүүд суралцдаг Уэтерби сургуульд, дараа нь “Colet Court”-д суралцсан байна. Улмаар Их Британийн хамгийн нэр хүндтэй хувийн сургууль болох “Eton” коллежид элсэн оржээ. Энэхүү сургуульд Английн ханхүү Уильям ч мөн суралцаж байсан бөгөөд Эдди түүнтэй хамт сурч байсан хэмээн ярьдаг. Тэрбээр “Eton”-д сурч байхдаа театрын клубийн идэвхтэй гишүүдийн нэг болж цөөнгүй жүжигт дүр бүтээснээрээ авьяасаа илрүүлэн хөгжүүлжээ. Сургуулиа төгссөнийхөө дараа Эдди Кембрижийн их сургуулийн “Trinity” коллежид элсэн орж, уран зургийн түүхийн чиглэлээр мэргэшсэн байна. Энэ үед тэр уран зураг, архитектур, уран баримлын тухай гүн гүнзгий мэдлэг олж авч мэдлэгийн хүрээгээ тэлжээ. Гэсэн ч жүжиглэх хүсэл эрмэлзэл үргэлж зүрх сэтгэлд нь байсаар байсан тул Кембрижийн театрын клубүүдийн нэг болох Footlights болон Cambridge University Amateur Dramatic Club зэрэг бүлгүүдэд идэвхтэй оролцож, тайзнаа гарсан байна. Түүний жүжиглэлтэд хандах хандлага, тайзан дээрх чадвар нь багш, найруулагчдын анхаарлыг татаж, төгсөхөөс нь өмнө мэргэжлийн жүжигчний ертөнцөд хөл тавих боломжийг бүрдүүлсэн юм.

Шүүмжлүүлэх нь заримдаа амжилтын эхлэл болдог

 Эдди Редмэйн 2002 онд 20 настайдаа Лондон дахь “Shakespeare’s Globe” театрт ажиллаж эхэлжээ. Энэ нь түүний хувьд жүжигчний карьерын эхлэл байсан бөгөөд тэр үед жүжиглэхээ хийх дуртай зүйл мэтээр хүлээн авч, амьдралаа бүрэн зориулна хэмээн төсөөлж ч байсангүй. Тайз түүнийг хэн болохыг мэдрүүлж, ирээдүйн өөрийгөө олж нээхэд тусалсан байна. Ингэж л Эдди урлагийн ертөнцөд  эргэлт буцалтгүйгээр хөл тавихаар шийдэж, дэлхийн тавцанд хожим гайхалтай амжилт гаргах үндэс сууриа тавьжээ. Кембрижийн их сургуулийг амжилттай дүүргэж, дэлхийн урлагийн түүхээр гүн боловсрол эзэмшсэн Эдди өөрийн дотоод мэдрэмж, зүрх сэтгэлийнхээ дуудлагыг даган жүжигчний замыг бүрэн сонгохоор шийдсэн нь түүний амьдрал дахь хамгийн чухал шийдвэрүүдийн нэг байв. Тухайн үед хүмүүс түүнд “Урлагийн салбарт ажиллах хэрэггүй” гэж зөвлөж байсан ч тэрбээр тайзан дээр л өөрийгөө бүрэн олдог гэдэгтээ эргэлзсэнгүй. Тийнхүү уран бүтээлийн гараагаа театрын тайзнаас эхлүүлжээ. Лондонд алдартай “Shakespeare’s Globe” театрын продакшнд ажилд орсон жилдээ Эдди алдарт жүжгийн зохиолч Кристофер Шинийн “The Goat, or Who Is Sylvia?” жүжигт тоглож, шүүмжлэгчдийн анхааралд өртжээ. 2004 он Редмэйний хувьд амжилтын жил байж. Пулитцерийн шагналт зохиолч Эдвард Албегийн “The Goat” жүжигт гайхалтай тоглосон бөгөөд энэ амжилтаараа “Evening Standard Theatre Award”-ын “Шилдэг шинэ жүжигчин” шагналыг хүртжээ. Энэ нь түүний авьяасыг мэргэжлийн түвшинд үнэлсэн томоохон, анхны амжилт байв. Удалгүй тэрбээр “National

Theatre”, “Donmar Warehouse” зэрэг Лондоны нэр хүндтэй жүжигт тоглож, театрын орон зайд байр сууриа баттай эзэлжээ. Эддигийн тайзны  дүрүүд нь түүнийг дэлгэцийн урлагт хөтөлж, кино найруулагчдын анхаарлыг татах гол хөшүүрэг болсон байна. 

Эргэлтийн цэг

Эдди Редмэйн кино урлагийн ертөнцөд 2006 оноос албан ёсоор хөл тавьжээ. Тэрбээр BBC-гийн бүтээсэн түүхэн драм “Elizabeth I” (2005) телевизийн цувралд хатан хааны хүү болох Антони Бабингтонийн дүрд тоглосон нь дэлгэцийн дебют бүтээл болсон байна. Түүний жүжиглэх чадварыг өндрөөр үнэлж, 2007 онд залуу жүжигчний хувьд шилдэг бүтээлийн шагнал (Golden Globe for Best Supporting Actor in a Miniseries – д нэр дэвшиж байсан) хүртсэн юм. Үүний дараагаар Эдди 2006 онд “Like Minds”, “The Good Shepherd” зэрэг кинонд туслах дүр бүтээж, дэлгэцийн карьераа эхлүүлсэн. Тэр үеийн дүрүүд нь ихэвчлэн ухаалаг, дотоод сэтгэлд гүн гүнзгий ханддаг, бага зэрэг эмзэг төрлийн залуу эрийн дүрүүд байсан нь түүний хэв маяг, онцлогоо бүрэн харуулах гэсэн анхны алхмууд байв. 

2008 онд тэрбээр нэрт жүжигчин Жулианна Муртай хамтран “Savage Grace” кинонд тоглосон. Энэ кино нь хүнд, сэтгэлзүйн агуулгатай бөгөөд Эддигийн бүтээсэн дүр кино шүүмжлэгчийн анхаарлыг татжээ. Тэрбээр энэхүү дүрээрээ жүжигчний гүн гүнзгий оршихуйг харуулж чадсан гэж үздэг байна. 2011 онд “My Week with Marilyn” кинонд тоглож, Мэрилин Морногийн туслах Колин Кларкийн дүрийг бүтээсэн нь Эддигийн хувьд илүү олон нийтэд танигдах алхам болсон. Энэ дүрээр дамжуулан тэрбээр кино урлагт уянгалаг, сэтгэлд хүрсэн дүр бүтээх чадвараа улам тодорхой харуулсан билээ.

 2014 он Эдди Редмэйний хувьд жүжигчний карьерт эргэлтийн цэг болсон жил юм. Тэр жил Эдди алдарт физикч Стивен Хокингийн дүрийг бүтээсэн “The Theory of Everything” кино олон нийтийн хүртээл болсон. Энэхүү бүтээл нь зөвхөн Эдди Редмэйнийг төдийгүй дэлхий дахины анхаарлыг татсан кино болж, тэрбээр тус кинонд биеийн бүрэн ажиллагаагаа алдсан хүний дүрийг маш өндөр мэдрэмжтэйгээр амилуулсан. Эдди энэ дүрд зориулж хэдэн сар дараалан ALS (амиотрофын хажуугийн склероз) өвчний шинж тэмдгүүд, хөдөлгөөний мэдрэмж, ярьж дуугарч чадахгүй байх нөхцөл зэргийг нарийн судалж, өвчтэй хүний дүрийг бүтээжээ. Уг киноны амжилтаар тэрбээр  

•”Academy Award” (Oscar) – Шилдэг эрэгтэй гол дүр,

•”BAFTA Award” – Шилдэг эрэгтэй жүжигчин,

•”Golden Globe Award” – Шилдэг жүжигчин,

•”Screen Actors Guild Award”-аас шагнал хүртжээ.

Ийнхүү Эдди 2015 онд 33 насандаа жүжигчний карьерынхаа оргилд гарч чадсан юм.  Жүжигчний мэргэжлээ улам бүр гүнзгийрүүлсэн нь түүний тоглосон “The Danish Girl” (2015) кино байв. Дэлхийн анхны хүйсээ солиулсан эмэгтэйчүүдийн нэг Лили Эльбегийн дүрийг чадварлаг бүтээснээрээ Эдди Оскарт дахин нэр дэвшиж, уран бүтээлийнхээ чанар, гүн гүнзгий дүрслэлээр өндрөөр үнэлэгдсэн юм. Үүний дараа Ж.К.Роулингийн “Harry Potter” ертөнцийн үргэлжлэл болсон “Fantastic Beasts” кинонд Ньют Саламандер хэмээх шидтэний дүрд тоглож, олон нийтэд илүү танигдан амжилтад хүрсэн. Энэхүү цуврал түүнийг залуу үеийн үзэгчдийн дунд жинхэнэ од болгож чадсан билээ.

Энгийн, даруу амьдрахыг эрхэмлэдэг алдартан

Эдди тайз, дэлгэцийн салбарт олон өнгө төрхийг харуулж чаддаг, жүжиглэх чадвараараа дэлхий дахинд үнэлэгдсэн жүжигчин. Тэрбээр энэ бүх алдар нэрийн цаана өөрийн хувийн амьдралыг олны нүднээс хол, маш даруу, энгийн байдлаар авч явдгаараа бусад алдартнаас онцгой ялгардаг.

Эдди 2012 оноос Ханна Багшаветай болзож эхэлжээ. Ханна урлаг, соёлын чиглэлээр менежмент, пиарын мэргэжил эзэмшсэн бүсгүй бөгөөд медиа болон уран бүтээлийн хүрээний дэмжлэг үзүүлдэг, нам гүм амьдралтай нэгэн. Тэд Кембрижид оюутан байхдаа танилцаж хэдэн жилийн нөхөрлөлийн дараа харилцаа нь хайр дурлалын түвшинд хүрсэн байна. Хосууд 2014 оны  арванхоёрдугаар сард Английн Сомерсет мужид, хуучны харшид хуримаа хийжээ. Эдди олон нийтэд “Би яг Ханна шиг хүнтэй л гэрлэх ёстой байсан” хэмээн хэлсэн удаатай. Эдди болон Ханна нар хоёр хүүхдийн эцэг, эх болжээ. Тэдний ууган охин Айрис Мэри Редмэйн 2016 онд төрсөн бол хүү Люк Ричард Бэгшоу Редмэйн 2018 онд мэндэлжээ. Эдди хүүхдүүдээ медиа ертөнцөөс хол байлгахыг илүүд үздэг бөгөөд тэдний талаар олон нийтэд ярих нь тун цөөн. Гэр бүлээрээ Лондон хотын төвд, маш тайван, даруухан дүүрэгт амьдардаг. Эдди олон ярилцлагадаа амралтын өдрүүдээр хүүхдүүдтэйгээ хамт цагийг өнгөрөөж, цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах, ном унших, хүүхдийн жүжиг үзэх зэрэг жирийн, мөртлөө үнэтэй мөчүүдийг эрхэмлэдэг гэдгээ онцолж байжээ.

Эдди Редмэйн нь хувийн амьдралаа даруухнаар авч явахаас гадна олон нийтийн үйл ажиллагаанд бусдын  анхаарал татахгүйгээр, бодитоор оролцдог нэгэн. Тэрбээр ALS өвчтэй хүмүүст туслах, хүүхдийн боловсрол, соёлын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр олон байгууллагыг дэмжсээр ирсэн. Стивен Хокингийн дүрд тоглосныхоо дараа ALS өвчтэй хүмүүст зориулсан байгууллагуудад хандив өгч, энэ өвчний талаарх мэдлэгийг дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулсан байна. Түүнчлэн Эдди, Ханна нар хүмүүнлэгийн арга хэмжээнүүдэд оролцдог боловч энэ талаар сурталчилгаа хийхээс зайлсхийдэг. Тэдний хувьд “Сайн үйл хийж байгаа бол заавал олон нийтэд харуулах шаардлагагүй” гэсэн байр суурь баримталдгаараа бусдын хайр хүндэтгэлийг хүлээжээ.

Б.Нандин-эрдэнэ

Эх сурвалж: "Монголын үнэн сонин"-ы №028/24703/ дахь дугаар

 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.