МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр ХХНББХ: Ажлын хэсэг байгуулах тухай тогт...

ХХНББХ: Ажлын хэсэг байгуулах тухай тогтоол баталж, ЭМДҮЗ-ийн тайланг хэлэлцлээ

Үнэн
Админ

Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр (2026.06.02) Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, А.Ариунзаяа, Ц.Баатархүү, О.Батнайрамдал, Д.Бум-Очир, Ш.Бямбасүрэн, Ж.Галбадрах, П.Ганзориг, Т.Мөнхсайхан, Ц.Мөнхтуяа, П.Наранбаяр, О.Саранчулуун, М.Сарнай Б.Түвшин, Ж.Чинбүрэн, Л.Энхнасан, С.Эрдэнэбат нарын буюу 56.7 хувийн ирцтэй хуралдлаа. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат Засгийн газраас өргөн мэдүүлж, тус Байнгын хороонд хуваарилагдсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийг ахалж ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Мөн тэрбээр хүүхэд хамгааллын болон хүүхдийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийг байгуулж ажиллуулах нь зүйтэй гэсэн санал хэллээ.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн нарын 21 гишүүн өнгөрөгч тавдугаар сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг хуралдааны эхэнд байгуулж, Байнгын хорооны тогтоолыг 73.7 хувиар баталлаа. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасан ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, О.Батнайрамдал, Х.Болормаа, Ц.Мөнхтуяа, М.Сарнай, М.Нарантуяа-Нара, Ж.Галбадрах нар ажиллахаар болов.


ЭМДҮЗ-ийн 2025 оны тайланг хэлэлцлээ

Дараа нь Байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл (ЭМДҮЗ)-ийн 2025 оны тайланг хэлэлцлээ. Тайланг тус зөвлөлийн дарга, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар танилцуулав.

2025 онд ЭМДҮЗ 11 удаа хуралдаж, 35 асуудал хэлэлэн, анхан, лавлагаа шатны болон урьдчилан сэргийлэх тусламж, үйлчилгээний төлбөрийн хэмжээ, арга, журмыг батлах, Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС)-гийн төсвийн нарийвчилсан хуваарь гаргах зэрэг 18 тогтоол баталсан байна. Тус сангийн орлогыг Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиар 2 их наяд 464.3 тэрбум төгрөг байхаар баталсан бол гүйцэтгэлээр 2 их наяд 299.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрсөн байна. Харин зарцуулалт 2 их наяд 246.2 тэрбум төгрөг болж, 53.3 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Тус сангаас эрүүл мэндийн нийт зардлын 82.3 хувийг санхүүжүүлж, 17.7 хувийг улсын төсвөөс шилжүүлсэн байна.

Эрүүл мэндийн даатгалд нийт хүн амын 94.0 хувийг хамруулсан нь багагүй ахиц гэдгийг сайд тайландаа дурдаж, анхан шатны тусламж, үйлчилгээ авч буй иргэдийн тоо 2023 онд 2.0 сая байсан бол 2025 онд 2.1 сая, тохиолдолын тоо 8.7 сая байсан бол 10.7 сая болж хүртээмж нэмэгдсэн гэлээ. Нэн шаардлагатай тусламж, үйлчилгээг илүү өргөжүүлж, тухайн тусламж, үйлчилгээг үзүүлэх эрүүл мэндийн байгууллагын тоог нэмэгдүүлэх, эмзэг бүлгийн иргэдийг хамтын төлбөрөөс чөлөөлөх зэрэг арга хэмжээ авсан байна. Ингэснээр 2025 онд санхүүжүүлсэн нийт тусламж, үйлчилгээний зардлын 90 хувийг нэн шаардлагатай тохиолдлуудад зарцуулжээ. Хамтын төлбөрөөс чөлөөлж санхүүгийн эрсдэлийг хуваалцах арга хэмжээнд 2022 онд 47.1 тэрбум төгрөгийг зарцуулж байсан бол 2025 онд 80.5 тэрбум төгрөгт хүрсэн байна.

Цаашид шимтгэлийг нь төрөөс хариуцан төлдөг 2.3 сая даатгуулагчийн шимтгэл ЭМДС-гийн орлогын 25.6 хувийг, зардлын 76.2 хувийг эзэлж байгааг харгалзан төрөөс төлж буй шимтгэлийн хэмжээг нэмэгдүүлэх, харин өөрөө төлдөг даатгуулагчийн шимтгэлийн хувь хэмжээг татвар төлж буй орлогын хэмжээтэй уялдуулах шаардлагатай гэсэн саналыг Эрүүл мэндийн сайд хэллээ. Мөн анхан шатны тусламж үйлчилгээний ашиглалтыг сайжруулж, лавлагаа шатлалын шаардлагагүй үйлчилгээний тоог бууруулах, хяналтын тогтолцоонд реформ хийж, бүрэн цахимжуулах, даатгалын мэдээллийн сан бүрдүүлэх, эмийн худалдан авалт, хөнгөлөлтийг шинэчлэх зэрэгт анхаарч ажиллах хэрэгцээ байгааг танилцуулав.

ЭМДҮЗ-ийн 2025 оны үйл ажиллагааны тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр, О.Саранчулуун, С.Эрдэнэбат, О.Батнайрамдал, Л.Энхнасан, Ж.Чинбүрэн, Т.Мөнхсайхан, А.Ариунзаяа, М.Нарантуяа-Нара, С.Зулпхар нар асуулт асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүд ЭМДС-гийн орлогын төлөвлөлт, бүрдүүлэлт, даатгуулагчдын бүлэг, бүтэц болон зардал, санхүүжилтын тогтолцоо, холбогдох журам, аргачлал, үр ашигтай байдал зэрэг өргөн хүрээтэй асуудлуудыг хөндөж, ЭМДҮЗ-ийн чиг үүргийн хэрэгжилт, бодлого, зохицуулалт, салбарын санхүүжилтын менежмент, түүний үр ашиг хэрхэн сайжирч байгаа гэхчлэн нарийвчилсан асуултуудыг тавьж байлаа. Хамгийн гол нь иргэд, даатгуулагчдад очиж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, зардал санхүүжилтыг нэмэгдүүлж оновчтой, үр дүнтэй зарцуулах нь чухал гэдгийг Улсын Их Хурлын гишүүд онцолж байв.

Эрүүл мэндийн байгууллагуудад үйлчлүүлэгчийг бүртгэх хурууны хээ уншигч байх боловч ДАН системтэй холбогдоогүй байсныг холбосон тухайгаа сайд Э.Батшугар Улсын Их Хурлын гишүүдийн асуултанд хариулахдаа хэлсэн юм. Яаралтай тусламж авч буй болон байнгын асаргаанд байгаа иргэд, ахмад настнуудаас хурууны хээ шаардахгүй гэдгийг тодруулсан юм.

Тусламж, үйлчилгээг ЭМДС-аас санхүүжүүлэх журмыг шинэчилж, суурь тариц болон өртгийн жинд суурил байгаа талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Батбаатар тайлбарлалаа. Эмч, эмнэлгийн ажилтны цалин хөлс нэмэгдсэнтэй холбоотойгоор суурь тарифыг 8.0 хувиар нэмэгдүүлж буйг тэрбээр дурдаж, 700 оношийн хамааралтай бүлгийг эхнээс нь дахин зохион байгуулж байгаа талаар ярив. Үе үеийн Эрүүл мэндийн сайд нар ЭМДС-гийн өр төлбөрийг шийдвэрлэх талаар идэвхтэй ажилласны үр дүнд энэ онд өр төлбөрийг бүрэн барагдуулж дуусан гэдгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Батбаатар хэлсэн юм.

Мөн О.Саранчулуун, С.Эрдэнэбат, Ж.Чинбүрэн, Ариунзаяа нар үг хэлж, эмийн ханган нийлүүлэлт, хүүхдийн эрүүл мэндийн үйлчилгээний зохион байгуулалтыг сайжруулах, тусламж, үйлчилгээний өртгийн жинг дахин үнэлэх, ЭМДҮЗ-ийн гишүүдийн идэвх, оролцоог сайжруулж, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, сангийн болон санхүүжилтын шинэчлэлийг эрчимжүүлэхдээ үндсэн чиг, үүргээсээ халихгүй байх, төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын санхүүжилтийг ялгаатай тогтоох, Улсын Их Хурлаас тус салбарт бодлогын дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг хөндөж ярив. Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналыг үйл ажиллагаандаа тусгаж, шийдвэрлэх, ЭМДС-гийн төсвийн төлөвлөлт, зарцуулалт, ил тод байдал, менежментийг сайжруулах талаар үр дүн гаргаж ажиллах шаардлага байгааг Байнгын хорооны дарга П.Ганзориг тус зөвлөлийн гишүүдэд зөвлөмж болголоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


Эх сурвалж: parliament.mn
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.