МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийн анх...

Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийг дэмжлээ

Үнэн
Админ


Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.06.05) үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд хууль санаачлагч М.Мандхай нарын 10 гишүүн Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдээ буцаан татав.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн  хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа. Манай улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг орнуудын нэг болж, сүүлийн 80 гаруй жилд агаарын дундаж хэм 2.5-аар нэмэгдсэн. Байгалийн гамшигт үзэгдлийн давтамж олширч, 2023-2024 онд зуднаар 9.1 сая толгой мал хорогдож, эдийн засагт 2.8 их наяд төгрөгийн хохирол учирсан зэрэг нь уур амьсгалын өөрчлөлт үндэсний аюулгүй байдлын асуудал болсныг сануулж байна. Нэгдсэн суурь эрх зүйн орчин дутмаг учраас төслийг боловсруулсан гэж хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан танилцуулсан. Байнгын хороогоор хэлэлцээд дэмжсэн талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа илтгэв. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, арга хэмжээний нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, хүлэмжийн хийн хэмжилт, баталгаажуулалт, ногоон санхүүжилт,  нүүрстөрөгчийн зах зээлийн эрх зүйн орчин бий болгох нь чухал байна гэсэн юм.



УИХ-ын дарга С.Бямбацогт, НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцийн Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг 2026 оны наймдугаар сард манай улсад зохион байгуулахаар болсон, парламент зүгээс уур амьсгал, цөлжилт, газрын доройтол, тогтвортой хөгжилд анхаарч, бодлогоор дэмжих чухал шаардлагатайг гишүүдэд уриаллаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Д.Пүрэвдаваа, Б.Батбаатар, С.Одонтуяа, Б.Уянга, Д.Ганмаа, Ч.Ундрам,  Г.Лувсанжамц нар асууж, байр суурь илэрхийлэв. Хуулийн төслийг дэмжиж УИХ-ын гишүүн П.Сайнзориг үг хэлэхдээ гишүүд өөрсдөө ажлын хэсэгт орж ажиллаж, манлайлахыг, харин УИХ-ын гишүүн Ж.Баярмаа шинэ зохицуулалт бий болгох шаардлагагүй, дэлхий нийтийн жишигт нийцүүлэх тухай хөндөв.




Энэ өдрийн хуралдаанаар Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, төслийг хэлэлцэж дэмжсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Зулпхар танилцуулав. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийг 2024 онд баталж, "Хот байгуулах тухай" УИХ-ын тогтоолоор улсын зэрэглэлтэй 6, орон нутгийн зэрэглэлтэй 43, дагуул 4 хот байгуулахаар шийдсэн нь Үндсэн хуультай зөрчилдөж, зарим институцтэй зэрэгцээ бүтэц үүсэхээр байгааг Засгийн газрын Ажлын хэсэг тогтоожээ. Эхний ээлжинд Багануур, Налайхыг улсын зэрэглэлтэй хотын зохион байгуулалт, эдэлбэр газар, хил зааг, чиг үүргийн шилжилт, төсөв, санхүү, хүний нөөцийн бэлтгэлийг ханган хэрэгжүүлэхээр төсөлд тусгасан ажээ. Орон нутгийн зэрэглэлтэй болон дагуул хотуудын асуудлыг дараачийн шатанд шийдвэрлэнэ. Хуулийн төслийг дэмжвэл орон нутаг бие даан төсөв, дэд бүтцээ шийдвэрлэх нөхцөл бүрдэж, хөгжих суурь тавигдана. Иргэд цаг алдалгүй төрийн үйлчилгээ авах зэрэг давуу талтай гэж санаачлагчид үзжээ. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Д.Пүрэвдаваа, П.Сайнзориг, Ц.Туваан, Н.Наранбаатар, тодруулж, үг хэллээ. Дэмжсэн байр суурийг П.Сайнзориг гишүүн илэрхийлэхдээ, цагийг тулгаж оруулж ирсэн хэмээн хууль санаачлагчдыг шүүмжилсэн. Мөн хуралдаан даргалагч С.Бямбацогт олон аймаг, сумд хотын статустай болно гэсэн хүлээлттэй явж ирсэн, гишүүдийн байр суурь, саналыг төсөлд тусгаж чамбайруулахыг Ажлын хэсэгт даалгалаа.



Нэгдсэн хуралдаанаар, УИХ-ын гишүүн Э.Болормаа, А.Ариунзаяа, С.Эрдэнэбат, М.Ганхүлэг, Л.Соронзонболд, М.Нарантуяа-Нара, Г.Очирбат нараас өргөн мэдүүлсэн Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн юм. Монгол Улсын иргэд банкны карт, харилцах данстай, банк санхүүгийн бус байгууллага, аппликейшний зээлтэй гээд бүгд санхүүгийн хэрэглэгч болсон. Энэхүү хуулийн төсөл нь тэдгээр хэрэглэгчдэд тохиолдож буй тулгамдсан асуудал, гомдлыг шийдвэрлэх, эрхийг хамгаалахад чиглэсэн гэдгийг хууль санаачлагч гишүүн Э.Болормаа илтгэсэн. Эдийн засгийн байнгын хороо төслүүдийг хэлэлцээд, дэмжсэн талаар УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг танилцууллаа. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, С.Эрдэнэбат, Ж.Баярмаа, Х.Ганхуяг, С.Ганбаатар, Ц.Туваан асуулт асууж, байр суурь илэрхийллээ. Ийн хэлэлцээд, санал хураахад, уг хуулийн төслийг хэлэлцэхийг нийт гишүүдийн 69.9 хувь нь дэмжив. Хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг ч дэмжлээ.

Чуулганы нэгдсэн хуралдаан санал хураалтаар үргэлжилж, УИХ-ын гишүүдийн 57 хувийн саналаар Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ. Хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж, хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. 



Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг 65 гишүүн дэмжиж, санал өгсөн. Хамт өргөн мэдүүлсэн 13 хуулийн төслөөс гурвыг нь дэмжээгүй тул хууль санаачлагчид төслийг буцаав. Харин дэмжсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн. Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг 69 гишүүн дэмжиж, 74.2 хувийн саналаар баталлаа.

Харин дараа нь Төсвийн хүрээний мэдэгдэлтэй хамтын өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр МАН-ын бүлэг завсарлага авсан нь хугацаа дууссан тул үргэлжлүүлэн хэлэлцэж, санал хураав. Хуулийн төслийг гишүүдийн 69.9 хувь нь дэмжиж, эцэслэн баталсан юм.  


УИХ-ын гишүүн М.Мандхай нарын 10 гишүүнээс өнгөрсөн жил өргөн мэдүүлсэн Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, 71 хувийн саналаар дэмжлээ. Мөн зарчмын зөрүүтэй 26 санал тус бүрээр санал хурааж, баталсан хууль, тогтоолын эцсийн найруулга сонссоноор чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Эх сурвалж: parliament.mn
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.