МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанж...

Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал Нээлттэй засаглалын түншлэл санаачлагын төлөөллийг хүлээн авч уулзлаа

Үнэн
Админ


Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал өнөөдөр (20206.09.23) Нээлттэй засаглалын түншлэл олон улсын байгууллагын Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан захирал Свати Мехта тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.


Нээлттэй засаглалын түншлэл санаачлага нь бодлого тодорхойлох үйл ажиллагааны ил тод, хариуцлагатай байдлыг эрхэмлэж, шийдвэр гаргах үйл явцад иргэдийн санал, иргэний нийгмийн оролцоог бодитоор хэрэгжүүлэх зорилго бүхий дэлхийн 130 гаруй улс орныг нэгтгэсэн байгууллага гэдгийг зочин талаас танилцуулав. Улс орон бүр үүрэг, амлалтаа өөрсдийн санаачлагаар бие даасан, хараат бус байдлаар өгч, дотооддоо үйл ажиллагаагаа явуулдаг онцлогтой. Тус санаачлагад Монгол Улс 2013 онд нэгдэн орж, үндэсний тав дахь төлөвлөгөөгөө батлан хэрэгжүүлсэн. Түншлэлийн хүрээнд Монгол Улс төрийн худалдан авалтыг ил тод, нээлттэй болгосон. Гэвч сүүлийн хоёр жилд зогсонги байдалд орсон тул санаачлагыг болон төр-иргэний нийгмийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлыг дэмжиж өгөхийг хүсэж байна гэв.


Хүний эрхийн дэд хорооны дарга улсын төсвийн ил тод байдлыг сайжруулах, хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийх хэрэгцээ, шаардлага бийг онцлон тэмдэглэлээ. Мөн өөрөө иргэний нийгмийн төлөөлөл болж ажиллаж байсан тул уг түншлэлийн талаар мэдээлэлтэй байгаа. Ирэх оны төсвийн төслийг харьяалах яамд, иргэний нийгмийн байгууллагуудыг оролцуулан хэлэлцүүлэхээр төлөвлөсөн. “Хүүхдийн эрх ба Төсөв”, “Хүний эрхийн хамгаалалт ба Төсөв”, “Төрийн үйлчилгээ ба Төсөв” сэдвийн хүрээнд яамд төсвийн төслөө нээлттэй илгээж, танилцуулах учиртай. Энэ ажилд хөндлөнгийн хараат бус хяналт, үнэлгээ хийж хамтран ажиллах боломжтой хэмээв.


Түүнчлэн цаашид жил бүр төсвийн хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, төслийг иргэний нийгмийн байгууллагуудын оролцоотой хэлэлцүүлж хэвших бодлого баримталж байгааг уулзалтын үеэр танилцууллаа гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Эх сурвалж: parliament.mn
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.