Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар /2026.06.18/ өнөөдөр үдээс хойш 11 асуудал хэлэлцэж шийдвэрлэнэ. Хуралдааны эхэнд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин илтгэв. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр төсөлтэй холбогдуулан асууж, үг хэлэх гишүүн гараагүй. Хуралдаанаар Төсвийн байнгын хорооноос ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураахад, 72 гишүүн дэмжлээ. Эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар хуулийн төслийг холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.
Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос ирүүлсэн санал, дүгнэлтийг танилцуулсан. Өнгөрсөн жил өргөн мэдүүлсэн уг төсөлд сурагчдын “Үдийн хоол”-ны амт, чанар, ханган нийлүүлэлтийг хэрхэн тусгасан талаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал тодруулахад тусдаа зохицуулалттай учраас энэ төсөлд тусгаагүй гэсэн хариу өгөв. Харин хүүхдэд зориулсан хоол, хүнсийг дан дотоодоос бэлтгэх бодлого баримталж буйг хууль санаачлагч гишүүн М.Мандхай тайлбарлалаа. Хүнс үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангах бодлого, өөрсдийн аяга, тавгаа хэрэглэж хэвших асуудлыг УИХ-ын гишүүн Ж.Галбадрах, мах, махан бүтээгдэхүүнийг нэмүү өртгийн албан татвараас чөлөөлөх, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих тухай УИХ-ын гишүүн П.Наранбаяр хөндөж асуусан юм.
Хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Төрийн байгуулалтын байнгын хороо нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулж, Д.Ариунболд, Ж.Болд, Д.Давааням, Д.Мөнхзориг нарыг ирүүлсэн материал болон сонсголын үр дүнд үндэслэн Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд тавигдах шаардлагыг хангасан гэж үзэн Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшүүлэхийг санал нэгтэй дэмжиж, улмаар хуралдаанаараа нууц санал хураахад гишүүдийн олонх дэмжжээ. Нэр дэвшигчид гишүүдийн асуултад хариуллаа. Томилгоотой холбогдуулан УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Г.Ганбаатар, Ц.Баатархүү, Д.Ганбат, Х.Баасанжаргал, Б.Жаргалан, Х.Ганхуяг нар нэр дэвшигчдээс сонгуулийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, сонгогчдын ирц, оролцоог нэмэгдүүлэх, СЕХ-ны гишүүд нь угаасаа сонгуулийн үйл ажиллагаанд оролцдог байгууллагуудын удирдлага байдаг болохоор томилгоог хялбарчлах, сахилга, хариуцлагыг чангатгах зэргийг тодруулж, байр суурь илэрхийллээ.
Гишүүнд нэр дэвшигчдийг дэмжих эсэх нууц санал хураалтыг түр хойшлуулж, Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав.
Засгийн газраас 2025 оны 11 дүгээр сард өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Хууль зүйн байнгын хороо хийж, санал, дүгнэлт ирүүлжээ. Зарчмын зөрүүтэй 73 санал гаргасан байна. Танилцуулгыг УИХ-ын Ажлын хэсгийн ахлагч Х.Баасанжаргал илтгэв. Хуулийн төслийг хэлэлцүүлэх үеэр УИХ-ын гишүүн Л.Соронзонболд, Ж.Галбадрах, нар асуулт асууж, үг хэллээ. Санал хураалтыг 17.00 цагт явуулахаар хойшлуулсан.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны, “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг тус тус явуулсан.
“Газар зүйн нэрийн жагсаалт батлах тухай” Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулахаар Засгийн газраас төслөө өнгөрсөн гуравдугаар сард өргөн мэдүүлээд байгааг хэлэлцэв. Тогтоолын төслөөр зарчмын зөрүүтэй 7 саналтай гэв.
Үргэлжлүүлэн, Засгийн газраас энэ онд 2026 оны 06 дугаар сарын 12-нд өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа. Төслийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм. Тэрбээр тэтгэврийн реформоо илтгэв. Тэтгэвэр бол хүний шударга хөдөлмөрийн үр дүн байх ёстой гэж хууль санаачлагч онцолсон бол төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн талаар Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Ариунзаяа танилцууллаа.
УИХ-ын дарга С.Бямбацогт нэгдсэн хуралдааныг даргалж, Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй 73 санал тус бүрээр санал хураалт явуулж, гишүүдийн олонх дэмжсэн тул хуулийг төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
Чуулганы нэгдсэн хуралдаан Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зарчмын зөрүүтэй 61 саналыг шийдвэрлэх санал хураалтаар үргэлжилж, уртасгасан цагаар хуралдаж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.