Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.06.12)-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийн явуулсан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн, Засгийн газар болон Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг нарын өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын болон Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нийт 32 зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор үдээс хойно санал хураалт явууллаа. Зарчмын зөрүүтэй санал бүрээр нэг бүрчлэн санал хураалт явуулж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд нарын 13 гишүүнээс санаачлан өргөн мэдүүлсэн Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт боловсруулсан хуулийн төслүүдийн хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ. Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь Засгийн газраас энэ оны дөрөвдүгээр сард өргөн мэдүүлсэн Улсын нисэхийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Төслүүдтийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Х.Жангабыл хийлээ. Мөн Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж хуулийн төслийн 14.1.4-т заасан “захиалгат нислэг”-ийн тухай зохицуулалтыг илүү тодорхой болгох шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлж үг хэлсэн юм. Ингээд хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлэв.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэнгээс Төрийн хяналтын тухай хуултийн 13.1 дэх заалт Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль дээдлэх зарчимтай зөрчилдөж байгаа талаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналыг мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэв. Энэ асуудлыг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн талаарх тус Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар танилцууллаа. Санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай дээрх саналыг дэмжсэн учир уг хүсэлтийг албан бичгээр хүргүүлэхээр боллоо.
Монгол Улсын Засгийн газраас өнөөдөр Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг өргөн мэдүүлсэн талаар Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт мэдээлж, харьяаллын дагуу Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлснийг танилцуулсан юм. Хуулийн төслүүдийг Засгийн газар яаралтай хэлэлцүүлэхээр оруулж ирсэн гэдгийг тэрбээр дурдаж, “яаралтай” горимоор хэлэлцэхийг дэмжих, эсэх тухай санал хураалт явууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 53.1 хувь нь хуулийн төслүүдийг яаралтай хэлэлцэхийг дэмжсэн тул Байнгын хороонд шилжүүллээ.
Үүний дараа Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нарын 10 гишүүн санаачилж, 2025 оны зургадугаар сарын 19-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар уншиж танилцуулав.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар, Д.Рэгдэл нар асуулт асууж, хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар хөдөө аж ахуйн салбарын жижиг, дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийн дэмжиж ажиллах хэрэгцээ шаардлага байгааг анхааруулсан бол Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл хуулийн төсөл үзэл баримтлалаасаа чамгүй өөрчлөгдөн батлагдаж байгааг сануулж, хэрэгжилтэд нь анхаарах, мөн бүсийн лабораториудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинээр байгуулахад шаардагдах зардал, санхүүжилтийг улсын төсөвт тусгах талаар эртнээс анхаарч ажиллахыг зөвлөв. Энэ ажилд 5-7 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд нэг лабораторид 12-15 хүн ажиллана гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун танилцууллаа.
Хуулийн төслийг санаачлагчдын нэг, Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг үг хэлж, өргөн мэдүүлснээс хойш бүтэн жил хэлэлцэж байж баталж байгаа Хөдөө аж ахуйн тухай хууль бол суурь хууль учир салбарын хэмжээний зохицуулалтуудыг тусгасан хэмээн тайлбарлаж, өргөн барьсан үзэл баримтлалаасаа багагүй өөрчлөлт орсон учир өртгийн сүлжээ зэрэг шинэлэг харилцааны хэрэгжилтэд анхаарах шаардлага үүссэнийг тэмдэглэв.
Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авч, үг хэлсний дараа Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.
Чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай болон Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулиуд, “Хуулийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг уншиж сонсгов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.