Квант компьютерын өрсөлдөөн эрчимжив
2026 онд квант компьютерын хөгжүүлэлт дэлхийн технологийн салбарын хамгийн чухал өрсөлдөөний нэг болоод байна. Франц улс квант технологи болон дэвшилтэт микрочипийн үйлдвэрлэлд 1.5 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийхээ зарласан нь олон улсын анхаарлыг татлаа. Энэхүү хөрөнгө оруулалтын нэг тэрбум евро нь квант компьютерын судалгаа, хөгжүүлэлтэд зориулагдах бөгөөд Европын технологийн бие даасан байдлыг бэхжүүлэх зорилготой юм. Үүнтэй зэрэгцэн АНУ мөн квант технологийн салбарт хоёр тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлэх төлөвлөгөөг зарласан байна. IBM, D-Wave, Rigetti зэрэг компаниуд уг санхүүжилтийн гол хүртэгчид болох төлөвтэй байгаа бөгөөд хөрөнгө оруулалтын дараа квант технологийн хувьцаанууд огцом өссөн байна. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар квант компьютер нь ирээдүйд эмийн судалгаа, сансар судлал, уур амьсгалын загварчлал болон хиймэл оюуны тооцоололд хувьсгал авчрах боломжтой ажээ. IMEC судалгааны төв зургаан нанометрийн зайтай цахиур суурьтай кубит бүтээсэн нь сая кубиттай квант компьютер бүтээхэд томоохон алхам болсон гэж шинжээчид үнэлж байна.

Хиймэл оюун ухаан байгаль орчныг хамгаалахад ашиглагдаж эхэллээ
АНУ-ын сансар судлалын байгууллага- NASA хиймэл оюун ухааныг ашиглан усан дахь аюултай замагжилтыг урьдчилан таамаглах шинэ систем хөгжүүлж байна. Энэхүү технологи нь хиймэл дагуулын зураг, усны температур болон хлорофиллын хэмжээг AI алгоритмаар боловсруулан экологийн аюулыг эрт илрүүлэх боломжтой болжээ. Замагжилт нь дэлхийн олон оронд усны бохирдол, загасны хорогдол, хүний эрүүл мэндэд ноцтой аюул учруулдаг. AI-д суурилсан энэхүү систем нь нуур, гол мөрөн, далайн эргийн усны чанарыг илүү нарийвчлалтай хянах боломж олгож байгаа юм.
Мөн Их Британийн Цаг уурын алба уур амьсгалын өөрчлөлтийн тооцоололд зориулсан “AI factory” буюу хиймэл оюунд суурилсан суперкомпьютерын системүүдийг хөгжүүлж эхэлсэн байна. Эдгээр систем нь цаг агаарын урьдчилсан мэдээ болон гамшгийн эрсдэлийг илүү хурдан, нарийвчлалтай тооцоолох зорилготой ажээ.
AI болон кибер аюулгүй байдлын шинэ эрсдэлүүд нэмэгдэж байна

Их Британийн тагнуулын байгууллага GCHQ-ийн тэргүүн Энн Кийст-Батлер хиймэл оюун ухаан болон квант технологийн өрсөлдөөн нь үндэсний аюулгүй байдалд шинэ сорилт авчирч байгааг анхаарууллаа. Тэрбээр Орос, Хятад зэрэг улсууд AI болон кибер технологид асар их хөрөнгө оруулалт хийж байгааг онцолжээ.
Мөн олон улсын AI Safety Report-ийн хоёр дахь тайланд хиймэл оюуны системүүдийг хуурамч мэдээлэл тараах, кибер халдлага хийх, залилан мэхлэх ажиллагаанд ашиглах эрсдэл нэмэгдэж буйг дурдсан байна. Уг тайланг 30 гаруй улсын эрдэмтэд хамтран боловсруулжээ. Католик шашны тэргүүн Пап лам Лео XIV хүртэл хиймэл оюуны “зэвсэглэлийн өрсөлдөөн”-ийг зохицуулах олон улсын дүрэм шаардлагатай гэж мэдэгдсэн нь AI-ийн эрсдэл дэлхийн хэмжээний асуудал болсныг харуулж байна.
Квант холбооны хиймэл дагуулууд сансарт хөөрөв
Герман улсын QUBE-II нэртэй квант холбооны туршилтын хиймэл дагуул 2026 оны тавдугаар сард Falcon есөн пуужингаар амжилттай хөөрлөө. Энэхүү төсөл нь сансраас дэлхий рүү квант түлхүүр дамжуулах технологийг турших зорилготой юм. Квант холбоо нь мэдээллийг бараг хакердах боломжгүй өндөр хамгаалалттайгаар дамжуулах давуу талтай. Европын холбоо мөн Eagle-1 нэртэй квант холбооны хиймэл дагуулын төслийг эхлүүлээд байгаа бөгөөд энэ нь Европын аюулгүй холбооны дэд бүтцийг шинэ шатанд гаргах төлөвтэй байна. Үүнээс гадна Infleqtion компани квант төхөөрөмжөө Олон улсын сансрын станц руу илгээж, сансарт квант мэдрэгч турших ажил эхлүүлжээ. Тус компани АНУ-ын Батлан хамгаалах яамнаас санхүүжилт авч, сансар болон батлан хамгаалахын салбарт зориулсан квант технологи хөгжүүлж байна.
Шинжлэх ухаанд AI агентуудыг ашиглах шинэ эрин эхэлж байна
2026 онд эрдэмтэд олон төрлийн AI агентуудыг хамтран ажиллуулж шинжлэх ухааны судалгаанд ашиглах туршилтуудыг эхлүүлээд байна. MIT болон бусад байгууллагын судлаачид уур амьсгалын өөрчлөлт, өвчний тархалт, сансрын биет илрүүлэх зэрэг салбарт AI агентууд хүний ажлыг хурдасгаж байгааг тогтоожээ. Судалгаагаар олон AI систем хамтран ажиллах үед мэдээллийг илүү нарийвчлалтай боловсруулж, шинжлэх ухааны дүгнэлтийг хурдан гаргах боломжтой болохыг харуулсан байна. Жишээлбэл, халдварт өвчний тархалтыг урьдчилан таамаглах системийн нарийвчлал 94 хувьд хүрчээ. Мөн “AI-Augmented Science” буюу хиймэл оюунаар дэмжигдсэн шинжлэх ухааны шинэ ойлголт эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд эрдэмтэд AI-г зөвхөн туслах хэрэгсэл бус, шинжлэх ухааны нээлтийн хамтрагч болгон ашиглаж эхэлж байна.
М.Алтаннар
Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №021/24696/ дэх дугаар