МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр Л.Дашдэмбэрэл: “YES Mongolia” залуусын о...

Л.Дашдэмбэрэл: “YES Mongolia” залуусын оролцоог бодлогын шийдэл, нийгмийн эерэг өөрчлөлттэй холбон ажиллаж байна

МАН-ын Нарийн бичгийн дарга, “YES Mongolia” ТББ-ын тэргүүн Л.Дашдэмбэрэлтэй ярилцлаа.

Үнэн
Админ

МАН-ын Нарийн бичгийн дарга, “YES Mongolia” ТББ-ын тэргүүн Л.Дашдэмбэрэлтэй ярилцлаа.

 - “YES Mongolia” холбоо өнгөрсөн онд 10 жилийн ойгоо тэмдэглэсний дараа үйл ажиллагаагаа ямар чиглэлд төвлөрүүлж байна вэ?

-“YES Mongolia” холбоо анх байгуулагдахдаа салбар бүрийн мэргэшсэн, эксперт түвшний залуусыг нэгтгэн, хамтдаа хөгжиж, нийгэмд эерэг өөрчлөлт авчрах зорилготой байсан. Өнгөрсөн 10 жилд бид энэ зорилгынхоо хүрээнд бүтэц, гишүүнчлэл, үнэт зүйл, хамтын ажиллагааны соёлоо төлөвшүүлж ирсэн. Одоо бид дараагийн шатанд гурван үндсэн чиглэлд төвлөрөн ажиллаж байна. Нэгдүгээрт, гишүүнчлэлийн хүрээгээ тэлж, аймаг, орон нутаг дахь салбар зөвлөлүүдээ бэхжүүлэхийн зэрэгцээ гадаад улсуудад салбар зөвлөлүүдээ байгуулах ажлыг идэвхтэй өрнүүлж байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд гадаадын 11 улсад салбар зөвлөл байгуулж, хилийн чанад дахь монгол залуусын оролцоо, хамтын ажиллагааг нэгтгэх ажлыг эхлүүлээд байна. Хоёрдугаарт, энэ оноос гишүүнчлэлийн хоёр давхар бүтэцтэй, сонирхлын клубүүдийн нэгдсэн холбоо болох зорилтыг дэвшүүлсэн. Албан ёсны гишүүнчлэлийн зэрэгцээ спорт, урлаг, технологи, аялал, бизнес, нийгмийн сайн дурын ажил зэрэг сонирхлоороо нэгдсэн залуусыг YES-ийн орон зайд татан оролцуулснаар гишүүнчлэлийн хүрээ илүү нээлттэй, амьд, олон талт болно гэж харж байна.

Гуравдугаарт, бодлого шийдвэрт нөлөөлөх чадавхаа нэмэгдүүлэхэд анхаарч байна. Манай холбоо үндсэн 12 салбарын эксперт залуусыг нэгтгэсэн салбар хороодтой. Эдгээр хороогоороо дамжуулан салбар бүрд тулгамдаж буй асуудлыг мэргэжлийн түвшинд хэлэлцэж, гарц шийдэл эрэлхийлэн, төр засагт санал санаачилгаа уламжлан ажиллаж байна.

-Энэ онд “Чөлөөлье” үндэсний санаачилгыг дэмжсэн бодлогын хэлэлцүүлгүүд зохион байгуулсан. Үүний гол ач холбогдлыг та хэрхэн харж байна вэ?

-Манай холбоо Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” үндэсний санаачилгыг дэмжин ажиллаж байна. Энэ хүрээнд мэргэжлийн салбар хороод маань төр, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллага, салбарын төлөөллийг оролцуулсан “Чөлөөлье” цуврал хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж байна.

“Чөлөөлье” санаачилга хэрэгжиж эхэлснээс хойших энэ 100 хоногийн хугацаанд “YES Mongolia” нийт таван салбарын хэлэлцүүлэг зохион байгуулж, 1200 гаруй оролцогчийн санал, байр суурийг нэгтгэн Засгийн газарт хүргүүллээ. Ингэснээр салбар бүрд бодитоор тулгамдаж буй асуудлыг мэргэжлийн түвшинд хэлэлцэж, залуус, мэргэжилтнүүд, хувийн хэвшил, иргэний нийгмийн дуу хоолойг бодлого шийдвэрт хүргэх чухал талбар болж байна. Өөрөөр хэлбэл, “Чөлөөлье” хэлэлцүүлгүүд нь залуусыг төрийн шийдвэр, шийдэл хамтран боловсруулагч оролцогч болгох ач холбогдолтой ажил болж байна. “Чөлөөлье” цуврал хэлэлцүүлэг цаашид бүх салбарт үргэлжлэх болно. 

-Гишүүнчлэлийн хоёр давхар бүтэцтэй, клубүүдийн нэгдсэн холбоо болж байна гэж хэллээ. Энэ талаар тайлбарлаж өгөөч?

- “YES Mongolia” холбоо анхнаасаа үнэт зүйл, итгэлцэл, хариуцлагад суурилсан хатуу гишүүнчлэлтэй байгууллага байсан. Энэ зарчим цаашид ч хадгалагдана. Харин энэ оноос бид албан ёсны гишүүнчлэлийнхээ зэрэгцээ сонирхол, мэргэжил, амьдралын хэв маяг, нийгмийн идэвхээрээ нэгдсэн клубүүдийн оролцоог хөгжүүлж эхлээд байна.  Энэ хүрээнд “+100 клуб” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Ууланд алхдаг, технологи сонирхдог, спорт, урлаг, бизнес, судалгаа, нийгмийн сайн дурын ажилд оролцдог залуус бүгд YES-ийн орон зайд сонирхлоороо нэгдэж, оролцох боломжтой болж байгаа юм. Энэ нь холбооны хүрээг тэлэхээс гадна залуусыг илүү ойр, илүү амьд, илүү нээлттэй хэлбэрээр нэгтгэх шинэ боломж гэж харж байна.

Ерөнхийдөө, энэ оноос холбооны үйл ажиллагаа төв ажлын албанаас бүхнийг чиглүүлдэг хэлбэрээс илүү салбар хороо, салбар зөвлөл, клубүүд болон гишүүдийн өөрсдийн санаачилгад тулгуурлан төлөвлөгдөж, зохион байгуулагдаж байна. Өөрөөр хэлбэл, бид гишүүн төвтэй холбоо болох бодлогоо бодитоор хэрэгжүүлж эхэлсэн. Энэ зохион байгуулалтын үр дүн эхний хагас жилийн ажлаас тодорхой харагдлаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд бид 2026 оны эхний хагас жилийн ажлын тайлангаа танилцуулж, Удирдах зөвлөлийн өргөтгөсөн хурлаа хийсэн. Гишүүн төвтэй бодлогыг хэрэгжүүлж эхэлснээр гишүүдийн идэвх, оролцоо мэдэгдэхүйц нэмэгдсэн байна. Үндэсний хэмжээний болон салбар хороодын түвшинд 50 орчим томоохон ажил, харин салбар зөвлөлүүдийн хүрээнд 100 гаруй арга хэмжээ, санаачилгыг хэрэгжүүлсэн.

-“YES Mongolia” холбооны дараагийн зорилго юу вэ?

- Манай холбоо нь МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын залуучуудын холбооны сениор клубийн хувьд залгамж холбоо, туршлага дамжуулах талбар, бодлогын оролцооны нэг хэсэг байх учиртай. Тиймээс бидний үнэ цэн хэдэн арга хэмжээ зохион байгуулснаар бус, харин хэдэн шинэ санаачилгыг дэмжсэн, хэдэн залууг манлайлалд бэлдсэн,  салбарын ямар шийдвэр, шийдэлд бодит хувь нэмэр оруулснаар хэмжигдэх ёстой гэж харж байна.

Эх сурвалж: Монголын үнэн сонины №026/24701/ дэх дугаар

 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.