Л.Дашдорж: Ахмадуудад олгож буй тэтгэвэр амьдралд нь хүрэлцэхүйц байх ёстой
Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас улс орон даяар хэрэгжүүлж буй “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Архангай аймгийн Тариат суманд намын гишүүд, дэмжигчид болон иргэдтэй хийх уулзалт, хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид нар ахлан зохион байгууллааМөн уг арга хэмжээг Архангай аймгийн SDY-ийн залуучууд болон СДМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд хамтран зохион байгуулж, иргэдтэй нээлттэй уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Уулзалтын үеэр сумын ахмад настнуудтай уулзаж, тэдний санал хүсэлт, амьдралын нөхцөл байдал болон төрөөс хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн талаар нээлттэй санал солилцлоо.Тариат сумын өндөр настан Л.Дашдорж “Бид насан туршдаа хөдөлмөрлөж, улс орон болон үр хүүхдийнхээ төлөө ажилласан хүмүүс. Ахмад настнуудын тэтгэвэр амьдралд бодитоор хүрэлцэхүйц, хөдөлмөрийг нь үнэлсэн шударга тогтолцоо бүрдэх ёстой. Өнөөдөр ахмадуудын хувьд эрүүл мэнд, эм тарианы зардал хамгийн том ачаалал болж байна” хэмээн байр сууриа илэрхийллээ.
Ахмад настнуудын зүгээс тэтгэврийн шинэчлэл, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, орон нутаг дахь ахмад настнуудын нийгмийн хамгааллын асуудлыг түлхүү хөндөж, хөдөлмөрлөсөн хугацаа болон төлсөн шимтгэлдээ суурилсан шударга тогтолцоог бүрдүүлэх нь тэтгэврийн зөрүүг бууруулах чухал алхам болохыг онцлов.
Уулзалтын үеэр УИХ-аар хэлэлцэж буй тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэлийн талаар мэдээлэл өгч, шинэчлэл хэрэгжсэнээр олон жил ажиллаж, өндөр шимтгэл төлсөн иргэд хөдөлмөрийн үнэлэмжид тохирсон тэтгэвэр авах боломж бүрдэхийг танилцууллаа.
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд тэтгэврийн тогтолцоог илүү шударга болгох, олон жил шимтгэл төлсөн иргэдэд илүү өндөр тэтгэвэр олгох зарчим руу шилжих зорилт тавьж байгаа бөгөөд одоогийн тэтгэврийн зөрүүг үе шаттай бууруулах бодлого хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Мөн Нийгмийн даатгалын сангийн ил тод байдал, цахимжилтыг нэмэгдүүлж, иргэдэд ойлгомжтой, хүртээмжтэй систем бүрдүүлэхийг зорьж байна. Эдгээр шинэчлэлүүд хэрэгжсэнээр ахмад настнуудын амьдралын чанар сайжирч, төрийн үйлчилгээ илүү шуурхай, хүртээмжтэй болох боломж бүрдэнэ.
УИХ-ын гишүүн М.Энхцэцэг ахмад настнуудын дэвшүүлсэн санал, хүсэлтийг бодлого боловсруулах түвшинд хүргэж ажиллахаа илэрхийлж, ахмад үеийн туршлага, зөвлөгөө нь орон нутаг болон улсын хөгжлийн чухал үнэт зүйл болохыг онцоллоо.
Уулзалтад оролцсон ахмад настнууд төрөөс хэрэгжүүлж буй тэтгэврийн шинэчлэл болон нийгмийн хамгааллын бодлогыг дэмжиж буйгаа илэрхийлж, иргэдийн амьдралын чанарыг бодитоор дээшлүүлэх үр дүнтэй шинэчлэлийг тууштай хэрэгжүүлэхийг хүслээ.