Л.Зул: “Dew brand”-ийн эрхэмсэг загварууд бүсгүй таны үнэ цэнийг бүтээнэ
Цэцэгсийн шүүдэр лугаа өвөрмөц донж, силкэн дээр гараар зурж урласан деталиуд, цөөн тоогоор “үйлдвэрлэгдэх” коллекцоороо загварын ертөнцөд цахиур хагалан гарч ирж байгаа брэнд бол “Dew brand”.
Цэцэгсийн шүүдэр лугаа өвөрмөц донж, силкэн дээр гараар зурж урласан деталиуд, цөөн тоогоор “үйлдвэрлэгдэх” коллекцоороо загварын ертөнцөд цахиур хагалан гарч ирж байгаа брэнд бол “Dew brand”. Саяхан “Dew brand” анхны бие даасан “Fly with me” загвараа олон нийтэд хүргэж, топ моделиуд, ажил хэрэгч бүсгүйчүүд, гоо охидын мэдрэмжийг хөглөөд байна. “Dew brand”-ийг үүсгэн байгуулагч Лхагвасүрэнгийн ЗУЛТАЙ ярилцлаа.
Бид үйлчлүүлэгчдээ өөртөө итгэлтэй, бусдаас ялгарах давуу талтай харагдуулахыг зорьдог

-“Dew brand” анхны бие даасан “Fly with me” загварын шоугаа зохион байгууллаа. Яагаад “Fly with me” гэж нэрлэсэн бэ?
-“Dew brand” маань анхны бие даасан загварын шоугаа “Ugi event consulting”-ийн дэмжлэгтэйгээр хамтран зохион байгуулсан. Загварын шоунд маань үе үеийн шилдэг топ 20 модель оролцлоо. Анхны загварын шоугаа гурван хэсгээс бүрдсэн коллекцоор зохион байгуулснаараа онцлогтой. 2024 онд “Fly with me” коллекцоо гаргаж байсан юм. Энэ бол миний хамгийн амжилттай болсон цуглуулга. Эмэгтэй хүний гадаад болон дотоод гоо үзэсгэлэнг эрвээхэйн дэвэлт, гоо үзэсгэлэнгээс санаа авч, зүйрлэж хийсэн. Эмэгтэй хүн дуртай зүйлээ хийхдээ, хайрлагдахдаа, аялахдаа хөнгөн, жаргалтай мэдрэмжийг авдаг. Энэхүү нисэж буй мэт мэдрэмжийг эрвээхэйтэй зүйрлэж, “Fly with me” гэж нэрлэсэн юм.

-“Dew brand”-ийн онцлогоос дурдахгүй юу?
-“Dew brand”-ийн ихэнх загвар эмэгтэйлэг, ихэмсэг донжтой. Энэ загваруудаа торгон материалаар түлхүү урлаж бүсгүйчүүддээ санал болгодог. Силкэн буюу торгон материал нь зөөлөн, гөлгөр уналттай, биед эвтэйхэн, тансаг харагдуулдаг. Энэ материалаар хийсэн хувцас хэрэглэл нь өдөр тутмын болон баяр ёслолын гоёлд төгс зохицно. Силкэн материал нь зөөлөн бөгөөд агаар нэвтрүүлдэг тул халуун өдрүүдэд өмсөхөд биед эвтэйхэн.
Мөн биед соронзлогдож наалдахгүй, хөнгөн шингэн уналттай тул дээл, даашинз урлахад тохиромжтой. Тиймээс ч силкэн дээр гараар зурж, аксессуар болон нэмэлт деталиудыг хийж, худалдаалдаг. Гараар зурсан зурагтай 100 хувийн силкэн алчуурыг хэрэглэгчид хайртай хүмүүстээ нэрийг нь бичээд бэлэглэж болдог.

-Та бүхэн хэрэглэгчдэдээ ямар загварыг санал болгодог вэ?
-“Dew brand”-ийг ажил хэрэгч, бизнес эмэгтэйчүүд илүүтэй сонгон үйлчлүүлдэг. Манай брэндийн хамгийн гол онцлог нь силкэн дээр гараар зурж, хувцасныхаа деталь хэсгүүдийг шигтгэж өгдөг. Бид жил бүр 3-4 удаагийн коллекцыг хэрэглэгчдэдээ санал болгодог. Хэрэглэгчид маань манай загварыг үзэж сонирхон, өөрсдийн хүссэн загваруудыг сонгон захиалга өгдөг.
Ингээд бид хэрэглэгчдээсээ захиалгаа авч үйлчилдэг. Манайх “Little Venice Mongolia” их дэлгүүрт нэрийн дэлгүүр ажиллуулж байгаа. Олны танил хүмүүс, топ моделиуд, бизнес эрхлэгч эмэгтэйчүүд манайд захиалгаа өгч, үйлчлүүлсээр ирсэн. Бид үйлчлүүлэгчдэдээ өөртөө итгэлтэй, бусдаас ялгарах давуу талтай харагдуулахыг зорьдог.
-Танайх үндэсний, уламжлалт, орчин үеийн хувцсыг хослуулан урлаж байгаа нь олны сонирхлыг татаж байна. Загвар хийцийн хувьд ямар бүтээлийг илүү урлаж байна вэ?
-“Dew brand” маань үндэсний болон ажил хэрэгч хувцас, үйл ажиллагааны болон гоёлын даашинз гэсэн сигменттэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Ер нь эмэгтэй хүний бүх төрлийн хувцсыг биед нь таарсан размераар гаргадгаараа онцлогтой.
Бид анх байгуулагдаад силкэн дээр бүтэн зураг зурж, коллекц гаргаж байлаа. Сүүлдээ гараар зурах бүтээлээ хувцсан дээр хэсэгчилсэн байдлаар чимэглэж шигтгэж өгдөг.
Энэ нь ч илүү оновчтой шийдэл болсон гэж боддог. Хувцасны зах, халаас зэрэгт зориулалтын будгаар зурж, шигтгэж өгдгөөрөө илүү онцлогтой.

-Хувцасны шигтгээнүүдийг гараар урладаг гэлээ. Ажиллагаа их орох уу?
-Мэдээж, силкэн дээр гараар зурдаг учир баллуурдаж болдоггүй. Тиймээс маш нарийн, чимхлүүр ажиллагаа шаарддаг. Анх бүтэн хувцсан дээр зурахад том талбай шаарддаг, энэ хэрээр хугацаа их зарцуулдаг байлаа. Одоо хувцасны деталь дээр чимэглэл хийж байгаа болохоор хугацаа орох нь бага ч нарийн мэдрэмж, гарын ур дүй шаарддаг. Гараар нэг зурсан зураг маань дараагийн зурсантайгаа адилхан болохгүй. Тиймээс маш өвөрмөц, дахин давтагдашгүй бүтээл болдог.

-Сонгодог, ажил хэрэгч, үндэсний загвараас гадна өдөр тутмын загварыг урлаж байгаа юу?
-Бид үйлчлүүлэгчдийнхээ захиалгаар урладаг гэж өмнө нь дурдсан. Гэхдээ зарим коллекц маань өдөр тутамдаа ч өмсөж болох загвар байдаг. Манай загварыг салгаад, өөр өөр деталь хэсгүүдтэй хувиргаж өмсөж болдгоороо онцлог талтай. Жишээ нь, нэг жакет топыг өөрт байдаг силкэн даашинзтайгаа хослуулж болно. Мөн зарим загвар дээр даашинзны деталь хэсгүүдийг нь салгаж, энгийн болгон тохируулж өмсөх боломжтой. Гар зурагтай аксессуарыг товчоор нь салгаж, энгийн үедээ өмсөж болно гэх зэргээр смарт байдлаар загваруудаа бүтээдэг. Тиймээс манай загваруудыг гоёлын болон өдөр тутмын төрөлд хувиргаж болдог давуу талтай.
Германд суралцсан гурван жилд миний сэтгэлгээ маш их тэлсэн

-Яагаад загвар зохион бүтээгчийн мэргэжлийг сонгосон бэ. Хэзээнээс загвар зохион бүтээж эхлэв?
-Би энэ мэргэжлийг сонгосон гэхээс илүү энэ мэргэжил надад сонгогдсон гэж хэлэх дуртай. Аав маань зураач мэргэжилтэй. Намайг зургаа настай байхаас зургийн ном үзүүлж, уран зурагт дурлуулсан. Би зургаан настайгаасаа хувцас загварын скиз зурж эхэлсэн. Арван жилийн сургуульд сурч байхад аав маань Монголын хүүхдийн ордны дугуйланд хөтлөн оруулснаар таван жил суралцсан.
“Үнсгэлжин” улсын уралдаанд оролцож Гран-при шагнал хүртэж, СУИС, Дизайн урлагийн дээд сургууль, “Урлах эрдэм” дээд сургуулиас урилга хүлээн авч байлаа. Цаашдаа гадаадад суралцах зорилготой байсан тул улсын сургуулийг сонгож, СУИС-ийн харьяа Дүрслэх, дизайн урлагийн сургуулийг сонгон артист дизайнер мэргэжлээр суралцан төгссөн.

-Танай брэндийг топ загвар өмсөгчид их талархан хүлээн авч байсан. Загварын санаа хэрхэн төрдөг вэ?
-Баярлалаа. Би их сургуулиа төгсөөд нэг хэсэг мэргэжлээрээ ажилласан. Ордос хотод урилгаар дизаинер, “Говь” компанид зохион бүтээгч гэхчилэн олон компанид ажиллаж байсан. Дараагаар нь өөрийн хүсэл, зорилгоо биелүүлэхээр Герман улсад очиж, суралцан мэргэжлээ дээшлүүлсэн юм. Германд суралцахын зэрэгцээ торгон дээр зурах урлагийг хувиараа судалж суралцан, хоббигоороо маш их хийдэг байлаа.
Мөн дадлага хийж байхдаа тухайн компанийн сэмпл хувцсыг хийдэг газар оёдолчноор ажиллаж, дадлага туршлагатай болсон. Германд гурван жил сурч, амьдрахдаа Швейцар, Бельги, Турк, Голланд, Итали, Франц гээд Европын бүх улсаар аялсан. Ингэж явахдаа Европын улсуудын уран баримал, барилга гээд их сургуульдаа үзэж байсан дэлхийн урлагийн хичээлүүдийг нүдээр үзэж, сэтгэлгээгээ тэлсэн юм.
Тэнд Европын алдартай уран баримал, уран зураг, Парисын Луврын музей, Амстердамын Ван Гогийн музей, Рембрандтын музей гээд уран зураг, фэшн үзэсгэлэнгүүдийг алгасахгүй үздэг байсан. Энэ нь миний урлагийн нүдийг маань илүүтэй нээсэн.
Германд суралцсан гурван жил сэтгэлгээний хувьд тэлж, их зүйлийг сурсан гэж боддог. Мэргэжлээрээ дэвшиж, тэлж, суралцсан миний амьдралын хамгийн жаргалтай үе маань байсан юм. Энэ туршлагаасаа загварын санаануудаа бодож, тухайн үеийн мэдрэмжээрээ загваруудаа зохиодог.

-Цаашид загварын сонголтоо баяжуулах уу. Ямар зорилт тавин ажиллаж байна?
-Загварын сонголтоо цаашид улам өргөжүүлнэ. Манай брэнд классик, ихэмсэг, эмэгтэйлэг өнгө аястай. Энэ жилээс монгол үндэснийхээ загварт түлхүү ажиллаж үндэсний хувцсаа сонгодог хэв маягтай хослуулж, хэрхэн үндэсний шинэ шийдэлтэй загвар гаргах вэ гэдэг дээр төвлөрч ажиллаж байна. Нэрийн дэлгүүртэй болсон учир размерын сонголтоо нэмнэ. Мөн өөрийн брэндийн загваруудаараа гадаадад болдог үзэсгэлэнд оролцох зорилготой байна.
Н.Энхлэн
Эх сурвалж: "Монголын үнэн сонин"-ы №028/24703/ дахь дугаар