МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр Малын эмчийн хүрэлцээ, ахмадын нийгмийн...

Малын эмчийн хүрэлцээ, ахмадын нийгмийн асуудал, усалгааны системийн талаар саналаа илэрхийллээ

Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас зохион байгуулж буй “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Баянхонгор аймгийн Баацагаан суманд Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэлээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж, орон нутгийн иргэд, намын гишүүд, дэмжигчидтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Үнэн
Админ
 
 
Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас зохион байгуулж буй “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Баянхонгор аймгийн Баацагаан суманд Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэлээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж, орон нутгийн иргэд, намын гишүүд, дэмжигчидтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Уулзалтын үеэр иргэд хөдөө, орон нутагт малын эмчийн хүрэлцээ дутагдалтай байгаа асуудлыг онцгойлон хөндлөө. Иргэдийн хэлж буйгаар нэг малын эмчид 40 мянган толгой мал ногдох ёстой атал Баацагаан суманд 399 мянган толгой малд нэг малын эмч ажиллаж байгаа нь мал эмнэлгийн үйлчилгээний хүртээмж, чанарт хүндрэл үүсгэж байна гэв. Иймээс улсын хэмжээнд малын эмч мэргэжилтэн бэлтгэх, орон нутагт тогтвор суурьшилтай ажиллуулах бодлогыг эрчимжүүлэх шаардлагатайг санал болголоо.

Мөн ахмад настнуудын эмийн үнэ өндөр, тэтгэврийн орлого амьжиргаанд хүрэлцээ муутай, эмнэлэг, сувиллын үйлчилгээнд хамрагдах боломж хязгаарлагдмал байгаа талаар ахмадууд санал бодлоо илэрхийлэв. Түүнчлэн ахмадын өргөө, спорт төв зэрэг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, нийгмийн харилцаанд идэвхтэй оролцох орчин нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатайг хөндлөө.

Иргэдийн зүгээс орон нутагт залуучуудын тоо цөөрч, ажиллаж амьдрах хүний нөөц дутагдаж байгааг мөн хэлж байв. Залуусыг нутагтаа ажиллаж, амьдрах нөхцөлөөр хангах, ажлын байр, орон сууц, нийгмийн дэд бүтцийг сайжруулах нь хөдөөгийн хөгжлийн чухал асуудал гэдгийг онцоллоо.

Түүнчлэн Хөхөргийн усалгааны системийг сэргээж, засварлан ашиглалтад оруулбал хүнсний ногоо тариалах, аймаг орон нутгаа дотоодын ногоогоор хангах боломж бий гэдгийг иргэд хэллээ. Баацагаан сумын хөрс үржил шим сайтай тул усалгааны асуудлыг шийдвэрлэж чадвал орон нутгийн эдийн засагт бодит үр өгөөж өгөх боломжтойг онцлов.

Ажлын хэсгийн гишүүд иргэдийн санал, хүсэлтийг анхааралтай сонсож, малын эмчийн хүрэлцээ, ахмад настнуудын нийгмийн хамгаалал, залуучуудын орон нутагт ажиллаж амьдрах нөхцөл, усалгааны систем болон нийгмийн дэд бүтцийн асуудлыг бодлого, шийдвэрийн түвшинд уламжлан ажиллахаа илэрхийллээ.

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.