МАН: АИ-92 шатахуун 42 хоногийн нөөцтэй байна
Манай улсын эдийн засаг 2025 онд 6.8 хувиар өссөн. Гэхдээ энэ өсөлтийн 3.2 нэгж хувь нь ХАА, Оюутолгойн баяжмал дахь агууламж болон биет хэмжээний өөрчлөлтийн үр дүнд өсжээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2026.04.06/-ийн хуралдаанаар МАН-ын Удирдах зөвлөл болон Бага хурлын тогтоол танилцуулах тухай асуудлыг хэлэлцэв.
МАН-ын Бага хурлын II хуралдааны 04, 05, Удирдах зөвлөлийн А/11 дүгээр тогтоолд улс орны нийгэм, эдийн засгийн байдал, иргэдийн амьдралын чанарыг ахиулах, төр засгийн тогтвортой шуурхай ажиллагааг хангаж ажиллахад УИХ дахь МАН-ын бүлэг анхаарч ажиллах чиглэл өгсөн.
Тогтоолын хэрэгжилтийг ханган, Засгийн газрын оновчтой бодлого, шуурхай үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчныг шуурхай бүрдүүлэхэд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд анхаарч, цаашдын үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах талаар хэлэлцлээ.
Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр улсын эдийн засгийн өнөөгийн байдал, учирч буй эрсдэл, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар бүлгийн гишүүдэд мэдээлэл танилцуулсан.
Манай улсын эдийн засаг 2025 онд 6.8 хувиар өссөн. Гэхдээ энэ өсөлтийн 3.2 нэгж хувь нь ХАА, Оюутолгойн баяжмал дахь агууламж болон биет хэмжээний өөрчлөлтийн үр дүнд өсжээ. Харин бусад салбарын үйл ажиллагааны өсөлт 3.6 хувь байгаа нь эдийн засгийн потенциалаас бага байна. Өрхийн бодит орлогын өсөлт улсын хэмжээнд 5.0 хувь болж нэмэгдсэн бол Улаанбаатар хотод 2.2 хувиар буурсан гэлээ. Мөн тэтгэвэр, тэтгэмж бодит дүнгээр 3.2 хувиар буурч, цалингийн орлогын өсөлт саарч байгаа талаар салбарын сайд танилцуулгадаа дурдсан.
Экспортын орлого 2026 оны эхний улиралд 4.8 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 60 хувиар өндөр байна. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны идэвх 2025 оны эхний хагаст унаж, сард 0.5 сая тонн хүрэхгүй хэмжээний нүүрсний гэрээ хийж байсан бол арилжааны идэвх тогтвортой өсөж сүүлийн гурван улиралд сард дунджаар 2.7 сая тонн нүүрсний шинэ гэрээ хийжээ.
Ойрхи дорнодын хямралаас үүдэн газрын тос, байгалийн хийн үнэ, нийлүүлэлтийн хувьд Ормузын хоолойгоор хийгдэх тээвэрлэлт огцом буурч, газрын тосны үнэ 109 ам.долларт хүрсэн. Манай улсын хувьд газрын тосны бүтээгдэхүүний нөөц АИ-92 42 хоног, АИ-95 73 хоног, ДТ 27 хоног, шингэрүүлсэн шатдаг хий 40 хоног, ТС-1 25 хоногийн нөөцтэй байна.
УИХ дахь МАН-ын бүлгээс олон улсын нөхцөл байдалтай холбоотой газрын тосны бүтээгдэхүүний үнэ цаашид ч өсөх хандлагатай тул Засгийн газарт үнийн өсөлтийн хурдыг хязгаарлах, тарифын болон тарифын бус аргаар хийж болох зохицуулалт, тохируулгын тооцоо судалгаа хийж, эрсдэлийн эсрэг хариу арга хэмжээ авах төлөвлөгөө гаргах чиглэл өглөө. Мөн хаврын тариалалт, хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагааг тасралтгүй явуулах, нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд онцгой анхаарч, хомсдол үүсгэхгүй байх нь чухал гэдгийг анхааруулсан байна.
Өнгөрсөн долоо хоногт УИХ-аар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж эхэлсэн. Тогтоол батлагдсанаар газрын тосны бүтээгдэхүүний Гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоох эрхийг Засгийн газарт олгож, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан шатахууны үнийн хэлбэлзлийг түргэн шуурхай зохицуулах боломж бүрдэх юм.
Сэтгэгдэл
0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.