МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр Мэдлэгээ тэлсэн залуус нийгмийн хөгжлийг...

Мэдлэгээ тэлсэн залуус нийгмийн хөгжлийг манлайлна

Залуу төлөөлөгчдийн  “Youth Council Summit 2026” арга хэмжээ Улаанбаатар хотноо гуравдугаар сарын 28-29-нд зохион байгуулагдлаа. МАН-ын дэргэдэх СДМЗХ-ноос  зохион байгуулсан “Чөлөөлье, төлөөлье, цэгцэлье,” уриатай энэхүү арга хэмжээнд  750 гаруй залуу төлөөлөгч оролцлоо. Монголын 21 аймаг, Нийслэлийн есөн дүүргээс ИТХ-д сонгогдсон нийт 750 гаруй залуу төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэйгээр  анх удаа зохион байгуулснаараа онцлогтой “Youth Council Summit 2026” энэхүү  арга хэмжээг Фридрих-Эбертийн сан дэмжиж ажилласан байна.

Үнэн
Админ

 

Залуу төлөөлөгчдийн  “Youth Council Summit 2026” арга хэмжээ Улаанбаатар хотноо гуравдугаар сарын 28-29-нд зохион байгуулагдлаа. МАН-ын дэргэдэх СДМЗХ-ноос  зохион байгуулсан “Чөлөөлье, төлөөлье, цэгцэлье,” уриатай энэхүү арга хэмжээнд  750 гаруй залуу төлөөлөгч оролцлоо. Монголын 21 аймаг, Нийслэлийн есөн дүүргээс ИТХ-д сонгогдсон нийт 750 гаруй залуу төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэйгээр  анх удаа зохион байгуулснаараа онцлогтой “Youth Council Summit 2026” энэхүү  арга хэмжээг Фридрих-Эбертийн сан дэмжиж ажилласан байна. Энэхүү арга хэмжээ нь  залуу төлөөлөгчдийн бүс, орон нутагтаа үзүүлэх манлайллыг дэмжих, нийгмийн инновацын төслүүдийн талаар мэдээлэл өгөх, жишиг төслүүдийг танилцуулах, хиймэл оюун ухаан, шинэ технологи, соёлын өөрчлөлтүүдийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэн, сургалт явуулах зорилготой юм. 

Б.Пүрэвдагва: Та бүхэнд энэ  нийгмийг өөрчлөх, шинэчлэх, сайжруулах, чөлөөлөх хүч бий

 

 Тусгаар тогтнолын ордонд болсон “Youth Council Summit 2026” арга хэмжээг СДМЗХ-ны Ерөнхийлөгч, МАН-ын На­рийн бичгийн дарга Б.Пү­рэв­дагва нээж, “Эх орны өн­цөг булан бүрээс хүрэлцэн ир­сэн ард түмний мандаттай, оюунлаг залуучуудынхаа энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье. Монгол Улсад анх удаа иргэдээсээ мандат авч, дэмжлэгээр сонгогдсон 750 залуус нэгдэн сууж байна. Энэ танхимд зовлон нэгтэй, үзэл бодол, зорилго нэгтэй залуус цуглаад байна.

Энэ танхимд цугласан залуусын дундаж нас 34. Энэ бол ардчилалтай хамт өсөж, ардчиллын жаргал зовлонг мэдэрсэн. Арван жилдээ, их сургуульд, ажлын гараандаа ч ардчиллын сайн сайхныг алдаа оноотой нь хамт мэдэрч байгаа.  Энэ үеийнхнийг СДМЗХ-ны долдугаар үе гэж нэрлэнэ. Бид нэг үед төрж, нэг улсад амьдарч, энэ нийгмийг хамтдаа бүтээхийн төлөө явцгааж байна. Тиймээс энэ нийгмийг өөрчлөх, шинэчлэх, сайжруулах хүч та бүхэнд байгаа, та бүхэн чадна. Хөндлөнгөөс шүүмжилж суух биш оролцож, шинэчилж, чөлөөлөх залуус бол та нар” гэдгийг онцоллоо. СДМЗХ-ны  долоо дахь Ерөнхийлөгч Б.Пүрэвдагва дараагийн үедээ дөрвөн зүйл үлдээхээр тэмүүлж байгаагаа тодотгоод.  Тэрбээр нэгдүгээрт, ил тод, нээлттэй тогтолцоог бий болгох, хоёрдугаарт, цахим залуучуудын байгууллагыг бий болгох, гуравдугаарт, салбар холбоодыг хөгжүүлэх, дөрөвдүгээрт, залуучууд залуучуудынхаа буюу өөрсдийнхөө асуудлыг шийдвэрлэхэд оролцдог, төлөөлдөг болох зорилготой, эдгээрээ хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа юм.

 Н.Учрал: Хөдөлмөрлөе, хийе, бүтээе гэж байгаа хэн бүхнийг “Чөлөөлье” бодлогоор дэмжинэ

 “Youth Council Summit 2026” арга хэмжээний  “Чөлөөлье” хэсэгт МАН-ын дарга, Ерөнхий сайд   Н.Учрал хүндэт зочноор оролцож илтгэл тавилаа.

 “МАН-ын даргаар сонгогдсон цаг үеэс эхлэн миний, бидний цагт намыг шинэчлэх үйл хэрэг хэрхэн өрнөхийг ард түмэн чих тавин хүлээж байна. Иймд бид хамтдаа илүү хичээж, ард түмнийхээ амьдралыг өөд нь татах, тэдний нуруун дээр байгаа ачааг хөнгөлөх, тэдний хөдөлмөрлөе, бүтээе, хийе гэсэн санал санаачилгыг нь дэмжиж, түүнд нь саад тотгор болж буй хүнд суртал, дүрэм журам, гох дэгээнээс чөлөөлөхийн төлөөх санаачилгыг хамтдаа хэрэгжүүлье” гэдгийг онцлов. Ингээд Монгол Улсын эдийн засгийн сүүлийн 10 жилийн голлох үзүүлэлтүүд, түүнд нөлөөлсөн хүчин зүйлүүд, ДНБ, эдийн засгийн 2025 оны өсөлтөд хөдөө аж ахуй, уул уурхай, барилгын салбар өсөлт гол нөлөө үзүүлсэн зэрэг тоо баримтыг дурдлаа.

Тэрбээр, “Чөлөөлөлт” бол хийе, бүтээе гэсэн хэн бүхний нуруун дээр байгаа ачааг хөнгөлье, чөлөөлье гэсэн үзэл санаа. Төсвийн урсгал зардлын хэт тэлэлтээс  үүдээд төсвийн орон зай хумигдаж байгаа. Урсгал зардлыг хэтэрхий үрэлгэн зарсан. Урсгал зардал хэзээ ч орлого бүтээдэггүй. Нэмүү өртөг үлддэггүй зүйлд үрэлгэн зардал гаргахаар зах зээл дээр их хэмжээний мөнгө нийлүүлэгдэж, иргэд үнийн өсөлтөд дарлуулдаг. Иргэдээ үнийн өсөлтөөс чөлөөлье гэдэг бодлого бол чөлөөт зах зээлийн өрсөлдөөн.

Бид захиргааны аргаар маш олон арга хэмжээ авч ирсэн. Захиргааны арга хэмжээ аваад нэмэр болдоггүй гэдгийг олон жил татаас өгч явсны үр дүнд үнэнтэй нүүр тулж байна. 40 гаруй жил нэг цахилгаан станц барьж дуусгасангүй. Цаашдаа энэ байдлаар яваад эрчим хүчний салбарт татвараас бүрдсэн орлогоор татаас өгөөд үнийг нь хүчээр барьж байгаад үнэнтэй хүссэн хүсээгүй нүүр тулж, гал алдлаа. Бид үнэнийг ярихаас айдаг болсон. Тиймээс цаашид МАН үнэнийг ярьдаг байх ёстой гэж бодож байна.

Энэ цаг үе бидний нуруун дээр байгаа. Өнгөрсөн алдааг дахиж давтахгүй. Харин амжилтыг ахиулж, илүү бататгана. Ингэснээр илүү үр дүнд хүрнэ. Тийм ч учраас иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах бодлого хэрэгтэй. Төрийн албан хаагчийн цалин 30 хувиар нэмэгдээд ард түмний амьжиргаа дээшлэхгүй байна. Тийм учраас экспорт, импорт бидний амьдрал хамгийн их хамааралтай зүйл. Төлбөрийн тэнцэл алдагдалтай байх нь төгрөгийн ханш суларч, инфляц хөөрөгдөж, иргэдийн нуруун дээр ачаа нэмдэг. Цалин нэмлээ ч талхны үнэ дахиад гурав дахин өссөн бол нэмэргүй. Засгийн газар 2.3 их наядын төсвийн хэмнэлтийг хийсэн. Урсгалыг хэмнэсний үр дүн эдийн засагт эерэг тоогоор гарч ирдэг. Цаашдаа ч бид энэ хэмнэлтийг хийх ёстой. Аялал жуулчлал, боловсрол зэрэг үйлчилгээн дэх валют нэмэгдэж байгаа. Үүнд эдийн засгийн зөв бодлого явуулах хэрэгтэй.

2022 оноос хойш боловсролд зориулсан зардал 112 хувь, эрүүл мэндийнх 38 хувь, цахилгааных 4.6 дахин өссөн байна. Энэ өсөлт ард түмний амьралд хүнд тусаж байгаа юм. Тухайлбал, өрхийн нэрлэсэн дундаж орлого 2.9 сая төгрөгт хүрсэн. Гэтэл зардал нь гурван сая давж байна. Ингээд илүү зарлагаа зээл авч зохицуулж байна. Амьдралаа авч явахын тулд зээлээс зээлийн хооронд, өрөөс өрийн хооронд өрийн гинжин хэлхээнд орж байгаа юм. Монголбанкнаас гаргаж байгаа бүтээгдэхүүн халамжийн бодлоготой. Ажлын байр нэмэгдүүлэх бодлогогүй.

Тийм учраас гадаадын банк оруулж ирэх бодлого барьж байна. Таван жилийн өмнө гадаадын банк оруулж ирэхийг ард түмэн дэмждэггүй байсан. Харин өнөөдөр ард түмэн мэдээлэлтэй, хэрсүү болсон. Нөгөө талаар өр, зээлтэй байна. Тийм учраас өрсөлдөөн бий болгох хэрэгтэй. Банкууд төрөлжиж орж ирнэ. Хөгжлийн зээл олгох гэх мэтээр үйл ажиллагааны чиглэлтэй байна.

Мөн эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах талаар олон жил ярьсан. Одоо үүнийг бодит ажил болгох хэрэгтэй. Хувийн хэвшлийн бизнес тэлэх орон зайг бий болгоно. Одоо дүрэм, журамнаас нь салгаж өгнө. Ингээд хувийн хэвшил орлогоо бүрдүүлж, орон зайд хүссэнээрээ ажиллах хэрэгтэй. Иргэд ч гэсэн өрхийн орлого бүрдүүлэхийн төлөө байгаа бүх санал, санаачилгыг дэмжинэ. Хөдөлмөрлөе, хийе, бүтээе гэсэн хэн бүхнийг “Чөлөөлье” бодлогоор дэмжинэ. Одоо надад том том мега төсөл байхгүй.

Эхлүүлсэн ажлуудаа дуус­гах ёстой. Зэс хайлуулах цог­цолборыг дуусгана, монголчууд  Гангийн үйлдвэртэй болох ёстой. Олборлох салбарын ил тод байдлын тухай хуулийг боловсруулж дууссан. Энэ хууль батлагдан хэрэгжсэнээр  тухайн төсөл хэрэгжиж байвал кредитээр үнэлдэг болно. Энэ бол олборлох салбарын ил тод байдал юм.  Тиймээс 21 аймгийн удирдлагууд миний “Чөлөөлье” бодлогыг орон нутагтаа дэмжиж өгөх хэрэгтэй байна гэсэн юм.

 “Төр, иргэний гүүр болж явахад амжилтад хүрдэг гэдгийг ойлгосон” 

Дараа нь төлөөлөгч залуус панел хэлэлцүүлэг өрнүүллээ.

Төлөөлөгч залуус туршлагаасаа хуваалцаж, хэсэг бүрдээ панел хэлэлцүүлэг зохион байгуулж байлаа. Тухайлбал, эхний панел хэлэлцүүлэгт нийслэлийн Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга П.Бат-Оргил, МАН-ын УЗ-ийн гишүүн, НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин, Хөвсгөл аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Мөрөн сумын Засаг дарга Х.Тайванбаяр, Өвөрхангай аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Ариунзаяа нар залууст оролцож, туршлага, мэдлэгээсээ хуваалцлаа. Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга П.Бат-Оргил “Бид ард түмний дуу хоолойг мэдэрч, төрд хүргэх хүмүүс. ИТХ-д төлөөлөгчөөр гурван удаа сонгогдоод байна. Намайг 2016 онд анх удаа төлөөлөгчөөр сонгогдож байхад манай дүүрэгт 160 мянган хүн амтай байсан бол одоо 320 мянган бүртгэлтэй оршин суугчидтай, хүн амаараа Баянзүрх, Сонгинохайрханы дараа гуравдугаарт ордог. Анх төлөөлөгчөөр сонгогдоод өдөр тутмын амьдралд цохилтод орж байсан одоо хэвийн ажлын горим болсон” гэсэн бол  Өвөрхангай аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ариунзаяа “Би анх төлөөлөгчөөр сонгогдоод өөрийн дуу хоолойгоо л хүргэдэг байсан бол ажил хариуцаж аваад багаараа ажиллах зарчмаар явж, хариуцлага нэмэгддэг юм байна. Би биш бид гэж ажиллах ёстой” гэсэн бол Хөвсгөл аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Мөрөн сумын Засаг дарга Х.Тайванбаяр “Багийн хамтын ажиллагаа чухал. Би аймгийн ИТХ-д сонгогдоод иргэдийн санал хүсэлтийг дамжуулдаг байлаа. Иргэдээ сонссон нь их зөв байсан. Төр, иргэний гүүр болж явахад бидэнд амжилт ирдэг гэдгийг ойлгосон” гэлээ. Харин МАН-ын УЗ-ийн гишүүн, НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин “12  дахь жилдээ АН ялж байгаа Сүхбаатар дүүрэгт хамгийн залуу нэр дэвшигчээр өрсөлдсөн. Сонгуулийн гарааны судалгаагаар миний нэр байгаагүй. Харин сонгуулийн явцын судалгаагаар миний нэр хоёрдугаарт явж байхад би өөртөө итгээгүй. Гэтэл  сонгуулийн үр дүнгээр МАН-аасаа миний нэр нэгээр буюу 16 мянган иргэн сонгосон байлаа. Тиймээс  би залуустаа өөртөө итгэлтэй, дайчин байгаарай, амлалтаа биелүүлэхийн төлөө зүтгээрэй гэж хэлмээр байна” гэлээ. Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн 12 жилийн өмнө бичсэн “Цэгцрэх хөдөлгөөн” номынхоо гол агуулгыг танилцуулж, залууст хэрэгтэй зөвлөмжийг хүргэсэн бол ЦХИХХ-ны дэд сайд Г.Баярхүү “Төлөөлье” илтгэл тавьсан юм. 

Я.Содбаатар: Намын гишүүдийг оролцоогоор нь оноожуулж үнэлнэ 

 “Youth Council Summit 2026” арга хэмжээ “Цэгцэлье” хэсгээр үргэлжлэв.  Энэ хэсэгт МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар хүндэт зочноор оролцож,  мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрбээр намаас ойрын үед хийж хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээг товч танилцуулсан юм. Намын дарга Н.Учралын дэвшүүлсэн “Гишүүн төвтэй E-4 стратеги”-ийн хүрээнд  Enam-3.0 аппликейшнийг хөгжүүлж гишүүдээ бүртгэлжүүлэх талаар, анхан шатны гишүүд, дэмжигчид, иргэддээ илүү ойр, хүрч ажиллах зорилгын хүрээнд намын дарга одоогоор 11 аймагт, Ерөнхий нарийн бичгийн дарга 19 аймагт томилолтоор ажилласан тухай, дэргэдэх байгууллагын бүтэц, зохион байгуулалтын шинэчлэл хийсэн, сургалт судалгааны байгууллагыг тусад нь  Улс төрийн манлайллын академи болгон байгуулсан талаар танилцуулав.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар “Намын шинэчлэлийн ажлын хүрээнд хэд хэдэн үнэт зүйл дээр ярьж байна. Тухайлбал, тусгаар тогтнолыг Хичээн эрмэлзэх зүйлдээ тусгаж өгсөн. Намаас  томилогдож байгаа хүмүүст хариуцлага ярьж, үнэлгээжүүлж, оноожуулдаг систем рүү орно. СДМЗХ оноожуулалтын системийг хамгийн түрүүнд нэвтрүүлсэн. Намын гишүүдийн оролцоог намд зүтгэснээр,  санаачилгатай байснаараа үнэлдэг болно” гэдгийг тодотгосон юм. 

Ц.Нямдорж: Улстөрч хүн үргэлж үнэнч, илэн далангүй байх хэрэгтэй 

“Youth Council Summit 2026” арга хэмжээнд МАН-ын дарга асан, Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр, УИХ-ын дарга асан Ц.Нямдорж нар оролцож,  халуун дулаан яриа өрнүүлсэн нь залуусын сонирхлыг ихэд татаж байлаа. Мэргэшсэн парламентчид залуус ажил, амьдралын туршлагаасаа хуваалцаж, тэдний сонирхсон асуултад хариуллаа.

Тухайлбал, СДМЗХ-ны   Ерөнхийлөгч, намын Нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагвын “35 настай Баярт өнөөдрийн Баяр юу гэж захимаар байна вэ?” гэсэн асуултад С.Баяр “Тэр үед би өөртөө сайн бод гэж хэлдэг  байсан. Өнөөдөр ч би тэр үгээ хэлнэ. Орой болгон 3-5 минут өөрийн тэмдэглэлээ бичиж бай. Өдөр болгон тэмдэглэл хөтөлнө гэдэг бол чи өөрөө өөртэйгөө харьцаж байгаа явдал юм. Өдөр бүр юу ч тохиолдоогүй байж болно. Гэхдээ юу ч тохиолдоогүй өдөр гэж байдаггүй юм” хэмээн хариулав.

Тэгвэл  СДМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Галсантай ярилцах үеэрээ   УИХ-ын дарга асан Ц.Нямдорж “Ардын нам бол Чингисээс хойших үеийн Монгол хүний зохион байгуулалтын дээд хэлбэр. Тусгаар тогтнох үйл явцыг гурван үе шаттай удирдсан нам бол Ардын нам” гэдгийг тодотгоод, "Сонгогчидтойгоо уулзах үед улстөрч хүн үргэлж үнэнч, илэн далангүй байх нь нэн чухал. Сонгогчид үнэнийг сонсох гэж ирдэг" гэдгийг залууст хандан  захисан юм.

Тэгвэл тус арга хэмжээнд оролцсон УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Иргэдийн төлөөлөгч байна гэдэг эрх мэдэл биш маш чухал хариуцлага. Иргэдийнхээ дуу хоолой, иргэдийн амьдралд тулгамдаж байгаа асуудал, бэрхшээлийг сонсож, тэдэнтэйгээ илэн далангүй, ил тод, нээлттэй ярилцах хэрэгтэй. Энэ дундаас шийдэл гаргадаг байх ёстой. Тийм учраас төлөөлөгчийн үндсэн хийх чадвар бол асуудлыг олж харж, шийдлийг нь гаргаж чаддаг байх хэрэгтэй” гэсэн юм.

Тус арга хэмжээний хүрээнд залуусын өдөр тутамдаа ашиглаж болох “Galol” аппликейшнийг танилцуулсан юм.  Энэ нь залуучуудыг хооронд нь холбох дижитал платформ бөгөөд нэгдсэн сүлжээтэй болно, боломж олгоно, оролцоо ил тод болно, ингэснээр манлайлал бий болно гэж үзэж байгаа аж.

“Galol” аппликейшнийг жил гаруйн хугацаанд хөгжүүлсэн талаар СДМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Эрдэнэбаяр “Youth Council Summit 2026” арга хэмжээнд оролцож буй төлөөлөгчдөд танилцуулав.

Залуус өдөр тутам энэхүү “Galol” аппликейшнийг ашиглан сонирхлын бүлгээрээ нэгдэх, аливаа арга хэмжээнд оролцох, гишүүд цахим бүртгэлээрээ дамжуулан тэмцээн уралдаанд оролцох, гадаад, дотоодын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахдаа нээлттэй, шударга өрсөлдөх боломжтой юм байна.

Энэхүү аппликейшнийг ирэх дөрөвдүгээр сард нээж, залуусынхаа хэрэглээнд нэвтрүүлэхээр СДМЗХ-ны удирдлагууд идэвхтэй ажиллаж байгаа аж.

Төлөөлөгчид ажлын туршлагаа хуваалцаж, харилцаагаа өргөжүүллээ 

 “Youth Council Summit 2026” арга хэмжээ хоёр дахь өдрөө МУИС-ийн төв Номын санд үргэлжилсэн юм. МАН-аас өнгөрсөн сонгуульд 39-өөс доош насны 1735 залуу төлөөлөгч нэр дэвшин сонгогдсон бөгөөд тэдгээрийн төлөөлөл болох 750 төлөөлөгч анх удаагаа нэгдсэн уулзалтаа хийсэн юм. Тус чуулганы хоёр дахь өдөр аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон залуус зургаан үндсэн сэдвээр чадавхжуулах сургалтуудад хамрагдлаа. “Эрчим хүчний чөлөөлөлт орон нутагт”, “Нийгмийн инновацын төслийг  орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх нь”, “Улс төрийн манлайллын академийн тэргүүлэх  сургагч Б.Өсөх-Идэр “Улс төрд хиймэл оюун ухаан ашиглах нь”, “ИТХ-ын төлөөлөгчийн заавал мэдэх хууль, эрх зүйн зохицуулалт”, “Орон нутгийн түвшинд улс төрийн нам, улс төрчийн талаарх ойлголт”, “Улстөрчийн хувийн брэндинг” гэсэн сэдвээр УИХ-ын даргын Хөрөнгө оруулалт, ногоон шилжилт хариуцсан зөвлөх Б.Булганчимэг, ЦХИХХ-ны дэд сайд Г.Баярхүү, хуульч Ү.Амарбат, доктор, профессор Д.Бумдарь, Улс төрийн манлайллын академийн гүйцэтгэх захирал Б.Золбадрал тус тус сургалт орсон юм.

Ингээд “Youth Council Summit 2026” арга хэмжээнд оролцсон төлөөлөгч залуучуудын байр суурийг сонслоо. 

 

Д.Гантөмөр: Намын гишүүдийг оролцоогоор нь үнэлэх бодлогыг дэмжиж байна

 /Өвөрхангай аймгийн Хархорин сумын ИТХ-ын төлөөлөгч, III багийн Засаг дарга/

 -СДМЗХ-ноос зохион байгуул­сан залуу төлөө­лөгч­дийн уулзалт, хэлэл­цүү­лэг цаг үеэ олсон арга хэмжээ болж байна. Залуучуудын оролцоонд тулгуурласан манлайлал, үнэлгээг нэвтрүүлж, үүгээр залуучуудын нийгэмд тулгамдсан асуудлыг шийдвэрлэж байгааг дэмжиж байна. Үүнд хөдөө, орон нутгийн залуучуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх нь чухал. Залуучуудын ажлын байрыг нэмэгдүүлэх, гарааны бизнесийг дэмжих, малчин залуучуудын асуудал зэргийг шийдвэрлэх хэрэгтэй.

Би ИТХ-д гурав дахь удаагаа сонгогдоод ажиллаж байна. Залуучуудын оролцоог  Иргэдийн хуралд нэмэгдүүлж, нийгэм улс орондоо ихийг бүтээгээсэй гэж боддог. Өнөөдөр залуучуудын эрүүл мэндийн асуудал чухал байна. Жишээлбэл, манай Хархорин сумын 60-70 хувь нь залуучууд. Залуучуудын эрүүл мэндийн боловсрол их чухал байна. Залуусаа ажлын байранд, нийгэмд гаргахад бэлтгэх боловсролыг тусгаж өгөх хэрэгтэй.

Энэ удаагийн арга хэмжээгээр МАН-ын дарга Н.Учралын санаачилсан “Чөлөөлье” бодлогын хүрээнд тайланг цахимжуулах гэдэг бол зөв зүйтэй.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар хэлсэн үгэндээ намаас  томилогдож байгаа хүмүүст хариуцлага ярьж, үнэлгээжүүлж, оноожуулдаг систем рүү орно гэдэг нь их зөв зүйтэй бодлого байлаа. Намын гишүүдийн оролцоог намд зүтгэснээр,  санаачилгатай байснаараа үнэлдэг болох хэрэгтэй. Үүнийг дэмжиж байна.

 М.Ренчин-Очир: МАН-ын дарга Н.Учралын санаачилсан “Нарлаг Монголын малчин” хөтөлбөр хэрэгжих болсонд талархаж байна

 /Төв аймгийн Аргалант сумын ИТХ-ын Төлөөлөгч, ИТХ дахь Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хорооны дарга/

 -Монгол Улсад анх удаа ИТХ-д сонгогдсон 750 залуус “Тө­лөөлье, цэг­цэлье, чө­лөөлье” уриатай “Youth Council Summit 2026” арга хэмжээнд оролцлоо. Энэ арга хэмжээний үеэр зохион байгуулагдсан илтгэл,  сургалт, хэлэлцүүлгээр маш их зүйл сурч, мэдэж авлаа. Бид хөгжлийн боломжуудаа хуваалцах боломж байна. Төр, засгийн хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрүүдийг сонссон нь төлөөлөгч залуус бидний хувьд маш өндөр ач холбогдолтой боллоо. МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын санаачилгаар “Нарлаг Монголын малчин” хөтөлбөрт миний ажилладаг хөдөө аж ахуйн салбарт хэрэгжих болсонд талархууштай байна. Монголын 1.5 сая га газрыг эзэнтэй байлгаж байгаа малчдыг дэмжих хөтөлбөр нь маш зөв, зүйтэй хөтөлбөр. Нарны эх үүсвэрээр эрчим хүчээ хангах тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан нь манай малчин түмэнд маш эрэлттэй, хэрэгцээтэй зах зээл болж байна. Эдийн засгийн хүрээнд гадаадын банкийг оруулж ирэх нь нийгэмд олон боломжийг олгох байх гэж харж байна.

 Б.Энх-Эрдэнэ: Залуучууд оролцоогоо нэмэгдүүлснээр орон нутгаа хөгжүүлнэ

 /Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Хэнтий аймгийн МАН-ын хорооны дэд дарга/ 

-Би Хэнтий айм­гийн II ба­гаас хоёр дахь удаагаа ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдон ажил­лаж байна. Залуус ан­хан шатны бай­гууллага дээ­рээ үгээ хэлж, оролцоогоо нэ­мэг­дүүлж манлайлах хэрэгтэй. Зөвхөн шүүмжилнэ гэдэг бол хөгжлийн алхам биш. Энэ ч утгаараа би Хэнтий аймгийнхаа сум бүрд залуусаа улс төрд орж улсын хөгжилд гар бие оролцохыг  уриалж дэмждэг. Залуучууд орон нутгаа удирдаж, төлөөллийн зарчмыг бий болгож байж орон нутаг хөгжинө. Тийм учраас залуучууд руу чиглэсэн олон талт арга хэмжээ, орон нутгаас гарч байгаа бодлого, шийдвэр болон бүтээн байгуулалтын ажилд ч залуучуудаа оролцох боломжийг хангаж ажилладаг.

 Б.Батхишиг: Иргэддээ төрийн бодлогыг танилцуулах талаар  их мэдээлэл авлаа 

/Булган аймгийн Могод сумын ИТХ-ын төлөөлөгч/ 

-Анх удаа су­мынхаа нутгийн өөрөө удирдах байгууллагад төлөөлөгчөөр сонгогдсон. Энэ удаа­гийн арга хэм­жээгээр төлөө­лөгч гэдэг ойлголтынхоо үүрэг, хариуцлагыг маш сайн ойлгож авлаа. Залуу хүний хувьд төлөөлөгчийнхөө ажлыг сайн гүйцэтгэж, иргэдийн үгийг төрдөө уламжилж, бодлогын чиг баримтад нь тусгуулахад энэ арга хэмжээ маш том ач холбогдолтой боллоо.

Мөн МАН-ын бодлогыг сонсох нь миний хувьд чухал байлаа. Эрх баригч намын бодлогыг иргэддээ ярьж, төсвийг үр ашигтай хуваарилах нь төлөөлөгч бидний хувьд чухал. Тийм учраас Сангийн дэд сайд Б.Хулангийн илтгэлээс их мэдээлэл авлаа.  Төлөөөгчийн хувьд Могод сумаа хөгжүүлэхийн төлөө хичээж ажиллана. 

Т.Буяндэлгэр: SDY академийн  багш нар залууст улс төрийн чиг баримжаа олголоо

/SDY-ийн говийн бүс хариуцсан үндэсний таван одтой сургагч багш/ 

-Залуус төлөөлөг­чийнхөө хувьд чад­вар­жиж бай­на. Нэгдсэн арга хэмжээний хүрээнд бусад ай­маг, нийслэлийн төлөөлөгчид­тэй  танилцаж, туршлага судлах боломжтой. Залуу төлөөлөгчид өөрийн орон нутагт зохицох бодлогыг  хэрэгжүүлэхэд ан­хаарч байна. Манай Өмнөговь аймгийн хувьд уул уурхайн бүс нутаг. Хариуцлагатай уул уурхайн бодлогыг хэрэгжүүлэх, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах бодлого байгаад талархаж байна.

SDY академийн шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа багш нар сургалт явууллаа. Тиймээс залуу төлөөлөгчид улс төрийн чиг баримжаатай болсон гэж харагдаж байна.

 Ч.Мандухай: Залуусыг сургаж, чадавхжуулж байгаад баяртай байна 

/Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны ИТХ-ын төлөөлөгч/ 

-Би анх удаа төлөөлөг­чөөр сонгогдоод сургалтад ирлээ. За­луу хүн анх төлөөлөгч болоход мэ­дэх­гүй, ча­дахгүй зүйл­тэй тул­гардаг. Энэ бүхнийг ойлгож, биднийг чадавхжуулж, мэдлэг олгож байгаад баяртай байна. Залуус мэдлэг, чадвартай байж улсаа хөгжүүлнэ.

 

Залуу төлөөлөгчид ийн ярьж байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын нийт 8000 төлөөлөгч байдаг байна. Үүнээс  10 хувь нь Улаанбаатар хот­ноо цуглаж, “Төлөөлье, цэгцэлье, чөлөөлье” уриан дор нэгдэж, сургалтад хамрагдан, туршлагаа хуваалцаж, мэдлэгээ тэллээ.

Тэд  эзэмших зайлшгүй шаардлагатай ур чадваруудын хүрээнд сонирхолтой хэлэл­цүүлэг, сургалт, хөгжлийн бо­ломжуудыг олгосон олон арга хэмжээнүүд хамрагдаж, холбоо харилцаагаа өргөжүүллээ. Залуу төлөөлөгчид  ажил хэргийн холбоо харилцаа тогтоож, нийгмийн инновацын төслүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжтой юм. Түүнчлэн Иргэдийн төлөө­лөгчдийн ажлын туршлага, мэдлэгээ хуваалцаж, сум дүүрэг, багтаа хийж хэрэгжүүлсэн ажлын үр нөлөө нь хэрхэн гарсан талаар бусадтайгаа хуваалцаж байгаа нь энэхүү арга хэмжээний хамгийн гол давуу тал билээ.  Тиймээс ч энэ арга хэмжээг  уламжлал болгон зохион байгуулах нь үр дүнтэйг нь онцолж байсан юм.

Ийнхүү хоёр өдөр үргэлжилсэн “Чөлөөлье, төлөөлье, цэгцэлье” уриан дор зохион байгуулагдсан залуу төлөөлөгчдийн  “Youth Council Summit 2026”  арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө.

Н.Энхбат

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.