МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Нийгэм МИАТ ТӨХК: Он цагийн товчоо

МИАТ ТӨХК: Он цагийн товчоо

1956-07-07: БНМАУ-ын Сайд нар Зөвлөл тус оны зургадугаар сарын 1-нд Улаанбаатар хотоос Ховд, Мөрөн, Дорнодын чиглэлд иргэний агаарын шуудан тээврийн харилцаа нээх тухай 272 тоот тогтоол гаргажээ. Долдугаар сарын 7-нд Ардын хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотын Туул голын хөндий дэх “Бөхөг цагаан толгой” нисэх буудлаас Ан-2 онгоц зорчигч, шуудан харилцааг нээх анхны нислэгээ эхлүүлжээ.

Үнэн
Админ
📰

  "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд:

 

1956-07-07: БНМАУ-ын Сайд нар Зөвлөл тус оны зургадугаар сарын 1-нд Улаанбаатар хотоос Ховд, Мөрөн, Дорнодын чиглэлд иргэний агаарын шуудан тээврийн харилцаа нээх тухай 272 тоот тогтоол гаргажээ. Долдугаар сарын 7-нд Ардын хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотын Туул голын хөндий дэх “Бөхөг цагаан толгой” нисэх буудлаас Ан-2 онгоц зорчигч, шуудан харилцааг нээх анхны нислэгээ эхлүүлжээ.

1957-12-28: ЗХУ-аас Монголын Иргэний агаарын харилцааны газарт Ил-14 онгоц тавыг бэлэглэн шилжүүлэв.

1958 оны арваннэгдүгээр сар: БНМАУ ба БНХАУ хооронд Эрхүү-Улаанбаатар-Бээжин хот хооронд агаарын тээврийн аялал нээхээр долдугаар сард хэлэлцэн тохиоролцож, арваннэгдүгээр сараас эхлэн Ил-14 онгоцоор нислэг хийж эхлэв.

1959 оны арванхоёрдугаар сар: Өвөрхангай, Баянхонгор аймагт болсон газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүст АН -2 онгоцоор анх удаа орчин цагийн ойлголтоор бол онцгой байдлын тусламж үйлчилгээ үзүүлжээ.

1964-10-08: Монгол Улс анх удаа Ан-24 загварын сэнст тийрэлтэт онгоц авч, энэ өдөр ЗХУ-ын Киев хотод АН-24 онгоцны даргын курст суралцсан монгол нисгэгчид онгоцоо жолоодон ирж, Улаанбаатарын Төв аэродромд буулгаж байв.

1970 оны наймдугаар сар: Агаарын тээврийн үйлчилгээний бааз байгуулагдаж, Ан-2 онгоцонд дундын их засвар, Ил-14 болон Ан-24 агаарын хөлгийн хөдөлгүүр солих, хүнд хэлбэрийн цаг үеийн үйлчилгээнүүдийг бие даан хийдэг болжээ.

1975-02-28: Монголын Иргэний агаарын тээврийн нисэх онгоцны парк шинэчлэгдэж, ЗХУ-аас ачаа тээврийн хэрэгцээнд зориулан ойролцоогоор 65 зорчигчийн суудалтай, цагт 435 км хурдтайгаар тогтвортой нисэж, 9000 метрийн өндөрт, нэг удаад 2600 км зайг буулгүй туулах боломжтой АН-26 онгоц хоёрыг анх худалдан авчээ.

1987-11-02: Монгол Улс ЗХУ-аас Ту-154Б загварын агаарын хөлөг түрээсээр авч, Улаанбаатар-Москвагийн чиглэлд олон улсын агаарын шугамд ашиглаж эхлэв. Энэ өдөр Монголын иргэний агаарын тээвэр тийрэлтэд хөдөлгүүртэй агаарын хөлөг ашигласан түүхэн оныг зааж үлдсэн юм.

1992-07-10: Монгол Улсын Иргэний нисэхэд БНСУ-ын “Ханжин” корпорац Боинг 727-200 загварын онгоц бэлэглэж, МИАТ анх удаа барууны оронд үйлдвэрлэсэн, өөрийн өмчлөлийн тийрэлтэт хөдөлгүүр бүхий онгоцтой болов.

1994-05-20: МИАТ компани өөрийн хөрөнгөөр БНСУ-аас дахин хоёр Боинг 727-200 загварын тийрэлтэд хөдөлгүүртэй агаарын хөлөг худалдан авч, гадаад нислэгийн сүлжээгээ өргөтгөв. Мөн ЗХУ-аас түрээслэн ашиглаж байсан Ту-154 онгоцоо буцаажээ. МИАТ компани Ту-154 агаарын хөлгөөр 13204 цагийн нислэг хийж, 270 гаруй мянган зорчигч, 7800 тонн ачаа тээвэрлэсэн байна.

1996 он: МИАТ компани Олон улсын иргэний агаарын тээврийн мэдээллийн технологийн дэд бүтцийг хангах СИТА, суудал захиалгын систем, глобал түгээлтийн платформууд бүрдүүлж, дэлхийн агаарын тээврийн урсгалыг хөдөлгөдөг ИАТА байгууллагад тус тус элсэв.

1998 оны дөрөвдүгээр сар: Францын “Эйрбус финанс” компаниас санхүүгийн түрээсээр Аэрбус А310-300 загварын агаарын хөлөг авч, засвар арчлалтын асуудал дээр ХБНГУ-ын Люфтханза компанитай хамтран ажиллахаар тохирчээ.

2001 он: Агаарын хөлөг ашиглан АНУ дахь Дэлхийн худалдааны төвд халдсан хэрэг явдлын дараа дэлхий даяар агаарын хөлөг худалдах болон түрээслэх үнэ ханш буурсан тул Боинг 737-300 загварын хамгийн сүүлийн үеийн хийц, технологи бүхий онгоц түрээсээр авч ашиглаж эхэлжээ.

2007 он: МИАТ компани анх удаа дэлхийн агаарын тээврийн компаниудын ассоциаци ИАТА-ын “International Operational Safety Audit” буюу IOSA-д хамрагдаж 100 хувийн үнэлгээ авав. 2009 оноос хойш дараа дараагийн аудит хоёр жил тутамд нэг удаа хийгдэх болсон ч МИАТ өмнөх үнэлгээнүүдээ баталгаажуулсаар ирэв.

2011 он: АНУ-ын “Air Lease Corporation” компаниас Боинг 767-300ER мөн БНХАУ-ын “China Southern Airlines” компаниас Боинг 767-300 агаарын хөлгүүдийг авч олон улсын нислэгт ашиглаж эхлэв.

2013-05-15: МИАТ компани АНУ-ын Боинг компанид захиалсан Боинг 767-300 загварын агаарын хөлгөө эх орондоо хүлээн авч, анх удаа өөрийн эзэмшлийн том оврын агаарын хөлөгтэй болов.

2014 он: МИАТ ТӨХК-ийн АЗХҮГ-ын инженер техникийн бие бүрэлдэхүүн Тайландын Вант улсын “Orent Thal Airlines” авиакомпанийн В767-300, БНСУ-ын “Eastar Jet” авиакомпанийн В737-800 агаарын хөлгүүдэд хүнд хэлбэрийн техник үйлчилгээг амжилттай хийж гүйцэтгэв.

2023 он: Ирландын “Aer Cap” компаниас урт хугацааны түрээсээр өргөн их биетэй Боинг 787-9 загварын шинэ хоёр агаарын хөлөг авч олон улсын нислэгт ашиглаж эхлэв.

2024 он: МИАТ компани IATA-ын аюулгүй ажиллагааны IOSA, ISAGO хоёр төрлийн гэрчилгээжилтийн аудит шалгалтыг тус онд ес дэх удаагаа амжилттай өглөө.

2024 он: Тус онд Монгол Улсын улсын агаарын тээвэрлэгч компаниуд нийтдээ 2.2 сая зорчигч тээвэрлэсэн бол МИАТ компани дангаараа 1.150.000 гаруй зорчигч тээвэрлэв. МИАТ компани зорчигч тээврийн анхны тогтмол нислэг хийсэн 68 жилийн хугацаанд нийтдээ 512 мянган удаагийн аяллаар 570 сая км нисэж, 24.5 сая зорчигч тээвэрлэжээ. 570 сая км нь дэлхийг 14 мянган удаа тойрсонтой тэнцэх   

2024 он: АНЭУ-ын Дубай хотноо чуулсан Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны (IATA) 80 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтын үеэр МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал IATA-гийн Захирлуудын зөвлөлийн гишүүнээр сонгогдов. 

2026 он: МИАТ ТӨХК-ийн түүхэн 70 жилийн ой тохиож байна.

 Д.Отгонжаргал

Эх сурвалж: Монголын үнэн" сонины №017/24692/ дахь дугаарыг Энд-ээс уншина уу.

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.