МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Спорт М.Оюун-Эрдэнэ: 100 км-ийн ДАШТ-д оролцох...

М.Оюун-Эрдэнэ: 100 км-ийн ДАШТ-д оролцох том зорилготой болсон

Монголын хэт холын марафон гүйлтийн холбооны мастер ангиллын шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер М.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа.

Үнэн
Админ

Монголын хэт холын марафон гүйлтийн холбооны мастер ангиллын шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер М.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа. 

-50 километрийн марафон гүйлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, мастерын ангилалд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосонд баяр хүргэе. Зорилгоо биелүүлэхэд зам хэр дардан байв?

-Марафон гүйлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож, мастер ангиллын дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоогоод ирлээ. Энэ удаагийн 50 километрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд надаас гадна манай холбооны эмэгтэй тамирчид баг бүрдүүлэн анх удаа амжилттай оролцсоноороо онцлог боллоо. Тэмцээний зам мэдээж дардан байгаагүй. Бэлтгэлээ сайн хийж өөрийгөө дайчлахад С.Өнөрбаяр багш дасгалжуулагчийн уйгагүй хөдөлмөр их байлаа. Миний онцлогт тохирсон бэлтгэлийн төлөвлөгөөг гаргаж өгсөн. Мөн 50 километрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болдгийг танилцуулж, энэ тэмцээнд оролцвол амжилт гаргах боломжтойг дасгалжуулагч надад ойлгуулсан учраас бэлтгэлээ уйгайгүй хийсэн. Үр дүнд нь өнөөдөр бид тэмцээн, дээд амжилт, дараагийн төлөвлөгөөний минь талаар яриад сууж байна. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тухайд мастер ангиллын тамирчид үүрийн 04:00 цагаас гүйж эхэлсэн. Нар мандаагүй байсан болохоор цаг агаарын хувьд гүйхэд яг тохиромжтой байлаа. Тэмцээний зам тийм ч өгсүүр биш, харин 60 метр газар чулуутай байж таарсан. Түүгээр анхааралтай гүйхгүй бол хазгай, хальт гишгэх эрсдэлтэй учраас аль болох болгоомжтой гүйхийг хичээсэн. Тэмцээний сүүлийн 10 километрт нар шагайж халах тийшээ хандсан. Тиймээс их халахаас өмнө тэмцээний замаа дуусгахын төлөө цагаа тооцоолон гүйсэн.

-Барианд орохдоо л шинэ амжилт тогтоосноо мэдсэн үү. Өмнөх амжилтыг хэдий хугацаагаар ахиулсан бэ?

-Замаа дуусгаж барианд орохдоо шинэ амжилт тогтоосноо мэдээгүй. Сүүлд тэмцээн дууссаны дараа дасгалжуулагч маань хэлж маш их баярласан. Би 50 километр замыг дөрвөн цаг найман минут 43 секунд гүйж дуусгасан. Энэ нь мастер ангиллын амжилтыг дөрөв гаруй минутаар урагшлуулсан үзүүлэлт юм. Тэмцээний мастер ангиллын дээд амжилт нь дөрвөн цаг 12 минут 59 секунд байсан юм билээ. Би өнгөрсөн таван жилийн хугацаанд өдөр бүр 20 километр гүйж зорилгоо биелүүлэхийн төлөө, өөрийгөө ялахын төлөө хичээсэн. Энэ хугацаанд шантрах үе олон удаа гарсан. Тэр үедээ өөрийгөө зоригжуулж тууштай байж чадсандаа талархаж байна. Намайг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход холбооны маань ерөнхийлөгч Б.Батболд, нарийн бичгийн дарга С.Өнөрбаяр, сэтгүүлч Д.Баярсайхан, орчуулагч Цэрэнжав нар хамтдаа баг болон дэмжин ажилласан. Тэмцээний явцад ус, хоол унд авахад эдгээр хүмүүс бүх зүйл дээр сэтгэл гарган ажилласнаар бид өнөөдрийн амжилтыг гаргаж чадсан юм. Биднийг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод ирэхэд Монголын хэт холын марафон гүйлтийн холбооны хамт олон, дүү нар, гэр бүлийнхэн маань угтан авсан. Мөн Хөвсгөл аймгийн Рашаант сумын нутгийн зөвлөлийнхөн ирж угтан баяр дээр баяр нэмсэн.

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоос өмнө та 50 километрийн зайд гүйж байв уу?

-Багахангайд болсон улсын аварга шалгаруулах тэмцээний 50 километрийн зайд гүйхдээ таван цаг гаруйн хугацаанд замаа туулж дуусгасан.  Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бэлтгэлээ сайн базааж оролцсон учраас өмнөх гүйсэн хугацаагаа бүтэн цагаар урагшлуулж чадлаа. 50 километр гүйхэд тамирчнаас маш их тэсвэр тэвчээр шаарддаг. Хэт их ачаалал авахгүйн тулд тамирчид бэлтгэлээ тасалж болохгүй. Бид өвөлжингөө гадаа гүйж бэлтгэлээ хийдэг. Гадаа хүйтэн байна гээд бэлтгэлээ тасалбал өмнөх бэлтгэлүүд үнэгүйднэ. Тиймээс цас орж байсан ч хувцсаа тохируулж өмсөөд бэлтгэлдээ гардаг.

-Багийн амжилтыг IV байр гэж эрэмбэлэхэд таны амжилт нөлөөлсөн үү. Яагаад ингэж асууж байна гэхээр бусад тамирчин уралдаандаа амжилттай оролцож нэлээд дээгүүр жагссан ч нийлбэр дүнгээр тооцоход байр ухраасан юм шиг санагдсан?

-Нийлбэр дүн бол бусад тамирчны амжилтыг харгалзсан үзүүлэлт. Мастерын ангиллын үнэлгээ багийн үнэлгээнд ордоггүй юм билээ. Манайхан тэмцээндээ маш сайн оролцсон, эхний гурван байрт багтах байх гэж бид найдаж байсан. Гэсэн ч энэ бол чамлахаар амжилт биш.  Хэт холын гүйлтийн эмэгтэй тамирчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа баг бүрдүүлж оролцохдоо маш сайн амжилт гаргалаа гэж бодож байна. Биднийг уралдаанд оролцоход хань ижил, ах дүү нар болон ажлын хамт олон, хэт холын марафон гүйлтийн багийнхан, эмч маань их тусалсан. Холын замд гүйхэд маш их ядарна. Ийм үед өөрийгөө хэрхэн амраах, ямар хоол хүнс хэрэглэх вэ гээд олон зүйл дээр санаа тавьж зөвлөн ажиллаж байлаа.

-Та олон улсын хэмжээний мастер цолны болзлыг хангасан тэмцээндээ хэзээ, хаана оролцсон бэ?

-Хятад улсын Шиамен хотод зохион байгуулсан зургаан цагийн гүйлтэд амжилттай оролцож, олон улсын хэмжээний мастер цолны болзлоо хангасан. Зургаан цагт нийтдээ тасралтгүй 64 км гүйсэн амжилтаар насныхаа ангилалд рекорд тогтоосон юм. Хүмүүс энэ насан дээрээ яагаад хэт холын марафоноор хичээллэж байгаа юм бэ гэж асуудаг. Хариулт нь их энгийн. Би багаасаа хөнгөн атлетикаар хичээллэх сонирхолтой байсан. Дунд сургуульд байхаасаа л хөнгөн атлетикаар хичээллэж, наймдугаар ангиа төгсөөд Хөнгөн  хүнсний аж үйлдвэрийн техникумын хуваарь авч хотод ирсэн. Би Хөвсгөл аймгийн Рашаант сумын уугуул. Улаанбаатарт 1981-1984 оныг хүртэл техникумд сурч байх хугацаандаа “Хөдөлмөр” нийгэмлэгийн тамирчин болсон. Ажилчин болоод хэсэг хугацаанд спортоосоо завсарласан үе бий. Тэр үедээ даралт ихсэхээс эхлээд өвчин амнаас салаагүй.

Спортоороо тууштай хичээллэхээр шийдэж сүүлийн зургаан жилийн хугацаанд хэт холын зайд гүйж байна. С.Өнөрбаяр дасгалжуулагчийн клубийн тамирчин болж мастерын ангиллын тэмцээнүүддээ оролцох болсон. Тэр дундаа Филиппин улсад болсон мастеруудын ангиллын Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсоноор хэт холын марафоноор хичээллэхээр тууштай шийдсэн. Тухайн үед Азийн аваргын 1500, 800 метрт алт, 5000 метрийн зайд мөнгөн медаль хүртсэн.

Хүн ямар нэг зүйлээс сэдэл авахаараа илүү эрчимждэг. Миний хувьд Уранчимэг гээд ахмад тамирчинтай бэлтгэл хийснээрээ мотивац авдаг. Бид нэг үеийн тамирчид, тэмцээний мастерын ангилалд багтдаг. Хамтдаа бэлтгэл хийхээр илүү урам зоригтойгоор нэгнээ дэмждэг юм.

-Одоо ямар тэмцээнд оролцохоор зорьж байна даа?

-50 километр гүйж чадаж байгаа юм чинь яагаад 100-д уралдаж болохгүй гэж. 100 километрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх есдүгээр сард Испани улсад болно. Би илүү том зорилго тавьсан. Тэмцээнийхээ бэлтгэлийг аль хэдийнэ эхлүүлсэн. Бэлтгэлээ сайн хийвэл ард нь гарч л таарна. Ирэх сарын 2-нд Багахангайн марафон болно. Тэр тэмцээний 100 километрийн зайд гүйхээр одооноос сэтгэл зүйгээ бэлдэж байна.

Цаашдаа 24 цагийн марафонд өөрийгөө сориод үзье гэсэн бодолтой. Монголчууд “Санаанд багтвал заяанд багтана” гэж ярьдаг. Одоо манай дотоодын тэмцээний улирал эхэлж байна. “Улаанбаатар” олон улсын марафон, Багахангайн марафон, Сэлэнгэ, Хөвсгөл зэрэг бүх марафон мастерын насны ангилалтай.  Бүгдэд нь оролцохын зэрэгцээ дэлхийн аваргын бэлтгэлээ хийгээд явна даа.

Б.Сэлэнгэ

 

#Урлаг соёл
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.