МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдын цаг...

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдын цаг эхэллээ

Бүтээмж, үр дүн ямар байхаас наанадаж ирэх оны Ерөнхийлөгчийн,  цаанадаж түүний дараах УИХ-ын сонгуулийн  үр дүн шууд хамаарна.

Үнэн
Админ

Н.Учралын Засгийн газрын цаг эхэллээ. Түүний хувьд Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томилогдсоноор үүрэгт ажилдаа ороод байна. “УИХ-ын сонгуульд нам олонх болсон бол Намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ” гэх МАН-ын үндсэн дүрмийн 24.3 дахь заалт хэрэгжиж буй нь энэ юм.  МАН-ын Бага хурлын гишүүдийн 99.7, УИХ-ын нэгдсэн чуулганд оролцсон гишүүдийн 82.2  хувийн дэмжлэгтэйгээр Н.Учрал ийнхүү Ерөнхий сайдын тамгаа хүлээн авснаар түүний Засгийн газрын тоолуур гүйж эхэллээ. УИХ-ын хаврын чуулганы нээлттэй зэрэгцэн “Намын дарга Ерөнхий сайд байна” гэх намын дүрмээ хэрэгжүүлэхийг МАН-аас шаардаж эхэлснээр өнгөрсөн өдрүүдэд улс төрд дээрх процесс ар араасаа хөвөрсөн юм.  Улмаар эрх баригч намын Удирдах зөвлөлөөс улс төрийн шийдвэр гаргасны дагуу Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн хүсэлтээр өргөдлөө өгсөн.

Энэ тухайд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар “Ерөнхий сайд эх орон, ард түмнийхээ  эрх ашгийн төлөө шийдвэр гаргасан” хэмээн тодотгосон юм. Тэрбээр “Ерөнхий сайд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Дэлхий нийт, тэр тусмаа Монголын эдийн засаг, нийгэмд тулгамдаад буй хүндрэлийн үед эр зориг гаргасан хүсэлтийг нь хүлээн авах нь зүйтэй гэж Удирдах зөвлөл үзлээ.  Монголд төдийгүй дэлхийн олон оронд Ойрхи Дорнодод, бүс нутагт болж байгаа геополитиктой холбоотойгоор нефтийн үнэ болон эрчим хүчний хямралууд, түүнийг дагасан үнэ ханш гээд олон хүндрэл бий болж байна. Энэ үед эх орон, ард түмний эрх ашгийн төлөө Ерөнхий сайдын хувьд ийм шийдвэр гаргах нь зүйтэй гэдгээ өөрөө илэрхийлсэн” хэмээн тодотгосон.

Ийнхүү МАН Бага хурлын III хуралдаанаа зарлан хуралдуулснаар дараагийн Ерөнхий сайдыг батламжилсан. Тодруулбал,  МАН-ын  Ерөнхий нарийн Бичгийн дарга Я.Содбаатарын зүгээс МАН-ын дарга  Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж буйгаа Бага хурлын гишүүдэд танилцуулсан юм. Тус хуралдааны үеэр Ерөнхий сайдад нэр дэвшигч Н.Учралаас улс төр, нийгэм, эдийн засгийн асуудлаар  Бага хурлын 32  гишүүн асуулт асууж, хариулт авч, санал бодлоо илэрхийлсэн. Дараа нь Бага хурлын III хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн дунд нууц санал хураалт явуулсан. Санал хураалтыг зохион байгуулах Тооллогын комиссын даргаар МАН-ын Нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва, комиссын Нарийн бичгийн даргаар

Намын байгуулалтын газрын дарга Г.Хэрлэнчулуун нар ажилласан юм. Санал хураалтад оролцсон гишүүдийн 99.7 хувийн саналаар МАН-ын дарга Ням-Осорын Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжсэн тогтоолыг Бага хурлаас гаргасан юм.  Ингэснээр  гуравдугаар сарын 30-ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  МАН-ын дарга Н.Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох тухай тогтоолыг хэлэлцэн баталгаажуулсан юм. Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Н.Учралаас УИХ-ын 40 гаруй гишүүн асуулт асууж, хариулт авч,  үгээ хэлсэн. Ингэснээр  УИХ-ын гишүүн Н.Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжье гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 82.2 хувь нь дэмжиж, Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай  УИХ-ын тогтоолыг баталсан юм.  Ийнхүү нам, төрийн өндөр дэмжлэгтэйгээр  Монгол Ардын Намын дарга Н.Учрал Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томилогдсоноор түүний цаг эхэлж байна. Засгийн газрын  тэргүүнээр томилогдсоныхоо  дараа тэрбээр  чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлсэн юм.  Н.Учралын  хувьд  арвин туршлагатай улстөрч бөгөөд эзэмшсэн боловсрол, ажилласан байдлаас нь үүнийг бэлхнээ харж болно. Энэ ч үүднээс уншигч та бүхэн Н.Учралын ажил байдлын намтрыг дэлгэрэнгүй хүргэж байна.

Ням-Осорын Учрал нь 2007 онд “Их Засаг” их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2010 онд Лимкоквин технологийн их сургуулийн Их Британий Лондон хотын салбар, Их Британий Букингхэмийн их сургуульд бизнесийн удирдлага, олон улсын менежментийн магистр, 2013 онд ОХУ-ын шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын Монгол, Түвд, Будда судлалын институтэд Түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Эрх зүйч, Түүхч, Бизнесийн удирдлагын мэргэжилтэй.  Эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Ажилласан байдлын хувьд  2010-2016 онд “Рояаль Академи”, “Рояаль” олон улсын дээд сургуулийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал, 2015 онд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн Олон нийттэй харилцах бодлогын зөвлөх, 2016 онд УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх, 2012-2014 онд Нийслэлийн МАН-ын хорооны Улс төрийн хэлтсийн дарга, 2012-2016 онд Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, 2016 оноос  УИХ-ын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. 

2018-2020 онд  УИХ дахь Цахим бодлогын түр хорооны дарга, 2020-2022 онд УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, 2022-2024 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, 2024-2025 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, 2025 оны зургадугаар сараас Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн Засаг, хөгжлийн сайд, 2025 оны  арваннэгдүгээр сараас Монгол Улсын Их Хурлын дарга , МАН-ын даргаар ажиллаж байна.  Харин сонгуульт ажлын хувьд  2009 онд МАН-д элссэн бөгөөд   2012 онд Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны орон тооны бус дэд дарга, 2010-2019 онд МАН-ын дэргэдэх “Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, дэд ерөнхийлөгч, 2019-2024 онд НАМЗХ-ны ерөнхийлөгч, 2023-2025 онд Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны даргаар ажилласан туршлагатай. Ийнхүү  МАН-ын залуу дарга Засгийн газрын тэргүүний хувиар 2024 онд ард түмэнд амласан амлалтаа  биелүүлэх боломж, нөхцөл бүрдлээ.  Түүний Засгийн газрын  хувьд  бүрэн эрхийн хугацааныхаа талд нь ирсэн. Тийм ч учраас алдаж болохгүй, үнэ цэнтэй цаг хугацааг туулж өнгөрүүлэх учиртай.  Бүтээмж, үр дүн ямар байхаас наанадаж ирэх оны Ерөнхийлөгчийн,  цаанадаж түүний дараах УИХ-ын сонгуулийн  үр дүн шууд хамаарна. 

 М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонины №013 /24688/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай

#Засгийн газар
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.