МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Нийгэм Монгол хэл, бичгийн шалгалтад 89 мянган...

Монгол хэл, бичгийн шалгалтад 89 мянган шалгуулагч бүртгүүлжээ

2026 оны элсэлтийн шалгалтын бүртгэл явагдаж байна. Элсэлтийн шалгалт зургадугаар сарын 25, 28-ны өдрүүдэд нийт 10 хичээлээр явагдана. Харин монгол хэл, бичгийн шалгалт  дөрөвдүгээр сарын 9, 10-нд зохион байгуулагдах юм. Үүнтэй холбогдуулан БҮТ-ийн  Элсэлтийн шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэй Д.ЭНХЖАРГАЛТАЙ ярилцлаа.

Үнэн
Админ

2026 оны элсэлтийн шалгалтын бүртгэл явагдаж байна. Элсэлтийн шалгалт зургадугаар сарын 25, 28-ны өдрүүдэд нийт 10 хичээлээр явагдана. Харин монгол хэл, бичгийн шалгалт  дөрөвдүгээр сарын 9, 10-нд зохион байгуулагдах юм. Үүнтэй холбогдуулан БҮТ-ийн  Элсэлтийн шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэй Д.Энхжаргалтай ярилцлаа.

-Энэ жилийн элсэлтийн шалгалт ямар онцлогтой вэ?

-Энэ жилийн элсэлтийн шалгалт өмнөх журмын дагуу явагдана. Харин их, дээд сургуульд элсэгчдийн босго оноо 450-500, орон нутагт үйл ажиллагаа эрхэлдэг их, дээд сургуулиудын харьяа сургууль, коллежид элсэх босго оноо нь 430 байхаар журамлаж өгсөн.

-Элсэлтийг шалгалтыг хэчнээн байршилд авч байна вэ?

-Энэ жилийн элсэлтийн шалгалтыг нийт 50 шалгалтын төвд зохион байгуулна. Монгол хэл, бичгийн шалгалтыг нийт 52 шалгалтын төвд зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Монгол хэл, бичгийн шалгалтад нийт 89300 гаруй шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна.

-Шалгалтад хамрагдах хүмүүс  өмнөх жилүүдээс хэчнээн хувиар нэмэгдэж байна вэ?

-Монгол хэл, бичгийн шалгалтыг  дөрөвдүгээр сарын 9-10-нд зохион байгуулна. Энэ шалгалтад нийт 89300 шалгуулагч хамрагдсаны 60-70 хувийг ЕБС-ийн 10-11 дүгээр ангийн шалгуулагчид эзэлж байна. ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагчид ноднин шалгалтаа өгч, 30-40-өөд хувь нь тэнцсэн. Тийм учраас энэ удаагийн шалгалтад 12 дугаар ангийн 20 гаруй мянган хүүхэд шалгалтад хамрагдаж байна.

Ноднин монгол хэл, бичгийн шалгалтад 83 мянган шалгуулагч хамрагдаж байлаа. Харин энэ жил 89 мянган болж нийтдээ 6000 шалгуулагчаар нэмэгдсэн байна. 

-Монгол хэл, бичгийн  шалгалтад шалгуулагчийн тоо яагаад нэмэгдсэн нь ямар учиртай вэ?

-Өнгөрсөн жилээс эхлэн монгол хэл, бичгийн элсэлтийн шалгалтад 10-11 дүгээр ангийнхныг хамруулах болсон. Тиймээс энэ хичээлээр шалгалт өгөх хүмүүсийн тоо огцом өссөн. Энэ жилийн шалгуулагчдын тоо өмнөх оны шалгуулагчдын тооноос илүү байгаа нь 10 дугаар ангитай холбоотой. ЕБС-ийн 10 дугаар ангийн хүүхдийн тоо их байгаа юм.

-Элсэлтийн шалгалтыг жилд хоёр удаа авдаг болсноор үр дүн ямар байна вэ?

-Их, дээд сургуулийн болзлоо хангаагүй хүүхдүүд бүтэн жил хүлээж, дараагийн шалгалтаа өгдөг байсан. Харин элсэлтийн шалгалтыг жилд хоёр удаа буюу 12 дугаар сард дахин шалгалт өгдөг болсноор иргэдийн насан туршдаа суралцах эрхийг нээж өгсөн. Хүүхэд дараагийн шалгалтаа хүлээж бүтэн жил хугацаа алдах бус хагас жилийн хугацаанд шалгалтдаа бэлтгэж, өөртөө ч итгэлтэй болдог. Энэ нь шалгуулагчдын, иргэдийн насан туршдаа суралцах эрхийг хангаж өгч байгаагаараа үр дүнтэй болж байна.

-Хаврын элсэлтийн шалгалтад ямар хичээл дээр олон шалгуулагч бүртгүүлж байна вэ?

-Хаврын элсэлтийн шалгалтад математик, англи хэл, нийгэм судлалын хичээлээр хамгийн олон шалгуулагч бүртгүүлж, шалгалт өгдөг.

-Тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан сандал, ширээ, тоног төхөөрөмж бий юу?

-Бид тусгай хэрэгцээт иргэдээс өргөдөл хүлээж авдаг. Тухайн иргэн ямар  нөхцөл боломж олгох талаар хүсэлтээ  илгээнэ. Иргэний хүсэлтийн дагуу бид зохицуулалт хийж өгнө. Тухайлбал, харааны бэрхшээлтэй хүүхэд үсгийн фонд томруулах, 100 хувь харж чадахгүй шалгуулагч байвал брайл үсгээр шалгалтын материалыг бэлтгэн хэвлэж өгнө. Сонсголгүй хүмүүст дохионы хэлмэрч багш, туслах багш байлцуулна. Шалгалтыг авахдаа энгийн шалгуулагчаас 20 минутаар илүү сунгаж авна гэсэн хөнгөлөлтүүдийг тусгай хэрэгцээт шалгуулагчдаа үзүүлдэг. 

-Шалгуулагчдад юун дээр анхаарах хэрэгтэй вэ?

-Шалгуулагч хүүхдүүд юун түрүүн хариултын хуудсыг зөв бөглөхөд анхаарах хэрэгтэй. Хариултын хуудас дээр өөрийнхөө асуултыг цаг хугацаанд нь багтааж хийгээрэй. Эцсийн зөв хариултаа хариултын хуудас дээрээ бөглөхөд анхаарах хэрэгтэй. Хүүхдүүд хариултын хуудас дээрээ дугаарлалтаа буруу харж бөглөх, эсвэл нэг орон, нэг асуултыг алгасаж бөглөх зэргээр алдаа гаргах тохиолдол гардаг.

Зарим тохиолдолд шалгуулагч хариултын хуудсаа өөрөө  харах өргөдөл өгдөг. Гэвч шалгуулагч  хариултын хуудсаа яаж бөглөснөөр нь автомат машин уншаад тоогоо гаргадаг. Тиймээс эцсийн хариултыг хариултын хуудас дээр бөглөсөн байдлаар  авдаг. Хариултаа андуурсан байна, үүнийг алгасаад бөглөжээ гэж тайлбарласан ч засаж, залруулах боломжгүй. Тийм учраас хариултын хуудас дээрээ хянамгай, сайн ажиллах хэрэгтэй гэж анхааруулмаар байна.

-Шалгуулагч шалгалт өгөхөөс хэдэн цагийн өмнө ирсэн байх хэрэгтэй вэ?

-Нэг удаа шалгалт авахад 700-800 хүүхэд хамрагддаг. Зарим шалгалтын төвд мянган хүүхэд хуваарилагддаг. Тийм учраас шалгуулагч шалгалтын байрандаа нэг цагийн өмнө ирсэн байх хэрэгтэй. Харин шалгалт өгөх анги, танхимдаа 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байх ёстой.

-Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шалгалтын дүнг элсэлтийн шалгалтын  үнэлгээнд дүйцүүлэн тооцдог болсон. Энэ жил хэчнээн хүүхэд хүсэлт гаргаад байна вэ?

-Олон улсад хүлээн зөвшөөрөгддөг шалгалтыг элсэлтийн шалгалттай дүйцүүлэх хүсэлт явагдаж байна. Энэ хүсэлт зургадугаар сарын 1-нд хаагдана. Одоогийн байдлаар 600 гаруй шалгуулагч өөрийн олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн шалгалтын дүнгээ элсэлтийн шалгалтын үнэлгээнд дүйцүүлэх хүсэлт ирүүлээд байна.

-Элсэлтийн шалгалтын өдрүүдэд нийслэлд авто замын  түгжрэлээс сэргийлэх, замын хөдөлгөөний зорчих хэсгийг хянуулах хүсэлтийг холбогдох албан байгууллагад тавьсан уу?

-Элсэлтийн шалгалт болох өдрийн өмнө нь бид ЗЦГ, ДЦС-уудад албан бичиг явуулдаг. Элсэлтийн шалгалт явагдах өдрүүдэд цахилгааны хязгаарлалт,  авто замын засвар үйлчилгээ хийхгүй байх хүсэлтийг холбогдох газруудад албан бичгээр хандан, хамарч ажилладаг. 

Н.Энхлэн

#Нийгэм
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.