Монголчууд шударга байхдаа хүчтэй
Эвтэй байя гэдэг шийдвэр шударга, зөв, сайн сайхны төлөө зорилготой байх ёстой. Ер нь бодит шүүмжлэл алдааг засахын төлөө байдаг. Буруутанд хариуцлага тооцно гэдэг шударга ёсыг тогтоож буй л хэрэг. Эвлэнэ гэдэг бүлэглэнэ, сүлбэлдэнэ, хуйвалдана, наймаалцана, хаацайлна гэсэн үг биш. Эв нэгдлийн тухай сургасан Их Эзэн хаан маань ч үйлдэлдээ шударга ёсыг сахиулагч байв.
Монголчууд эвтэй байхдаа хүчтэй. Бидний чихэнд хоногшиж, үе үе ярианы завсарт гарч ирдэг болсон уриа, лоозон хэлбэртэй олон үг, өгүүлбэрийн нэг бол энэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны сонгуулийн үеэр анх энэ уриаг ашигласан бөгөөд уг урианы эзэн нь ялалт байгуулж, “Эвтэй байхдаа хүчтэй” гэсэн үг ч тухайн цаг үеийнхээ трэнд хэллэг болсон түүхтэй. Тухайн үед парламентад хоёр нам бараг тэнцүү суудал авч, эвсэл тарж, намуудад фракц, жигүүр бий болон, иргэний хөдөлгөөний гэх жагсаал, цуглаан ид болж байлаа. Иймээс ч энэ үг тухайн үеийнхээ нийгэм, улс төрийн нөхцөл байдалд сайтар зохицсон учраас амжилт олсон юм.
Эв нэгдэл мэдээж чухал. Аугаа их Чингис хааны сургаальд ч “Ер хоёр хүн эвтэй болбоос Төмөр хүрээ мэт бэх. Хорин хүн эвгүй болбоос Эвдэрхий хүрээ мэт хэврэг. Өнөр хүн эвгүй бол Өнчин хүний элэг болох. Олон хүн эвгүй болбоос Оорцог хүний идэш болох” хэмээсэн нь бий.
Гэхдээ бодох зүйл бас байна аа. Монголын нийгэм бүтцийн хувьд туйлын сонирхолтой онцлогтой, хүн ам харьцангуй цөөн. Нүүдэлчний амьдралаас суурин иргэншил рүү ороод удаагүй. Иймээс ч нэг нутгийн гэх хүчин зүйл маш ихтэй. Манай нутгийнхан, нутгийн ах, нутгийн дүү нар, нутгийн бөх гэсэн тодотгол маш их яригдана. Мөн дэлхийн бусад улсад байдаг эсэх нь эргэлзээтэй нэгэн өвөрмөц байгууллага манай улсад бий.
Энэ бол аймаг, бүр сум бүрийн Улаанбаатар хотод байх нутгийн зөвлөл юм. Маш энгийнээр тайлбарлавал хэдийн нийслэл хотод амьдардаг болсон ч төрсөн, өссөн нутгаараа нэгдэн нэг коммьюнити буюу хамт олон болно гэсэн үг. Төрсөн нутгаа гэх хүний сайхан сэтгэлд юу нь буруу байх вэ. Гол нь энэ коммюнитигээс үүдэлтэй өөриймсөл, дотночлол маш хүчтэй бөгөөд нутгийн зөвлөл өөрөө албан ёсны зохион байгуулалт бүхий бүтэцтэй. “Нутгийн дүүгээ дэмжилгүй яах вэ” гэж эхлэх яриа аливаа албан тушаалтны шийдвэр гаргалтад хүчтэй нөлөөлнө. Ийм хүчтэй хамт олон дунд дотоод шүүмжлэл маш цөөн гарна. Ямар нэг хүний дутагдал, доголдлын хажуугаар “За яахав, нэг нутгийнх юм даа гээд дуугүй байя” гэх нь элбэг.
Иймэрхүү яриа аливаа мэргэжлийн салбарт бүр ч их гарна. “Нэг тогооноос хоол идэж байж...” гэдэг муйхар зөвтгөлтэй. Хэрэв хэн нэгэн тухайн мэргэжлийн салбарынхаа тухай шүүмжилбэл бусад нь маш эмзэг хүлээж авна, дургүйцнэ, бүр бөөрөлхөх, шахахаас ч буцахгүй. “Хоол идсэн тогоо руугаа нулимаад” хэмээн зэвүүцэх нь ч бий. Хоёр хүн шинээр танилцаж ярилцах үед “За за олон юм асуувал хамаатан болчихно шүү” гэдэг хошин үг байдаг. Үнэний ортой. Монголчууд бид цөөхүүлээ, сайн яривал садан төрлүүд, нэг л гэр бүл гэсэн үг. Гэхдээ шуудхан хэлэхэд бидний энэ "Манай нутаг, манай салбар, манай тэр, энэ гэсэн дотночлол яван явсаар хэт найзан дундаа орж шударга, ажил хэрэгч шүүмжлэл, зоригтой өөрчлөлт хийх аливаа оролдлогыг мохоогоод байгаа юм биш үү. Улс төрд ч энэ дотночлол маш хүчтэй байдаг. Эрх мэдэлтнүүд нэг талаасаа нэг нам, нөгөө талаасаа нэг нутаг гээд л сүлжилдчихдэг. Энгийн нийгмийн бүтцийн тухай эхэлсэн яриа эцэстээ бас л улс төртэй холбогдож байна.

Өмнө дурдсанчлан Монголын улс төр дэхь төрөл бүрийн үүсэлтэй коммюнити нэг нэгийгээ хаацайлах, илтэд буруу сэдэлтэй алдааг нь байдаг л зүйл мэтээр хүлээж авах энэ үзэгдэл гаарвал улс орны хөгжилд маш хортой. "Эвтэй байхдаа хүчтэй" гэсэн утгатай үгийг үндэснийхээ уриа болгочихсон улс дэлхийд бий. Гэвч уг уриа үгийн эзэн болох, Америк тивд оршдог Гаити хөгжил буурай, шулуухан хэлэхэд ядуу орон.
Эвтэй байя гэдэг шийдвэр шударга, зөв, сайн сайхны төлөө зорилготой байх ёстой. Ер нь бодит шүүмжлэл алдааг засахын төлөө байдаг. Буруутанд хариуцлага тооцно гэдэг шударга ёсыг тогтоож буй л хэрэг. Эвлэнэ гэдэг бүлэглэнэ, сүлбэлдэнэ, хуйвалдана, наймаалцана, хаацайлна гэсэн үг биш. Эв нэгдлийн тухай сургасан Их Эзэн хаан маань ч үйлдэлдээ шударга ёсыг сахиулагч байв.
Гэмтэй, буруутай бол урьдын гавьяаг ч үл хайхран шийтгэх бөгөөд харин ашиг хонжоо хайн, ноёдоо барьж ирсэн урвагчидтай хэзээ ч эвлэж, хамтардаггүй байсан билээ. Өөрөөр хэлбэл, өвөг дээдэс маань шударга ёс хаана байна, тэнд эв нэгдэл бий болдог гэдгийг маш сайн мэддэг байжээ.
Монгол Улсын нийслэлийн төв талбайд Төрийн ордны өмнө их Эзэн хааны маань сүрлэг сайхан хөшөө бий. Яг л өргөөндөө ханхайн сууж байгаа мэт санагдах их хааны хөшөөг харахуйд үр хойч болсон биднээс олон зүйлийг хүлээх мэт. Тэдний нэг нь шударга ёс гэдэг нь гарцаагүй. Нийгэм ч, ард түмэн ч шударга ёсоор цангаж байна. Монголд шударга ёс хэрэгтэй байна. Шударга л байж чадвал Монголчууд эвтэй ч болно, хүчтэй ч болно.
М.гал-АРИВ
Эх сурвалж: Монголын үнэн" сонины №017/24692/ дахь дугаарыг Энд-ээс уншина уу