Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.07.01) нэгдсэн хуралдаан 14 цаг 18 минутад 96 гишүүн хүрэлцэн ирснээр 76.2 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэхээр товлов.
Эхлээд Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү нарын 35 гишүүний 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр товлосон байсан. Уг асуудлыг өмнөх Баасан (2026.06.26) гарагийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг ажлын хоёр өдрийн завсарлага авсан. Завсарлагын хугацаа дууссан бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т заасны дагуу завсарлагын хугацааг гурван өдрөөр сунгах хүсэлтээ тус бүлгээс танилцууллаа. Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргалын танилцуулсан эл хүсэлтийг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт хүлээн авч, шийдвэрлэлээ. Завсарлагыг сунгасан тул нэгдсэн хуралдаан дараагийн асуудал буюу Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг томилох тухай асуудлыг хэлэлцэж эхлэв.
Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг томилох саналыг Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт танилцууллаа. Төв банкны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг үндэслэн Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Энхболдын Амарыг томилуулах саналыг өргөн мэдүүлжээ. Э.Анар нь 1984 онд Улаанбаатар хотод төрсөн. 1992-2001 онд Нийслэлийн 10 жилийн I дунд сургууль, 2001-2004 онд Япон Улсын “Хакуо” ахлах сургууль, 2004-2008 онд Япон Улсын “Хакуо” их сургуулийг дүүргэж, бизнесийн удирдлага мэргэжил эзэмшжээ. Улмаар 2007-2008 онд АНУ-ын Индианагийн их сургууль, 2014-2015 онд АНУ-ын Колумбын их сургуульд суралцаж, эдийн засгийн бодлогын удирдлагаар магистрын зэрэг хамгаалсан байна. Тэрбээр 2011-2013 онд Монголбанкны Гадаад валютын нөөцийн хэлтсийн нөөцийн мэргэжилтэн, 2013-2016 онд Монголбанкны Зайнаас хяналт тавих хэлтсийн хянан шалгагч, 2016-2017 онд Монголбанкны Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын захирал, 2017-2026 онд Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирлаар ажиллаж байгаад 2026 оноос Монголбанкны Төлбөрийн систем, технологийн газрын захирлаар ажиллаж байгаа гэв. Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Э.Анарыг томилуулах саналыг өргөн мэдүүлэхдээ түүний эдийн засаг, банк санхүү, удирдлагын мэдлэг, мэргэжлийн ур чадвар, мэргэжлийн ёс зүй, ажлын дадлага туршлагыг харгалзан үзсэн гэдгээ тэрбээр танилцууллаа.
Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонсголын тайланг хэлэлцсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан танилцуулав.
Монголбанкны Ерөнхийлөгч нь бүрэн эрхийнхээ хүрээнд Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Энхболдын Анарыг томилуулахаар нэрийг нь дэвшүүлсэн бөгөөд нэр дэвшигч Э.Анар Эдийн засгийн байнгын хорооны “Нэр дэвших тухай хүсэлтийн загвар батлах тухай” 2024 оны 3 дугаар тогтоолын дагуу танилцуулга, холбогдох бусад баримт бичгээ бүрдүүлж, Эдийн засгийн байнгын хороонд ирүүлсэн байна.
Эдийн засгийн байнгын хороо нэр дэвшигчийн сонсголыг 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулж, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн дараа нь хаалттай хуралдаж, Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайлан гаргасан гэв. Байнгын хороо мөн өдрийн хуралдаанаараа сонсголын тайланг хэлэлцээд, санал хураалт явуулахад Энхболдын Анарыг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид томилуулахыг гишүүдийн олонх дэмжсэн гэлээ.
Дээрх танилцуулгуудтай холбогдуулан, мөн нэр дэвшигчээс Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай, О.Номинчимэг, Ж.Галбадрах, Ц.Идэрбат нар мерит зарчмаар томилогдохоор нэр дэвшиж буй Э.Анарыг дэмжиж буйгаа илэрхийлэн, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай тэргүүтэй хууль тогтоомжийг хэрэгжилтэд анхаарч, санхүүгийн хэрэглэгчийн иргэдийн энэ эрхийг хамгаалах асуудалд анхаарал хандуулж ажиллахыг хүсэв. Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл арилжааны нэр бүхий хоёр банкны талаарх мэдээллийн талаар тодруулахад албан ёсны мэдэгдэл Төв банканд ирээгүй бөгөөд холбогдох хууль тогтоомжийг баримталж ажиллахыг дотоодын банк, санхүүгийн байгууллагуудад чандлан захиж, мэдээлэл, мэдэгдэл гарган ажилладаг хэмээн нэр дэвшигч хариулт өгөөд зарим зүйлийн талаар тайлбарласан.
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар, Ц.Баатархүү, С.Эрдэнэболд, Дав.Цогтбаатар, Н.Батсүмбэрэл, П.Сайнзориг, Д.Энхтүвшин, С.Цэнгүүн нар мөнгөний нийлүүлэлт дээр ямар бодлого баримтлах, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах боломжтой эсэхийг, төгрөгийн ханшийг хамгаалах талаар, өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдлын талаарх нэр дэвшигчийн үнэлгээ, байр суурийг тодруулж, Төв банкны хяналт, шалгалтын механизмыг идэвхжүүлэх замаар санхүүгийн салбарын хэрэглэгчдийн эрх, ашгийг хамгаалах асуудалд хэрхэн анхаарах талаар асууж Э.Анар нэр дэвшигч болон Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт нараас хариулт авсан. Түүнчлэн жижиг, дунд бизнес эрхлэгчдийг өндөр хүүтэй зээлийн нөхцөлөөс чөлөөлөх Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны хуулийг хэрэгжүүлэхэд анхаарал хандуулахыг захихын зэрэгцээ бизнесийн орчныг сайжруулах, ажлын байр бий болох чиглэлд Монголбанкны Ерөнхийлөгч болон Тэргүүн дэд ерөнхийлөгчийг манлайлал үзүүлж ажиллахыг хүсэж байлаа. Төв банкны бие даасан хараат бус байдлыг хангах хүрээнд томилгооны эрх зүйн орчныг сайжруулах, сонгон шалгаруулалтыг нээлттэй явуулах саналыг мөн гишүүд илэрхийлсэн.
Ногоон зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагын талаар Ц.Идэрбат гишүүн хэлээд хэрэгжүүлэх боломжтой эсэхийг лавлахад энэ чиглэлээр нэлээд арга хэмжээ авч хэрэгжүүлсэн болохоо С.Наранцогт ерөнхийлөгч дурдаад, өдгөө нийт зээлийн багцын 5 хувийг эзэлж буй энэ төрлийн зээлийг 2030 онд нийт зээлийн багцын 10 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байгаагаа танилцуулсан.
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, агаар, орчны бохирдлыг бууруулах хүрээнд инженерийн шугам сүлжээнд холбогдсон амины орон сууцны барилгын ажлыг ипотекийн зээлийн бодлогоор дэмжих шаардлагатайг онцлов. Хашаандаа халуун хүйтэн, цэвэр, бохир устай, гал түлдэггүй, утаа гаргадаггүй байшин бариад амьдрах сонирхолтой орон нутгийн иргэдэд 3 хувийн, Улаанбаатар хотын иргэдэд 6 хувийн хүүтэй ипотекийн зээлийг олгох боломжийг судалж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих бодлоготой уялдуулах талаар Монголбанк анхаарахыг хүслээ.
Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Х.Тэмүүжин тус асуудлаар хоёр өдрийн завсарлага хүсэж буйгаа мэдэгдэв. Улсын Их Хурлын дарга ээлжит чуулган завсарлах гэж буйг тодотгоод, нэг өдрийн завсарлага өгөхөөр тогтов.
Иймд Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Хэрлэн танилцуулав.
Засгийн газраас 2026 оны 6 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, А.Ариунзаяа нарын 8 гишүүнээс 2026 оны 6 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Б.Түвшин нарын 41 гишүүнээс 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийг Улсын Их Хурал 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн.
Тус Байнгын хороо 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу явуулсан байна. Улсын Их Хурлын 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас өгсөн гүйцээн боловсруулах чиглэлийн дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1 дэх заалтыг баримтлан зарчмын зөрүүтэй 4 саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн гэв.
Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төслүүдийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган хэл найруулга, дэс дараалал, зүйл, заалтын дугаарыг нийцүүлэн өөрчилж, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ.
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл хувийн тэтгэврийн сангийн шинэчлэлийн эхлэлийг дэмжиж буйгаа илэрхийлж, ажилтан, ажил олгогчдын оролцоог нэмэгдүүлэх урамшуулал, татварын хөнгөлөлтийн зохицуулалт, баталгаат тэтгэврийн тооцооллыг цаашид боловсронгуй болгох шаардлагатайг онцлов. Нэрийн дансны хуримтлалыг шинэ тогтолцоонд шилжүүлэх зохицуулалт, татварын хөнгөлөлтийн үр нөлөөний талаар тодруулгыг С.Эрдэнэбат гишүүн хүсэж, хүнд, хортой нөхцөлд ажиллагсдын асуудал, хуримтлалын өв залгамжлал, тэтгэвэр авч чадалгүй нас барж буй иргэдийн асуудлыг дараагийн шатны шинэчлэлд тусгах шаардлагатайг онцоллоо. Д.Энхтүвшин, П.Наранбаяр нарын гишүүд, хуулийн төсөлд ажил олгогчдод эерэг нөлөө үзүүлэх хэд хэдэн зохицуулалт туссаныг онцолж, өндөр цалинтай ажилтны шимтгэлийн дээд хязгаарыг үе шаттай тогтоох, оюутан залуус болон тэтгэврийн насныхны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, жижиг бизнесүүдэд шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх нь хөдөлмөрийн зах зээлийг тэлэх ач холбогдолтойг тэмдэглэлээ. Мөн нийгмийн даатгалын шинэчлэлд ажил олгогчдын оролцоо хангалтгүй байгааг шүүмжилж, цаашид ажил олгогч, ажилтан, төрийн хамтын оролцоог илүү үр дүнтэй хангах шаардлагатайг онцлов. Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж, Оюутолгойгоос авах ногдол ашгаа ирэх 8 дугаар сард авахад анхаарч ажиллаад, улмаар уг санхүүжилтийг Нийгмийн даатгалын сан руу оруулж ахмадын тэтгэврийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах саналыг хэлж, малчдын нийгмийн даатгалын нөхөн төлөлтийн талаарх хуулийн хэрэгжилтийг хангах, өмнө батлагдсан шийдвэрүүдийг хэрэгжүүлэхгүй орхигдуулж байгааг засч залруулах шаардлагатайг тэмдэглэлээ. Ингээд төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоорх санал хураалтыг 17.00 цагт явуулахаар тогтсон.
Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ таницууллаа.
Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нараас 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийн “Тогтвортой хөдөө аж ахуй” гэсэн 12 дугаар зүйлд “Тогтвортой хөдөө аж ахуйг хөгжүүлэх зорилгоор улсын хэмжээнд дунд хугацааны Хөгжлийн зорилтот хөтөлбөртэй байх”-аар тусгасан байсан. Эл зохицуулалттай нийцүүлж Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс “Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах” санал гаргасныг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжсэн юм.
Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар явуулах үед зарим гишүүн төсөл нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.6 дахь хэсэгт заасан “.....төсөл нь бусад Байнгын хороо уг төслийг хэлэлцэж, санал, дүгнэлтээ холбогдох Байнгын хороонд хүргүүлсэн байна.” гэснийг үндэслэн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзсэн тул хуралдаан даргалагч уг асуудлыг дахин хэлэлцүүлэхээр Эдийн засгийн байнгын хороо болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт буцаасан юм.
Эдийн засгийн байнгын хороо энэ оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5 дахь хэсгийг баримтлан хэлэлцэж санал, дүгнэлтээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд ирүүлсэн аж.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.5 дахь хэсгийг баримтлан Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулсан байна. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.24-т заасны дагуу хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах тухай горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв .
Дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай үг хэлсэн бол М.Ганхүлэг, С.Эрдэнэболд нарын гишүүд асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнээс хариулт, тайлбар авав.
Хэлэлцүүлгийг явцад Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж хуулийн төслийг татан авах тухай албан бичгийг Засгийн газраас ирүүлснийг уншиж нэгдсэн хуралдаанд танилцуулав. Засгийн газраас 2026 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасны дагуу татан авч байгааг мэдэгджээ. Хууль санаачлагч хэлэлцүүлгийн аль ч шатанд төслөө татан авч болох зохицуулалттай бөгөөд төслөө татан авах тухай албан бичгийг Улсын Их Хуралд ирүүлснийг нэгдсэн хуралдаанд танилцуулснаар төслөө татан авсанд тооцдог.
Ингээд санал хураалт явуулахаар товлосон цаг болсон тул эхлээд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэхийг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 110 гишүүний 76 нь дэмжсэн тул төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1 дэх заалтыг баримтлан зарчмын зөрүүтэй 4 саналаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлээд, төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн. Үүгээр өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.