МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Нийгэм Н.Мандуул: Эрчим хүчний хэмнэлттэй дулаа...

Н.Мандуул: Эрчим хүчний хэмнэлттэй дулааны насос турших төслийн гол зорилго нь иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх

Чингэлтэй дүүргийн 300 өрхөд эрчим хүчний хэмнэлттэй дулааны насос төхөөрөмж туршиж,  суурилуулснаар цахилгааны өртөг, нүүрс, түлшний хэрэглээ буурсан зэрэг эдийн засагт хэмнэлттэй эерэг үр дүн гарчээ. Голомт банктай хамтран хэрэгжүүлж буй уг төслийн талаар Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуултай ярилцлаа.

Үнэн
Админ

Чингэлтэй дүүргийн 300 өрхөд эрчим хүчний хэмнэлттэй дулааны насос төхөөрөмж туршиж,  суурилуулснаар цахилгааны өртөг, нүүрс, түлшний хэрэглээ буурсан зэрэг эдийн засагт хэмнэлттэй эерэг үр дүн гарчээ. Голомт банктай хамтран хэрэгжүүлж буй уг төслийн талаар Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуултай ярилцлаа.

-Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр Чингэлтэй дүүргийн ЗДТГ болон Голомт банк, “Эко сквер энержи” ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд танай дүүрэгт хэрэгжиж буй төслийн үр дүнгийн талаар ярилцлагаа эхэлье?

-Нийслэлд хамгийн их тулгамддаг асуудал бол утаа. Уг асуудлыг хэрхэн, яаж шийдэх талаар нийслэлийн захиргаа болон дүүргүүд янз бүрийн арга хэмжээг авч, хэрэгжүүлж байгаа. Манай дүүргийн хувьд олон шинэ технологийг туршиж байна. Эдгээрээс хамгийн амжилттай болсон тоног, төхөөрөмжийн нэг нь  “Heat Pump” буюу эрчим хүчний хэмнэлттэй дулааны насос байгаа юм. Өнгөрсөн жил Голомт банк нийгмийн хариуцлагынхаа хүрээнд санхүүжилтийг шийдэж, 300 айл өрхөд тус төхөөрөмжийг байрлуулах буюу зуухыг нь сольж тавьсан юм. Уг төсөл олон улсад ч нэлээдгүй туршигдсан байдаг. Жишээ нь Хятадад гэхэд томоохон хотуудынхаа агаарын бохирдлыг дулааны насосоор шийдэж байгаа юм билээ. Тиймээс ч бид үүнийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзээд 300 айл өрхийг хамруулсан. Цахилгаан эрчим хүчний хэрэглээний хувьд бол энгийн халаагууруудыг бодвол 2-3 дахин бага, мөн утаа үгүй тул нүүрстэй ноцолдоод байх шаардлагагүй гэдгээрээ давуу талтай.

-Дулааны насос энгийн халаалтын системээс ямар онцлог, давуу талтай вэ?

-Дулааны насос нь дотроо хөргөгчинд байдагтай ойролцоо шингэнтэй. Тиймээс гаднаас сорж авсан хүйтэн агаарыг мөнөөх шингэнээрээ дамжуулан молекулын түвшинд задалж халууныг нь дотогш нэвтрүүлж, хүйтнийг нь гадагш буцаадаг. Өөрөөр хэлбэл, гаднаас бохир агаарыг сорж аваад дотогш нь цэвэр агаар болгож оруулдаг онцлогтой технологи. Миний хувьд 50-60 айл өрхөөр орж, иргэдтэй биечлэн уулзсан. Иргэдийн сэтгэгдэл маш өндөр байгаа. Яахав, өнгөрсөн өвөл хэд хэдэн удаа тог тасрах явдал гарсан шүү дээ. Ийм нөхцөлд зуухаа оруулж ирэх цөөн тохиолдол байсан. Хамгийн гол нь үүнээс үүдээд нарны сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй болгох ёстой юм байна гэж бодсон. Тэгж чадвал тогны хязгаарлалтаас шалтгаалахгүйгээр иргэд маань өвлийн улиралд дулаан суух боломжтой. Мэдээж хийсэн ажлынхаа үр дүнг хэмжихийн тулд судалгаа авсан. Үүнээс нийт хамрагдсан 300 өрхийн 86.2 хувь буюу 129 айл өрх гэрийн доторх агаарын чанар сайжирсан гэдэг үр дүнг илгээсэн. Нөгөөтэйгүүр дулааны насос суурилуулснаас хойш галлагаанд зарцуулдаг байснаасаа 1-2 цагийг хэмнэдэг болсон. Үүнээс гадна нүүрстэй харьцуулахад хямдхан тусаж байгаа. Басхүү гэрт утаа тортог унахгүй, агаар цэвэрхэн учраас хүүхдүүд элдэв өвчин, ханиад шуухинаа тусахгүй гэдэг ч юм уу ач холбогдол ихтэй бүтээгдэхүүн л дээ.

-Энэ төхөөрөмжийн эрүүл мэндийн болон эдийн засагт үзүүлэх нөлөөллийн талаар та манай уншигчдад мэдээлэл хүргэнэ үү?

-Уламжлалт монгол гэр бол дулаалга их шаарддаг. Гэтэл агаарын урсгал хэрэгтэй. Тэгж байж гэрийн агаар цэвэршинэ. Энэ нь дулаалга хийснээс шалтгаалаад манай уламжлалт гэр болон байшинд төдийлөн байдаггүй. Харин гаднаас шууд бохир агаар орж ирэхээр яах билээ гэдэг бол хүн бүрд ойлгомжтой. Уг төхөөрөмж маань харин агаарын урсгалыг сэлгэдэг. Дээр нь HP стандартын филтертэй болохоор бохир агаарыг сайн шүүнэ. Гол нь иргэд маань филтрээ сольж, цэвэрлэх ёстой. Судалгаанаас үзэхэд уг төхөөрөмжийг суурилуулснаар амьсгалын замын өвчлөлийн шинж тэмдэг 72 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Иргэд нүүрсээ мөнгөөр худалдаж авдаг. Дээр нь тээвэрлэлтийн зардал гарна. Мэдээж цахилгаан халаагууртай айлууд бий боловч тогны мөнгө нь их гарах асуудал үүсдэг. Харин эл eco “Heat Pump” төхөөрөмжийн хувьд эрчим хүчний хэрэглээ нь энгийн тогны халаагуураас хоёр дахин бага. Учир нь хүчдэлийг бүтнээр нь бус дотроо байгаа жижигхэн сэнсийг эргүүлэхэд л ашигладаг. Энэ утгаараа өрхийн санхүүд нэн хэмнэлттэй. Тиймээс ч нарны “Solar” панельтай холбочихвол эрчим хүчний эх үүсвэр нь өөрөө сэргээгдэх боломжтой учраас хямд зардалтай бүтээгдэхүүн болно.  Зуух шиг том зай талбай эзлэхгүй. Хананд байрлуулах боломжтой хавтгай, дөрвөлжин л зүйл байгаа юм. Гадна талд нь агаарыг сорох, дотор талд нь цэвэр, дулаан агаарыг үлээх зориулалттай хоёр хэсэг л бий. Хананд байруулах учраас хүүхэд гар, хөлөө түлэх ч юм уу ямар нэгэн эрсдэл гарахгүй.

-Айл өрхөд сууриулууллаа гэхэд иргэдийн өөрсдийнх нь зүгээс бэлдэх шаардлагатай туслах материал бий юу?

-Өнгөрсөн жил бид бүхэн НҮБ-тэй хамтарч хэрэгжүүлсэн төслийн хүрээнд дүүргийнхээ айл өрхүүдэд нарны панелиуд суурилуулсан. Одоо “Heat Pump” төхөөрөмжийг айлуудад суурилуулж байна. Үүгээрээ нэлээд асуудлыг цэгцэлсэн. Учир нь айл өрхийн нэлээдгүй хувь нь цахилгааны масс бүхий утастай, галын эрсдэлтэй байсан. Иймээс айл өрхүүдийн цахилгааны утаснууд гэмтэлгүй, стандартын дагуу байх ёстой. Бид ч бас ийм шаардлага тавьж байгаа.  Ашиглалтын арчилгаа, цэвэрлэгээний хувьд гүйцэтгэгч компанийн инженерүүд суурилуулж өгөх үедээ өрхийн гишүүдэд бүх зааврыг нь маш ойлгомжтой өгч байгаа. Филтерийн хувьд бол байнга солих шаардлагагүй. Гадна орчны агаарын бохирдлоос шалтгаалаад хоёр долоо хоногтоо нэг удаа цэвэрлэхэд л болох юм билээ. Эвдрэл, гэмтэл гарлаа гэхэд манай зүгээс Голомт банктай ярилцахдаа үед энэ талын асуудлыг чухалчлан авч үзсэн. Тиймээс ч гүйцэтгэгчээ сонгохдоо албан ёсны эрхтэй компанийг сонгож авсан. Гүйцэтгэгч компани маань төхөөрөмжийг суурилуулна, мөн 2-3 жилийн баталгаат хугацаатай. Энэ хугацаанд ямар нэгэн үйлдвэрийн осол, гэмтэл гарвал гүйцэтгэгч нь сольж өгнө.

-Цаашдаа уг төсөл хүрээгээ хэрхэн тэлэх боломжтой вэ?

-Бид зуухаа болиод шинэ технологи ашиглах цаг болсон. Цаашдаа зах зээлд хэрхэн нэвтрүүлэх талаар Голомт банктай ярилцаж байгаа. Мэдээж санхүүгийн хувьд хязгаартай ажил. Тиймээс хамгийн зөв гаргалгаа нь зах зээлийн бүтээгдэхүүн болгох хэрэгтэй. Энэ асуудал дээр сүүлийн хэдэн сар Голомт банктай хамтран ажиллаж байна. Ямар ч байсан бид “айдгаа авдартаа хийчихлээ” гэдэг шиг иргэд маань дүн өвлийн хүйтнийг энэ төхөөрөмжийн тусламжтайгаар давж чадаж байна уу гэдгийг үзсэн. Болж байна. Ямар ч байсан одоогоор лизингийн бүтэц, санхүүжилтийн механизмууд судалж байгаа. Төлбөрийн нөхцөлийн хувьд гүйцэтгэгч компанийн хувьд бүтээгдэхүүний үндсэн үнэ байгаа. Хамгийн гол нь лизинг буюу зээлийн бүтээгдэхүүн болгоход банкны оролцоо чухал. Нөгөө талд банкны өөрийн эх үүсвэрийн өртөг гэж зүйл бий. Түүнээсээ их хамаардаг. Аз болж Голомт банкнаас өнгөрсөн болон энэ жилийн эхээр гадаад харилцаан дээрээ нэлээд сайн ажилласны үр дүнд бага өртөгтэй, урт хугацаатай “ногоон зээл”-ийн эх үүсвэрүүдийг татаж байгаа юм билээ. Энэ талын судалгаанууд хийгдэж байгаа, тун удахгүй дуусгаад эцэслэх байх.

-Энэ төслийн хувьд бодит үр дүнгээ харчихлаа. Тэгвэл цаашид айл өрхүүдэд ээлтэй, өөр ямар төсөл хөтөлбөрүүд төлөвлөсөн бэ?

-“Heat Pump”-ийн төслийг мэдээж үргэлжлүүлнэ. Басхүү уг төхөөрөмжөө нарны “Solar” панельтай холбох ажлыг гүйцэтгэнэ. Тэгж чадвал хамгийн супер бүтээгдэхүүн болно. Ер нь туйлын зорилго бол аль болох олон айл өрхийг сэргээгдэх эрчим хүчээр хангаж чадвал бид ирэх олон өвлийг эрчим хүч дутагдах, тог тасрах, агаарын бохирдол зэрэг асуудлаас ангид угтах боломжтой болно шүү дээ. Айх аюулгүй, бие даасан хараат байдлаар аж төрөх боломжийг нь иргэдэд олгож байж амьдралынх нь чанар сайжирна.

Х.Өлзийжаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонины №023/698/ дахь дугаарыг ЭНД-ээс уншина уу

 

 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.