Нөхөрлөлийг дэмжих залуусын орон зай бол “GalOl”
Үеийн залуучуудын нэг үзэл санааны дор нэгдэн байгуулагдсан Социал демократ Монголын залуучуудын холбоо 29 жилийн ойн баяраа тэмдэглэн өнгөрүүлж байна. Тус байгууллагын эхлэл 1997 оноос яригдах бөгөөд Монголын ардчилсан социалист залуучуудын холбоо нэртэйгээр тулгын чулуугаа тавьж байв. Тэр цагаас хойш гурван жилийн дараа Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо болгон нэрээ өөрчилж өдгөө Социал демократ Монголын залуучуудын холбоо болж үйл ажиллагаагаа явуулж байна.
Үеийн залуучуудын нэг үзэл санааны дор нэгдэн байгуулагдсан Социал демократ Монголын залуучуудын холбоо 29 жилийн ойн баяраа тэмдэглэн өнгөрүүлж байна. Тус байгууллагын эхлэл 1997 оноос яригдах бөгөөд Монголын ардчилсан социалист залуучуудын холбоо нэртэйгээр тулгын чулуугаа тавьж байв. Тэр цагаас хойш гурван жилийн дараа Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо болгон нэрээ өөрчилж өдгөө Социал демократ Монголын залуучуудын холбоо болж үйл ажиллагаагаа явуулж байна.

Хот хөдөөгийн залуусыг эгнээндээ нэгтгэн олон талт ажлыг өрнүүлэхдээ хэн бүхэнд орон зайг нь нээлттэй үлдээдгээрээ энэ холбоо ялгарна. Тэгш эрхтэй, чанартай, хүртээмжтэй нийгмийн дунд давхаргыг бүрдүүлэхийн төлөө алсын хараагаа чиглүүлж хамтдаа урагшилж байгаа тус холбооныхон төрсөн өдрөө бэлэгтэй угтлаа. Энэ сарын 5-н “GalOl” аппликейшнийхээ нээлтийг хийж олон нийтэд танилцуулсан нь онцлог үйл явдлын нэг байв. Залуучуудын тодорхойлсноор шинэлэг санаа, шинэ эхлэлийг илтгэх “GalOl” аппликейшний албан ёсны нээлтийн үйл ажиллагааг эхлүүлж Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга, СДМЗХ-ны Ерөнхийлөгч Б.Пүрэвдагва үг хэлсэн юм. Тэрбээр “29 жил гэдэг бол зүгээр нэг тоо биш.
Энэ бол үнэт зүйл, үзэл санаа, тэмцэл, итгэл, залгамж халаа, үе үеийн залуусын зүрх сэтгэлээр бичигдсэн түүх юм. Бид энэ хугацаанд долоон үеийн залуусын нүүрийг үзэж, тэдний хүсэл мөрөөдөл, тэмүүллийг нэгэн зорилго дор нэгтгэн, нийгмийн хөгжил дэвшлийн төлөө тууштай алхаж ирсэн” хэмээн үе үеийн Ерөнхийлөгч нарын хийж бүтээсэн ажлын онцлог, түүхэн гавьяаг нэрлэж байлаа.

Холбооныхон “Galol” аппликейшнийг орчин үеийн, ухаалаг шийдэл болж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн. Энэхүү платформоор дамжуулан залуус зөвхөн харилцах бус, хамтдаа шийдвэр гаргаж, хамтдаа хөгжих боломжийг нээж байна гэдгийг онцолж байв. СДМЗХ-ны гишүүдэд зориулсан “GalOl” аппликейшн нь залуучуудын нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, үнэлэмжийг бодитоор дүгнэх, залуучуудын сурч боловсрох, үзэл санаагаараа нэгдэн нийлэх боломжийг дэмжих цогц бодлого бүхий цахим аппликейшн юм.
Тус холбооны 18-35 насны залуус энэхүү аппликейшний хэрэглэгч болсноор сонирхлын бүлгээрээ нэгдэх, аливаа арга хэмжээнд оролцох, гишүүд цахим бүртгэлээрээ дамжуулан тэмцээн уралдаанд оролцох, гадаад, дотоодын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахдаа нээлттэй, шударга өрсөлдөх боломж бүрдэнэ. СДМЗХ-ноос онцолсноор уг аппликейшнд 60 мянга гаруй хүн нэгдэх боломжтойгоос өнөөдрийн байдлаар 21 аймаг, есөн дүүргийн 800 гаруй хүн бүртгүүлээд байгааг танилцуулав. Энэ үеэр тус холбооны зарим төлөөллийн сэтгэгдлийг сонслоо.
Г.Ирээдүй: СДМЗХ-ны үйл ажиллагааг шинэ шатанд гаргах дижитал шилжилтийн бодит эхлэл боллоо

/СДМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Ерөнхий сайдын зөвлөх/
-29 жилийн ойгоо угтаж зохион байгуулсан ажлуудыг харахад манай холбоо ойн баяраа уламжлалт байдлаар тэмдэглэхээс илүү ирээдүй рүү чиглэсэн бодит алхам хийж чадсаныг онцлон хэлмээр байна. Ялангуяа “GalOl” аппликейшний нээлт бол зүгээр нэг бүтээгдэхүүн танилцуулалт биш, холбооны үйл ажиллагааг шинэ шатанд гаргах дижитал шилжилтийн бодит эхлэл боллоо. Өмнө нь бид хүний нөөц, мэдээлэл, оролцоог уламжлалт хэлбэрээр удирддаг байсан бол одоо технологид суурилсан, илүү хүртээмжтэй, ил тод систем рүү орж байна. СДМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүний хувьд хамгийн үнэ цэнтэй санагдсан зүйл бол,
- Залуучуудын оролцоог бодитоор нэмэгдүүлэх боломж бүрдсэн,
- Бүс, орон нутгийн гишүүдийг илүү идэвхтэй холбох суурь тавигдсан,
- Ирээдүйд дата-д суурилсан шийдвэр гаргалт хийх боломж нээгдсэн явдал хэмээн харж байна. Тиймээс энэ удаагийн 29 жилийн ой бол зүгээр нэг өнгөрснөө дурссан баяр биш, харин ирээдүйн 10 жилийн суурийг тавьсан, шинэ үеийн эхлэл болсон онцгой ой боллоо гэж дүгнэж байгаа юм. Цаашдаа энэ эрчээ алдалгүй, технологи, залуучууд, оролцоонд суурилсан шинэчлэлээ тууштай үргэлжлүүлэх нь хамгийн чухал гэж бодож байна.
Б.Булгантамир: Нэгдмэл, дижиталжсан холбоог ирээдүйн залууст хүлээлгэн өгөхийн төлөө тууштай ажиллана

/МАН-ын Бага хурлын гишүүн, СДМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн/
-Юуны өмнө долоо дахь үеийн нэг хэсэг болж ажиллаж, хамт олныхоо үнэт зүйлс, түүхэн уламжлалыг үргэлжлүүлж буй Монгол орныхоо өнцөг булан бүрд байгаа нийт гишүүддээ Социал демократ Монголын залуучуудын холбоо үүсэн байгуулагдсаны 29 жилийн түүхт ойн баярын мэндийг хүргэе.
Залуучуудтайгаа мөр зэрэгцэн, идэвх санаачилгатай ажиллаж, бие биенээ дэмжин нөхөрлөж, томоохон ажлуудын ард хамтдаа гарч буй хором бүр бидэнд урам зориг, шинэ эрч хүчийг бэлэглэдэг билээ.
Залуус бид өнгөрсөн зургаан үеийн бүтээсэн түүх, хуримтлуулсан туршлагад суурилан, орчин цагийн дижитал хөгжил, инновацыг хослуулах нь бидний нэн тэргүүний зорилт бөгөөд зөвхөн уламжлалаа хадгалаад зогсохгүй, түүнийг шинэчлэн баяжуулж, ирээдүйд чиглэсэн, илүү хүртээмжтэй, ухаалаг тогтолцоонд шилжихээр зорьж байна.
СДМЗХ-ноос “PD strategy”-ийн хүрээнд долоон гол ажлыг хийхээр төлөвлөсөн бөгөөд үүний нэг нь энэхүү дижитал платформыг нэвтрүүлэх явдал юм.
Долдугаар үе “Хамтдаа гал асаая” уриан дор түүхт ойгоо угтаж бид дижитал шилжилтийн томоохон алхам болох “GalOl” аппликейшн болон шинэчилсэн веб сайтаа гишүүддээ бэлэг болгон танилцуулсан нь онцлог, сэтгэл хөдлөм байлаа.
Энэхүү платформ нь илүү уян хатан, технологид суурилсан, гишүүн төвтэй байгууллага болгон хөгжүүлэх, гишүүдийг нэг дор төвлөрүүлсэн ухаалаг орчинд цуглуулах, мэдээллийг цаг алдалгүй, нээлттэй хүргэх төсөл хөтөлбөр, арга хэмжээнд хамрагдах боломжийг хялбарчилсан. Нийслэл болон орон нутгийн залуусыг хооронд нь холбох сүлжээ, санал, санаачилгыг шууд хүлээн авч, үйл ажиллагаандаа тусгах дижиталаар шийдэх боломжийг бүрдүүллээ гэж харж байна.
Бид эх орныхоо өнцөг булан бүрд суугаа залуусын дуу хоолой болж, тэднийг нэгтгэн хөгжүүлэх, цуглах цэг байхын төлөө ажиллаж байна. Өнгөрсөн үеийнхээ өв соёлыг бахархан хадгалж, өнөөдрийн боломжийг бүрэн ашиглаж, ирээдүйн залуустаа илүү хүчирхэг, нэгдмэл, дижиталжсан холбоог хүлээлгэн өгөхийн төлөө хамтдаа урагшилцгаая.
Хамтдаа гал асаая!
б.Сийлэн
Эх сурвалж: Монголын үнэн сонины №014/24689/ дугаарыг Энд-ээс уншина уу.