МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр ӨБХ: Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсви...

ӨБХ: Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Үнэн
Админ

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр (2026.06.26) хуралдаж, Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгдсэн тайлан болон “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа. Байнгын хороо Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, О.Саранчулуун, Б.Пунсалмаа, Ж.Золжаргал, Д.Рэгдэл, Б.Батрдэнэ, Х.Жангабыл, М.Сарнай, Ж.Галбадрах, Ч.Ундрам, Ц.Мөнхтуяа, О.Номинчимэг нарын буюу 57.1 хувийн ирцтэй хуралдав.

Байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын 2025 он нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгдсэн тайлангийн танилцуулгыг Сангийн сайд З.Мэндсайхан хийлээ. Тэрбээр танилцуулгадаа 2025 оны Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 30.3 их наяд төгрөг, нийт зарлага 31.3 их наяд төгрөгт хүрч, 1.03 их наяд төгрөгийн буюу дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 1.0 хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай гарсныг дурдаж, улсын төсвийн орлого 95.9 хувь, зарлага 90.5 хувийн гүйцэтгэлтэй байна гэлээ. Хөрөнгө оруулалтын 729 төсөл, арга хэмжээнд нийт 4.01 их наяд төгрөгийн санхүүжилт олгож, 1,800 орчим аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж, 110 мянган ажлын байрыг хадгалан, 490 барилга байгууламжийг ашиглалтад оруулжээ.

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын ерөнхий аудитор С.Магнайсүрн танилцуулав. Нэгдсэн төсөв болон Засгийн газрын санхүүгийн тайланд хийсэн аудитаар шилэн дансны мэдээллийн ил тод байдал сайжирсан ч хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд мэдээллээ бүрэн байршуулаагүй, улс төрийн намуудын төсвийн санхүүжилтийн зарцуулалтын хяналт, эрх зүйн зохицуулалт тодорхойгүй зэрэг зөрчил илэрсэн байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 онд хэрэгжүүлсэн 611 төслийн 80 хувь нь боловсрол, зам тээвэр, хот байгуулалт, эрүүл мэнд, эрчим хүчний салбарт төвлөрчээ. Гэвч санхүүжилтийн гүйцэтгэл 72.9 хувь, тухайн онд дуусахаар төлөвлөсөн төслүүдийн хэрэгжилт 75.1 хувьтай байна. Иймд төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх, гадаад зээл, тусламжийн ашиглалтыг сайжруулах, хөрөнгө оруулалтын төлөвлөлт, худалдан авах ажиллагаа, барилгын чанар, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр 35 зөвлөмж хүргүүлсэн байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 23 сургууль, 20 цэцэрлэг, 10 эмнэлэг, найман соёлын төв, 36 дэд станц ашиглалтад орж, 330.3 км хатуу хучилттай автозамын ажил хийгджээ.

Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд “Хязгаарлалттай дүгнэлт өгсөн бөгөөд өмнөх аудитын зөвлөмжүүдийн хэрэгжилт хангалтгүй, зөрчил давтагдсаар байгааг Ерөнхий аудитор онцлов. Мөн түүхий эдийн орлогоос хэт хамааралтай төсвийн төлөвлөлтийг өөрчлөх, Ирээдүйн өв сангийн хөрөнгийн удирдлагыг боловсронгуй болгох, үр дүнд суурилсан төсөвлөлтийг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтын хяналт, хариуцлагыг сайжруулах, хугацаа хэтэрсэн авлагыг шийдвэрлэх шаардлагатай гэж дүгнэсэн байна.

Сангийн сайдын танилуулга болон аудитын дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, О.Саранулуун, Б.Пунсалмаа, О.Батнайрамдал нар асуулт асууж, хариулт авч үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүд Үндэсний аудитын газрын эрх мэдэл, төрийн өмчит компанийн захирлуудын цалингийн хэмжээ, гадаад зээлийн ашиглалт, үр нөлөө, элсэлтийн ерөнхий шалгалтын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хүртэх хүртээмж, үйлдвэрлэлийн осол, халамжийн үйлчилгээний үр дүн, түүнийг хэмжих шалгуур үзүүлэлт, мөн иргэдийн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг улсын төсөвт тусгаж хэрэгжүүлэх байдал, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртгийн өсөлтөд хийсэн аудит, түүнд өгсөн зөвлөмж, шийдвэрийн биелэлт ямар байгаа, мөн боловсролын зээлийн сангийн санхүүжилт, эргэн төлөлт, сонгон шалгаруулалтын ил тод байдал, тогтолцооны шинэчлэл зэрэг олон асуудлыг хөндсөн юм.  

Улсын Их Хурлын гишүүдэд өгсөн хариултдаа Монгол Улсын ерөнхий аудитор С.Магнайсүрэн аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаагаа танилцуулж, хэрэгжээгүй зөвлөмж, төрд учруулсан хохирлыг барагдуулах талаар хууль, хяналтын байгууллагатай хамтран ажиллаж байна гэлээ. Төрийн өмчит компанийн удирдлага сарын 64.9 сая төгрөгийн цалин авч байгаа тухай асуудлын хувьд энэ дүн нь сарын үндсэн цалин бус урамшуулал, нэмэгдэл зэргийг нийтэд нь хамруулсан жилийн нийт орлогын дундажлан тооцсон дүн гэв. Мөн тэрбээр гадаадын зээлийн ашиглалт, хөрөнгө оруулалтын аудитын хяналтыг эрчимжүүлэх, төсвийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдэх байдал хавтгайрсанд дүгнэлт хийх, төсвийн гүйцэтгэлийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэх хэлэлцүүлгийг илүү үр дүнтэй явуулж, бодит шийдэл гаргадаг байх эрх зүйн өөрчлөлт шаардлагатай зэргийг дурдлаа.

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгдсэн тайлан болон “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх Өргөдлийн байнгын хорооны санал дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 

Эх сурвалж: parliament.mn
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.