МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хох...

ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэдийн асуудлаарх Ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцэж, Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжив

Үнэн
Админ

Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр (2026.07.01)-ийн хуралдаж, Орон сууц захиалж хохирсон иргэдээс ирүүлсэн өргөдөл, холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг шалган судалсан Ажлын хэсгийн санал дүгнэлт болон Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Ганмаа, Ж.Золжаргал, Д.Рэгдэл, Ж.Батсуурь, Х.Жангабыл, Ц.Идэрбат, М.Сарнай, Ж.Галбадрах, С.Замира, О.Номинчимэг нарын буюу 52.3 хувийн ирцтэйгээр 16.22 цагт эхлэв.

Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга О.Номинчимэг ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Ж.Золжаргал, Г.Лувсанжамц, Ц.Мөнхтуяа, Б.Пунсалмаа, М.Сарнай нар ажилласан байна. Ажлын хэсгийн санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга О.Номинчимэг танилцууллаа.

Ажлын хэсэг орон сууцны захиалгын улмаас хохирсон иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг судалж, хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт хийх хүрээнд гурван удаа хуралдаж, холбогдох төрийн байгууллагын албан тушаалтнуудаас шаардлагатай тайлбар, мэдээлэл авч, барилгын төслүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцан, судалгаа, мэдээллийг сонсож, хохирсон иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийсэн байна.

Мөн Өргөдлийн байнгын хороо Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хянан шалгалтын цаглаварт тусгагдсан арга хэмжээний хүрээнд орон сууц захиалах, худалдан авах харилцааг зохицуулж буй хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд, Нийслэлийн Засаг дарга болон холбогдох бусад байгууллагын мэдээллийг сонсож хэлэлцжээ. Орон сууцны захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн төлөөлөл, өргөдөл, гомдолд дурдагдсан барилгын төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, холбогдох төрийн болон мэргэжлийн байгууллагыг оролцуулсан ажлын хэсгийн хуралдаан, уулзалт, хэлэлцүүлгийг Байнгын хороо дөрвөн удаа зохион байгуулсан байна.

Түүнчлэн Ажлын хэсэг орон сууцны барилгын төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн төлөөлөл болон холбогдох төрийн байгууллагын албан тушаалтнуудтай уулзаж, тулгамдсан асуудал, боломжит шийдлийн талаар санал солилцсон байна. Уулзалтад оролцсон төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл барилгын зөвшөөрөл, техникийн нөхцөл, инженерийн дэд бүтцийн холболт болон төрөөс олгодог бусад зөвшөөрлийн улмаас ажил удааширч, зарим нь бүрэн зогсоход хүрсэн гэсэн тайлбар өгчээ.

Иргэдээс орон сууцны захиалга авсан болон дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд барилгын ажил удаашрах, бүрэн зогсох, нэг орон сууцыг хэд хэдэн этгээдэд давхардуулан захиалга авах, зөвшөөрөл аваагүй, эсхүл хуульд заасан шаардлага, нөхцөлийг бүрэн хангаагүй байхдаа захиалга авч иргэдээс хөрөнгө төвлөрүүлэх, төвлөрүүлсэн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглах зэрэг нийтлэг зөрчлүүд илэрсэн байна.

Иргэд  захиалгын гэрээ байгуулж, гэрээний төлбөрийг 100 хүртэл хувиар төлсөн, дахин төлөвлөлтийн гэрээгээр газраа чөлөөлсөн боловч орон сууц нь хугацаандаа ашиглалтад ороогүйгээс маргаан үүсэж, эдийн засаг, сэтгэл зүйн хувьд ихээхэн хохирол амсаж байгаа юм. Мөн орон сууцны захиалгын гэрээний нөхцөлийг хэрэглэгч талдаа эрх ашгийн зөрчилтэй, нэг талд давуу байдал олгох, гэрээ байгуулсны дараа нэмэлт төлбөр шаардах, гэрээний нөхцөлийг нэг талын санаачилгаар өөрчлөх, ашиглалтад орсон орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ олгохгүй удаашруулах зэрэг зөрчил түгээмэл байна. Иргэд эрхээ хамгаалуулахаар шүүх, прокурор, цагдаа болон бусад төрийн байгууллагад хандах боловч шийдвэрлэлт удаашрах, шүүхийн шийдвэр гарсан ч биелэлт нь хугацаандаа хангагдахгүй байх, төлбөр барагдуулах ажиллагаа үр дүнгүй байх зэрэг хүндрэл тулгарч байгаа нь тэдний өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөөр байна гэж Байнгын хорооны дарга танилцуулгадаа дурдлаа.

Эдгээр зөрчил нь орон сууц захиалах, худалдан авах харилцааг зохицуулж буй хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй, төрийн байгууллагуудын бүртгэл, мэдээлэл, ажлын уялдаа холбоо сул, төслийн санхүүжилт болон иргэдээс төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалтад тавих хяналт хангалтгүй, төсөл хэрэгжүүлэгчдийн санхүүгийн чадавх, эрсдэлийн үнэлгээний шаардлага тодорхой бус, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тусгайлсан эрх зүйн хамгаалалт хангалтгүй байгаатай шууд холбоотой гэж ажлын хэсэг үзжээ.

Өөрөөр хэлбэл, энэ нь зөвхөн иргэн, аж ахуйн нэгжийн хоорондын маргаан бус, барилга, орон сууцжуулалт, бүртгэлийн салбарын хэмжээнд үүссэн тогтолцооны асуудал гэж ажлын хэсэг үзэн, хууль, эрх зүйн орчны уялдаа холбоог хангах, боловсронгуй болгож, гэрээний эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, хэрэглэгчийн эрхийг хамгаалах механизмыг бий болгох, барилгын зөвшөөрөл, газрын бүртгэл, улсын бүртгэл, нотариат болон бусад салбарын мэдээллийн санг уялдуулах, мэдээлэл солилцох нэгдсэн цахим систем нэвтрүүлэх, иргэдээс хөрөнгө төвлөрүүлэх харилцааг барилгын ажлын бодит гүйцэтгэлтэй уялдуулах тогтолцоо нэвтрүүлэх, төсөл хэрэгжүүлэгчийн санхүү төлбөрийн чадвар, эрсдэлийг үнэлэх, хөндлөнгийн хяналт тавих механизм бий болгох, барилга барих болон борлуулах үйл ажиллагааг тусгаарлах, төрийн хүлээх үүргийг тодорхой болгож, хэрэгжилтийг эрчимжүүлэх зэрэг саналуудыг боловсруулсан байна.

Хууль тогтоомжийн шаардлага хангасан төслүүдийн үргэлжлүүлж, хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд газрын зөвшөөрөл, инженерийн дэд бүтцийн холболт, барилгын зөвшөөрөл, техникийн нөхцөл олголт, ашиглалтад оруулах комиссын үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж, ашиглалтад оруулах боломжтой барилга байгууламжийг богино хугацаанд ашиглалтад оруулах арга хэмжээ авах шаардлагатай гэж Ажлын хэсэг үзжээ. Мөн удаан хугацаанд зогссон орон сууцны барилга байгууламжид тооллого, судалгаа хийж, нөхцөл байдлыг нэг бүрчлэн үнэлж, хууль тогтоомжийн хүрээнд менежментийн болон санхүүгийн зохицуулалт хийэ, захиалагчдын эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхол, өмч хөрөнгийг хамгаалах, хууль зөрчсөн, залилан болон залилангийн шинжтэй асуудлуудыг холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулж, хариуцлага тооцуулах арга хэмжээ авах шаардлагатайг ажлын хэсгийн ахлагч, Байнгын хорооны дарга О.Номинчимэг онцолсон юм. Мөн тус ажлын хэсэг санал дүгнэлтдээ үндэслэн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулжээ.

Санал дүгнэлт болон Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбоогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Пунсалмаа нар асуулт асууж, үг хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ төр үүргээ хуулийн дагуу биелүүлээгүйгээс иргэд, аж ахуйн нэгжүүд хохирч байгааг онцолж, холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох асуудлыг тогтоолын төсөлд тусгах нь зүйтэй гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа иргэдээс 16 аж ахуйн нэгжтэй холбоотой олон арван өргөдөл ирсний цаана 600 гаруй хүний эрх ашиг хөндөгдөж байгааг танилцуулж, 2027 оны улсын төсөвт эдгээр иргэдийн асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай санхүүжилтийг тусгаж батлах боломжтой эсэхийг асууж, хариулт авсан юм.

Улаанбаатар хотын хэмжээнд гэр хорооллын дахин төлөвлөлт болон ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин барилгажуулах нийт 206 төсөл хэрэгжиж байгаагаас гэр хорооллын дахин төлөвлөлтийн 40 төслийн 25 нь инженерийн дэд бүтцийн санхүүжилтээс шалтгаалан удаашраад байгааг Нийслэлийн орон сууцны бодлогын газрын дарга Д.Алтанзул танилцууллаа. Ирэх сард нийслэлийн төсөвт тодотгол хийхэд энэ санхүүжилтийг тусгахаар ажиллаж байгаа ажээ.

Ажлын хэсгээс боловсруулсан “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувь нь дэмжсэнээр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 

Эх сурвалж: parliament.mn
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.