Ойрх Дорнодын асуудлаар ОХУ-тай хамтран ажиллахад бэлэн гэв
БЭЭЖИН, 2026 оны дөрөвдүгээр сарын 6 /Reuters/. БНХАУ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хүрээнд ОХУ-тай үргэлжлүүлэн хамтран ажиллаж, Ойрх Дорнодын хурцадмал байдлыг намжаахын тулд хүчин чармайлт гаргахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
БЭЭЖИН, 2026 оны дөрөвдүгээр сарын 6 /Reuters/. БНХАУ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хүрээнд ОХУ-тай үргэлжлүүлэн хамтран ажиллаж, Ойрх Дорнодын хурцадмал байдлыг намжаахын тулд хүчин чармайлт гаргахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Энэ тухай тус улсын Гадаад хэргийн сайд Ван И ням гарагт ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой утсаар ярихдаа мэдэгдсэнийг БНХАУ-ын ГХЯ уламжилсан байна.
Ормузын хоолойн тээврийн аюулгүй байдалтай холбоотой асуудлыг шийдвэрлэх үндсэн арга зам бол талууд нэн даруй гал зогсоох хэлэлцээрт хүрэх явдал гэдгийг Ван И онцлон тэмдэглээд, Хятадын тал бүс нутгийн халуун цэгүүд дэх зөрчил мөргөлдөөнийг яриа хэлэлцээ хийх замаар буюу улс төрийн аргаар шийдвэрлэхийг тууштай дэмжиж ирснийг дурджээ.
Хоёр орны Гадаад хэргийн сайд нар энэ долоо хоногт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Ормузын хоолой болон түүний орчим дахь арилжааны хөлөг онгоцнуудын аюулгүй байдлыг хангах тухай Бахрейны тогтоолын төслийг хэлэлцэж, санал хураахаас өмнө утсаар ярилаа.
БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ван И сайд С.Лавровтой ярилцахдаа, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орнуудын хувьд Хятад болон Орос улс нь "бодитой, тэнцвэртэй байр суурь баримталж, олон улсын хамтын нийгэмлэгээс илүү их ойлголт, дэмжлэг авахыг эрмэлзэх" ёстой хэмээн хэлжээ.
Харин ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдэгдэхдээ, талууд нэн даруй гал зогсоох болон "улс төр-дипломат яриа хэлцээг эхлүүлэх" арга замуудыг хэлэлцсэн гэв.
"Мөн дэлхийн тулгамдсан асуудлууд, тэр дундаа Ираны эсрэг явуулж буй АНУ, Израилын "өдөөн хатгасан түрэмгийлэл"-тэй холбоотой асуудлаар хоёр улсын байр суурь нэгдмэл байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн" гэж уг мэдэгдэлд дурдсан байна. БНХАУ Ойрх Дорнод болон Персийн булангийн бүс нутагт нэн даруй гал зогсоохыг удаа дараа уриалсаар ирсэн юм. Тус бүс нутагт зэвсэгт мөргөлдөөн эхлээд сар гаруйн хугацаа өнгөрч байгаа бөгөөд үүний улмаас эрчим хүчний эх үүсвэрүүдийн тээвэрлэлтийн гол зам болох Ормузын хоолойн хөдөлгөөн үндсэндээ зогсоод байна.
Г.Энх-Од