МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Соёл Урлаг Олны танилуудын залуу насыг мөнхөлсөн “...

Олны танилуудын залуу насыг мөнхөлсөн “DIGITAL ART PHOTO” үзэсгэлэн

"Монголын театрын музей”-д зураач Л.Бумандорж, гэрэл зурагчин, зураач В.Цэнд-Аюуш нарын хамтарсан “Digital art photo” үзэсгэлэн нээлтээ хийлээ. Гэрэл зурагчин В.Цэнд-Аюуш нь “Гялбаа”, “Tv Zone”, “Гоо даль” сэтгүүлд ажиллах хугацаандаа урлаг, соёлын зүтгэлтнүүд болон бизнесийн салбарынхны хөргийг гэрэл зурагт буулгаж ирсэн туршлагатай уран бүтээлч.

Үнэн
Админ

"Монголын театрын музей”-д зураач Л.Бумандорж, гэрэл зурагчин, зураач В.Цэнд-Аюуш нарын хамтарсан “Digital art photo” үзэсгэлэн нээлтээ хийлээ. Гэрэл зурагчин В.Цэнд-Аюуш нь “Гялбаа”, “Tv Zone”, “Гоо даль” сэтгүүлд ажиллах хугацаандаа урлаг, соёлын зүтгэлтнүүд болон бизнесийн салбарынхны хөргийг гэрэл зурагт буулгаж ирсэн туршлагатай уран бүтээлч.

Тэрбээр багш Л.Бумандоржийн уран зурагтай хослуулсан бүтээлүүдээ канвас дээр хэвлэн толилуулж буй нь онцлог бөгөөд анхдагч юм. 24 жилийн уран бүтээлийн дээжээс бүрдсэн тус үзэсгэлэнд 30 орчим бүтээл дэлгэгдсэн бөгөөд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар А.Долгор, Ардын уран зохиолч Ү.Хүрэлбаатар, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Дэлгэрцэцэг, Соёлын гавьяат зүтгэлтэн С.Чимгээ, дуучин Б.Баярцэцэг, Гавьяат жүжигчин Б.Сарантуяа, жүжигчин У.Уранчимэг, “Нисванис” хамтлагийн Л.Энх-Амгалан зэрэг уран бүтээлчдийн залуу насны хөргүүдийг багтаажээ. Үзэсгэлэнг үзэгчид тухайн цаг үеийн сэтгүүлүүдийн нүүр, ярилцлагын дүр төрхөөр нь дахин харах боломжтойгоороо онцлог байв. 

Багш, шавь хоёрын хамтын ажиллагаа ийнхүү орчин цагийн урлагийн шинэ түвшинд хүрсэн тул цаашид сонирхсон хүн бүхэн өөрийн фото зургаа дижитал арт зурагтай хослуулан угаалгаж, гэрийнхээ болон албан өрөөнийхөө чимэг болгох боломжтойг энэхүү үзэсгэлэнгээрээ мэдрүүлсэн нь дэвшил байлаа.

Хийлч Ч.Дэлгэрцэцэг залуу насныхаа зургийг худалдаж авахын зэрэгцээ найзынхаа төрсөн өдөрт зориулж Л.Бумандорж, В.Цэнд-Аюуш нарт захиалга өгч буй үйл явдал магадгүй, бэлэг дурсгалын нэгэн шинэ урсгал зах зээлд нэвтрэх анхны үйл явц болсон болов уу гэж бодогдоно. В.Цэнд-Аюуштай нэгэн үе UBS телевизэд ажиллаж явсан хамт олон нь үзэсгэлэнд идэвхийлэн оролцон дэмжицгээж байв. Авьяаслаг зураач, сэтгэгч В.Цэнд-Аюуш нь “Монголын үнэн” сонинд 30 жил ажилласан, дизайнер Ц.Одбатын гэргий билээ.  

"Ширээ засах урлаг" номын зохиогч, UBS TV-ийн дэд захирал Б.Нармандах, "Монголын алдартнуудын нэгэн үеийн нүүр царай, дүр төрхийг түүх болгон авч үлдсэн ач холбогдолтой, том ажил болжээ

Би Цэнд-Аюуштай 2022 онд “Ширээ засах урлаг” буюу “Баяр ёслолоор болон гэртээ засах 65 ширээ засалтын санаа” хэмээх дэд сэдэвтэй номынхоо гэрэл зурагчнаар ажиллах хүсэлт тавьж, номын маань бүх гэрэл зураг, номын хэвлэлийн эх бэлтгэл дээр хамтран ажиллаж байлаа. Шинэ жилээс өмнө номоо амжиж хэвлүүлэх гээд маш богино хугацаанд энэ номыг бүтээсэн. Цэндээ маань зөвхөн гэрэл зурагчнаас гадна зураач хүний нүдээр ширээ засалтын орчныг зохиомжлох, богино хугацаанд тэр бүх зургийг авах, намайг мэс засалд орохоор эмнэлэгт хэвтэхэд хэвлэлийн үйлдвэр дээр очиж уулзах зэргээр сэтгэл гарган ажилласанд нь талархаж явдаг учраас номынхоо нүүрэн дээр зорьж В.Цэнд-Аюушийнхаа нэрийг оруулсан байдаг. Итгэлтэй, сэтгэлтэй, хариуцлагатай, авьяас, мэдрэмж, чадвартай Цэндээдээ талархлаа илэрхийлсэн сэтгэл минь тэр юм.

 Үзэсгэлэнг үзэж явахад “ТВ зон” сэтгүүлийн нүүрний зураг буюу коверын ажил нь Монголын алдартнуудын нэгэн үеийн нүүр царай, дүр төрхийг түүх болгон авч үлдсэн ач холбогдолтой, том ажил болжээ гэсэн бодол орж ирж байлаа. Дан ганц хүний хөрөг зураг бус Л.Бумандорж багштайгаа хамтарч Монголд анх удаа дижитал арт болгон гаргасан нь маш сонирхолтой. Өөрөөр хэлбэл, тухайн хүний зургийн ард ямар өгүүлэмжтэй зургийг хослуулж шинэ бүтээл үүсгэсэн нь бас нэгэн шинэ мэдрэмжийг төрүүлэхүйц шинэ санаа, шинэ бүтээл болж чаджээ. Багш, шавь хоёрын хамтын ажиллагаа энэ олон жил үргэлжилж, уран бүтээл, шинэ үзэсгэлэнгээр үргэлжилж байгаа нь их сайхан санагдсан даа" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Н.Энхцэцэг

Эх сурвалж: Монголын үнэн" сонины №017/24692/ дахь дугаарыг Энд-ээс уншина уу

 

 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.