МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр Өмнөговийн залуус “Enam 3.0”-д нэгдэж, и...

Өмнөговийн залуус “Enam 3.0”-д нэгдэж, иргэд тэтгэврийн шинэчлэлийг дэмжиж байна

“Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд МАН-ын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяраар ахлуулсан баг Өмнөговь аймагт ажиллалаа. Тус багийн бүрэлдэхүүнд аймгийн МАН-ын хорооны дарга Д.Энхболд, Стратеги академийн эрдэм шинжилгээний ажилтан С.Оролмаа нар  багтсан бөгөөд энэ сарын 13-18-ны өдрүүдэд тус аймгийн Манлай, Ханбогд, Баян-Овоо, Цогтцэций, Цогт-Овоо, Номгон суманд ажилласан юм. Энэ хүрээнд намын гишүүд, дэмжигчидтэй уулзалт хийж, МАН-ын дэвшүүлсэн бодлого, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн талаар мэдээлэл өгч, тэдний саналыг сонслоо. Томилолтын бүрэлдэхүүн Манлай сумаас уулзалтаа эхлүүлсэн бөгөөд  МАН-ын Нарийн  бичгийн дарга Ө.Золбаяр ахлагчтай баг тус сумын намын гишүүд, дэмжигчидтэй уулзалт хийж, намын ахмад гишүүдийнхээр орж хүндэтгэл үзүүлсэн юм.

Үнэн
Админ

Ө.Золбаяр: 300 гаруй мянган гишүүнийхээ итгэл, сэтгэл дээр суурилж үйл ажиллагаа явуулах бодлогыг МАН баримталж байна

“Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд МАН-ын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяраар ахлуулсан баг Өмнөговь аймагт ажиллалаа. Тус багийн бүрэлдэхүүнд аймгийн МАН-ын хорооны дарга Д.Энхболд, Стратеги академийн эрдэм шинжилгээний ажилтан С.Оролмаа нар  багтсан бөгөөд энэ сарын 13-18-ны өдрүүдэд тус аймгийн Манлай, Ханбогд, Баян-Овоо, Цогтцэций, Цогт-Овоо, Номгон суманд ажилласан юм. Энэ хүрээнд намын гишүүд, дэмжигчидтэй уулзалт хийж, МАН-ын дэвшүүлсэн бодлого, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн талаар мэдээлэл өгч, тэдний саналыг сонслоо. Томилолтын бүрэлдэхүүн Манлай сумаас уулзалтаа эхлүүлсэн бөгөөд  МАН-ын Нарийн  бичгийн дарга Ө.Золбаяр ахлагчтай баг тус сумын намын гишүүд, дэмжигчидтэй уулзалт хийж, намын ахмад гишүүдийнхээр орж хүндэтгэл үзүүлсэн юм.

 МАН-ын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Говийн бүсийн эхний уулзалт Манлай сумаас эхэлж байгаад баяртай байна. МАН гишүүддээ суурилсан нам. 300 гаруй мянган гишүүнийхээ итгэл, сэтгэл дээр суурилж үйл ажиллагаагаа явуулах бодлогыг МАН барьж байна” хэмээн онцлов.  Тэрбээр МАН-ын Засгийн эрх барьсан сүүлийн 10 жилд улс орны хөгжил, нийгэм, эдийн засагт ямар өөрчлөлт гарсан талаар статистик тоонд харьцуулан мэдээлэл өгсөн юм.  Сүүлийн 10 жилд Монгол Улсын эдийн засаг 23 их наядаас 90 их наяд болж, гурав дахин тэлсэн бол экспорт дөрөв дахин нэмэгджээ. 2015 онд хатуу хучилттай авто зам 6500 км байсан бол өнөөдөр 11 000 км болсон байна. Эрчим хүчний эх үүсвэр 2015 онд 1200 МВТ байсан бол өнөөдөр 1900МВТ болж, 700 МВТ-аар нэмэгдсэн байна. 

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд цэцэрэг 250-аар нэмэгдэж, 2015 онд цэцэрлэгийн хамрагдалт 60 хувь байсан бол өнөөдөр 85 хувь болж нэмэгдсэн байна.  Манлай сумын МАН-ын 60 гаруй гишүүд, дэмжигчид оролцсон энэхүү уулзалтаар МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн Е4 стратеги, “Чөлөөлье” санаачилга, “Enam 3.0” платформын талаар мэдээлэл өглөө. Мөн тус сумын өндөр настан Н.Намжилцэрэн, Ж.Маам, Ц.Оюунтогоо нарынд зочилж, хүндэтгэл үзүүллээ. Эдүгээ нас сүүдэр 97 хүрч байгаа Н.Намжилцэрэн МАН-ын ахмад гишүүдийн нэг юм. “Би МАН-д дээр үед элссэн. Залуудаа намын л ажил хийсэн. Эмнэлэгт асрагчаас нь эхлээд сувилагч, нягтлан бодогч гээд төрөл бүрийн ажил хийлээ. Улс орон маань сайхан хөгжиж байна. Төрийн буян их. Телевизээр цаг үеийн мэдээ үздэг. Хүүхдүүд маань намайг сайхан өргөж, тэтгэж байна.” хэмээн ануухан хөөрөлдөж байв.

 

Т.Болорзаяа: “Чөлөөлье” санаачилга олон залууст хүсэл зорилгоо хэрэгжүүлэх урам, дэм өгч байгаад баяртай байна

 

Иргэд тэтгэврийн шинэчлэлийг ихэд сонирхон, чих тавьж байна. МАН-ын Нарийн бичгийн дарга Г.Золбаяр Ханбогдчуудад Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Н.Учралын тэргүүлсэн Засгийн газрын боловсруулсан тэтгэврийн шинэчлэлийн хуулийн төслийг танилцуулсан юм. УИХ-аар яаралтай горимоор хэлэлцүүлэн батлуулахаар өргөн барьсан тус хуулийн төсөл батлагдсанаар “Тэтгэвэр тогтоолгох наснаас хойш үргэлжлүүлэн ажиллавал жил тутамд сарын тэтгэврийг дөрвөн хувиар нэмэгдүүлнэ. 25-аас дээш жил шимтгэл төлсөн иргэдийн нэмэгдлийг жилд 1.5 хувиар бодож байгааг хоёр хувь болгож өсгөнө. Тэтгэвэр авагч ажил хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлнө. Оюутнуудын цагийн ажлыг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлнө” зэрэг илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг, хөдөлмөрийг шударгаар үнэлдэг тогтолцоонд шилжих шинэчлэл болж байгаагаараа онцлогтой юм. Түүнчлэн МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилгаар   татварын өртэй 12.153 татвар төлөгчийн дансыг нэг сард нээж үйл ажиллагааг нь сэргээж, найман төрлийн 146 тусгай зөвшөөрлийг хасаж, e-business.mn-д зөвхөн мэдэгдээд бизнесээ эхлэх боломжийг бүрдүүлээд байгаа талаар мэдээлэл өгсөн юм. Өмнөговь аймгийн МАН-ын хорооны дарга Л.Энхболд “Өмнөговьчууд маань баялагтаа эзэн байгаасай гэж би хүсдэг. Өмнөговь аймгийн МАН-ын хороо 2025 оноос “Гишүүдээ сонсох аян”-ыг хэрэгжүүлж ирсэн. Харин 2026 оноос бид гишүүн өрхүүдээр орж, ажил амьдралтай нь танилцаж, санал бодлыг нь сонсож, ажиллаж байна” гэлээ.  Өмнөговь аймгийн МАН-ын хороо “Тэрбумтан Өмнөговьчууд” төслийг аймгийн ИТХ-д өргөн барьж, хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж. Ханбогд сумын МАН-ын хорооны дарга Х.Нэхийт “МАН-ын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр Өмнөговьчууд бидний итгэлийг хүлээж чадсан.  100 гаруй жилийн түүхтэй МАН-ын Удирдах зөвлөлд Өмнөговь аймгийн төлөөлөл багтаж, бидний дуу хоолойг хүргэж байгаад баяртай байна. 

Өмнөговь аймгийн МАН-ын хороо “Намын гишүүдээ сонсъё” арга хэмжээг эхлүүлж, малчдаараа орж, уулзалт хийж байна” гэдгийг онцоллоо. Уулзалтын үеэр Ханбогдчууд Ерөнхий сайд Н.Учралын санаачлан дэвшүүлсэн тэтгэврийн шинэчлэлийн тогтолцоог дэмжиж байгаагаа илэрхийлж байв. Тухайлбал, Ханбогд сумын Номгон багийн малчин Т.Дашням “Ерөнхий сайд Н.Учралын санаачлан хэрэгжүүлж байгаа тэтгэврийн шинэчлэлийг дэмжиж байна. Улсад олон жил ажилласан бидний тэтгэвэр шударгаар үнэлэгдэх болсонд баяртай байна” гэсэн бол Ханбогд сумын иргэн Т.Болорзаяа “Залуу хүний хувьд МАН-ын дэвшүүлсэн бодлого, үйл ажиллагааг дэмждэг.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын санаачлан хэрэгжүүлж байгаа “Чөлөөлье” санаачилга олон залууст хүсэл зорилгоо хэрэгжүүлэх урам, дэм өгч байгаад баяртай байна. Бас тэтгэврийн шинэчлэлийн бодлого ахмадуудад хүрсэн, хүлээлттэй байна” гэсэн юм. Уулзалтаар МАН-ын Нарийн  бичгийн дарга Ө.Золбаяр “Миний бие та бүхнийхээ саналыг намын Удирдах зөвлөлдөө хүргэж, ажил хэрэг болгон хэрэгжүүлэхийн төлөө ажиллана” гэдгийг тодотгов. Энэ өдөр МАН-ын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяраар ахлуулсан баг намын ахмад гишүүн Х.Амбаа, Т.Дашням, М.Дамдинсүрэн нарт хүндэтгэл үзүүллээ. Өндөр настан, МАН-ын ахмад гишүүн Х.Амбаа эдүгээ 75 настай. Тэрбээр өнгөрсөн хугацаанд намын дэргэдэх эмэгтэйчүүдийн холбоо, Ахмадын хороонд ажиллаж, ухуулагчийн ажил хийж иржээ. “Би үзэл бодол, итгэл үнэмшилдээ үнэнч хүн. Шударга, туйлбартай багаар хамт олныг бүрдүүдэх нь чухал. Хамт олон нэг санаатай, нэгдмэл байх хэрэгтэй.  Намын ухуулагч гэдэг хүн аль нэг сонгуулиар биш дөрвөн жилдээ тасралтгүй ажиллах ёстой” хэмээн номын санчаас намын ухуулагч хүртэл 40 жил намдаа зүтгэж ирсэн  Х.Амбаа гуай ярьж байна.

 

Баян-Овоочууд сум орон нутгийн хөгжлийн төлөө үгээ хэлэх боломж олгосонд талархав

“МАН-ын 31 дэх Их хурал дээр МАН-ын дарга Н.Учрал “Ардын нам ард түмэндээ эргэж ирнэ” гэдгээ илэрхийлсэн. Тиймээс ч аливаа шийдвэрийг дээрээ хэдэн удирдлагууд хэлэлцээд гаргадаг биш анхан, дунд шатныхаа гишүүдийн саналыг сонсож, шийдвэртээ тусгадаг байхыг МАН-ын дарга Н.Учрал зарчмаа болгон ажиллаж байна” гэдгийг Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр Баян-Овоо сумын намын гишүүд, дэмжигчидтэй хийсэн уулзалтын эхэнд өглөө. Уулзалтаар намын гишүүд “Ард түмнээ сонсож байгаа МАН-ын удирдлагууддаа баярлалаа. Сум, орон нутгийн хөгжлийн төлөө үгээ хэлэх боломж олгосонд талархаж байна” хэмээн саналаа  илэрхийлж байлаа.

 

Цогт-Овоочууд  Ерөнхий сайд Н.Учралыг тууштай ажиллана гэж найдаж байна

Өмнөговийн зарим нутгаар шөнөдөө бороошиж хоножээ. Таана, хөмүүл ногоорч, байгаль дэлхий зуны өнгөө дэлгэж эхэллээ. Өглөөний агаарт борооны үнэр хамар цоргин, салхины аясаар үе үе шинэ ногооны үнэр сэнхийнэ. МАН-ын ахмад гишүүн, улсын аварга адуучин А.Сэдваанчиг гуайнх Цогтцэций сумын Билгэх багт зусаж байна. Говийнхон бороо орохоор “Тэнгэрийн хишиг” хэмээн сүсэглэн баярладаг аж. 

 МАН-ын Нарийн  бичгийн дарга Ө.Золбаяр А.Сэдваанчиг гуайд хүндэтгэл үзүүлэхээр очиход “Бороо орохгүй, гандуу зусаж байлаа. Хэцүүдэхийн даваан дээр бороо орлоо” хэмээн баярын мишээл дүүрэн угтан авч, хөөрөлдөв.  Тэрбээр МАН-д элсээд 50 гаруй жил болж байна. “Би намаар хүмүүжсэн хүн.  Намын буянаар бишгүй сайхан амьдарч байна. Нам, засгийн хайр, гавьяа сайхан юм хэмээн төрийн сүлдэндээ залбиран сууна” гэсээр биднийг угтсан юм. Энэ өдөр МАН-ын ахмад гишүүн Г.Дамчий, Г.Батчулуун нарт тус тус хүндэтгэл үзүүллээ. Монгол Улсын гавьяат уурхайчин, аварга тариаланч Г.Дамчий гуай “Төр, засгийн ажил сайн явж байна. Тэр дундаа манай  сум аймгийн дайтай хөгжсөнийг та бүхэн харж байна” гэсэн бол намын ахмад гишүүн Г.Батчулуун “Ерөнхий сайд тэтгэвэр нэмнэ гэж байна. Би улсад 32 жил ажилласан. Олон жил ажилласан нь илүү өндөр тэтгэвэр авна гэсэн Ерөнхий сайд Н.Учралын  бодлого маш зөв.

МАН-ын дарга Н.Учрал Ерөнхий сайдаар ажиллаад удаагүй ч ажил хийхийн төлөө зүтгэж байна. Сөрөг хүчин зөвийг нь дэмжиж, бурууг нь засаад явахгүй байна. Ажлыг  нь хийлгэхгүй шууд “Огцор” л гэх юм. Залуу хүнийг дэмжих хэрэгтэй. Н.Учрал даргыг дэмжиж, ажлыг нь хийлгэх хэрэгтэй. Намын гишүүн хүн дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч болдоггүй” хэмээн ярилаа. Үргэлжлүүлэн Цогтцэций, Цогт-Овоо суманд ажиллалаа.

 

Залуус  “Enam 3.0” платформд нэгдэн, нөхөрлөж байна

 

Өмнөговийн залуус МАН-ыг сонгож байна. Намын гишүүд, дэмжигчдийн уулзалт бүрээр шинэ гишүүдээр хүрээгээ тэлж байв.  МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн “Е4 стратеги”, “Чөлөөлье” санаачилга, “Enam 3.0” платформ залууст хүрчээ. Залуус цахим “Enam 3.0” платформыг өргөн ашиглаж, сонирхлын бүлгээрээ нэгдэн, цахимаар  чаталж, суралцан, бизнесээ сурталчлан, хүрээгээ тэлж, хамтдаа сурч, хөгжиж байна.  Тиймээс ч 105 жилийн түүхтэй МАН-ын үзэл баримтлалыг дэмжиж, энэ намаас суралцаж, төлөвшин, эх орноо хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна” гэж сонгож байна. Басхүү МАН-ын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр орсон айл бүрдээ “Монголын үнэн” сонины шинэ дугаараас өгч байлаа. Намын гишүүд, дэмжигчид “Монголын үнэн” сониноос намын үйл, ажиллагаа, төр, засгийн бодлого шийдвэрийг хүлээн авч, уншдаг хэмээгээд “Ойрын үед сонин хэвлэл хомстсон”-ыг  дуулгаж байв. “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд МАН-ын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяраар ахлуулсан баг  Өмнөговь аймагт үргэлжлүүлэн ажиллаж байна.

Хоёр хоногийн өмнө  орсон бороонд говь нутаг ерөнхийдөө ногоорч, агь таанын үнэр ханхална. Говьчууд “Байгаль дэлхий сэргэж,  мал бэлчээрлэх ногоотой боллоо. Одоо төр, засаг тогтвортой ажлаа хийвэл болно” хэмээн сэтгэл тэнэгэр ярьцгааж байна.

Н.Энхбат

Гэрэл зургуудыг Т.Чимгээ 

Эх сурвалж: Монголын үнэн сонины №023/698/ дахь дугаарыг ЭНД-ээс уншина уу

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.