Орон сууцны санхүүжилтийн форум олон улсын туршлага, тогтвортой санхүүжилтийн шийдлүүдийг хэлэлцлээ
Орон сууцны санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох, олон улсын шилдэг туршлага, шинэлэг шийдлүүдийг нутагшуулах зорилготой “Орон сууц санхүүжилтийн форум” өнөөдөр боллоо. Форумыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, “МИК Холдинг” ХК-ийн ТУЗ-ийн дарга, хараат бус гишүүн Ч.Хашчулуун, "Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга нар нээж, орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, урт хугацааны тогтвортой санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэлээ.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц хэлсэн үгэндээ “Төрийн бодлогын дэмжлэгтэй хэрэгжиж ирсэн ипотекийн зээлийн хөтөлбөр нь олон мянган өрхийн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, орон сууцны санхүүжилтийн тогтолцооны суурийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Харин цаашид энэхүү суурийг илүү тогтвортой, зах зээлийн зарчимд нийцсэн, арилжааны эх үүсвэрт тулгуурласан тогтолцоо болгон хөгжүүлж, мэргэжлийн хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх шаардлага нэмэгдэж байна. Ипотекийн санхүүжилтийн тогтолцооны хамгийн том үнэ цэнэ нь өнөөдрийн хэрэгцээг маргаашийн тогтвортой эх үүсвэртэй холбож чаддагт оршдог. Өрх бүрийн орон сууцны хэрэгцээ, банк санхүүгийн байгууллагын зээлийн эх үүсвэр, хөрөнгө оруулагчдын урт хугацааны өгөөжийн сонирхол, улсын эдийн засгийн тогтвортой өсөлт зэрэг олон талт зорилгыг нэгтгэж чаддаг учраас энэ тогтолцоог цаашид улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын санхүүгийн зах зээлийн дараагийн чухал зорилт юм. Дараагийн шатанд анхдагч зах зээлд иргэдийн орон сууцны зээлийн хүртээмжийг хадгалах, хариуцлагатай зээлийн орчныг бүрдүүлэхийн зэрэгцээ хоёрдогч зах зээлийг идэвхжүүлэх, ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг хөрөнгийн зах зээлийн бодит бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх, үүний зэрэгцээ урт хугацааны эх үүсвэр бүхий мэргэжлийн болон институцийн хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх нь орон сууцны санхүүжилтийн тогтолцоог тогтвортой, хүртээмжтэй, зах зээлийн зарчимд нийцсэн хэлбэрээр хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой” гэдгийг онцолсон юм.
Форумын үеэр Монгол Улсын орон сууцны санхүүжилтийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашдын хөгжлийн чиг хандлагыг олон улсын туршлагатай уялдуулан хэлэлцэж, Малайз, Герман, Узбекистан, БНСУ зэрэг улсын орон сууцны санхүүжилтийн тогтолцоо, бодлогын арга хэрэгсэл, зах зээлийн хөгжлийн туршлагыг хөндөн ярилцав. Мөн дэлхийн бондын зах зээлээс урт хугацааны эх үүсвэр татах боломж, баталгаат бондын зах зээлийн хөгжил, Монгол Улсын санхүүгийн зах зээлийн өрсөлдөх чадвар, ногоон санхүүжилт, тогтвортой барилгын стандарт, олон улсын хөрөнгө оруулалтын боломж зэрэг асуудлаар санал солилцож, тогтвортой, хүртээмжтэй орон сууцны санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр бодлогын түвшний үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүллээ.