ОУВС: Эдийн засгийн өсөлтийг дэмжихэд “ЧӨЛӨӨЛӨЛТ”-ийн бодлого чухал ач холбогдолтой
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Олон улсын валютын сангийн Монгол Улсыг хариуцсан Ажлын хэсгийн ахлагч, Ази, Номхон далайн газрын хэлтсийн дэд захирал Тахсин Саади Седик тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, Монгол Улсын эдийн засаг, төсвийн төлөв байдал болон гадаад, дотоод хүчин зүйлсийн та…
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Олон улсын валютын сангийн Монгол Улсыг хариуцсан Ажлын хэсгийн ахлагч, Ази, Номхон далайн газрын хэлтсийн дэд захирал Тахсин Саади Седик тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, Монгол Улсын эдийн засаг, төсвийн төлөв байдал болон гадаад, дотоод хүчин зүйлсийн талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр Ерөнхий сайд Н.Учрал эдийн засгийн хүндрэлтэй үе болон КОВИД-19 цар тахлын үед Монгол Улсад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж ирсэн Олон улсын валютын санд талархал илэрхийлэв.
Тэрбээр Засгийн газраас хэрэгжүүлж буй эдийн засгийн, дүрэм журмын, ногоон хөгжлийн болон авлигын эсрэг чөлөөлөлтийн бодлогыг танилцуулж, эдийн засгийг тэлэх, хөрөнгө оруулалт татах, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлэн хэрэгжүүлж байгааг онцоллоо.

ОУВС-гийн Ази, Номхон далайн газрын хэлтсийн дэд захирал Тахсин Саади Седик Засгийн газрын эдийн засаг, бизнесийн орчныг чөлөөлөх бодлого чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэв. Мөн олон улсын нөхцөл байдлаас үүдэлтэй гадаад хүчин зүйлс болон дотоод улс төр, эдийн засгийн нөхцөл байдал нь Монгол Улсын эдийн засагт ойрын жилүүдэд тодорхой сорилт учруулж болзошгүйг дурдлаа.
Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газар төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг хангах хүрээнд нэгдүгээрт, төсвийн сахилга батыг сайжруулж, зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх; хоёрдугаарт, төрийн өмчит компаниудын бүтцийг оновчтой болгож, үр өгөөжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хувийн хэвшлийн оролцоог өргөжүүлэх; гуравдугаарт, “Чөлөөлье” бодлогын хүрээнд хөрөнгө оруулалтыг дэмжиж, бизнесийн орчныг сайжруулах арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгааг онцлон тэмдэглэлээ.


